2018,3-Р Сар,23


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Монгол бүсгүйн ур хийц, ухаанаар бүтсэн “DEbra Mongolian brand”

7 сар TIMES.MN
Эмэгтэйчүүд бид сайхан харагдахын тулд өөрийн биед тохирсон, галбирыг маань төгс харагдуулах хувцас сонгох хэрэгтэй. Мөн хамгийн гол нь дотуур хувцас биед эвтэйхэн байх нь чухал. Бүсгүйчүүдийн хувьд биеийн хэмжээ нь янз бүр байдаг. Яг л нэг хэвэнд цутгасан мэт стандарт хэмжээ хүн бүхэнд таарна гэж байдаггүй. Тухайлбал биеийн тойрог жижигтэй мөртлөө аяга томтой бүсгүйчүүд байдаг. Эдгээр бүсгүйчүүдийн хувьд дотуур хувцас сонгоно гэдэг амаргүй ажил байдаг. Тэгвэл зөвхөн танд, таны биеийн харьцаанд тааруулан, өнгө, загвар, хэлбэр гээд дахин давтагдашгүй тийм л цор ганц дотуур хувцсыг DEbra танд урлаж байна. Бүр дэлгүүрээ хүртэл нээжээ.




Монгол бүсгүйн ур хийц, ухаанаар бүтсэн “DEbra Mongolian brand” дэлгүүрээр зочилж, тус брэндийн үүсгэн байгуулагч, уран гарт бүсгүй О.Энхбилэгтэй ярилцлаа.


Тэрээр хувцас загвар, дизайн чиглэлээр мэргэшээгүй хэдий ч өөрийн хүсэл сонирхол, хоббигоо ийнхүү брэнд болгож чадсан чадварлаг бүсгүй юм.


Анх найз эгчтэйгээ хамтран брэндийнхээ нэрийг өгч, Монгол брэнд гаргахаар санаачлан эхлүүлж байлаа. Гэхдээ одоогоор тус тусдаа ажиллаж байна. Миний хувьд зориг гарган ажлаасаа гарч, өөрийн брэндийн дэлгүүрээ нээхээр сэтгэл шулуудан энэ сарын 5-нд албан ёсоор дэлгүүрээ нээсэн хэмээн ярих бүсгүй маань анх зүгээр л браллет загвар модонд орохоор нь өмсмөөр санагдан өөртөө урлаж үзсэн гэнэ.


Эхлээд өөрөө өмсөж үзмээр санагдан эмээгийнхээ оёдлын машиныг гуйж өөртөө оёж үзсэн. Гэтэл ойр дотнын хүмүүст маань их таалагдан, чи ер нь гарын ур дүйтэй юм байна гээд л захиалга өгч эхэлсэн. 2016 оны 10 дугаар сараас оёдлын машин авч гэрээрээ хийж эхэлсэн. Эхэндээ ажлынхаа хажуугаар шөнө нь оёдог байлаа. Сүүлдээ ажлаа ч, оёдлоо ч дийлэхээ байсан. Тэгээд л би ер нь үүнийг л хийх гээд байгаа юм байна гээд л ажлаасаа гарч сэтгэл шулуудсан. Жижиг ч гэсэн дэлгүүрээ нээх гэж их юм болсоон.




Залуу хүний хувьд өнөөгийн хямралтай нийгэмд өөрөөсөө бүх хөрөнгө мөнгө гаргаж, азаа туршиж дэлгүүр нээхдээ шатчихвал гэж санаа зовоогүй юу гэсэн асуултад “Гэр бүлийн хүн минь их дэмждэг. Миний найдвартай ар тал. Мөн хоёр талын ээж аавууд минь их сэтгэлийн дэм өгч, мөнгө санхүү бүх л зүйлээр тусалсан учир айж, эмээсэнгүй. Би чадна гээд л зориглосон. Хоёр сар гаруйн өмнө урлангаа нээсэн. Эхлээд урлан нээх газраа олоход үнэхээр бэрхшээлтэй байлаа. Ихэнх оёдлын газрууд байрны подволд байдаг. Миний хувьд тийм байхыг хүсээгүй. Ямартай ч гоё цонхтой байх ёстой. Цонхноос нь хараад хүмүүс орж ирдэг байхаар төсөөлж байсан. Тэр газраа ч олсон. Нэг их том биш, яг надад тохирсон, жижиг хэдий ч тохилог, тухтай. Анхандаа оёдлоо хийдэг урлан, дэлгүүр хоёр маань хамт байсан юм. Тэгэхээр их эвгүй юм билээ. Хэчнээн сайхан тохижуулсан ч цаанаасаа л юм оёхоор ноолроод, хөглөрөөд байсан. Азаар дэлгүүрийн минь дээд давхарт өрөө гарч, урлангаа тийш нь шилжүүлсэн.


Дэлгүүрийнх нь хувьд жижиг хэрнэ донжийг нь олсон хөөрхөн тохижилттой. Гэхдээ дотуур хувцас цөөтэй.


Үүний учрыг ийн тайлбарлав. “Би олон дотуур хувцасны дэлгүүрээр явж үзсэн. Маш их бараатай, сонголт хийхэд хүндрэлтэй, зарим нь бүр замбараагүй хумиад, овоолоод тавьсан байдаг. Тийм зүйлд дургүй. Цөөхөн бараатай ч, сонголттой, загварлаг, чанартай байхыг илүүд үздэг. Мөн одоохондоо хүн хүч цөөдөөд, захиалга их байгаа учир бас дэлгүүрийн бараагаа нэмж амжихгүй байна. Цаашдаа гайгүй болох байх. Гэхдээ манайх ихэвчлэн тухайн хүнд зориулсан, зөвхөн тэр хүний биеийн хэмжээгээр дотуур хувцсыг нь урлаж өгдөг. Гэхдээ бас стандарт хэмжээтэй дотуур хувцсаа гаргана. Ер нь дотуур хувцас зай бага эзэлдэг учир нэг их том дэлгүүр байх шаардлагагүй байх гэж бодсон ” гэсэн юм.




Тэрээр өөрөө загвараа гарган, зурдаг бөгөөд бүх л ажлыг гараараа хийдэг учир жижиг, чимхлүүр ажил ихтэй.


Харахад амархан юм шиг боловч ганц дүрсинкний дотор талын оёдлын учрыг олох гэж маш олон хоног зарцуулсан. Арай гэж оёдолгүй мэт оёх аргыг олсон шүү. Нэг хэсэг түрсинк судлаач шиг л байсан. Дотор даавуун хэсэг нь ямар ч оёдолгүй байгаад байдаг. Би учрыг нь олдоггүй. Маш олон дэлгүүрээр явж үзсэн. Бодож бодож турсикны салтааны учраа олчихлоо гээд л бөөн баяр болсон. /инээв/


Материалын хувьд олдоц маш муу бөгөөд гаднаас оруулж ирэхээр олон зуун ширхгээр нь зардаг учир бага зэрэг төвөгтэй байдаг гэнэ.


“Гэхдээ цөөн хэдэн чанартай, стандартын материал зардаг дэлгүүрүүдээс гуйж авдаг. Одоо ч бараг ихэнх нь таньдаг болсон. Зарим үнэхээр олдохгүй барааг интернетээр захиалж, бараг сар хүлээж байж шуудангаар ирдэг. Ажил ихтэй болохоор өөрөө гадуур явж үнэхээр амжихгүй юм. Ханийгаа л чи тийм газраас ороод яг ийм материал авчраарай гээд л сайн зааж өгөөд явуулдаг. Заримдаа хүргэлтэд хүртэл явуулна. Ханьдаа их баярладаг даа” хэмээсэн юм.


Амжилттай яваа хүн бүрийн ард сайн гэр бүл байдаг.


“Red rose” бүтсэн түүх




Сэтгүүлч надад сарнайн чимэглэлтэй дотуур хувцас ихэд таалагдсан юм. Тиймээс тэрхүү үзэсгэлэнт сарнайг оёсон юм уу, эсхүл ийм материал байдаг юм уу хэмээн Улаахан сарнайтай дотуур хувцасны бүтсэн түүхийг сонслоо.


Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан нэг коллекци гаргая гэж бодоод нөхөртэйгээ ярилцаж байсан юм. Чи эхнэртээ ямар бэлэг авч өгөх байсан бэ гээд л. Нэг өдөр гадуур явж байгаад сарнайтай утасны кэйс харсан. Наалт нь маш сайн, өнгө үзэмжтэй, өвөрмөц байсан юм. Найз маань гоо сайхны брэндийн дэлгүүрт ажилладаг. Тэрээр улаан уруулын будагтай коллекц гаргах санааг гаргаад “Red rose” гэсэн коллекцио гаргасан. Эхлээд сарнайгаа дотуур хувцсан дээрээ наагаад дараа нь оёдог юм. Сарнайн хувьд бэлэн ийм сарнай байдаг юм билээ. Харин утасны кейсээ захиалсан хүн бүрийн утсанд нь тохируулан нөхрийгөө байн байн утасны кейс хийдэг газар руу явуулсан даа...


Олноор хийж чадаагүй ээ. Хүн бүрийн биеийн хэмжээ, барьдаг утас нь өөр өөр...


Гадаад болон хөдөө байгаа залуус баярлуулж амжихгүй нь гээд их захиалсан. Охид жижиг хөхтэй болохоор хатуулгатай даруулга хийгээч гэж их асуудаг. Миний хувьд хийхийн хувьд хийж байсан. Болохоор юм билээ. Гэхдээ хийхийг яарахгүй байгаа. Гадуур хатуулгатай даруулга янз янзаараа л байна. Эхлээд энэ загвар, чиглэлээрээ ялгарч, өөр шинэлэг загварууд хиймээр байна.




-Тэгэхээр цаашид торон загвараараа дагнана гэсэн үг үү.


-Бодсон зүйл их байна. Хатуулгатайг хийх нь хийнэ, гэхдээ арай болоогүй байна. Үйлдвэрлэл биш, бүх зүйлийг гараар хийж байгаа учир их цаг авдаг. Одоохондоо хүн хүч багатай байна.


Үнийн хувьд боломжийн дан даруулга нь 20,000 бол хосоороо 30,000 төгрөгөөс дээш үнэтэй. Мэдээж материал, загвараасаа шалтгаалаад үнэ нь янз бүр гэнэ. Ажиллагаа ихтэй, загварлаг, гоёлын хослол нь 48000 гэх мэт янз бүрийн л үнэтэй байдаг аж.


Бүх бараа нь монгол шошго, тайлбартай




Хүмүүс дотуур хувцсандаа маш хайнга ханддаг. Шууд угаалгын машинд хийгээд л угаадаг. Энэ бол буруу юм. Ялангуяа манай дотуур хувцсыг гараар угаах хэрэгтэй. Ер нь дотуур хувцсыг угаалгын машинд угаахад хэлбэрээ алдана, төмөр нь амархан гарч ирдэг юм. Мөн тэр болгон хүмүүс, шошго, тайлбарыг нь хардаггүй. Тиймээс цөөхөн ойлгомжтой байдлаар бичсэн. Брэндийн нэрний тухайд “D” нь хамт эхэлсэн эгчийн нэрний эхний үсэг, “E” нь миний нэрний эхний үсэг, “bra” гэдэг нь угаасаа дотуур хувцас гэсэн үг. Тэгээд нийлүүлээд “DEbra” гэж нэрлэсэн.


-Албан ёсоор өөрийн гэсэн нэр, логотой бүтээгдэхүүн гаргаад эхэллээ. Улсын бүртгэлд бүртгүүлсэн үү?


-Тэр л хамгийн хэцүү асуудал байна. Байнгын тогтсон орлоготой хүмүүс улсын бүртгэлд бүртгүүлж, татвараа төлөөд явдаг юм байна. Миний тухайд дөнгөж эхэлж байгаа, тогтсон орлого байхгүй байгаа учир одоохондоо бүртгүүлэх шаардлагагүй гэсэн. Мөн нягтлангуудаас ч асууж, зөвлөгөө авч үзсэн. Татвар төлөх хэмжээнд орлого чинь хүрэхгүй учир одоохондоо бүртгүүлэх шаардлагагүй. Харин оюуны өмчид бүтээлээ бүртгүүлэх хэрэгтэй гэж зөвлөсний дагуу Оюуны өмчийн улсын бүртгэлд материалаа бүрдүүлж өгсөн, хариугаа хүлээж байна. 


-Бүр цаашлаад томорвол "Шарк танкт" ороод заавал санхүүжилт авахгүй ч мундаг бизнесмен хүмүүсийн зөвлөгөөг авбал?




-Энэ талаар бодож үзсэн. Заавал хөрөнгө оруулалтыг нь авалгүйгээр зөвлөгөө аваад, тайлбарлаад маркетинг хийе гэж нөхөртэйгээ ярьсан л даа. Бүртгэл нь явагдаж байгаа гэсэн. Гэхдээ бас зүрхшээгээд байгаа. Дан эрэгтэй хүмүүс болохоор сонирхохгүй байх. /инээв/ Миний сонирхох зүйл биш гарлаа л гэх байх. /инээв/ Монгол брэнд гэхээр л дээл, хувцас, хуучны зүйл байх ёсгүй гэж боддог. Гадаадад юу хийж байна, юу үйлдвэрлэж байна тэр бүхнийг бид нар зэрэгцээд л хийх ёстой гэж боддог. Заавал хөгжих, хөгжихгүй нь чухал бус. Боломжийн үнээр дотоодынхоо хэрэгцээний бага ч гэсэн хувийг хангаж байвал болно. Хамгийн гол нь загварлаг, чанартай, хүний биед эвтэйхэн байх нь чухал.


Нэг залуу худалдан авалт хийхдээ “Монголдоо оёж байна гэдэг нь сайхан сонсогдож байгаа ч нэг л итгэл төрдөггүй. Чанаргүй юм шиг санагдаад байдаг. Гэхдээ манай эхнэрт маш их таалагдаад, хараад байсан болохоор нь авч байгаа юм” гэж хэлсэн. Нэг талаараа урмын үг мэт боловч нөгөө талаараа бас надад нэг юм хэлээд байгаа юм шиг санагдсан. Тиймээс би оёдол, материал гээд бүх зүйлээ стандарт байлгахыг л хичээж байна.




Өөрөө өмсөж үзээд биед минь эвтэйхэн байвал болоод байна даа гээд л урамшдаг. Анх гологдлоо өөрөө авдаг байлаа. Өмсөж үзээд юу нь болохгүй байна, ингэвэл ч зүгээр юм уу гээд л үздэг байсан. Саяхан нэг мярайлаг эгч надтай холбогдоод ирсэн юм. Бараг +100 кг байх. Эгчид нь ер таарах дотуур хувцас олдохгүй байна. Гадаадад ч байж үзсэн. Чи нэг таарсан, биед эвтэйхэн дотуур хувцас хийгээд өгөөч гээд захиалга өгсөн. Тэр эгчийн мөр нь бага зэрэг унжуу учир мөр нь унаад байдаг гэсэн. Тэгээд мөрийг нь арай дотогш хийж өгсөн. Маш их таалагдаж байна. Байнгын хэрэглэгч болж, байнга захиалж байна гэсэн. 

-Хэмжээгээ заавал ирж өгөх үү?


-Ирж өгсөн ч болно. Амжихгүй бол чатаар холбогдоод өөрт таардаг дотуур хувцастайгаа авахуулсан зургаа явуулахад болно. Би хараад л хэмжээг нь мэдчихнэ.


Эмэгтэй хүний дотоод гоо үзэсгэлэнгээс гадна гадаад гоо үзэсгэлэнг нь тодотгон харуулдаг зүйл бол яах аргагүй дотуур хувцас. Тиймээс та зөвхөн өөрт таарсан, цор ганц загварлаг, биед эвтэйхэн дотуур хувцас хийлгэхийг хүсвэл https://www.facebook.com/debramongolia/ фэйсбүүк хаяг болон тус дэлгүүр дээр өөрийн биеэр очиж болно.




Дэлгүүрийн хаяг ТБД Андууд автобусны буудлын ард "Их Ноён" худалдааны төв 101 тоот Утас: 8000-9352

Өдөр бүр 11:00-19:00 хүртэл ажиллана.








































Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.