Улс төр


С.Эрдэнэ: Гадаад өр жилийн дотор 6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна

6 сар TIMES.MN

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдөр  /2018.05.23/  хуралдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгсөн шаардлагын хугацаа дууссан ч хариу ирүүлээгүй байгаа асуудал, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчид болоод Засгийн газрын өрийн асуудлыг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд УИХ-аас нэг хүнийг, Ерөнхийлөгчийн зүгээс гурван хүнийг нэр дэвшүүлсэн. Бүлгийн хуралдаанаар хэлэлцээд эдгээр нэр дэвшигчдийг дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.


Д.Эрдэнэбат: Ерөнхий сайд хоёр сайддаа  хариуцлагын  асуудлыг хэлэлцэхгүй байгаа нь хууль дээдлэх зарчмыг зөрчиж байна


  УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хуулийн зөрчил гаргасан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр хоёр сайддаа хариуцлага тооцох асуудлаар өгсөн албан шаардлагын хугацаа дууссан. Гэтэл өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. Ерөнхий сайд нэр бүхий хоёр сайддаа  хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхгүй байгаа нь Монгол Улсын үндсэн хуульд  зааснаар хууль дээдлэх зарчмыг зөрчиж байна. Тиймээс энэ нь Үндсэн хуулийн цэцэд хандах үндэслэл болж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар албан тушаалаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн ах, дүү нарынхаа оролцоотой уурхайн асуудал нь хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа.

Гэтэл энэ асуудлаа нэг тийш нь шийдээгүй. Мөн Төсвийн тухай хуульд өөрчлөлт  оруулах шаардлагатай зүйлийг удаа дараа хэлэлцүүлээгүй үйлдэл нь нотлогдож байгаа. Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж бусдын орон сууцанд түрээсийг нь төлөхгүй амьдардаг, өөрийн ах, дүү, хамаатан садан нь түүний албан тушаалыг ашиглах хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн олон асуудал гаргаж байгаа. Мөн "Эрдэнэт үйлдвэр"-тэй холбоотой бизнесийн асуудал шийдэгдээгүй орхигдож байна. Тиймээс хоёр сайдын эдгээр асуудлуудыг авч үзвэл УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах талаар Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гаргах үндэслэл болно гэж харж байна. Мөн хууль зөрчсөн сайдуудын талаар Ардчилсан намын бүлэгт “ Монголын хүний төлөө нам” албан тоот ирүүлсэн байна.Уг тоотод УИХ-ын гишүүн Ц.Нямдоржид хамаарал бүхий 17 үл хөдлөх хөрөнгийг шалгуулах буюу эдгээр нь  түүний хүү, эхнэр, бэрд хамаарагдаж байгаа. Мөн үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан компаниуд нь улсад татвар төлөөгүй буюу тэг татвартай байсан тухай. Уг асуудлыг бүлгийн гишүүд хэлэлцээд “Монголын хүний төлөө нам” энэ ноцтой асуудлаараа  хууль хяналтын байгууллагад хандах нь тэдний  эрхийн асуудал гэж шийдсэн.


С.Эрдэнэ:Монгол Улсын гадаад өр ганцхан жилийн дотор 6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна


  Өрийн асуудлаар сүүлийн үед үл ойлгогдох мэдээлэл их цацагдаж байгаатай холбоотойгоор 2018 оны төсөв, Засгийн газрын өрийн асуудлаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар удаа дараалан хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2.8 их наяд төгрөгийн өр барагдуулсан  нь түүхэнд үлдэх тод мөр боллоо гэх мэт хэмээн сүржин үгээр ярьж, хэлж байгаа. Бидэнд гадаад өр, авлагын 2016, 2017 оны тооцоо судалгаа байна. 2016 онд үндсэндээ Монгол Улсын Засгийн газрын дотоод өр 6.4 их наяд төгрөг, 2017 онд 4.2 их наяд төгрөг болж зөрүү нь 2.2 их наяд төгрөг болж байгаа. Ер нь төсөвт суусан үндсэн үзүүлэлтийг харахаар 2017, 2018 онд 1.1 их наяд төгрөгийн өр барагдуулах төсвийн зардал суулгаж өгсөн байна. Үүнээс харахад яагаад ч 2.8 их наяд төгрөгийн өр барагдуулсан байх үндэсгүй. Монгол Улсын Засгийн газар сайндаа биш ОУВС-аас авч байгаа урт хугацааны бага хүүтэй зээлээр дотоодын өндөр хүүтэй богино хугацаатай өрийг дарсан нь өнөөдөр дотоод өр дарагдчихсан мэт харагдаж байгаа.  2016 онд Монгол Улсын нийт гадаад өр 16.9 их наяд төгрөг байсан. Тэгвэл ганцхан жилийн дотор гадаад өр 22.1 их н аяд төгрөг болж өссөн. Өөрөөр хэлбэл, нэг жилийн дотор 6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.  Засгийн газрын гадаад  өр 2016 онд 10.4 их наяд  төгрөг байсан бол 2017 онд 17.8 их наяд төгрөг болж өссөн. Иймээс гадаад өр аж ахуйн нэгж байгууллага болон бусад эх үүсвэр дээр суусан өр биш. Зөвхөн Монгол Улсын Засгийн газрын өр дангаараа өссөн үзүүлэлт харагдаж буй юм. Тиймээс өнөөдөр гадаад өр буурсан мэтээр иргэдийг хуурч байгаа нь хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл. Хамгийн гол нь манай улсын нийт гадаад өр 6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байхад энэ их мөнгөөр Засгийн газар юу хийсэн нь тодорхой бус байна. Өнөөдрийг хүртэл эрх баригчид нэг ч том төсөл хөдөлгөөгүй, нэг ч км зам тавиагүй, нэг ч томоохон барилга байгууламжийг ашиглалтад оруулаагүй. Тууз хайчилж байгаа өнөөдрийн ажил дандаа 2012-2016 онд Ардчилсан намын Засгийн газрын хийж хэрэгжүүлж байсан бүтээн байгуулалтууд байна. Тиймээс ийм байдлаар улс орны хөгжлийг хангахгүй шүү гэдгийг Ардчилсан намын зүгээс хариуцлагатайгаар мэдэгдэж байна.


Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Засгийн газрын зүгээс хоёр сайддаа  хариуцлага тооцох үндэслэл байхгүй гэх албан бичгийг та бүхэнд  хүргүүлсэн гэж өнөөдөр мэдэгдээд байгаа. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд хариуцлага тооцож болно гэлээ. Тиймээс одоо яах ёстой юм бол?


С.Эрдэнэ: Хоёр сайдын асуудал шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй гэдэг асуудал ярьж байгаа. Гэхдээ аливаа асуудал ёс зүйн үүрэг хариуцлага гэдэг зүйл бий. Ц.Нямдорж сайд  3-4 сая төгрөгийг төлбөртэй бусдын байранд түрээсийн төлбөр төлөхгүй он удаан жил амьдарч байгаагаа өөрөө хүлээн зөвшөөрчихсөн байгаа. Эрдэнэт үйлдвэрт олон сая төгрөгийн шахаа бизнес хийсэн гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн. Тиймээс өөрөө үйлдлээ хүлээн зөвшөөрөхөөс илүү нотолгоо гэж хаана ч байхгүй. Тэгээд ч ёс зүйн үүрэг хариуцлага хүлээх ёстой. Мөн Ч.Хүрэлбаатар сайдын ах, дүүтэйгээ нийлээд зарчихсан нүүрсний уурхайн асуудал бүгд нотлох баримтаар нотлогдож байгаа. Эдгээр асуудлыг бид холбогдох хууль хяналтын байгууллагуудад нь өгнө. Үнэхээр өнөөдөр Монгол Улсад Үндсэн хуулийг сахиулдаг, Үндсэн хуулийг аливаа зөрчлийг гаргуулахгүй байх Үндсэн хуулийг цэц ажиллаж л байгаа бол энэ асуудал дээр заавал дүгнэлт гаргах ёстой.


Д.Эрдэнэбат: УИХ дахь Ардчилсан намын бүлэгт хоёр сайд хууль зөрчөөгүй гэдгээ албан тоотоор ирүүлээгүй. Эрх баригчид худлаа яриад байдаг байдлаа болих хэрэгтэй. Өр гэж худлаа ярьдаг, гэм буруутай нь нотлогдоогүй гэж өөрсдийгөө хаацайлдаг хүний тархи угаадаг хоосон зүйлээ болих шаардлагатай байна. Сөрөг хүчний үүргийг бүгдээрээ сайн ойлгох хэрэгтэй. Сөрөг хүчин хяналт тавих, хариуцлага тооцохыг шаардах үүрэгтэй. Бид энэ үүргээ сайн гүйцэтгэх ёстой. УИХ-ын гишүүн бөгөөд, Засгийн газрын сайд гэдэг хүний хамгийн гол асуудал бол албан тушаалаа хувийн ашиг сонирхолдоо ашиглаж болохгүй. Энэ УИХ-ын гишүүний тангарагт тусгаж өгсөн байдаг зүйл. Тиймээс гэм буруутайг нь хуулийн байгууллагаар шийддэг асуудал биш. Иймээс ч бид хуулийн зөрчил гаргаад байгаа хоёр сайдын асуудлыг тавиад байгаа. Бид дахин дахин шаардах болно.


-ҮХЦ-д Ардчилсан нам өөрийн хүнийг томилох гэж байна гэх яриа гараад байна. Энэ талаар тайлбар өгөөч?


С.Эрдэнэ: Ардчилсан намд Үндсэн хуулийн цэцэд өөрийнхөө хүнийг томилох эрх зүйн боломж байхгүй. Ерөнхийлөгч санал болгох нь нэг асуудал, түүнийг нь томилох эсэх нь УИХ-ын бүрэн эрхээс хамаарна. УИХ-д олонх байгаа МАН өнөөдөр энэ асуудлыг хэрхэн шийднэ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.