2018,3-Р Сар,27


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Аналитик


Хүүхдийн хүчирхийлэлд эцэг эхийн хариуцлагагүй байдал нөлөөлж байна

7 сар, 3 долоо хоног TIMES.MN
...Хүүхдийг гэмт хэрэг, эрх зүйн зөрчил, хүчирхийлэл, мөрийтэй тоглоом, садар самуун, насанд хүрэгчдийн хоорондын аливаа зөрчил, архи,тамхи, мансууруулах болон хордуулах бодис хэрэглэхэд татан оруулах; доромжлох, басамжлах, гүтгэх, хүчирхийлэх, хулгайлах, барьцаанд авах, худалдах; дамжуулан худалдах, боолчлох буюу түүнтэй адилтгах нөхцөлд байлгах, санаатай солих, хаях, төөрүүлэх; тарчлаан зовоох, тагнуул, хорлон сүйтгэх ажиллагаанд ашиглах, бага насанд нь сүй тавьж албадан гэрлүүлэх; хууль бусаар үрчлэх, хорьж цагдах, гадаадад авч гарах, гадаадаас оруулж ирэхийг хориглоно…. хэмээн цав цагаахан цаас мэт хүүдийн эрхийг Монгол Улсын Үндсэн хуулинд ийн заажээ.




Гэвч тэдгээр бяцхан ертөнцүүд эрхээ эдэлж чадаж байна уу, тэдний эрх зөрчигдөж байна уу...


Дээрх зөрчлүүдийн бараг дийлэнх нь Монголын үрсэд зөрчигдөж байна. Ялангуяа хүүхдийн хүчирхийлэл, боолчлол буюу түүнтэй адилтгах нөхцөлд байлгах, хаях, төөрүүлэх зэрэг зөрчил газар аваад байна. Жишээ болгоныг дурдвал маш урт жагсаалт гарах нь дамжиггүй.


Тиймээс зөвхөн өнгөрсөн он болоод энэ онд болсон хүүхдийн эрхийн зөрчлийг л тоймлон сануулъя.

-Гуравхан настай төрсөн охиноо хүчирхийлсэн эцэг

-13 настай охиныг зочид буудалд оруулж архи уулган, амь насыг нь хохироосон гэмт этгээдүүд

-Алга болоод 5 сар болж буй Сэржмядаг охин

-Дөнгөж төрсөн үрээ хаясан хатуу сэтгэлт эхчүүд

-Гэр бүлийн хүн болоод бага насны хүүхдүүдээ хөнөөгөөд өөрөө амиа хорлосон залуу

-5 настай дагавар охиноо хүчирхийлсэн хойд эцэг

-Хамгийн сүүлд гарсан олныг цочирдуулсан аймшигт хэрэг болох ой найман сартай хүүг хүчирхийлсэн залуу... ингээд дурдаад байвал маш олон хэргүүд байна. Нийгэмд ил болсон нь ийм олон байхад цаана нь ил болоогүй, гэр бүлийн хаалганы цаана хичнээн хүүхэд зовж шаналж буйг бид мэдэхгүй.


Гэвч дээрх хэргүүдээс ганцхан таван настай дагавар охиноо хүчирхийлсэн залуу 18 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Харин бусад хэрэг нь одоог болтол шийдэгдээгүй л байна.


Сүхбаатар дүүргийн өндөр настан: “Хүүхдийн хүчирхийлэл хэрээс хэтэрч байна. Хүн гэдэг адгууснаас долоон дор болсон бололтой. Орой мэдээ үзэхээр л тэгж хүүхэд зодлоо, хүчирхийллээ л гэх юм. Яг ингээд шийтгэлээ, ял оноолоо гэх юм сонсогдохгүй л юм.” хэмээсэн юм.


Тухайн хүчирхийлэгчийн үйлдэл илэрсэн тохиолдолд цагдаагийн байгууллага, холбогдох байгууллагууд шалгалт явуулж тухайн хүчирхийлэгчид ял оноодог байна. Хүчирхийллийг нэг удаа юу, олон удаа юу, хохирогчид бие махбодийн ямар хохирол учирсан, бэлгийн замын өвчин туссан эсэх, жирэмсэлсэн эсэхээс хамаарч хүчирхийлэгчид оноох ялын хэмжээ тав, арван жил гээд харилцан ялгаагүй. Учир нь насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэх нь онц хүнд гэмт хэрэгт хамаарагдах юм.




...Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ... гэж Эрүүгийн хуульд заажээ.


Тэгвэл НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн газрын 5-р тайланд өгсөн дүгнэлт зөвлөмждөө хүүхдийн эрх зөрчигдөж буй бүхий л хэлбэрт тус бүрд нь зөвлөмж хүргүүлсэн байна. Тухайлбал, Архины хамааралтай эцэг эхийнхээ дарамтан дор хүүхдүүд гэртээ бие, сэтгэл санаа, бэлгийн хүчирхийлэл, үл хайхрах байдалд өртөх зэргээр хүүхдийн хүчирхийлэл, үл хайхрах байдалд өртсөөр байна. Тиймээс өмнөх зөвлөмжийг нэн даруй хэрэгжүүлэхийг шаардаж байна.


Мөн Үндэсний хэмжээний ххүхэд хамгааллын тогтолцоог бүрдүүлэх ажлыг нэн тэргүүнд шийдвэрлэж, хүүхдүүдэд үр дүнтэй үйлчилгээ үзүүлж чадах мэргэшсэн чадварлаг нийгмийн ажилтнуудын тоог олноор нэмэгдүүлэх хэрэгтэй гэж зөвлөжээ. Түүнчлэн хөвгүүдийг бэлгийн хүчирхийлэлд оруулах зэрэг хүчирхийллийн олон хэлбэрийн шалтгаан, мөн чанар, хамрах хүрээг тодорхойлох цогц судалгааг хийхийг онцолсон байна.




Хүүхэд ямар ч хэлбэрээр хохирсон бай энэ бүхэнд мэдээж эцэг эхийн хариуцлагагүй байдал хамгийн их буруутай хэмээн иргэд байр сууриа илэрхийллээ.


Сүхбаатар дүүргийн иргэн, гурван хүүгийн ээж: “Миний хувьд сүүлийн үед нийгэмд болж буй хүүхэдтэй холбоотой хэрэгт маш их эмзэглэж байна. Гэхдээ энэ бүхэнд хэрэг үйлдсэн этгээдийг буруутгахаас өмнө тийм боломж олгосон хариуцлагагүй, хайхрамжгүй эцэг эхийн буруу байгаа. Мэдээж амьдралын төлөө зовж, завгүй ажиллаж байгааг нь ойлгож байгаа ч ямар ч тохиолдолд бид хүүхдээ эхэнд тавих ёстой. Тийм ч учраас би энэ сарын 31-нд болох бүх нийтийн жагсаалд очно” гэв.


Харин НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо эцэг эхчүүдэд сэтгэлзүйн болон хуулийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөхийг зөвлөсөн юм. Мөн мэдээлэл цуглуулах тогтолцоогоо аль болохоор яаралтайгаар үр дүнтэйгээр сайжруулах. Бүх хүүхдийн нөхцөл байдал, нэн ялангуяа эмзэг байдлын хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдийн талаар дүгнэлт шинжилгээг сайжруулахын тулд Конвенцийн бүх хүрээг хамруулан хүүхдийн нас, хүйс, хөгжлийн бэрхшээл, газарзүйн байршил, яс үндэс, нийгэм-эдийн засгийн байдал зэрэг задаргаагаар мэдээллийг хурдан цуглуулахыг онцлон зөвлөсөн байх юм. /НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын V тайланд өгсөн дүгнэлт, зөвлөмж/


Мэдээлэл технологи хөгжсөн өнөө үед 3.119.935-хан иргэний мэдээллийг цуглуулахад амархан л баймаар....







Холбоотой мэдээлэл


АУДИТ ба АСЕМ
АУДИТ ба АСЕМ
5 өдөр, 15 цаг
Өвөлд бэлэн бус "Нийслэлчүүд"
Өвөлд бэлэн бус "Нийслэлчүүд"
3 долоо хоног, 4 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.