2018,3-Р Сар,13


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Аналитик


ТУСЛАМЖ нэртэй хавтгайрал өнөөгийн шинэ төрх

6 сар, 1 долоо хоног TIMES.MN

Монголчууд бид ядарсан нэгэндээ тусалж, нэгнээ гэсэн сэтгэлтэй, өрөвч, нинжин сэтгэлтэй хүмүүс . Эдгээр зан бидний цусанд байдаг гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх байх. Тиймдээ ч өнөөдөр өөрөө өмсөх хувцас, идэх хоолоор тааруухан байсан ч өөрөөс нь дор нэгэн байвал өчүүхэн хэдэн төгрөгөөсөө хандивладаг. Миний үр хүүхэд, ээж аавтай минь ялгаа юу байх билээ гээд л тусламжийн гараа сунгана. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ байдал хэрээс хэтэрч байгаа мэт. Нэг талаараа бид хүнд туслаад буян үйлдэж буй боловч нөгөө талдаа тэдгээр хүмүүсийг өөхшүүлж, нийгэмд буруу хандлага дэлгэрүүлээд буй.


Өвчин зовлон бол хэлж ирэх биш хийсэж ирдэг хойно өвчтэй нэгэндээ туслах нь байх асуудал. Харин сүүлийн үед сошиал сүлжээ буюу фэйсбүүкээр олон хүүхэдтэй өрх толгойлсон ээж, аавд туслая, туслаач гэх пост олширчээ. Хүмүүс ч их сайхан сэтгэлтэй, үнэн худал нь мэдэгдэхгүй данс руу мөнгө шилжүүлэх л юм. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр зөв хүнээ олоод, амьдралд нь тус дэм болж буй залуус ч олон болж.


Тухайлбал, сая цагаан сарын өмнөхөн нэгэн залуу ганц бие эмээд жижигхэн хөөрхөн байшин барьж өгөөд цагаан сараар очиж золгож байх жишээний.


МУИС-ийн оюутан Х.Л “Ядарч яваа нэгэндээ тус дэм болох нь буруу зүйл биш байх. Гэхдээ гол нь хүнээ олж туслах хэрэгтэй байх. Сошиалаар олон л тусламж хүссэн хүмүүс байх юм. Хараад өрөвдөөд л өнгөрдөг” гэв.




Нүдээ олсон тусламж бол яах аргагүй утааны эсрэг ээж аавууд группийнхэн хоёр хүүхэдтэйгээ нар сар нь гэрэлтсэн хүйтэн байшинд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй ээжид байшинг нь дулаалж өгсөн явдал юм. Энэ мэт нүдээ олсон, хүнээ олсон сайн үйлсийн аянг буруутгах гэсэнгүй. Хамгийн гол нь амьдрах чин хүсэл эрмэлзлэлтэй, зөв бодол, хүсэлтэй, тэмүүлэлтэй тийм л хүмүүст тусалж, амьдралдаа нэг шат ахихад нь тулгуур болоход буруудах зүйлгүй.


Харин гар хөл нь бүтэн, эрүүл саруул ухаантай байж хүнээс гуйлга гуйгаад, байшин бариад өгөөч, гэртэй болгоод өгөөч гээд гуйж буй залуусыг өөхшүүлж болохгүй болов уу.


Сүхбаатар дүүргийн ахмад настан Ц.Цэвэл “Фэйсээр юу явдгийг мэдэхгүй юм. Гэхдээ оройн мэдээгээр тэгж хүнд тусаллаа, дэмжлээ л гээд гарч байгаа харагддаг. Гэхдээ дан энгийн иргэд тусалдаг бололтой. Ажилгүйдэл бүр хэрээс хэтэрч байна. Эмээ нь тэтгэврийн хэдэн төгрөгөөр л болгож байна. Том охин Солонгос явсан. Харин бага хүү араас нь явна гээд ажил голоод л гэртээ суух юм” гэлээ.




Гэхдээ энэ бэлэнчлэх сэтгэлгээ, халамж хүссэн нөхцөл байдал эртнээс үүдэлтэй. Иргэдэд улсаас хэт их халамж олгосноос өнөөгийн залуус бэлэнчилж сурсан.


Тухайлбал, 2005 оноос хүүхдийн мөнгө хөтөлбөр, 2006 оноос шинэ гэр бүл, шинэ төрсөн хүүхэд, "Эхийн алдар" одонтой эхийн тусламж, хүүхдийн хөгжлийн мөнгө зэрэг нийтлэг мөнгөн тусламжуудыг олгож эхэлснээр Нийгмийн халамжид зарцуулах хөрөнгө их хэмжээгээр нэмэгдэж, хүүхэдтэй айл өрх бүр халамжид хамрагдах болсон. Монголд 2007-2008 онд ядуурлын хэмжээ 35.2 хувь байсан бол 2009 онд 38.7 хувь болж 3,5 хувиар өссөн байгаа юм.





Харин одоо улс нь халамжаа багасгахаар иргэдээсээ халамж хүсдэг болжээ. Гэвч үүнийг дагаад нийгэмд бэлэнчлэх сэтгэлгээ газар авах хандлагатай байна.


Харин энэ талаар СХД-ийн ахмад Д.Доржмаа "Телевиз болон фэйсбүүкээр олон л зүйл гарах юм даа. Зарим нь ч үнэн л байдаг байх. Харин зарим нь хүний зовлонгоор мөнгө олж байгаа ч хүн бий. Бид ядарсан нэгэндээ туслах нь зөв л дөө. Гэхдээ энэ байдлыг бас хэт дэвэргэж болохгүй. Хэт их хавтгайрсан халамжаас үүдэлтэй, хөгшин ээж ааваараа тэжээлгээд ажил хийх дургүй залуус олширсон. Үүн дээр нэмэгдээд иргэдийн сайхан сэтгэлийг ашиглаад өнөөдөр маргаашаа болгох сонирхолтой залуус бий болох вий л гэж бодож байна" гэсэн юм.


Улсын хэмжээнд 800 000 хүн ажил хийхгүй халамжийн мөнгө авч амьдарч байна гэсэн судалгаа байгаа бол бүртгэлтэй ажилгүй иргэд 24,244 байна.



Холбоотой мэдээлэл


10 ЦАГ...
10 ЦАГ...
1 сар, 1 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 сар, 1 долоо хоног []


Улсын хэмжээнд 800 000 хүн ажил хийхгүй халамжийн мөнгө авч амьдарч байна... үнэн тоо бол гамшиг. хүн амын 1/3 тэтгүүлж байна уу. зүгээр тэжээвэр амьтад болов