Нийгэм


Т.Намнан: Аливаа улс орны материаллаг баялаг үйлдвэрлэлийн хөгжлийн хүч нь ИНЖЕНЕР хүмүүс байдаг

1 сар TIMES.MN
 Инженерчлэлийн инноваци, шинэ бүтээл оновчтой саналыг дэмжих зорилготой “Монголын Инновацийн 7 хоног - 2018” нэгдсэн арга хэмжээ 5-р сарын 7-13-ны өдрүүдэд, Монгол инженер-2018 арга хэмжэээнэ сарын 20-22-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдах гэж байгаа билээ. Тус үйл ажиллагаатай холбогдуулан ШУТИС-ийн Эрдэм Шинжилгээ Хамтын Ажиллагаа эрхэлсэн дэд Захирал Т.Намнантай дэлгэрэнгүй ярилцлага өрнүүллээ.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж буй “Монголын Инновацийн 7 хоног-2018” нэгдсэн арга хэмжээний талаар яриагаа эхлүүлье.

-Баярлалаа. Уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. ШУТИС, БСШУСЯамтай хамтран “Монголын Инновацийн 7 хоног-2018” нэгдсэн арга хэмжээг 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жилийн хувьд хамрах хүрээг нь илүү өргөтгөж “Монгол Инженер-2018” арга хэмжээг зохион байгуулна. Мөн эрдэм шинжилгээ, бизнесийн байгууллагууд, төрийн байгууллагуудын төлөөллүүд оролцохоос гадна Олон улсын эрдэм шинжилгээний хурал, бүтээлийн үзэсгэлэн, инновацийн тодорхой асуудлуудыг хөндсөн чуулган зэрэг хэд хэдэн томоохон үйл ажиллагаануудыг хамтад нь зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн үйл ажиллагааны хүрээнд шинжлэх ухааны шилдэг бүтээл, шилдэг залуу судлаачдыг шалгаруулах юм.


-Олон Улсын хуралд ямар улсаас эрдэмтэн судлаачид оролцох вэ?

-Бид гадаадын олон сургууль, байгууллагуудтай хамтын ажиллагаатай байдаг. Энэ удаагийн хуралд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсуудын Инновацийн чиглэлээр дагнан судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид, профессорууд оролцоно.


-Олон улсын хуралд тавигдах илтгэлүүд тодорхой болсон уу? Инновацийн аль чиглэлд түлхүү анхаарч байна вэ?

-Энэ удаагийн хурал маань “Монголын Инновацийн 7 хоног” гэж байгаа учраас Монгол Улсын хөгжлийн гарц болоод эдийн засгийн хөгжлийг түргэсгэхэд Инновацийн хөгжлийн чиг хандлага, ач холбогдлын талаар нэлээдгүй олон судлаачид илтгэл хэлэлцүүлнэ. Мөн Монголын инновацийн чиг хандлагыг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбар чиглэлүүдтэй уялдуулах, гадны загвар, туршлагуудыг судалж үзэх, тэдний санал зөвлөмж, өөрийн улсад судалгаа хийж байгаа эрдэмтэн судлаачдын санал зөвлөмжийг тусгахыг зорьж байна. Үүнээс гарсан санал зөвлөмжүүдийг холбогдох шатны байгууллагуудад хүргэх юм.


-Монгол Улсад Инновацийн хөгжил аль шатандаа явж байна вэ?

-Инноваци өөрөө олон чиглэл хүрээг хамардаг. Ер нь шинэ санааг бий болгож, амьдралд нэвтрүүлж ард түмнийхээ амьжиргаа, улс орныхоо хөгжлийн нэг гол хөшүүрэг болгон ашиглах нь чухал байгаа юм. Тэгэхээр манай эрдэмтэн судлаачдын хувьд олон зүйлд тарамдалгүй улс орны хөгжилд нэн хэрэгцээтэй, бүс нутгийн хэмжээний гол гол зангилаа асуудлууд, судалгаануудыг авч үзэж, Монгол судлал, судалгааг хөгжүүлж, түүгээрээ дамжуулан тодорхой нэр төрлийн цөөн тооны бүтээгдэхүүнээр олон улсын зах зээлд гарах, бизнесийн чиг баримжаатай брэнд бүтээгдэхүүн бий болгох чиглэлд төвлөрөн ажиллах нь чухал гэж бодож байна. Мэдээж аж үйлдвэр, дэд бүтэц өндөр хөгжсөн, хүн ам ихтэй хөгжингүй орнууд бүх л чиглэлд чөлөөтэй судалгаа хийж, өргөн цар хүрээтэй судалгаа боловсруулалтын ажлуудыг гүйцэтгэж, тодорхой үр дүнд хүрсэн байдаг.


Харин манай орны хувьд нөхцөл байдлаа шинжилж дүгнээд юугаараа онцлог байж, байр сууриа олж, тэргүүлэх боломжтой вэ? гэдэг чиглэлээ тодорхойлж түүндээ илүү анхаарал хандуулж, бодлогоор зангидаж явах хэрэгтэй болов уу. Бидний зохион байгуулж буй үйл ажиллагаа ч энэ тал руу чиглэгдэж байгаа юм. Хамгийн гол нь шийдвэр гаргах төвшинд судлаачдын санал, зөвлөмжийг тусгаж ажилладаг байх нь чухал юм. Арга хэмжээний үеэр их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудад судалгааны үр дүнд бий болж байгаа оюуны бүтээлүүд, шинэ санаа, шинэ патентуудыг сурталчлах, таниулах ажлууд зохион байгуулагдана. Ингэснээр бизнесийн байгууллагууд шинэ бүтээлүүдтэй газар дээр нь танилцах, шаардлагатай бол зарим бүтээлүүдийг шууд үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжууд хэр байгааг харилцан ярилцаж, энэ чиглэлд баялаг бүтээх, хамтын ажиллагаа үүсгэх боломжууд гарах болов уу гэж найдаж байна.




-“Монголын Инновацийн 7 хоног-2018” арга хэмжээний хүрээнд “Монгол Инженер-2018” нэгдсэн арга хэмжээ болно. Энэ арга хэмжээ нь Монгол инженерчдийн оюуны бүтээлийг сурталчилах томоохон боломж гэж ойлгож болох уу?

-Өмнөх жилүүдэд ШУТИС-ийн Техникийн механикийн тэнхмийн багш нар механикийн суурь онолын хичээлүүдээр тухайлбал онолын механик, материалын эсэргүүцэл, машины эд анги, машин механизмын онол зэрэг агуулгаар болон CAD/CAM-ийн буюу компьютерт суурилсан автоматжуулсан зураг төсөл, зохион бүтээх, тооцон бодох үйлдвэрлэлийн чиглэлээр оюутнуудын дунд олимпиад зохион байгуулдаг байсан. Үндсэндээ инженерчлэл, зохион бүтээх чиглэлээр гол онолын хичээлүүдээр их, дээд сургуулиудын оюутнуудын хооронд нь өрсөлдүүлдэг байсан гэсэн үг. Харин энэ жилийн хувьд зөвхөн оюутнууд гэлтгүй үйлдвэр, аж ахуй нэгжүүд, тэнд ажиллаж буй инженерүүдэд тодорхой асуудлуудыг бодлого болгон тавьж, бүтээлчээр өрсөлдөх боломжийг бий болгож байгаагаараа онцлог юм.


Энэ арга хэмжээнд оролцож буй судлаачдын хувьд инженерүүдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг олж мэдэх, цаашид ямар үйл ажиллагаан дээр төвлөрөх, хөгжүүлэх талаар харилцан мэдээлэл солилцож, хэрхэн шийдвэрлэж болохыг бодлого, даалгавар болгон тавих, бүтээлч оюунаараа өрсөлдөх боломжуудыг бий болгоход чиглэх юм. Харин оюутнуудын хувьд тодорхой даалгавруудыг өөрийн сэтгэхүй, сурсан мэдсэнийхээ хэмжээгээр зохион бүтээж, түүнийгээ тооцооны арга, аргачлал ашиглан батлах ажлууд хийгдэнэ. Тэгэхээр дэлхийд гаргах Монгол инженерийн шийдэл юу байх вэ? гэдгийг инженерүүд хоорондоо ярилцаж, санал шийдлээ хуваалцаж ажиллах боломжийг бүрдүүлж байгаагаараа энэ удаагийн арга хэмжээ ихээхэн ач холбогдолтой болох юм.


-ШУТИС бол инженерүүдийг бэлтгэх суурь сургууль нь. Энэ тал дээр ямар бодлого, хөтөлбөр баримталж ажиллаж байна вэ?

-Инженер хүн гэдэг бол аливаа юмыг сэдэж, санаачилж, шийдэж, түүнийгээ онол аргазүйн хувьд баталж, техник тоног төхөөрөмж, материаллаг үйлдвэрлэлийн салбарын аливаа үйл ажиллагааг хөгжүүлж ажилладаг хүмүүс байдаг. Нөгөө талаар онол арга зүй, тооцоо практикийн өндөр мэдлэг ур чадвар эзэмшсэн, аливаа улс орны материаллаг баялаг үйлдвэрлэлийн хөгжлийн гол хүч нь болсон хүмүүс юм. Энгийн техник хэрэгслээс эхлээд сансар огторгуйг эзэмшсэн техник хэрэгсэл бүгд л инженер хүний гар, оюунаар бүтдэг. Монголын инженер техникийн голлох салбарын ажилчдын 60 орчим хувийг манай сургуулийн төгсөгчид эзэлж байна. Шинжлэх ухаан технологийн чиглэлд аливаа нөөцийг тарамдуулахгүй байх чиглэлд хүний болон материаллаг нөөцүүдийг зөв ашиглах нь чухал юм. Аливаа зүйлийг гараагаа барьж хийж, сэдэж, тархи оюундаа тунгааж, суулгаж, чадвар болгож байж л сайн инженер болно.


Инженер бэлтгэх зардал өндөр байгаа нь инженер бэлтгэхтэй холбоотой асуудлуудад төвөг учруулдаг. Сургалтын хөтөлбөр, арга технологио шинэчилж багцлах тал дээр ШУТИС багагүй ажлуудыг санаачлан хийж, хэрэгжүүлж байна. Сайн мэргэжилтэн бэлтгэхэд сургалтын материаллаг орчин бааз, багш оюутны харьцаа бас чухал байдаг. Нэг багшид ногдож байгаа оюутны тоо олон улсын дундажаар 10-12 байдаг боловч өнөөдрийн байдлаар манай их дээд сургуулиудад 20-25 байна. Энэ нь багшийн зүгээс оюутан бүртэй ажиллах боломж, нөхцөл, нэг оюутанд ноогдох зай талбай, материаллаг нөөц багасаж байна гэсэн үг. ШУТИС сүүлийн жилүүдэд судалгааны их сургууль болох чиглэлээр судалгааны түвшний нээлттэй лаборатори байгуулах, орчныг бүрдүүлэх чиглэлд тодорхой ажлуудыг санаачлан хийж, хэрэгжүүлж байна. Энэ лабораториудаа олон улсын стандартад нийцүүлэх, магадлан итгэмжлүүлэх асуудлыг шийдвэрлэхээр төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх ажлууд нэлээд эрчимтэй явагдаж байна. Ингэснээрээ бид бүхэн монгол оюуны бүтээлийг олон улсад таниулах таатай боломжууд нээгдэнэ гэж харж байна.


-Залуучуудын дунд инженер мэргэжлээр суралцах сонирхол ямар түвшинд байна вэ?

-Монгол хүүхдүүдийн хувьд ямар нэг зүйлд баригдахгүй задгай сэтгэж чаддаг, юмыг олон талаас нь харахыг хичээдэг, сэргэлэн оюунлаг зэрэг бусдаас онцгой олон чадвар байдаг. Тэднийг чадвартай инженер болгоход зөв ойлголт өгч бодлогоор чиглүүлэх, сонирхолыг төрүүлэх явдал чухал болов уу. Инженер мэргэжлээр суралцагчдын тоо буурсан гэсэн дэлхий нийтийн судалгаа байдаг. Техник технологи улам нарийсч, арга технологи улам хөгжиж, математик байгалийн ухааны мэдлэг, хэрэглээ нэмэгдэхийн хэрээр энэ чиглэлд суралцаж байгаа хүмүүст тавигдах шаардлага өндөрсөж байдаг. Учир нь инженерүүдийн өрсөлдөөн дунд тухайн байгууллагын өрсөлдөх чадвар тодорхойлогдож байна. Өөрөөр хэлбэл чадвартай инженертэй байна гэдэг тухайн байгууллагын өрсөлдөх чадварын нэг гол хэмжүүр болж байна гэсэн үг.


Мөн ажил олгогчдын зүгээс тавьж буй шаардлага, техник технологийн хөгжилтэй уялдаад боловсролын байгууллагууд сургалтын арга технологио шинэчилж сайжруулах шаардлага бий болж байна. Дэлхий нийтийн хандлагаас харахад их сургууль нь боловсрол олгох гэхээс гадна мэдлэг бүтээх чиглэлээр өргөн цар хүрээнд, нйигэмд чиглэсэн ажил үйлчилгээнүүдийг явуулах болсон. Мэдлэг бүтээнэ гэдэг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд материаллаг үйлдвэрлэлийн салбаруудтайгаа өргөн хүрээнд хамтран ажиллаж, оюуны бүтээлийг зах зээлд нэвтрүүлэх, арилжаалах боломжуудыг эрж хайж, ийм төрлийн арга туршлага, соёлоос суралцаж хөгжих асуудал чухал юм.


-Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсэе.

-Баярлалаа. Бидний үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа танай хамт олонд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэе.


Ярилцсан Г.Хорол-Эрдэнэ



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.