2018,5-Р Сар,25


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


О.Сэргэлэн: Хоёр дахь үе маань элэг шилжүүлэн суулгаад эхэлсэн

5 сар, 3 долоо хоног TIMES.MN
Элэгний циррозоор шаналж байсан тавхан настай Энхномин охинд Монгол, Солонгосын хамтарсан эмч нарын баг энэ сарын 4-нд амьд донороос элэг шилжүүлэн суулгаж, амьдрал бэлэглэсэн билээ. Тэгвэл 14 цаг үргэлжилсэн хүндхэн хагалгааг давсан охины бие сайжирч өчигдөр эмнэлгээс гарлаа. Охиныг эмнэлгээс гарах үеэр Монгол Улсын гавьяат эмч, УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэнтэй ярилцлаа.




-Хагалгаа хэдэн цаг үргэлжилсэн бэ?

-Элэгний төрөлхийн цөсний замын битүүрэлтэй, өмнө нь урьтал мэс засал хийлгэж байсан, элэг нь бүрэн ажиллахаа байсан, дэлүү томтой, судас нь өргөссөн нэлээд хүнд дөрвөн настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлээ. Хагалгаа 14 цагийн турш үргэлжилсэн. Хагалгааны 20 дахь хоног дээрээ биеийн байдал нь сайжирч эмнэлгээс гарч байна. Гэхдээ цаашид байнгын хяналт, эмчилгээнд явах шаардлагатай.


-Цаашид хүндрэл гарах эрсдэл бий юу?

-Ер нь эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын 20-хон хувь нь мэс засалтай холбоотой. Үлдсэн 80 хувь нь хагалгааны дараах асаргаа, сувилгаа, тухайн хүний өөрийнх нь арчилгаатай хамааралтай байдаг. Учир нь эрхтэн шилжүүлэн суулгасны дараагаар дархлааг нь маш их дарангуйлчихдаг. Дархлаа нь дарангуйлагдсан хүн элдэв ханиад, томуунаас эхлээд бусад өвчин авах эрсдэл өндөртэй. Тиймээс маш нямбай, байнгын хяналттай байх хэрэгтэй. Бараг л нялх хүүхэд асарч буй мэт асаргаа нэг хэсэгтээ л хэрэгтэй. Маш сайн асаргаа, арчилгаатай байж эхний 1-3 жилийг гайгүй өнгөрөөж чадвал цаашид хэдэн ч насыг наслах боломжтой.


-14 цагийн турш хэдэн эмч ажилласан бэ?

-Зөвхөн эмч гэвэл 20 гаруй эмч ажилласан. Гэхдээ үүнд зөвхөн мэс засалч бус мэдээгүйжүүлэлт, лаборатори, оношлогоо, батологийн эмч, элэгний эмч гээд бүх төрлийн эмч нарын баг ажилладаг. Эмнэлэг даяараа 60 гаруй хүн ажилласан.


-Өнгөрсөн хугацаанд элэг шилжүүлэн суулгах хагалгааг хэдэн хүнд хийсэн бэ?

-48 дахь элэг шилжүүлэн суулгах хагалгаагаа энэ охинд хийсэн. Монголд анх 2011 онд элэг шилжүүлэн суулгаснаас хойш бид эхний дөрвөн жилд төсөл маягаар жилд дөрвөн хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг Солонгосын эмч нартай хамтарч хийдэг байсан. Сүүлийн жилүүдэд буюу 2017, 2018 онуудад бид өөрсдөө бие даан хагалгаа хийж байгаа. Жишээлбэл он гарсаар бид 9 хүнд бид элэг шилжүүлэн суулгаад байна.


-Бага насны хүүхдэд хийсэн нь анхны удаа юу?

-Үүнээс өмнө гурван хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн.


-Элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардал нь хэд байдаг юм бэ?

-Бүх урсгал зардал зэргийг нь оруулан тооцвол ойролцоогоор 110 гаруй сая төгрөг болдог. Гэхдээ 2017, 2018 оны төсвийн тодотголд төрөөс даахаар шийдвэр гарсан. Ингэснээр урсгал зардал нь хасагдаад төсвөөс нэг элэг шилжүүлэн суулгахад 65 сая төгрөг өгдөг. Төсвийн санхүүжилтээр 11 хүнд элэг шилжүүлэн суулгаад байна. Бараг өвчтөнөөс мөнгө гарахгүй гэсэн үг. Зөвхөн өндөр үнэ бүхий зарим багаж хэрэгсэлд даатгалаас мөнгө гаргадаг.


-Тухайн хүүхэд маань эхний гурван жилдээ гам сайн баривал цаашид хэд ч наслах боломжтой гэлээ. Гурван жилийн хугацаанд ямар эмчилгээ хийх вэ, эм уух уу?

-Ер нь дархлаа дарангуйлдаг учир эм ууна. Эм уудаг эрүүл хүн л гэсэн үг.


-Монголын элэг шилжүүлэн суулгах хагалгаа дэлхийд ямар төвшинд явна вэ?

-Амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгаа нь бусад эрхтэн шилжүүлэх хагалгаанаас хамгийн хүнд нь байдаг. 5000 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгасан, амьд донороос элэг шилжүүлэн суулгахад дэлхийд нэгдүгээрт ордог, Асан эмнэлгийн доктор, багш маань “амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийсэн баг хамт олон бусад ямар ч төрлийн эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг хийж чадна” гэж бид нарыг үнэлсэн.


-Өмнөх хагалгаанд орж буй хүмүүсийг ажиглахад иргэд маань юун дээр түлхүү анхаарвал зохилтой байна вэ. Хагалгаанд орох хүртлээ хүндрүүлж буйн шалтгаан нь юу байна вэ?

-Монголд элэгний В, С вирусийн халдварын асуудал маш хүнд байна. В, С вирусийн гаралтай элэгний хатуурал, элэгний хавдар маш их байна. Гол шалтгаан нь энэ л байна. Тиймээс иргэд В, С вирусийн халдвар авахгүй байх, урьдчилан сэргийлэх, авсан тохиолдолд эрт үедээ эмчлүүлбэл заавал элэг шилжүүлэн суулгах шаардлага байхгүй.


-ЭХЭМҮТ-д яаралтай элэг шилжүүлэн суулгахаас өөр аргагүй маш олон хүүхэд байна гэсэн. Дараагийн хагалгааг хэзээ хийхээр төлөвлөж байна.

-Төрөлхийн цөсний замын битүү төрөөд, урьтал хагалгаагаа хийлгэсэн 64 хүүхэд байгаа. Тэдгээрээс 5-6 хүүхэд нь зайлшгүй элэг шилжүүлэн суулгахаас өөр аргагүй байгаа. Зарим нь бас донорын асуудалтай байна.


-Донорын асуудал манайд маш их байна. Заавал төрсөн аав ээж, ах эгч нь донор болох ёстой гээд байдаг.

-Донорын хуулиар аль болох тархины үхэлтэй донор гаргахыг бод, түүнтэй холбоотой бүтэн алба байгуулагдаад ажиллаж байгаа. Мөн амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгахдаа 25 ба түүнээс дээш насны хүнээс ав гэсэн хуульчилсан заалттай. Тэр заалтаараа л явж байна. Гэхдээ донорын асуудал ер нь хэцүү байгаа.


-Эрхтэн шилжүүлэн суулгах дараагийн багийг хэрхэн бэлдэж байна вэ?

-Сургалт тогтмол явагддаг. БНСУ-ын Асан анагаах ухааны эмнэлэг жил бүр өнөөдрийг хүртэл 21 хүнийг манай багаас авч сургаж байна. Энэ сургалт 2021 он хүртэл тасралтгүй үргэлжилнэ. Эхний ээлжид бид элэг шилжүүлэн суулгаад сураад зогсохгүй хоёр дахь үеэ сургаад авсан. Хоёр дахь үе маань элэг шилжүүлэн суулгаад эхэлсэн.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.