2018,4-Р Сар,05


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


55-р сургууль Монголдоо анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх хичээллүүлж байна

3 сар, 1 долоо хоног TIMES.MN

 Бид нар будааны бөмбөлөг хийж байна хэмээн тавган дээрх будаа, далайн байцайг бяр муутайхан жижиг гараараа арай ядан базлах хүүхдүүд. Дэлгүүрээс худалдан авалт хийхээр авах гэж буй зүйлээ сонгож ядан зогсох жаал. Амттайхан шаржигнуур тахиа, бургер, хотдог, салад, нарийн боов, жигнэмэг хийн зарах хэвлүүхэн яриатай төгсөх ангийн сурагчид. Эд бүгд мэргэжлийн сургалттай 55-р тусгай дунд сургуулийн нас насны сурагчид юм. Тэд хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хэмээн нэрлэгддэг ч биеэ даан амьдрах арга барилд суралцаж, ачит багш нарынхаа ачаар өдөр бүр хөгжиж, шинийг бүтээж сурч боловсорсоор байна. Энгийн хүний хийхэд бэрх нарийн чимхлүүр наамал, шүр сувд хэлхэх, хоол хийх, үс засах зэрэг зүйлсийг мэргэжлийн өндөр төвшинд сурч, мэргэжлийн боловсон хүчин болж төгсөж байгаа юм.




Тусгай хэрэгцээт боловсролын байгууллагатай танилцах нэг өдрийн үзүүлэх ажлын ачаар ийнхүү мэргэжлийн сургалттай 55-р тусгай дунд сургууль дээр очиж тэдний нэг өдрийн хичээлийн өдөртэй танилцлаа.


БЗД-ийн 55 дугаар сургуульд оюуны хөгжлийн бэрхшээлтэй, Дауны хам шинж, аутизмтай 487 сурагч суралцаж, 94 багш ажилладаг бөгөөд сүүлийн таван жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчин нөхцөлийг сайжруулах, багш сурагчдыг хөгжүүлэх тал дээр ихээхэн ажлыг хийжээ.



 “Зочид буудлын үйлчлэгчийн анги ”,


Монгол улсдаа анх удаа

-аутизмтай хүүхдэд зориулсан зориулалтын анги,

-хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх төв,

-тайвшруулах өрөө,

-мэргэжлийн сургалтын “Зочид буудлын үйлчлэгчийн анги ”,

-”Хоол нарийн боовны анги”,

-“Хэл засал”,

-“Хөгжимт хэл заслын өрөө”,

-багш нарын хөдөлмөрийг хөнгөвчилсөн “Сургалтын хэрэглэгдэхүүний өрөө”,

-ХБХ-ийн “Хүүхэд хөгжлийн төв”,

-“Зөвлөгөө өгөх төв”-ийг шинээр байгуулж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байгаа нь эцэг эх, олон нийтээс өндөр үнэлгээ авч байна.


Түүнчлэн анги бүрд ганцаарчилсан сургалтын буланг бий болгосон нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчлан тулж ажиллаж, тэднийг хөгжүүлэхэд их ач холбогдлоо өгч байгаа гэдгийг сургуулийн удирдлагууд хэллээ.




Чехийн хөрөнгө оруулалтаар тохижуулсан өдөр өнжүүлэх төв нь л гэхэд хүүхэд хичээл хийх анги болон амрах өрөөтэй. Хүүхдүүд ядарсан үедээ амрах ангидаа орж унтах боломжтой. Энэхүү төвийг нээснээр бидэнд маш их тус дэм болж, хүүхдэдээ санаа зоволтгүй ажил төрлөө зохицуулах боломжийг нээж өгсөн гэдгийг эцэг эхчүүд онцолсон юм.




Мөн аутизмтай хүүхдэд зориулсан тусгай өрөөтэй. Учир нь аутизмтай хүүхдийн анхаарал маш богино хугацаанд төвлөрч, амархан ядардаг байна. Тиймээс ядарсан үедээ шууд амрах боломжтой тусгай тохижилттой өрөөнд хичээллэж байна. Ийм төрлийн бэрхшээлтэй хүүхдэд хичээл заахад багшаас нарийн ур чадвар, мэдрэмж шаардлагатай. Анхаарал нь төвлөрсөн 5-10хан минутад хүүхдийг ядраалгүйгээр хичээлээ заана гэдэг цэвэр багшийн мэдрэмжийн асуудал байдаг байна.








Тухайн сургуулийн багш нар өдөр тутмын хичээлийн материал, хэрэглэгдэхүүнээ өөрсдөө хийдэг. Хийхдээ гол нь чанартай, өнгө үзэмжтэй, хүүхдүүддээ зориулсан хэлбэр дүрс, хэмжээгээр урладаг байна. Тэд тус бүрдээ сэдэв авч хичээлийн хэрэглэгдэхүүнээ хийж, каталогжуулж, хичээл бүрдээ хэрэглэдэг гэнэ. Бүр тусгай хэрэглэгдэхүүний өрөөтэй.


Оюуны бэрхшээлтэй хүүхэд энгийн хүүхэд шиг хийсвэрлэж сэтгэж чадахгүй учир бодитоор хийж, үзүүлж байж сурдаг. Учир нь хүүхдүүд маань юмнаас амархан уйддаг учир байнга нэг төрлийн зүйлээ зааж, үзүүлбэл сонирхолгүй, залхдаг. Тиймээс өөрсдийгөө аль болох хөгжүүлж, интернет орчноос хүртэл шинэ зүйл сурч хүүхдүүддээ заадаг хэмээн тус сургуулийн багш нар хэлсэн юм.


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа өнөө үед тус сургууль жил бүр тодорхой төлөвлөгөөтэйгөөр багш нараа чадваржуулах цуврал сургалтыг дотооддоо зохион байгуулж, багш нараа бүрэн хамруулдаг, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг улсдаа анх удаа 12 жил сурган, тэдэнд мэргэжлийн боловсрол олгож байгаа нь тус сургуулийн онцлох ажил болжээ.







9-р ангиа төгсөөд 10-р ангидаа элсэн суралцсан хүүхдүүд тогооч, зочид буудлын үйлчлэгч, үсчин гэсэн мэргэжлээр 12-р ангиа төгсөн, мэргэжлийн үнэмлэхтэй төгсдөг байна.





Харин хоолны зардал хуучин 610 төгрөг байсан бол улсаас 2400 төгрөг болгон нэмсэн нь сайшаалтай зүйл гэдгийг захирал Ч.Ганбилэг хэлсэн юм. Сургуулийн тогооч гэж байхгүй бөгөөд долоон жилийн турш гэрээтэй хамтран ажилладаг байгууллагаас ирж хүүхдүүдийн үдийн цайг хийдэг байна. Тухайн байгууллага өөрсдөө ажилчдаа цалинжуулж, нэг хүүхдийн хоолны зардал болох 2400 төгрөгийг авдаг гэнэ.




Одоогоор сургуулийн хувьд тулгамдаж буй томоохон асуудал нь байр, өргөтгөлийн асуудал болоод байгаа аж. “Харахад том хэдий ч хүүхэд ихтэй учир багтахгүй байна. Ямар сайндаа коридороо хүртэл таслан өрөө гаргаж байна. Бас гурав болон хоёр давхраас доош буусан налуу шат байхгүй. Багш нар маань тэргэнцэртэй хүүхдээ өргөж буулгадаг. Гадаа бол налуу шаттай” гэж тус сургалтын менежер хэлэв.





Тус сургуульд хэл ярианы бэрхшээлтэй 155 хүүхэд байдаг бөгөөд хэл заслын гурван кабинеттай. Өдөрт 20 минутаар хичээллэдэг. Толинд харж яриа хөгжүүлэх дасгал хийдэг. Сүүлийн үед нэгдүгээр ангид элсэн суралцаж буй хүүхдүүд дунд огт ярьдаггүй хүүхдүүд маш их ирж байна. Мөн хэл ярианы бэрхшээл нь бусад бэрхшээлтэй хавсарсан хүүхдүүд их байна. Тухайлбал, оюун ухаан нь хэл яриатайгаа хавсарсан, саажилт нь хэл яриатайгаа хавсарсан гэх мэт...







Түүнчлэн хүүхэд хөгжлийн төвтэй. Тухайн төвийг багш нар өөрсдөө засвар хийж, тохижуулсан байна. Хүүхэд хөгжил гэхээр нийгэм ахуйн баримжаа, амьдрах чадварт суралцах зэрэг хичээл заадаг. Эдгээр хүүхдүүд энгийн хүүхэд шиг дэлгүүрт ороод шууд худалдан авалт хийж чадахгүй. Тиймээс энд дэлгүүрийн булан нээж, хүүхдийг дэлгүүрээс худалдан авалт хийх, мөнгөтэй зөв харьцаж сурахад нь тусалдаг. Гэртээ гал тогоондоо хоол хийж сурах, байгальтай хэрхэн харьцах вэ гэх мэтээр амьдралд нь хэрэг болохуйц зүйлсийг зааж сургадаг. Цэцгийг үрслүүлж ангиуддаа тарааж өгдөг гээд олон шинэ зүйлийг энэ төвдөө хийдэг ажээ. Хамгийн гол нь бүх тохижилт нь яг л дэлгүүр болон гэрийнхээ гал тогоонд мэт бодит тохижилттой.





Харин тайвшруулах өрөөний хувьд хүүхдүүд их стрестдэг учир их үр дүнтэй байдаг байна. Хөгжмийн аянд, тухтай, тайван өрөөнд 20-30 минут байж тайвширсных нь дараа ангид нь оруулдаг гэнэ.






Мөн эмчилгээний өрөөнд 70 гаруй хүүхэд, 4 багштай хичээллэдэг. Тоног төхөөрөмжийн хувьд ийм төрлийн хүүхдийн хөдөлгөөнийг сайжруулах зориулалт бүхий зориулалтын техник төхөөрөмжтэй. Хүүхэд бүрийн хөдөлгөөний дутагдал болон хөдөлгөөнд нь зориулсан тусгай дасгалыг багш нар нь хийлгэдэг байна. Багш нарын хувьд эмчилгээний биеийн тамираар мэргэшсэн багш нар хичээл ордог аж.


Нийслэлийн хэмжээнд тусгай хэрэгцээт боловсрол олгодог 6 сургууль байдаг. Тус өдрийн үзүүлэх ажилд нийслэлийн 63, 70, 25, 29, 116-р сургуулиудын удирдлагууд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны холбогдох мэргэжилтнүүд, Нийслэлийн Боловсролын газар, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон Баянзүрх дүүргийн ЕБС-иудын төлөөлөл оролцож, 55-р тусгай сургуулийн сургалтын үйл ажиллагаа, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын орчин, хүүхдийг хөгжүүлж буй байдал, багшийн ажилтай газар дээр нь танилцаж байсан юм.


Энэхүү өдөрлөгийн үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Тусгай мэргэжлийн сургалттай сургууль бол маш онцлог сургууль юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хоёр биш, нэг ээлжээр хичээллэх стандарттай. Өглөө нь сургалтын хөтөлбөрөө үзэж, үдээс хойш нь сурган хүмүүжүүлэгчид хүүхэд нэг бүртэй ганцаарчлан ажиллаж, эцэг, эхчүүд нь багшийн заасан хичээл, сэргээн засах дасгалыг хамтдаа сургаж, хөгжих ёстой байдаг. Та бүхний саналтай би 100 хувь нийлж байна. Тиймээс нэг ээлжид оруулахын тулд 2019 оны төлөвлөгөөнд өргөтгөл барьж өгөх бодит дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ” гэсэн юм.


Сурагчдын хийсэн бүтээл:

























Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.