2018,5-Р Сар,24


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Элэг шилжүүлэн суулгуулсан 5 настай Энхномин охин эмнэлгээс гарлаа

1 сар TIMES.MN

Төрөлхийн цөсний замын битүүрэлтэй төрж, улмаар элэгний хатууралтай болсон таван настай Энхномин охины талаар өмнө нь манай сайт Сурвалжилж байсан билээ. Хагалгааны зардалгүй гэсэн шалтгаанаар өвчиндөө шаналж явсан охинд Монгол, Солонгосын хамтарсан багийн эмч нар энэ сарын 4-нд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн билээ. Тэгвэл өнөөдөр Энхномин охины биеийн байдал сайжирч эмнэлгээс гарлаа.




48 цагийн дотор 60 гаруй сая төгрөгийн хандивыг иргэдээс цуглуулж чадсан иргэн Ж.Отгонбаяр “Анх энэ охины талаар фэйсбүүкээс харсан. Миний хувьд 5000 найзтай юм билээ. Тиймээс нэг найзаасаа 5000 төгрөг цуглуулбал 25 сая төгрөг цугларах юм байна гэж бодоод хандив цуглуулж эхэлсэн. Гэтэл 48 цагийн дотор 60 гаруй сая төгрөг цугласан. Санхүүгийн боломжгүй гэсэн шалтгаанаар аврагдах боломжтой маш олон хүүхэд өвчиндөө шаналж байгаа. Тиймээс мөн ийм өвчтэй болоод хагалгаагаар аврагдах боломжтой хүүхдүүдэд туслах зорилгоор сан байгуулахаар төлөвлөж байна. Донор болсон аавд нь, 16 цагийн турш хагалгаа хийсэн алтан гартай эмч нартаа баярлалаа. Мөн хандив өгсөн Монголынхоо ард түмэнд баярлалаа. Хагалгааны зардлаас илүү гарсан мөнгөөр нь Энхномин охиндоо нэг өрөө байр авч өгсөн. Ээжид нь хэлээгүй байгаа. Одоо шууд гэрт нь аваад очно доо. Хагалгаа амжилттай болсон хэдий ч эхний гурван жилд маш сайн гам барих ёстой гэж эмч хэлсэн. Тиймээс охинд эрүүл, цэвэр гэр орон хэрэгтэй гэж бодон байр авч өгсөн. Учир нь охин ээж, 10 жилийн 2 ахтайгаа амьдардаг, тогтсон гэр орон байхгүй. Энд тэнд манаач хийж амьдардаг байсан юм” гэлээ.





Харин хагалгаа хийсэн эмч нарын хувьд охин эхний гурван жилд гам сайн баривал цаашид алзахгүй. Ийм төрлийн хагалгаанд орсон хүний дархлаа дарангуйлагдсан байдаг учир байнгын эмчилгээ, асаргаа шаардлагатай. Бараг нялх хүүхэд шиг л асрах хэрэгтэй. Бидний хувьд бага насны хүүхдэд хийсэн анхны хагалгаа юм. Харин амьд донороос хийсэн 49 дэх хагалгаа гэлээ. Мөн энэ сарын 25-нд буюу маргааш 50 дахь элэг шилжүүлэн суулгах хагалгаагаа хийхээр зав муутай байна гэсэн юм.




Энхномин охины ээж Г.Цэрэнбүжид найдваргүй хэмээн өдөр хоногоо хүлээж байсан охиныг минь эмчилж өгсөн эмч нартаа баярлалаа. Мөн хандив өгсөн бүх хүмүүст талархаж байна. Ялангуяа Эх орон телевизийн захирал Отгонбаярт баярлалаа. Мөн донор болж өгсөн аавд нь баярлаж байна. Уурлаж, бухимдсан үедээ элдвээр хэлж гомдоож байсан бол уучлаарай хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.











Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.