2018,3-Р Сар,16


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Б.Мөнгөнчимэг: Хүүхдийн асуудалд эцэг эх, багш, нийгмийн ажилтны оролцоо хамгийн чухал

8 сар TIMES.MN
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж өндөрлөлөө. Хоёр өдөр болсон тус зөвлөгөөнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнгөнчимэг оролцсон юм. Энэ үеэр хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах зэрэг асуудлаар тодруулга авлаа.




-Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт зогсохгүй байна. Энэ асуудалд ямар арга хэмжээ авбал хүүхдийн хөдөлмөр эрхлэлт багасах юм бол. Ялангуяа бага насны хүүхдийн хөдөлмөр эрхлэлт байсаар л байна. Энэ зөвлөгөөнөөр хүүхдийн эрх,  хөдөлмөр эрхлэлт зэрэг асуудлын  талаар хэлэлцсэн байх?


- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ. Салбар хуралдаанаар гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлыг авч хэлэлцлээ. Өнгөрсөн жил хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн чиглэлээр суурь тогтолцоог бэхжүүлэх, боловсон хүчнээ чадавхижуулах тал дээр олон ажил хийсэн. 2018 онд хүүхдийн хөгжлийн чиглэлээр шинэ үйлчилгээг бий болгох тал дээр гол анхаарлаа хандуулж ажиллана.  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын амин чухал хуулиудыг шинэчлэх, хууль эрх зүйн шинэчлэл хийхээр зорьж байгаа. Үүний нэг нь Гэр бүлийн тухай хууль юм. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт гээд хуулиар хориглосон тодорхой хөдөлмөр эрхлэлтийн жагсаалтууд байдаг. Гэсэн хэдий ч хүүхдүүд хөдөлмөр эрхэлж байна. Үүнд зохицуулалт хийхийн тулд бид хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, тухайн хүүхдэд дэмжин туслах, гэр бүл, ээж аавтай нь хамтарч ажиллах гэх мэт олон талт хамтын  ажиллагааг явуулахыг зорьж байна. Мөн орон нутгийн онцлогт нь тохируулж, төлөвлөгөө гаргаж ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Тэр дундаа Өмнөговь аймагт. НҮБ-ын Хүүхдийн сангаас судалгаа явуулахад уул уурхай, хүнд үйлдвэрлэл явагдаж байгаа газарт хүүхдүүд тэвчишгүй хөдөлмөр эрхэлж эрх нь зөрчигдөж байгаа асуудлууд их байна. Тухайн бүс нутаг руу хандаж, хүүхэд хамгааллын чиглэлээр тодорхой ажлууд хийхээр төлөвлөөд ажиллаж байна.


-Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлтийн жагсаалтад хурдан морь унах асуудал орсон байдаг. Гэтэл бид хүүхдээр хурдан морь унуулсаар байна. Хэдийгээр Засгийн газраас 12 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосон шийдвэр гаргасан ч энэ шийдвэр яг хэрэгжиж буй нь бас асуудалтай. Хурдан морины уралдаанууд болоод эхэлчихлээ.


-Хурдан морь унаач хүүхдийн асуудалд Засгийн газраас тогтоол гарсан. Өвлийн улирлын хурдан морины уралдааныг хориглосон. Хаврын эхэн сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх уралдаанд 12-оос доош насны хүүхдээр морь унуулахыг хориглосон. Энэ бол бас дэвшил.  Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ёстой. Мөн хурдан морь унаж буй хүүхдийн хамгаалалтад илүү их анхаарч ажиллах шаардлагатай байна. Тухайн хүүхдийг хурдан морь унахад нь аюулгүй байдал  талаас уяачид зохин шаардлагыг хэрэгжүүлэх байгаа эсэх, Засгийн газраас гаргасан тогтоолын   хэрэгжилтэнд хяналт тавих, бүртгэлжүүлэх, даатгалд хамруулах   гээд асуудалд цогцоор хандаж байж л хүүхдийг хамгаалж чадна. Өнгөрсөн жилээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын агентлаг хурдан морь унаач хүүхдүүдийн бүртгэлийг нэгдсэн байдлаар хийсэн. Хурдан морь унаач бүх хүүхдийг хурууны хээгээр бүртгэж эхэлсэн байгаа.  Мөн хүүхдийн 108 гээд тусгай утас ажиллуулж эхэлсэн. Энэ нэлээд үр дүнтэй байна. Хүүхдүүд тэр бүр ээж, аавтайгаа санал бодлоо солилцож чаддаггүй, амжихгүй, зөвлөгөө тусламж авч чадахгүй байгаа асуудал бүрээ хүүхдийн 108 утсанд хандаж, зөвлөгөө авдаг. Энэ үйлчилгээний 70 хувь нь зөвлөгөө авах дуудлага байна. Тиймээс энэ жил үйл ажиллагааныхаа чиглэлд зөвлөгөө, мэдээлэл өгөхөд түлхүү анхаарч ажиллана гэж тусгасан байгаа.


-Дунд сургууль, ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүй эмзэг байдаг. Тиймээс дунд сургуульд сэтгэл зүйчийн орон тоо байвал илүү үр дүнтэй мэт. Энэ тал дээр таны бодол?


-Хүүхдийн асуудал зөвхөн нэг яам, агентлагын  асуудал биш, салбар дундын,цаашлаад  хүн бүрийн анхаарлаа хандуулах  ёстой чухал зүйл. Эцэг эх ч мөн үүрэг хүлээх ёстой.

Цаашлаад эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн хүн бүрийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр нийгмийн  хамгааллын яам гээд чиглэлийн яамдын уялдаа холбоо их чухал үүрэгтэй. Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамтай сургуульд сэтгэл зүйч ажиллуулах, сургуулийн нийгмийн ажилтан хүүхдийн чиглэлээр түлхүү ажилладаг байх тал дээр санал солилцож байна. Зарим тохиолдолд сургуулийн нийгмийн ажилтан сургуулийнхаа хүүхдийн асуудалд анхаарал хандуулж чадахгүй, зохион байгуулагч шиг ажиллаад байгаа тал ажиглагдаж байна. Гэтэл тухайн нийгмийн ажилтан сургуулийн хүүхдүүдээ  мэддэг, ар гэрийг нь судалдаг, эрсдэлтэй нөхцөлд байгаа эсэхэд анхаарал тавьдаг, хүүхдүүдтэй ойрхон ажилладаг хүн байх ёстой. Тухайн хүүхдэд ямар асуудал хэрэгтэй байна, сэтгэл зүйн асуудал байна уу, эрүүл мэндийн асуудал байна уу гэдэг тал бүрээс  анхаарал хандуулж ажилладаг болгохоор салбарын яамтай санал солилцож, ажлын байрны тодорхойлолтод нь тодорхой заалт оруулж өгөхөөр ажиллаж байна. Ер нь хүүхдийн асуудалд хамгийн их үүрэг оролцоотой хүмүүс бол эцэг эх, сурган хүмүүжүүлэгч багш, нийгмийн ажилтан нар байдаг. Тиймээс эдгээр хүмүүс хүүхэд рүүгээ түлхүү хандаж,эрсдэлээс  урьдчилан сэргийлэх чиглэлд ахиц гарвал  хүүхдийн хүсэж буй, сэтгэл эмзэглүүлсэн асуудлыг тодорхой хэмжээнд бууруулж чадна гэсэн зорилттой ажиллаж байна.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.