2018,5-Р Сар,03


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Н.Хэнмэдэх: Бид бага чадалтай цахилгаан хөдөлгүүр, хийгээр ажилладаг жижиг машин үйлдвэрлэх хэрэгтэй

5 сар, 2 долоо хоног TIMES.MN
“Бид нар заавал урд хойд хөршөөсөө царай алдах шаардлагагүй. Өөрсдөө хямд төсвөөр боломжит нөөц бололцоог бий болгохын төлөө явна” гэх том зорилго, мөрөөдөлтэй хүү бол Хүүхдийн урлан бүтээх төвийн автомашины загвар зохион бүтээх ангийн сурагч н.Төгс-Эрдэнэ юм. Тэрээр Хүүхдийн урлан бүтээх төвд дөрвөн жилийн өмнөөс явж эхэлсэн байна. Өдөр бүр хичээлээ тарж ирэн машинаа хийдэг бөгөөд энэ жил төгсөх ангийн сурагч учир жаахан зав муутай байгаа гэсэн юм.




2014 оноос хойш Хүүхдийн урлан бүтээх төвийн техник технологийн дугуйлан автомашины болон нисэх онгоцны загвар зохион бүтээх ангиудыг нээн хичээллүүлж, 2 дахь удаагийн тайлан үзэсгэлэнгээ “Залуу зохион бүтээгч” нэрийн дор энэ сарын 30-ны өдөр дэлгэлээ. Техник технологийн эрин зуунд хүүхдийн бүтээлч сэтгэлгээ хөгжлийг дэмжих, автомашин, нисэх загвар, техник технологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, чадвар дадалтай болгох инженерийн анхан шатны мэдлэг чадварыг олгох зорилгоор энэхүү дугуйланг нээсэн байна.




Тус дугуйлангийн автомашины загварын ангийн багш Н.Хэнмэдэх “Манай дугуйлангийн гол зорилго хүүхдүүдийг багаас нь зохион бүтээгч, инженер болох сонирхлыг нь хөгжүүлэх, мэргэжлээ зөв сонгоход нь туслах юм. Анхлан суралцаж буй хүүхдүүдээрээ гарын доорх материал буюу цаас, кордон ашиглаж машины загвар хийдэг. Харин үүний дараа модон материал ашиглан модон загвар хийнэ. Зарим хүүхдүүд өөрсдөдөө байгаа тоглоомын хөдөлгүүрийг ашиглан модон машинаа явуулдаг хийж байна. Дараа жилээс бид зөвхөн хөдөлгүүрийг нь ашиглаж бусад бүх зүйлийг нь өөрсдөө хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Одоогоор манай дугуйланд 70 гаруй хүүхэд долоо хоногт хоёр удаа, өдөрт хоёр ээлжээр хичээллэж байна. Бид ирээдүйд маш бага чадалтай цахилгаан хөдөлгүүр, хийгээр ажилладаг жижиг машин үйлдвэрлэх хэрэгтэй. Үүний төлөө л бид эдгээр хүүхдүүдээ багаас нь бэлтгэж байна” гэлээ.




“Залуу зохион бүтээгч” тайлан үзэсгэлэнд нисэх онгоцны загвар зохион бүтээх дугуйлангаас 14 сурагч, автомашины дугуйлангаас 40 сурагчийн нийт 54 бүтээл дэлгэгдсэн юм.


Нисэх онгоцны загварын багш Д.Лхагваа “Энэ дугуйлан татан буугдаж хориод жилийн дараа буюу 2014 онд нээгдсэн. Манай нисэх загвар, пуужингийн дугуйланд 6-12р ангийн сурагчид хичээллэдэг. Хүүхдүүд хамгийн анхан шатны загвараас эхлэн хийдэг. Анхан шатны загварыг хийхийн тулд хүүхэд бүр шугам зургийн анхны мэдлэгтэй байх ёстой. Тиймээс бид шугам зураг бас заадаг. Энд суралцсан хүүхдүүд чөлөөтэй шугам зураг зурдаг, шугам зураг өөрөө инженерийн цагаан толгой бөгөөд үүний анхны мэдэгдэхүүнтэй болж байна. Мөн тус дугуйланг төгсөж гараад техникийн анхан шатны мэдэгдэхүүн, мэдлэгтэй болно. Бид одон орон, геофизикийн хүрээлэнтэй нягт холбоотой ажилладаг” хэмээв.




Үзэсгэлэнгийн нээлтэд автомашины загварын ангийн хүүхдүүд өөрсдийн бүтээсэн удирдлагатай автомашинаар үзүүлэх тоглолт хийж сонирхуулсан юм. Мөн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс пуужингийн эд анги, хэрхэн сансарт хөөрдөг талаар хүүхдүүд болон хүрэлцэн ирсэн зочдод сонирхолтой баримтат кино сонирхуулав.


Тайлан үзэсгэлэнгийн нээлтэд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн захирал Д.Уранбилэг, Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан н.Амаржаргал, нисэх онгоц, автомашины загварын зохион бүтээх дугуйлангийн багш, сурагчид оролцов.




Дашрамд дурдахад Монголын Хүүхдийн урлан бүтээх төв нь 2017-2018 оны хичээлийн жилд “Өв соёлоо дээдэлдэг бүтээлч Монгол хүүхдийн төлөө” эрхэм зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа аж.



Холбоотой мэдээлэл


Өглөө бүр ШИНЭ УРГАЦ
Өглөө бүр ШИНЭ УРГАЦ
3 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.