Нийгэм


Чуулган: 10 жилийн хугацаанд иргэдийн 18 хувь нь л газар эзэмшсэн

6 сар TIMES.MN

УИХ-ын өнөөдрийн чуулганаар "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэж байна. Засгийн газраас 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн энэ хуулийн төсөлд Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.


Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Газрын албатай холбоотой албан тушаалтнууд маш хүнд сурталтай байгаа шүү. Иргэдэд чирэгдэл учруулаад байгаа албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцож байгааг тодорхой болгох ёстой" гэв.


Хариуд нь Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан "Хүнд суртлын асуудлыг бид онцгой анхаарна. Хүнд суртлыг арилгана гэж үзэж байгаа. Олон бичиг баримтыг цөөрүүлэх тал дээр шинэчлэл хийнэ. Мөн газрын үнэлгээний асуудлаар бид шинээр тогтоолын төсөл боловсруулахаар санал авч байна. 1990 онд газрын үнэлгээ тогтоосноос хойш 21 жил болсон байна. Тиймээс бид үүнийг шинэчилнэ" хэмээлээ.


УИХ-ын гишүүн Л.Болд "15 жилд 18 хувь нь газраа өмчилж авсан гэдэг нь харамсалтай. Энэ маягаараа явбал ахиад 10 жил болсон ч дөнгөж 20 гаруй хувь нь газраа өмчлөх юм байна. Тиймээс бид газар өмчлөлийн асуудлыг бодитой хэрэгжүүлэхийг цааргалсан төрийн зохицуулалтуудыг халах ёстой. Иргэд янз бүрийн шалтгаанаас болж бусдаасаа дутуу эрх эдлээд байна. Өнгөрсөн хугацаанд цахимаар газар өмчлөх бүх арга хэмжээг авсан. Хуулийн энэ тогтолцоо чинь ямар ч ирээдүйгүй. Энэ хуулийн оронд бидний хуулийг энэ хуультай хамт хэлэлцэж өгөөч" хэмээн саналаа дэвшүүлэв.


Хариуд нь Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан "Таны өргөн барьсан хуулийг энэ хуультай хамт хэлэлцэнэ" гэв.


 УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Иргэд яагаад газраа өмчилж авах сонирхолгүй байна вэ гэдэгт бид дүгнэлтээ хийх ёстой. Нийслэлийн дахин төлөвлөлт амжилттай явахгүй байгаа нь газрын бүртгэлтэй холбоотой. Газрын эзэмшлийн асуудал, эзэмшиж байгаа газраа бүртгүүлж үл хөдлөх хөрөнгө, капитал болгох ажил бодитой үр дүнд хүрэхгүй байна. Газраа бүртгүүлэх гэхээр төрийн хүнд суртлын асуудал байдаг юм байна. Тиймээс бид газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж Монголд үүсээд буй ажилгүйдэл, ядуурлын асуудлыг шийдэх хэрэгтэй. Улаанбаатар хотод дахин олгох газар байгаа юм уу?" гэсэн юм.


Хариуд нь ГХГДЗЗГ-ын дарга П.Ганхүү "570.700 иргэн газар өмчлөлийн бүртгэлд оруулсан байна. Газар өмчлөх чиглэлээр жил бүр 2-оос доошгүй удаа нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж, газар өмчлөх талаар сурталчилгаа явуулдаг. Улаанбаатар хотод өмчлөх газрын нөөц маш бага байгаа. Ерөнхий төлөвлөгөөг 4 жилийн хугацаатай батлаад, баталсан төлөвлөгөөний дагуу ажиллана." гэлээ. 


УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Энэ хуулийн хугацааг сунгасан болоод нүглийн нүдийг гурилаар хуурсан болоод яах вэ. Амьдралд хэрэгжихгүй хууль байна. Уулын аманд 0.7 га газарт хүн амьдарч ч болохгүй, аж ахуй эрхэлж ч болохгүй. Тиймээс энэ хуулийг шинэчлэн найруулж оруулж ирэх саналтай байна" гэв.


УИХ-ын гишүүн  Д.Тогтохсүрэн "Газар тариалангийн газрыг өмчлүүлдэггүй. Өмчлүүлдэггүй юм гэхэд удаан хугацаагаар эзэмшиж байх үед нь барьцаанд тавих зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулах хууль эрхзүйн орчныг бүрдүүлж өгмөөр байна. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэд газраа өмчилье гэхээр газар нь тусгай хамгаалалттай газарт орсон учир өмчлөх газар байдаггүй".


Хариуд нь Г.Занданшатар "Сумын хилийн цэс тогтоох тухай санал Тогтохсүрэн гишүүнээс ирсэн. Албан бичгийн бүрдэл дутуу учир шийдэх бололцоогүй. Ер нь хилийн цэстэй холбоотой хүсэлт олон аймаг, сумдаас ирдэг. Материалын бүрдэл бүрэн бол Засгийн газраас энэ асуудлыг шийдэх боломжтой.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.