2018,4-Р Сар,30


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Дарин Кумнетрут: Гамшиг тохиолдохгүй, болохгүй гэж хэзээ ч бодож болохгүй

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN
Гамшгийн эрсдэл болон гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд сэтгүүлчид хэрхэн яаж ажиллах талаар Тайландын олон нийтийн телевизийн цаг уур, гамшгийн нөхцөл байдал болон мэдээний редактор, хөтлөгч, “Гамшиг буюу Disaster” хэмээх нэрээрээ алдаршсан Darin Kumnertrut-тай ярилцлаа.




-Сайн байна уу. Юун түрүүнд Монголд хүрэлцэн ирж, Монголын сэтгүүлч нарт сонирхолтой сургалт явуулсанд баярлалаа. Манай улсад хэдийгээр хар салхи, цунами, олон хүний амийг авсан хүчтэй газар хөдлөлт зэрэг аймшигт гамшигууд болоогүй хэдий ч бид ямар ч зүйлд бэлэн байх ёстой байх. Тэгэхээр олон жил энэ сэдвээр мэдээ, сурвалжлага бэлдсэн туршлагатай сэтгүүлчийн хувьд Монголын сэтгүүлч нарт зөвлөгөө өгөөч.


-Гамшгийн тухай мэдээлэл бэлтгэхэд хамгийн эхэнд тухайн гамшгийн талаарх бүтэн жилийн мэдээллийг мэдсэн байх ёстой. Хоёрдугаарт гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд болон гамшгийн үед хэрхэн биеэ авч явах талаар мэдээлэл бэлтгэх шаардлагатай. Учир нь яг гамшиг тохиолдсон үед мэдээлэл бэлтгэлээ гэхэд хүмүүс шоконд орсон байдаг. Тиймээс тухайн үеийн болж буй нөхцөл байдлаас өөр зүйлийг олон нийтэд мэдээлж чадахгүй. Мөн хүмүүс шоконд орохын зэрэгцээ олон хүний амь эрсэдсэн байхад бид юу ч хийж чадахгүй. Харин гамшгаас урьдчилан сэргийлсэн, гамшгийн үед ард иргэдийг хэрхэн биеэ авч явах, ямар үйлдэл хийвэл зохих сургалт маягийн сурвалжлага, мэдээлэл хийвэл гамшиг тохиолдсоны дараа олон хүний амийг аварч чадсан байдаг. Түүнчлэн гамшиг тохиолдохгүй, болохгүй гэж хэзээ ч бодож болохгүй.


Тур тусмаа Азийн бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтөөс болж гамшиг олон тооны давтамжтайгаар ойр ойрхон тохиолдоно. Уур амьсгалын өөрчлөлтөөс болж гамшиг тохиолдох нь тодорхой учир гамшгийн өмнө, гамшгийн үеэр, гамшгийн дараа гэсэн гурван үе шатлалтай сурвалжлагууд бэлдэх хэрэгтэй. Гамшгийн өмнө гэвэл дээр хэлсэнчлэн ард иргэдийг хэрхэн гамшгаас урьдчилан сэргийлэх болон өөрсдийгөө аврах талаар сургах маягаар сурвалжлага бэлтгэх ёстой. Харин гамшиг тохиолдсон үед болон гамшгийн үеэр амьд үлдсэн хүмүүстээ олон улсаас тусламж авахын тулд тэд хэрхэн, яаж амь аврагдах талаар сурвалжлага бэлтгэх хэрэгтэй. Гамшиг тохиолдсоны дараа барилга байгууламж, сэргээн босголтыг илүү сайн хийлгэхийн төлөө та нар сурвалжлага бэлтгэх ёстой.


-НҮБ-аас бүсийн хэмжээнд үер усны аюул зэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авсан учир гамшгийн үед амь эрсэдсэн хүний тоо буурсан байна гэсэн таатай мэдээлэл өглөө. Гэхдээ бидний ганцхан урьдчилан сэргийлэх аргагүй, чадахгүй байгаа гамшиг нь газар хөдлөлт байна гэж мэдээлсэн. Тэгвэл Тайландад энэ аюулаас хэрхэн урьдчилан сэргийлдэг вэ?


-Бид ч мөн өмнө нь Тайландад газар хөдлөлт болдоггүй, болохгүй гэж итгэдэг байлаа. Гэвч 2-3 жилийн өмнө Тайландын хойд нутагт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон тооны хүн амь насаа алдсан. Түүнээс хойш бид газар хөдлөлтөд бэлтгэлтэй байх ёстой юм байна гэдэг сургамж авсан. Тухайн үед 10 мянган байшин барилга нурж сүйрсэн. Тэдгээр сүйрсэн байшин барилга нь ядуу буюу амьдралын төвшин доогуур иргэдийн хороолол байсан бөгөөд бусад барилгаас чанар муутай баригдсан байсан юм.


Одоо Тайланд хүмүүс мэргэжилтэн, экспэртүүд, мэргэжлийн сургууль төгссөн хувийн байгууллагуудтай хамтран хэрхэн сайн чанарын, газар хөдлөлтөд тэсвэртэй барилга барих вэ гэдэг талаар ярилцаж эхэлсэн. Үүнийг нь сэтгүүлч, сурвалжлагч бид олон нийтэд хүргэж байгаа. Бүх хүмүүсийг сайн чанарын барилга байшин барина уу гэдэгт уриалан дуудах ёстой. Ингэсний дараагаар газар хөдлөлт болоход тухайн барилга нурахгүй, олон хүний амийг аварна гэдэг талаас нь сурвалжилдаг. Мөн бид ямар төрлийн төмөр, арматураар барилга баривал сайн чанартай байшин босохыг мэдэж авсан. Модон байшин газар хөдлөлтөд нурдаггүй, тэсвэртэй байдгийг олж мэдсэн шүү. Тэр мэдлэгээ бид илүү олон хүнд сурвалжилж, мэдээлэх ёстой гэдгээ ойлгосон. Учир нь бид газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлж чадахгүй, эрт зарлан мэдээлж чадахгүй. Гэхдээ газар хөдлөлтийн үеэр олон байшин барилга нурахаас сэргийлж, илүү олон хүний амь нас эрстэхээс сэргийлж чадна.


-Хоёр өдрийн турш болсон чуулга уулзалтад ирж, мэдээ сурвалжлага бэлтгэсэн байх. Улаанбаатар хот таалагдав уу. Мөн Монголын сэтгүүлч нарын талаар ямар сэтгэгдэлтэй буцаж байна вэ?


-Монголын сэтгүүлчид маш чадварлаг юм билээ. Сэтгэл маш хангалуун байгаа. Гэхдээ зарим чадвараа улам сайжруулбал бүр мундаг болох байх гэдэгт итгэж байна. Мөн сэтгүүлчдээс гадна Онцгой байдлын алба хаагчид чадвартай санагдсан. Группээр хувааж ажиллуулахад хүн бүхэн сэтгүүлч болох чадвартай юм байна гэж харагдсан. Түүнчлэн сэтгүүлч, зураглаач буюу зөөврийн, ганцаараа энд тэндээс мэдээлэл бэлтгэх чадварыг илүү сураад үргэлжлүүлж, хөгжүүлбэл Монгол шиг том газар нутагтай оронд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах талаар мэдээлэл бэлтгэж, олон хүнд түгээх боломжтой гэж харагдаж байна.


Тайландад би олон сэтгүүлч нарыг сургаж байсан. Гэхдээ Монголын сэтгүүлчид илүү чадвартай юм байна гэдгийг дахин хэлмээр байна. Нэмж хэлэхэд Монголоос гурван сэтгүүлчийг сонгон шалгаруулж 14 хоногийн хугацаанд Тайландад сургахаар болсон. Тэдгээр сэтгүүлч долдугаар сард буцаж ирсний дараа надад тусална. Мөн сэтгүүлч, зураглаач буюу ганц хүн сурвалжлага бэлтгэхэд илүү анхаарч ажиллах учир тэдгээр сэтгүүлч долдугаар сард бусдадаа зааж, сургана. Дээрээс нь ганцаараа мэдээллээ бэлтгэх учир илүү бие даасан байдалтай ажиллах юм.


Эцэст нь хэлэхэд Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Онцгой байдлын ерөнхий газар болон НҮБ, Гамшгийн эрсдэлийг бууруулах газарт ийм боломж олгож, төсөл хэрэгжүүлж байгаад нь баярласнаа хэлмээр байна. Мөн фэйсбүүкт шинээр нээсэн группэд сэтгүүлчид маань идэвхтэй харьцаж байгаа. Энэ нь ч их таалагдаж, сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Энэ группдээ ур чадвар, мэдлэг боловсролоо харилцан солилцох боломжтой учир удаан хугацаанд идэвхтэй байна гэдэгт найдаж байна. Нэг зүйлийг сануулахад гамшиг тохиолдсон үед бид хэзээ ч хоорондоо өрсөлдөх боломж байхгүй учир бие биедээ харилцан тусалж, хэр олон хүний амийг яаж аврах талаар мэдээлэл хүргэж байж өөрсдийгөө хөгжүүлнэ. Дэлхий дахинд сэтгүүлч нарын ажиллаж буй ганц зарчим нь хэн хэр олон хүний амийг аврах вэ гэдэг нь байгаа шүү.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.