Нийгэм


С.Мөнгөнчимэг: Энэ хуулийн амин сүнс нь тогтвортой гэр бүлийг дэмжихэд чиглэнэ

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хэлэлцүүлэг зохион байгуулна-


Гэр бүлийн тухай хуульд шинэчилсэн найруулга хийх тухай олон жил ярьж байгаа. Олон жил дуншсан энэ асуудлыг ажил хэрэг болгохоор салбарын яамнаас  хуулийн төсөл боловсруулж буй.   Гэр бүлийн хуулийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэгтэй  ярилцлаа.


- Өнөөдөр Дэлхийн гэр бүлийн өдөр. Энэ өдрийг угтаж танай яамнаас бодлогын төвшинд ямар асуудалд анхаарал хандуулж байна вэ?

-НҮБ-ын Ерөнхий ассамблей 1994 онд жил бүрийн тавдугаар capын 15-ныг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоолыг  баталсан.  Тэр цагаас хойш дэлхийн улс орнууд “Гэр бүлийн өдөр”-ийг 24 дэх жилдээ тэмдэглэж байна. Энэ жилийн хувьд манай яам УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтран “Гэр бүлийн  талаархи бодлого, эрх зүйн шинэтгэл” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт  холбогдох яамдын мэргэжилтнүүд,  мэргэжлийн судлаач,  эрдэмтэд, энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцох юм. Ер нь хуулийн төслийн  шинэчилсэн найруулгын хүрээнд Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдлын талаар үндэсний  хэмжээний суурь судалгааг түүврийн аргаар хийнэ. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулалтын шатанд онлайн санал асуулга, нээлттэй хэлэлцүүлэг хийх  нийслэл болон орон нутагт уулзалт, ярилцлага зохион байгуулах  зэргээр шат дараатай арга  хэмжээ явуулахаар төлөвлөсөн. Аль  болох амьдрал дээр  хэрэгжих, хөрсөндөө буусан чамбай хууль боловсруулахын төлөө ажиллаж байна.


- Энэ хуульд шинэчилсэн найруулга хийх гэж олон жил ярьж, хэд хэдэн удаа хойшилсон?

-Гэр бүл дэх хүмүүсийн харилцаа нь хүүхдийн төлөвшилд нөлөөлж,  хүний хөгжлийн түлхүүр болоод зогсохгүй цаашлаад улс үндэстний аюулгүй байдал, сэргэн мандалт, тухайн овог удмынхны үнэт зүйлийн суурь  болдог. Хүнийг зөв  хүмүүжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх, нийгмийн хөгжлийг түргэтгэхэд гэр бүлийн үүрэг үнэлж баршгүй юм. Тиймээс л гэр бүл амгалан, аюулгүй, гэр бүл эв найртай, орлоготой,  бат бэх байлгахын төлөө Монгол төрийн бодлого чиглэж байх учиртай. Хэдийгээр хуулиар бүхнийг зохицуулж болохгүй ч эрх зүйн орчныг сайжруулах, зайлшгүй хамгаалалтыг тусгах, эрх, үүргийг тодотгох, гэр бүлийн боловсролыг дэмжихэд зохицуулалт оруулах шаардлага бий болсон. 1999 онд батлагдсан энэ хуульд   таван удаа нэмэлт өөрчлөлт орсон нь бусад хуулийг дагалдаж орсон байдаг.


- Хэдийгээр хууль тогтоох дээд байгууллагад өргөн барих вэ?

-Хуулийн төслийг ирэх намрын  чуулганы үеэр өргөн барихаар төлөвлөж байгаа.


- Хуулийн төсөлд оруулж байгаа гол зохицуулалтыг нь тодруулахгүй юу?

-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд  “косметик” гоёл хийхэд чиглээгүй. Төр засгаас  тогтвортой гэр бүлийг дэмжих бодлогын хүрээнд  гэр бүлийн хөгжил, боловсролыг  илүү дэмжихийг чухалчилж байгаа юм.  Цаашид төрөөс гэр бүл, хүн амын хөгжлийн талаар баримталж байгаа бодлогын хэрэгжилт, үр дүнд шинжилгээ хийж, нийгэм, хүн ам, гэр бүлийн хөгжлийн чиг хандлагатай уялдсан “Гэр бүлд суурилсан хүн амын хөгжлийн цогц бодлого” боловсруулах шаардлагатай. Яам, агентлагаас эхлээд  хувийн хэвшлийнхэн, олон улсын болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд “Гэр бүл төвтэй хүний хөгжил”-ийн асуудлыг бүх төвшинд дэмжин ажиллах зайлшгүй нөхцөл байдал бий болсон.

Шинэчилсэн хуулийн төсөлд гэр бүлийн гишүүн бүрийг үүрэг хариуцлагатай болгоход чиглэсэн зохицуулалтууд орж байгаа. Мөн гэр  бүлийн мэдээллийн нэгдсэн сантай болно. Гэр бүлийн дагнасан шүүгч ажиллуулах  гэсэн заалтыг оруулахаар төлөвлөж байна. Гэхдээ салбарын яам нь дэмжих эсэхийг  мэдэхгүй. Энэ хуулийн төслийн  амин сүнс нь гэр бүлийн боловсролыг олгох, гэр бүлийн хөгжлийг дэмжих, тогтвортой гэр бүлийг дэмжихэд чиглэж байгаа гэж ойлгож болно.  Одоогийн байдлаар хувийн хэвшлийнхэн болон төрийн бус байгууллагууд л гэр бүлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлж байна. Харин шинэчилсэн найруулгын төсөлд гэр  бүлд зөвлөгөө өгөх төвүүдийг улс орон даяар бий болгож, тодруулбал, сум, хорооны төвшинд, аль болох  гэр бүлд ойр ажиллуулах зохицуулалттай болгохыг зорьж байна.  Дэлхийн  хөгжилтэй орнуудад  хүүхдийг цэцэрлэгт байхад гэр бүлийн гишүүдтэйгээ  хэрхэн харилцах вэ  зэргээр гэр бүлийн боловсрол  олгож эхэлдэг. Цаашлаад хүүхдийг сургуульд орохоор ирээдүйн аав, ээж болохын тулд яах ёстой, эрэгтэй, эмэгтэй хүний биеийн онцлог, үүнээс үүдээд сэтгэлзүйд хэрхэн өөрчлөлт ордог гээд энгийн юм шиг атлаа хэрэгтэй зүйлийг шат дараатайгаар  заадаг. Харин техник, мэргэжлийн сургууль, коллеж, их дээд сургуульд ороход нь  гэрлэлтэд бэлтгэх хөтөлбөрийг оруулах  жишээтэй.


- Монгол гэр бүлийн үнэт зүйл алдагдаж байна гэдэгтэй санал нийлэх үү?

- Эцэг эх, үр хүүхдээ дээдлэх, эв эеийг хичээх, эрдэм номыг шүтэх, өв уламжлалаа нандигнах, ажил хөдөлмөрийг эрхэмлэх  соёл, зан заншил нь нүүдэлчин удмын  монгол гэр бүлийн өвөрмөц үнэт зүйл юм. Цаг үеийн нөхцөл байдлыг дагаад хүний амьдралын хэв маяг, хандлага өөрчлөгдөж байгаа ч хүн хүнээ хайрлах, гэр бүлээ хамгаалах, сайн сайхнаа бусдад түгээх, гэр бүлийнхээ гишүүнийг дэмжин туслах гээд нандин харилцаа байхгүй болчихгүй шүү дээ. Тиймээс гэр бүл гэдэг хэсэг хугацаанд наадаад өнгөрөх тоглоом биш, хүүхдийн хувь заяан дээр аргамжлагдсан, насан туршдаа холбогддог харилцаа  учраас залуус маань сонголтоо ухаалаг хийж, нэгэнт  шийдсэн бол үүрэг, хариуцлагаа ч үүрч, гэр бүлийн аз жаргалаа ч хамгаалж амьдрахад суралцах нь чухал байна.


- Гэр бүлийн талаар судалгаа, шинжилгээ хэр хийв. Салалт нэмэгдэж байна гэдэг нь бодитой юу?


-Хуулийн шинэч­лэлийн хүрээнд судалгаа, шинжилгээ заавал хийх учиртай. Сүүлийн үед гэр бүлийн салалт, хүчирхийлэл нэмэгдэж байгааг  судалгааны дүн харуулдаг. Салалтад ядуу байдал, архидалт, ажилгүйдэл гээд олон хүчин зүйлс нөлөөлж байгаа. Жилд 16-20 мянган гэр бүл шинээр бүртгүүлж, 3500-4000  гэр бүл салдаг гэсэн тоон мэдээ бий. Эндээс харахад гэрлэлт 13 хувиар, гэр  бүл  цуцлалт 5.1 хувиар нэмэгдсэн байна.

Мөн салж буй хосуудын талаас илүү хувь нь 10-аас дээш жил ханилсан гэр бүл  байна. Олон жил ханилсан хосууд  илүү бат бэх гэр бүл болдог гэсэн судалгаа байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд эсрэгээрээ илүү олон жил амьдарсан гэр бүл хэврэг байна гэсэн сонин дүр зураг гарч байгаа юм. Гэр бүл салалтын шалтгааны голлох хувийг үл ойлголцол, үзэл бодлын зөрчил,хардалт зэргээс  үүдэлтэй гэж судалгаанд оролцогчид хариулсан байна.


- Гэр бүл салахад хамгийн хохирдог нь хүүхэд. Хүүхдийн эрхийг хамгаалах талаар төсөлд ямар зохицуулалт оруулах вэ?

-Эцэг, эхийн хоорондох зөрчил маргаан нь эцэстээ салалтаар дуусах нь хүүхдэд хүндээр тусдаг. Зарим нь  өөрийгөө энэ салалтын  буруутан  мэтээр хүлээн авч,  ирээдүйд амьдрах, сурч боловсрох хүсэл тэмүүлэлгүй болж буруу зуршилд автах, гэр орноосоо дайжих магадлал өндөр байдаг. Учир нь хүүхэд нас маш эмзэг үе учраас тэдний эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хэд хэдэн зохицуулалтыг оруулж  байгаа.  Эцэг, эх хүүхдийнхээ өмнө хариуцлагатай, үүрэгтэй байх талаас нь нэлээд тодотгож өгнө. Мөн гэр бүл салахад хүүхэд өөрийн гэсэн өмчтэй байхыг тусгаж байгаа.


-Тодруулбал?

-Гэр бүлийн гишүүн бүрт оногдох хувь нь тогтоогдоно. Түүнээс эцэгт эсвэл эхэд  оногдох хувиас  хасч хүүхдэд олгоно гэсэн зохицуулалт байж болохгүй. Тухайн хүүхдийнх нь нэр дээр данс нээж, эд хөрөнгийг нь хадгалуулна. Мөн улсаас өгч буй тэтгэмж нь хүүхдийн дансанд орох, тэр данс, эд хөрөнгийг нь асран хамгаалагч нь захиран зарцуулахгүй байх зэрэг зохицуулалтыг хийж өгнө.


- Гэр бүл салсан тохиолдол хүүхдэдээ 18 нас хүртэл нь тэтгэмж өгөх хуултай ч хэрэгжүүлдэггүй хүн олон. Үүнийг яаж зохицуулах вэ?

-Тэтгэмжийн сан  байгуулах зохицуулалт оруулж байгаа. Тухайн санд эцэг эхийнх нь хүүхдэдээ өгч буй мөнгөн тэтгэмжийг татан төвлөрүүлж, сар бүр хүүхдэд  тухайн сангаас нь мөнгө олгох  зохицуулалт хийхээр тусгасан. Түүнчлэн хүүхдийн үрчлэлтийн асуудлыг өмнө нь журмаар зохицуулдаг байсан. Харин одоо хуулийн төсөлд  нэг бүлэг болгож оруулаад байна. Тэр дундаа хүүхдийн үрчлэлтийн дараах асуудлыг маш нарийн тусгаж  өгч байгаа. Тухайлбал, гадаад улсад үрчлэгдсэн хүүхдийг тухайн оронд байгаа манай улсын дипломат төлөөлөгчийн газар харж, хянадаг тогтолцоог хөгжүүлнэ. Өмнө нь тухайн өргөж авсан эцэг, эх нь Гадаадын иргэн харьяатын газар, салбарын яаманд тайлан илгээгээд орхидог байсныг өөрчилж байгаа.


Х.ТАМИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 2 өдөр []


zob asuudal hondjee