2018,4-Р Сар,02


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


"Хүүхдийн эрх энд зөрчигдөж байхад бид хүний эрх яриад яах юм бэ"

2 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” тайван жагсаал өнгөрсөн амралтын өдөр буюу гуравдугаар сарын 31-нд Сүхбаатарын талбайд боллоо.




Хөндлөнгийн хүмүүсийн судалгаагаар 20,000 гаруй хүн ирсэн бөгөөд 15 мянга гаруй гарын үсэг цугларсан гэсэн тоон мэдээ байна. Энэхүү тайван жагсаал 14 аймагт нэгэн зэрэг болж, АНУ, Франц, Унгар, Швед зэрэг гадаадын 10 гаруй орнуудад ажиллаж байгаа Монголчууд энэхүү үйл ажиллагааг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн байна.




Жагсаалыг зохион байгуулагчид “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргийн хохирогчийг хамгаалах хууль эрхзүйн орчныг сайжруулах, Гэр бүлийн хүрээнд хүүхдээ хамгаалах” гэсэн хоёр ажлыг гол болгож байгаа бөгөөд Хүүхдийн биеийн болон бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгаж, өршөөл үзүүлдэггүй болох тухай шаардлагадаа тусгасан байна.




Тухайлбал,

-Хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэг түүнд ногдуулах ялын бодлогыг чангатгах, үр нөлөөтэй байлгах,

-Хүүхэд хүчирхийлэгчийг бүх насаар нь хорих ялтай болгох,

-Бага насны хүүхэд хүчирхийлсэн гэмт этгээдэд өршөөл, уучлал үзүүлдэггүй байх,

-Гэмт этгээдийн ял завших боломжийг хаах эрх зүйн зохицуулалтуудыг боловсронгуй болгох,

-Хүүхдийн хүчирхийлэл гарахаас өмнө тухайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар үр дүнтэй арга хэмжээ авахуулах,

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хангах,

-Архи, согтууруулах ундааны тухай хуулийг чангатгах, архины үйлдвэрүүдийг хязгаарлах, түүгээр үйлчлэх цэгүүдийн хяналтыг сайжруулах,

-Зочид буудлуудын тоог хязгаарлах, зөвшөөрөлтэй зочид буудлуудад тавих хяналт, дүрэм журмыг сайжруулах,

-Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн хуулийн хэрэгжилтийг сайжруулах, үр нөлөөтэй болгох зэрэг болно.




Жагсаалыг зохион байгуулагчдын нэг А.Амаржаргал: Бид хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг байнга л харж, сонсож байгаа боловч хэдэн өдөр яриад л, долоо хоноход мартдаг болчихжээ. Тийм учраас бидний хэдэн ээж нар нийлээд нэг ч гэсэн хүүхэд дахиж битгий хүчирхийлэлд өртөөсэй гэсэн үүднээс өнөөдрийн жагсаалыг зохион байгуулж байна. Энэхүү жагсаалыг бид ийм өргөн цар хүрээтэй болно гэж анх тооцоогүй. Зөвхөн ээжүүд нэгдэж, жагсаал зохион байгуулаад, Төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлэе гэсэн зорилготойгоор жагсаалыг санаачилсан. Харин өнөөдрийн байдлаар жагсаалыг дэмжиж байгаа 414 мянга гаруй хүн байна.




2014-2016 оны хооронд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 80 орчим хувь нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хүчирхийлүүлсэн. 2016 онд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, 2017 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга зэрэгт хүүхдийн эрхийг хамгаалах буюу хүүхдийн эрхэд чиглэсэн хууль, тогтоомжууд шинэчлэгдэн батлагдсан хэдий ч энэ тоо өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй байна.




Мөн энэ үеэр иргэд “цаазын ялыг сэргээхийг хүсэж байна. Тэгж хүүхэд хүчирхийллээ, зодлоо л гээд мэдээлдэг эргээд иргэддээ хэргийн шийдэл, юу болсон талаар мэдээлэхгүй юм. Одоо бүр хүүхдээр харанхуй шөнө морь унуулж байна. Хүчингийн хэрэг хийсэн этгээдийг хувцсан дээр нь бага насны хүүхэд хүчиндсэн гэсэн пайз зүүгээд бүх насаар нь хорих хэрэгтэй. Бас юунд нь иргэн Н, Б гээд байдаг юм бэ. Шууд нэр, хаяг, зургийг нь бүх нийтэд дэлгэ л дээ. Хүний эрх яриад байх юм. Хүүхдийн эрх энд зөрчигдөж байхад бид нар хүний эрх ярьж, тэдгээр адгууснаас дор амьтдыг хайрлах хэрэг байна уу” хэмээн бухимдалаа илэрхийлсээр байлаа.




Жагсаал зохион байгуулагч долоон ээж өөрсдийн шаардлагыг өнөөдөр эрх баригчдад хүлээлгэн өгч, 7-14 хоногийн дотор хариугаа авна гэсэн юм. Харин хариу ямар гарахаас шалтгаалж цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх аж.




Мөн энэхүү жагсаалд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажилласан байна. Тэд жагсаалд оролцогчдын хүүхдийг түр хамгаалан байрлуулах нэг цэгийн үйлчилгээг Соёлын төв өргөөнд байгуулж, төөрсөн хүүхдүүдийг бүртгэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, бэртэл гэмтэл авсан тохиолдолд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд холбон зуучлах зэрэг үйлчилгээг үзүүлэн ажиллажээ. Жагсаалын үеэр төөрсөн 4 хүүхдийг илрүүлж эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангасан байна. Мөн иргэдэд хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгч, “Хүүхдийн тусламжийн 108” утасны мэдээлэл, сурталчилгааны хуудсыг тараажээ.













































Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.