2018,4-Р Сар,25


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Монгол бол “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот”-д гурван хот, 19 аймгаа нэгтгэж чадсан анхны улс

1 сар TIMES.MN

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-өчигдөр эхэллээ. Хоёр өдрийн турш хуралдах хуралдааны нээлтэд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн дарга, хатагтай Лоретта Хибер Жирарде нар оролцож, үг хэлсэн юм.


Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хуралдааныг нээж хэлсэн үгэндээ, “энэхүү хуралдаан нь ирэх долдугаар сард болох “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II дугаар бага хурал”-ын сүүлийн бэлтгэл хуралдаан болж байгаагаараа онцлог гэв. Мөн  2017 оны 02 дугаар сард зохион байгуулагдсан НҮБ-ын 71 дүгээр Ерөнхий Ассамблейгаас Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн дэлхийн 7 зорилтот шалгуур үзүүлэлтийг батлан гаргасан нь бүс нутаг, улс орнуудад уг баримт бичгийн хэрэгжилтийн явцыг дотооддоо хянах,тулгамдаж буй асуудлаа тодорхойлж шийдвэрлэх, ахиц дэвшлээ үнэлж дүгнэх, тайлагнах боломжийг бүрдүүлсэн. Улаанбаатар хотод болох Азийн сайд нарын бага хурлаар бид дараагийн 2 жилд хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөг шинэчлэн батлахын тулд уг төлөвлөгөөг 2017-2018 онд хэрэгжүүлэх явцад улс орнуудын гаргасан ололт амжилтууд, тулгарч буй асуудлуудыг хэлэлцэн цаашдын чиглэлүүдээ тодорхойлохыг зорилго болгон ажиллах нь нэн чухал” гэдгийг онцоллоо.




Монгол улс гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд олон зүйл хийсэн юм. Тухайлбал Гамшгаас хамгаалах тухай хуулийг баталсан.


Энэ талаар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн дарга, хатагтай Лоретта Хибер Жирарде “Монгол улс хөдөө аж ахуйн орон бөгөөд малчид байгалийн гамшигтай нүүр тулж байдаг учир гамшиг, ослын эрсдэл өндөртэй оронд тооцогдоно. Ялангуяа мал аж ахуй зудын гамшигт өртөх эрсдэл маш өндөр. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр маш олон зүйлийг үсрэнгүйгээр авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Монгол Улс дэлхийд анх удаа НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас хэрэгжүүлдэг “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” компанит ажилд өөрийн улсынхаа гурван хот, 19 аймгийг нэгтгэж чадсан анхны улс болсон. Мөн дэлхий нийт, тэр дундаа Ази Номхон далайн бүс нутгийн өмнө амалсан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааныхаа талаарх манлайллыг дэлхийн бусад орнуудад харуулах гэж байна. Энэ нь ирэх долдугаар сард Улаанбаатар хотод болох “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал”-ыг зохион байгуулах гэж буй явдал юм. Тиймээс Монгол Улс Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд тэргүүлэх улс орон гэдгийг онцолмоор байна хэмээлээ.




Ази Номхон далайн бүс нутаг гамшгийн улмаас амь насаа алдаж буй хүмүүсийн тоог бууруулж чадсан. Ялангуяа үер, усны аюулд өртөж амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх нэлээд олон ажлыг хийж байна. Учир нь энэ төрлийн гамшгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлж урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Харин бидний урьдчилан мэдэх аргагүй ганц гамшиг бол газар хөдлөлтийн аюул байдаг. Учир нь энэ аюул гэнэт тохиолддог бөгөөд урьдчилан мэдэх боломж байдаггүй. Үүнээс урьдчилан сэргийлэх ганц л арга бий. Энэ нь бид байшин барилгаа газар хөдлөлтөд тэсвэртэй барих, тэсвэржилтийн чанарыг дээшлүүлэх л арга юм хэмээв.


Энэ удаагийн Азийн түншлэлийн хуралдаан нь ирэх 7 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II дугаар бага хурал”-ын сүүлийн бэлтгэл хуралдаан юм. Өчигдрийн хуралдаанаар Энэтхэг Улсад зохион байгуулагдсан Азийн сайд нарын бага хурлаар баталсан “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөнд тусгагдсан үүрэг, амлалтуудаа хэрхэн хэрэгжүүлж байгаагаа улс орнууд тайлагнав.



Энэтхэгийн төлөөлөгч “Манай улс гамшгийн эрсдэлийг бууруулах баримт бичгийг амжилттай хэрэгжүүлж байна. Азийн бүсийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гаргахыг чармайж байна. Тухайлбал, бидэнд хамгийн их тулгамддаг хэт их халалтыг бууруулахын тулд олон ажил хийж байгаа. Тиймээс өнөөдрийн хуралдаанд ололт, амжилт, асуудлаа ” гэсэн юм.




Харин Японы Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дарга Setsuko Saya “Япон улсын хувьд иргэддээ гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг өгөхийн тулд зөвхөн Засгийн газар бус олон нийтийн байгууллага, эрдэм шинжилгээний газар, хувийн хэвшилүүдийн санаа бодлыг түлхүү сонсч хамтарч ажилладаг. Энэ бол зөвхөн Засгийн газрын асуудал бус иргэд, хувь хүн өөрсдөө маш сайн оролцоотой байх хэрэгтэй гэдэг мэдээллийг иргэддээ өгдөг. Засгийн газрын хувьд бодлогын хэмжээний баримт бичиг маш олон бий. Манай улсад 30 метрийн өндөртэй цунами давалгаа ирэх магадлал өндөр учраас техникийн шинэчлэл хийж, урьдчилан сэргийлэх мэдээллээр иргэдийг хангахын тулд олон талын судалгаа хийж төлөвлөж байдаг. Японы Засгийн газар гамшгийн эрсдлийг бууруулахад маш их хөрөнгө зарцуулдаг. Тэр дундаа орон нутгийн дэд бүтэц рүү чиглэсэн хөрөнгө оруулалтад түлхүү анхаарч байна” гэсэн юм.




Энэ удаагийн түншлэлийн хуралдаанд Австрали, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНЭУ, Индонез, Япон, Лаос, Малайз, Мальдив, Мьянмар, Пакистан, Филиппин, БНСУ, Шри-Ланка, Тайланд, Вьетнам зэрэг 18 улс, олон улсын Засгийн газар хоорондын байгууллага, НҮБ болон олон улс, бүс нутгийн төрийн бус байгууллагууд, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төв, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг 20 гаруй олон улсын байгууллагаас нийт 140 гаруй төлөөлөгч оролцож байна.




Ирэх долдугаар сард хуралдах хуралдаанаар батлагдан гарах Улаанбаатар тунхаг баримт бичгийн талаар ОБЕГ-ын ГЭУГ-ын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн “Азийн сайд нарын бага хурлаас гарах үндсэн баримт бичиг болох Улаанбаатарын тунхаглалыг долдугаар сард батлан гаргана. Бодлогын түвшний байгууллагууд хамтран ажиллаж байна. Эхний төслийг өнөөдөр хэлэлцүүлж байна. Манай улс уур амьсгал, цаг агаарын онцлогоос хамаарч ган, зудын аюул нийтлэг тохиолддог. Мөн хот суурин газрын аюулгүй байдал болзошгүй газар хөдлөлтийн эрсдэлд анхаарал хандуулахаар шийдвэрлэсэн. Төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлнэ. Өөрөөр хэлбэл, гамшгаас сэргийлэхэд ганц төр биш хувийн хэвшил, иргэдийн үүрэг оролцоог тодорхой болгох асуудлыг хөндөж бодлогын баримт бичигт оруулна. Олон улсаас гадна яам агентлаг, иргэдээс санал авч бүс нутгийн түвшний хамтын ажиллагааг бэхжүүлсэн баримт бичиг болгохоор ажиллаж байна.” гэлээ.




Азийн сайд нарын бага хурлыг бид “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хангах нь” уриан дор зохион байгуулна. Одоогоор урьдчилсан байдлаар Ази номхон далайн 3000 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирэх тов гарчээ.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.