Нийгэм


7 аймгийн 60 сумын 113 багийг тариалангийн бүс нутгаар тогтоолоо

1 долоо хоног TIMES.MN

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр болж, нэр бүхий аймгуудын ИТХ-ын тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналыг харгалзан тариалангийн бүс нутгийг тогтоолоо. Энэ нь тариалангийн газрын эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, цаашид малын үүлдэр угсааг сайжруулан, малаас авах ашиг шимийг  дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах зорилготой юм. Засгийн газар ийм зохицуулалт хийснээр бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн салбар хооронд олон жил үргэлжилсэн зөрчил, маргааныг эцэслэж байна. 

1990 оны сүүлээс алслагдсан бүсийн аймгуудаас газар тариалангийн бүс нутгуудад мал бүхий иргэд шилжин суурьших болсон нь хүн амын тоо нэмэгдэхийн зэрэгцээ бэлчээрийн тоо толгой огцом өсөх шалтгаан болсон. Тухайлбал, 1990 оны мал тооллогын дүнг 2017 онтой харьцуулахад Сэлэнгэ аймаг 3 дахин, Төв аймаг 2.7 дахин өсчээ.

Малын өсөлтөөс шалтгаалан газар тариалан, бэлчээрийн мал аж ахуйтай зөрчилдөж, улмаар ургацын гарц, хэмжээ, технологийн мөрдөлтөд нөлөөлөөд зогсохгүй хөрсний үржил шим, элэгдэл, эвдрэлд орох, агро-экологийн тэнцвэрт байдал алдагдах зэрэг сөрөг үр дагавар гарах болсон. Тухайлбал, 2010 онд Ургамал газар тариалан, шинжилгээний дүнгээр ялзмагийн агуулалт 40.5-71.8 хувиар буурч, 0.7-4.2 хувь болж, ялзмагийн үеийн зузаан 15-21 см-ээр багасч, тариалангийн хөрсний 61.4 хувь нь хүчтэй, 64.9 хувь нь дунд зэргийг элэгдэлд орсон нь хөрсний үржил шим алдагдаж, гамшгийн хэмжээнд хүрсэн байна.

Үүнээс гадна зөвхөн Сэлэнгэ аймгийн Хушаат суманд гэхэд 2017 оны байдлаар үр тариа, төмс, хүнсний ногооны талбайд мал орж сүйтгэлээ гэсэн 60 гаруй дуудлага хүлээн авсан байна. Ийнхүү бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн хоорондын зөрчил, маргааны улмаас газар тариалангийн бүс нутаг, түүний заагийг тогтоох зохицуулалт хийх шаардлага байгаа юм.

Уур амьсгалын өөрчлөлт, манай орны нийгмийн хөгжлийн чиг хандлага, хүн амын суурьшил зэрэгтэй уялдуулан эрчимжсэн мал аж ахуйг тодорхой бүс нутагт зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлж, хүн амын хүнсний хэрэгцээг чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах замаар импортыг орлох, экспортын баримжаатай хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлага тулгараад байгаа.

Иймээс газар тариалангийн бүс нутаг дахь тариалангийн газрын эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, цаашлаад малын үүлдэр угсааг сайжруулан малаас өгөх ашиг шимийг дээшлүүлэх, байгаль орчноо хамгаалах үүднээс Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Хэнтий, Өвөрхангай, Архангай аймгийн газар тариалангийн бүс нутгийг албан ёсоор тогтоож, энэ бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хослон хөгжүүлэх зохицуулалт хийх нь зүйтэй гэж үзэн, уг тогтоолыг Засгийн газраар хэлэлцүүлэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улс нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэж, Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Тариалангийн бүс нутгийг засаг захиргааны нэгжээр тогтооно” гэж заасны дагуу 7 аймгийн 60 сумын 113 багийг тариалангийн бүс нутгаар тогтоолоо.

 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.