Газар дээрээс нь


LIVE: Гэрээндээ Оюутолгой цахилгаан станц барих үүрэгтэй

2 жил, 10 сар TIMES.MN

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр уламжлал болгон явуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.


Хэвлэлийн бага хурлын эхэнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар салбарын статистик мэдээлэл танилцууллаа.


Тэрбээр "2018 оны эхний хоёр сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн 2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 255 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 78 хувийг уул уурхайн олборло салбар эзэлж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 44 хоногийн шатахууны нөөцтэй байна. Үүнээс А-80 83, АИ-92 25, дизелийн түлш 48 хоногийн нөөцтэй. УИХ-ын чуулганы завсарлагаар Канад улсын Торонто хотноо PDAC 2018 дээд хэмжээний уулзалтад уул уурхайн салбарын төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр олон улсын Уул уурхайн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцов. Энэ уулзалтад "Итгэлцэл" гэдэг сэдвээр гол асуудлуудаа ярилцлаа. Энэ уулзалтаар манай улсад хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж байгааг дуулгахад таатай байна. 3 дугаар сарын 22, 23-нд Монгол Улсын эрдэс баялаг, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. 28 улсын хөрөнгө оруулагчдад урилга явуулсан" гэв.


Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад холбогдох албаныхан хариуллаа.


-“Эрдэнэт үйлдвэр"-ийн үйл ажиллагаа одоо ямар түвшинд явагдаж байгаа вэ. Дансууд нь хаагдсан зүйл байгаа юу?


Технологи, үйлдвэрлэлийн тасгийн дарга Б.Элбэгзаяа:

-“Эрдэнэт үйлдвэр"-ийн өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн ажиллаж байгаа. Арбитрын шүүхийн шийдвэртэй холбогдуулан төлбөрийг барагдуулах чиглэлд хоёр талаасаа хэлцэл хийж байгаа. Зээлийн хүү, хүүгийн төлбөр зэрэг асуудлаар ярилцаж байна. Өдөр бүр хүүгийн алданги тооцогдож байгаа учраас 109 сая ам.долларын асуудал яригдсан. Дансууд нь хаагдсан зүйл байхгүй.


-Тавантолгойн цахилгаан станц барих асуудал хэрхэх шийдэгдэхээр байгаа бол?


УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

-Тавантолгойн цахилгаан станцыг хамтарсан консерциум байдлаар барих шийдэлд хүрч байсан. Гэсэн ч өөрсдийнхөө шугамыг ашиглуулахгүй гэсэн маргаанаас үүдэн, ажил зогссон. Жилдээ Оюутолгой 150 сая ам.доллараар урд хөршөөс цахилгаан авч байгаа. Тиймээс ч Засгийн газраас холбогдох гэрээг нь цуцалж, Оюутолгойд цахилгаан станц барих үүргийг нь хүлээлгэсэн байгаа. Энэ үүргээ хүлээх ёстой. Төр цаашид үүн дээр анхаарч Таван толгойн бүлэг орд дээр суурилсан цахилгаан станцыг барих ёстой. Бид аль аль талдаа эрсдэлээ бодоод хурдан барья гэвэл хамтарсан байдлаар шийдэж болно.


-Цахилгаан станц барих санхүүжилтийг шийдэхийн тулд баталгаа гаргах шаардлагатай гэсэн асуудал яригдсан?


-Оюутолгой өөрөө барих ёстой. Жил бүр тухайлсан төсөв нь суутгагдаад явдаг юм билээ.


-Шатахууны үнэ цаашид тогтвортой байх уу?


Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат:

-Засгийн газраас энгийн хэрэглээний шатахууны онцгой албан татварыг бууруулсан. Жижиглэнгийн үнэ харьцангуй тогтворжсон. Гуравдугаар сарын шатахууны хангалт хэвийн байгаа. Шатахууны импортлогчдын хувьд үнийн ерөнхий зөрүү үүсгэсэн байгаа нь үнэн. ОХУ-аас шатахууны импортыг хэвийн үргэлжлүүлэх тал дээр тохиролцсон.


УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

-“Роснефть” компанитай уулзсан байгаа. Импортын тодорхой хөнгөлөлт эдлүүлэхээр болж, зургадугаар сараас хэрэгжихээр ярилцсан. Үүнийг наашлуулж, дөрөвдүгээр сар болгох асуудлаар бид санал тавьсан. Үнийн зөвлөл шинэчлэгдэж, Засгийн газарт шатахууны үнийг нэмэхгүй байх зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлсэн. Одоо шатахууны үнэ нэмэхгүй. Буурах ёстой.


 -ШӨХТГ-аас “Магнай трейд” тэргүүтэй шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцлах санал гаргасан. Гэтэл салбар яам нь тодорхой арга хэмжээ авч чадахгүй байна гэсэн шүүмжлэлийн тухайд?


УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

-Ер нь төр бодлогоороо хувийн хэвшлээ дэмжиж, харилцан ойлголцож ажиллах ёстой.Төрийн зүгээс хувийн хэвшлүүдтэй хариуцлага тооцох, бодлогоо чангалах чиглэлд анхаарч ажилласаар ирсэн. Дуудаж ирүүлээд уулзахад, үнээ буулгахгүй байх чиглэлийг хүлээгээд л авдаг. Ер нь шатахууны үнийг хэвийн түвшинд барихын тулд төрийн зүгээс тодорхой ажлуудыг хийх шаардлагатай байгаа юм.


-УИХ-ын нэр бүхий гишүүн Энэтхэгтэй хамтарч газрын тос боловсруулах үйлдвэр барилаа гэхэд технологийн хувьд ихээхэн хоцрогдол үүсэх эрсдэлтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Энэ чиглэлд танай яам хэрхэн анхаарч ажиллах вэ?


УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

-Энэтхэг Улсын 1 тэрбум ам.долларын зээлийн хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэр барих ажил эхлэх шийдэлд хүрч, хоёр талаасаа эрчимтэй ажиллаж байгаа. Бид дэлхийн зах зээл дээр хэрэглэж буй техник, технологийг нэвтрүүлэх учиртай. Энэ чиглэлд анхаарч ажиллана.


-Гашуун сухайт боомтын үйл ажиллагаа одоо ямар түвшинд явагдаж байгаа вэ?


УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

-Гашуун сухайт боомтын үйл ажиллагаа харьцангуй хэвийн үргэлжилж байгаа. 5-9 км-ийн дараалалтай байна. БНХАУ-ын орон нутгийн удирдлага, худалдаа эрхэлж буй ААН-үүдтэй бид уулзаж байгаа. Цаашид 24 цагийн боомт болгох, чөлөөт бүсийн хэмжээнд хөгжүүлэх чиглэлд хоёр талаасаа ярилцаж байгаа. Одоо өдөрт 700 гаруй автомашин нэвтэрч байгаа. Цувааны урт 7-9 км орчим байна. Цаашид нэвтрэлтийн тоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллана. Улс төрийн хүрээнд тодорхой шийдлүүдээ гаргана гэсэн зорилт тавиад ажиллаж байна.






Холбоотой мэдээлэл