2018,4-Р Сар,10


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


"BVLGARI” брендийн 2018 оны шинэ үнэртэй усыг тодорхойлсон Монгол бүсгүйтэй ярилцав

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

А.Түвшинзаяа: Аливаа зүйлийг хийж бүтээснийхээ дараа л бусдад хэлэхийг хичээдэг дээ


 Италийн Милан хотноо загвар дизайны чиглэлээр магистрийн зэрэг хамгаалахаар суралцаж буй, сурахынхаа хажуугаар “GIANNI TOLENTINO” брендэд дизайнераар ажилладаг А.Түвшинзаяатай ярилцлаа. Тэрээр дэлхийн бренд гэгддэг “BVLGARI”-н шинэ үнэртэнд зориулж өөрийн загварын хувцасыг бүтээсэн юм.


Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. “BVLGARI”-н шинэ үнэртэнд зориулж өөрийн загварын хувцасыг бүтээсэнд баяр хүргэе. Юун түрүүнд өөрийгөө танилцуулаач. Хэзээнээс хувцас дизайнераар ажиллаж эхэлсэн бэ?

 Сайн байна уу. Баярлалаа намайг Ачитын Түвшинзаяа гэдэг . Анх хувцасны дизайнераар 2007 оноос ажиллаж эхэлж байлаа. Энэ чиглэлээр цаашид суралцахыг хүсэж ажлаасаа гарч байсан.




Италийн Милан хотод ямар сургуульд сурдаг вэ. Нууц биш бол хэрхэн “BVLGARI” брендтэй холбогдсон талаараа сонирхуулаач?


 Одоогоор Италийн Милан хотод “Accademia bella arti di brera” хэмээх сургуульд суралцаж байна. Мөн “GIANNI TOLENTINO” брендэд хичээлийнхээ завсар зайгаар ажилаад суралцаад явж байна даа. “BVLGARI” брендийн тухайд нэг өдөр сүрчиг сонирхон Milanii renascente дэлгүүрт явж байсан юм . Тэгээд "BVLGARI “ брэндээс жижиг худалдан авалт хийж дуусаад элдвийг ярилцан, танилцсан юм. Миний өмссөн хувцас болоод уран бүтээлийг минь ихэд сонирхсон. Тэр үедээ танилцаад л өнгөрсөн. Харин дараа удаа дахин тааралдах тэр үед би Versace -ын материалаар шинэ загвар гаргасан тухайгаа ярьсан юм. Түүнийг минь үзээд тэд ажлын санал анх тавьсандаа. Эхлээд би хоёр загвар гаргасан. Дараа нь Рома хотруу явуулаад сүүлийн гаргасан загварыг хийхээр тогтсон юм.Үнэртэнд зориулж урласан өөрийн бүтээгдэхүүнээрээ дамжуулан Монгол үндэсний хувцасныхаа хэв маягийг харуулыг хичээсэн.


Хүний нутагт таньж мэдэх хүнгүй хэцүү л байсан байх. Энэ хугацаанд шантрах үе байсан уу?

Миланд ирэхийн тулд олон хүний үгээс зөрж ирсэн.Тиймдээ ч аль болох хэцүү давааг зөв талаас нь урвуулан хувиргадаг. Тэгэхээр хөнгөн болоод явчихдаг.


Хэрхэн анх ажлаа олж байсан бэ?

Би хичээл эхлэхээс сарын өмнө ирсэн юм. Итали хэл бас тийм ч сайн байсангүй. Хятад хэлний жаахан мэдлэгтээ горьдлого тавин ажил хайсан.  Өдөр бүр уйгагүй ажил хайдаг байлаа. Бүр 25 ширхэг ажлын анкет хэвлэж, тараасан. Гэвч нэг нь ч яриагүй.  Нэг өдөр харих санаатай үдээс хойш Duomo урд сууж байгаад интернетээс Alta moda ,fashion Milano гээд Youtube –ээс хайж байтал Gianni Tolentino гээд бренд  гараад ирсэн. Тэгээд хаягийг нь хартал миний сууж байгаа газартай ойрхон байсан юм. Ямартай ч очоод үзье гэж бодоод очсон. Үнэхээр тансаг, яг л кинон дээрх шиг тийм гоё сэтгэгдэл төрүүлж билээ. Тэгээд өөрийгөө танилцуулаад хииж бүтээсэн ажлын туршлага, зурсан зураг, бүхий л хиисэн эсгүүр, гаргасан амжилт, хэлж болох давуу тал юу байдаг бүгдийг хэлсэн.Миний хийсэн бүтээлийг минь үзээд ямартай ч долоо хоног туршаад үзье гэсэн. Долоо хоногийн хугацаанд бага багаар өөрийгөө таниулсан.Миний бүтээл таалагдсан учир хоёр сар бага зэргийн цалинтай туршилтаар ажиллуулж үзэхээр болсон юм. Тэгээд л өдөр бүр өөрийгөө таниулж чадсан учир өдийг хүртэл тухайн байгууллагадаа ажиллаж байна даа.


Хэзээ нутагтаа ирэх вэ. Сургуулиа төгсөөд ирэх үү, эсхүл үргэлжлүүлэн тэндээ ажиллах уу?

Надад сурах зүйл их байна. Би одоо л боллоо. Одоо л эх орондоо очиж ийм зүйл хийж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж чадахаар боллоо гэсэн үедээ л нутаг буцна. Тэр болтол сурч болох бүхий л зүйлийг сурч, эзэмшихийг хичээнээ.Ээж минь намайг ажиллаж байхад хүнд өвдсөн юм. Тэр үед ээжийгээ эмчлүүлэхийн тулд шаргуу хичээсэн бөгөөд хичээл зүтгэл маань ч үр дүнгээ өгч ээжийгээ эмчлүүлж чадсан. Одоо ээж минь эрүүл саруул нутагтаа амьдарч байгаа болхоор сэтгэл тайван, Монгол руу санаа зовох зүйлгүйгээр хувцас загвартаа анхаарч байгаа.


Италид буюу таны сурч буй сургуульд Монгол оюутнууд байдаг уу. Монгол гэхээр таньж байна уу. Хэрхэн хүлээн авдаг вэ?

Манай сургуульд өөр чиглэлээр сурдаг Монгол оюутнууд бий 2-3 байна уу . Яг надтай ижил мэргэжлээр сурч байгаа оюутан маань энэ жил, сая төгссөн.Анхандаа Монгол гэхээр мэддэггүй байсан. Ихэвчлэн Солонгос уу, Хятад уу, Япон уу гэж асуудаг. Нэг Итали эгчтэй таараад Монголиа гэсэн чинь мэдээд маш их баярлаж байсан. Тэр нь их сайхан санагдсан шүү.


 Загварын орон гэгдэх Италид одоо ямар загвар моданд орж байна. Манай монголчууд дэлхийн чиг хандлагаас хоцрохгүй байж чадаж байна уу?

Тийм. Бүхий л алдартай загварууд Италиас гаралтай байдаг. Ер нь манай Монголын залуус дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлж, загварлаг алхаж чаддаг гэж боддог.

 

Цаашдын зорилго, төлөвлөсөн юу байна. Мэдээж өөрийн нэрийн үндэсний бренд гаргах байх?

 Би ирээдүйг төлөвлөж нээх яриад байдаггүй юмаа. Өнгөрсөн цаг дээр буюу хийж бүтсэний дараа л бусдад ярихыг хичээдэг.Учир нь ирээдүйд юу болохыг хэн ч таашгүй. Мэдээж төлөвлөсөн зүйлс олон бий. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлсний дараа сайхан мэдээ дуулгах байх.


Ярилцсанд баярлалаа. Монголынхоо нэрийг дуурсгасан алдартай загвар зохион бүтээгч болохыг ерөөе. Удахгүй шинэ шинэ уран бүтээлээр нь уулзах байх.

Ерөөл бат оршиг. Мөн танай сайтын хамт олонд баярлалаа. Өчүүхэн амжилтыг минь үнэлж урьсанд баярлалаа.


                                              






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.