TIMES Ярилцлага


О.Сэргэлэн: Өвчтөнөө оношлоход зан харилцаанаас 60-70 хувь нь хамаардаг

7 сар, 2 долоо хоног TIMES.MN
Дэлхийн эмч нарын өдөрт зориулан дэлхийн хамгийн нэр хүндтэй мэс заслын байгууллага “American College Surgeon”-ны таван мэс засалчийн нэгээр шалгарсан Монгол Улсын гавьяат эмч, УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн “Зорилготой амьдрал амжилтад хүргэнэ” хүндэтгэлийн лекцээ өнгөрсөн баасан гарагт АШУҮИС-ийн Хурлын танхимд уншлаа.




Тэрээр энэхүү лекцийг эмч, мэргэжилтнүүд хийгээд энэ мэргэжлээр суралцаж буй оюутан залууст зориулсан юм. Түүний лекцийн хэсгээс онцлох зөвлөгөөг хүргэе.


Би дөрөвдүгээр ангиасаа эхлэн эмч болно гэж мөрөөдсөн. Анагаахын сургуульд орсны дараа мэс заслын эмч болохоор шийдсэн юм. Тиймээс нэгдүгээр курст байхдаа гуравдугаар курсийн оюутан гэж худал хэлээд хагалгаанд орж хардаг байлаа. Хамгийн анх дөрөвдүгээр курсийн дадлагаар мухар олгойн хагалгаа хийж үзсэн. Үүнээс хойш хагалгаа хийх хүсэлдээ хөтлөгдөн мэс заслын тасгаар долоо хоногт 2-3 удаа очиж, асрагчтай нь шал угааж, сувилагчтай нь багаж цэвэрлэж байгаад л хагалгаанд ордог байлаа. Сүүлдээ бүр мэс заслын тасгийн эмч, сувилагч нар бүгд намайг мэддэг болсон. Олгой ирлээ гээд дууддаг болсон, сургуулиа төгсөхөд олгойн хагалгаа хийж чаддаг болчихсон байсан.


Дэлхийн хэмжээний шагнал авна гэж бодож ажиллаагүй. Эмч хүн дэлхийн шилдэг эмч болно гэж биш, өөрийгөө хөгжүүлэх зорилго тавих ёстой. Зорилго тавьж түүндээ тууштай байвал биелнэ. Зорилгодоо хүрэхийн тулд цаг зөв ашигладаг байгаарай.


Эмч хүн ном сайн уншдаг, судалдаг байвал таамаглах чадвар нь төдий чинээгээр хөгждөг. Сайн унш, сайн бод, сэтгэ.


Эмч нар дандаа өвдөж зовсон, тусламж гуйсан хүмүүстэй харьцдаг учраас эмч хүний зан харилцаа маш чухал. Үйлчлүүлэгчтэй эвгүй харьцвал өвчнийг нь буруу оношлох ч юм уу, алдаа гаргах магадлалтай. Учир нь өвчтөнөө оношлоход зан харилцаанаас 60-70 хувь нь хамаардаг. Тиймээс эмч та өвчтөнийхөө өмнө энэрэнгүй сэтгэлтэн нь байгаарай.


Манай багш өглөө ирэхдээ л тухайн өдөр хийх бүх ажлаа жагсаагаад бичсэн ирдэг байв. Тухайн өдрөө төлөвлөсөн ажлуудаа гүйцэтгэсэн бол дугуйлдаг. Түүний хувьд эхлээд үзэг, дэвтэр дараа нь чагнуур нь байдаг байсан. Үзэг балаа хайж цаг алддаггүй, төлөвлөгөөтэй, дэг журамтай хүн.


Эмч хүн ямар ч нөхцөлд бэлэн байх ёстой бөгөөд хэрэв сэтгэл санаа тань тогтворгүй, бухимдах зүйл гарсан бол цаг тухай үед нь хая. Эмч хүн маш тайван байх ёстой. Үүнээс ажлын үр дүн хамаарна. Эмч хүн хэзээ ч хувийн амьдрал, ажил хоёроо хольж болохгүй.


Шинжлэх ухааны ололт, амжилтыг эмч хүн бусдаас түрүүлж мэддэг байх ёстой. Орчин үеийн эмч захиргаадагч байж болохгүй. Харин багаар ажиллаж чаддаг байх ёстой. Эмч хүн насан туршдаа суралцах ёстой. Байнга уншиж судлах хэрэгтэй.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 сар []


bsyrlalaa bagdh aa