2018,5-Р Сар,16


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


н.Улаанхүү: Сайхан хайр, халамж зөвхөн гэр бүлээс л гардаг

2 сар TIMES.MN

Гэр бүл гэдэг нийгмийн хамгийн бага нэгж хэдий ч асар их үүрэг,хариуцлага үүрч, улс эх орны үндэс суурь нь болж өгдөг онцлогтой. 1994 оноос эхлэн дэлхий даяар гэр бүлийн өдрийг тэмдэглэж ирсэн уламжлалтай. Харин манай улсын хувьд энэ жил 13 дахь жилдээ уг өдрийг салбар бүрд өөр өөрсдийн өвөрмөц онцлог бүхий арга хэмжээ зохион тэмдэглэлээ.




Тухайлбал, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн хамт олон өчигдөр хөгжлийн бэрхшээлтэй зургаан гэр бүлийг 13-р зуунаар аялуулж, нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхэд нь тусалсан юм. “Хамтдаа хайрлая-2018” арга хэмжээнд оролцсон зургаан гэр бүлийн нэг үлгэр дуурайлал болсон н.Улаанхүү гуайн гэр бүлтэй ярилцлаа.




...”Олон жил амьдарсан хосууд нэг хүн шиг болдог юм билээ. Хань минь намайг орхичих болов уу гэсэн бодол огт төрж байгаагүй, ханьдаа итгэж байсан” хэмээн ярих хүн бол н.Улаанхүү гуай юм. Тэрээр 10 гаруй жилийн өмнө осолд орж, тархиндаа гэмтэл аван ярьж чадахаа байжээ. “Гэхдээ ханилаад 30 гаруй жил болж буй сайн хань, сайн эмч нарын буянд өнөөдөр хүмүүстэй ярилцаж чаддаг болсондоо туйлын их баяртай байна. Сайхан хайр, халамж зөвхөн гэр бүлээс л гардаг юм. Гэр бүлээ хайрлаж, үр хүүхдээ зөв хүмүүжүүлээрэй гэж залуустаа хэлье. Мөн ханьдаа хайртай шүү” гэж гэр бүлийн өдрөөр тэрээр гэргийдээ сэтгэлийн үгээ хэлсэн юм.




Харин түүний хань Намжилсүм “анх үнэхээр хэцүү байсан. Гэхдээ гурван хүүхдээ сургуультай болгож, ханиа эрүүл болгохын төлөө л өөрийгөө зоригжуулж, хэцүү өдрүүдийг даван туулдаг байсан. Одоо бол сайхан байна аа. Бид хоёр долоон ач, зээтэй болсон. Залуу гэр бүлдээ хандаж хэлэхэд хүний амьдралд юу ч тохиолдож болно гол нь суурьтай, бат бэх байх нь чухал юм шүү” гэдгийг зөвлөмөөр байна гэлээ.




Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд итгэл, урам зориг хайрлах, аз жаргал, гэрэл гэгээ бэлэглэх, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, эерэг үзэл, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх зорилгоор энэ жилийн арга хэмжээг зохион байгуулсан аж.




Энэ талаар тус төвийн дарга Ц.Ганчимэг “1993 оноос НҮБ-ын Ерөнхий ассамблейс дэлхийн гэр бүлийн өдрийг 5 сарын 15-ны өдөр тэмдэглэхээр шийдвэр гарсан. 1994 оноос эхлэн тэмдэглэж, дэлхий нийтээр 23 жил, манай улсын хувьд 13 дахь жилдээ тэмдэглэж байна. Бид бүхэн гэр бүл нийгмийн анхдагч орчин, нөгөө талаас улс орны бат бэх байх үндэс нь юм гэж үзэн өнгөрсөн жил хамтдаа хайрлая өдөрлөг зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлээ алдаршуулж, авьяаслаг, бүтээлч, ажилтай, залуу гэр бүл гэж алдаршуулж байсан. Харин энэ жил зургаан гэр бүл сонгож аван, тухайн гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулах, тухайн гэр бүл хөдөлмөр эрхэлж байна уу, хүүхдүүд нь боловсролд бүрэн хамрагдаж байна уу гэх зэргээр тэдэнтэй илүү ойр байж, тэдний амьдралыг таньж мэдэн, мөн эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлье гэсэн үүднээс гэр бүлийн өдөрлөгөө хийж байна” гэлээ.









Холбоотой мэдээлэл


Төмсний зраз хийж сурцгаая
Төмсний зраз хийж сурцгаая
4 долоо хоног, 1 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.