Улс төр


Х.Нямбаатар: Зарим шүүгчийн дансанд "САЯ" доллар байсан шүү

6 сар, 1 долоо хоног TIMES.MN
Өчигдөр орой буюу энэ сарын 12-нд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ Шүүх болоод нэр бүхий гишүүдийн талаар ноцтой зүйлс ярьсан билээ. Тэрээр Ш.Батхүүтэй холбоотой хэргээс гадна “экс” Ерөнхий сайд С.Баяр, Ч.Сайханбилэг, “экс” ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, шат шатны шүүгчдийн авлигын хэргийн тухай “нотой, ноцтой яриа дэлгэж", хэрвээ хүсвэл баримт дэлгэнэ гэдгээ мэдэгдлээ. Ингээд түүний ярьсан ярианаас хамгийн чухал ишлэлийг онцлон хүргэе.


- Манай улс олон улсын Арбитрын шүүхэд ялагдаж 109 сая доллар төлөх болсон. Жинхэнэ үнийн дүн нь 51 сая доллар. Өмгөөллийн зардал, сарын хүү нэмэгдээд ийм хэмжээнд хүрсэн. Энэ өрийг манай улс төлөх ёстой юу?


-Тухайн үед уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ хуралдаад Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авахад зориулж “Жаст” группэд баталгаа гаргаж өгөх шийдвэр гаргасан байдаг. Үүнээс хойш “Жаст” групп маш олон удаагийн үйлдлээр зээл авч, эргэж төлсөөр байгаад өнөөдрийн ийм нөхцөл байдалтай тулгарсан. Зээлийн баталгааг тухайн үеийн “Эрдэнэт”-ийн удирдлагууд гаргасан. Тухайн үеийн дээд удирдлагад ажиллаж байсан хүн доод тушаалынхаа хүмүүст үүрэг чиглэл өгсөн гэдэг.


Харин “Жаст” компанийн ерөнхий захирал болохоор “Би энэ бүгдийг хуурамчаар үйлдсэн” гэж ярьдаг.


 -Гарын үсэг хуурамч эсэхийг шийдэх хэцүү. Нэгэнт бид олон улсын хамтын нөхөрлөлийн байгууллагуудтай мөр зэрэгцэж яваа, маргаашнаа шийддэг Арбитрын шүүхийн шийдвэр гарчихсан, түүнд давах эрх дуусгавар болчихсон энэ үед бид төлөхөөс өөр гарцаагүй.


Төлөхгүй удах тусам “Эрдэнэт” үйлдвэр эрсдэлд орно.


-Өдөр хоног, цаг мөч өнгөрөх тусам алданги бодогдож, хүү нэмэгдэж байгаа. Ингэх тусам “Эрдэнэт” үйлдвэр өөрөө маш хүнд байдалд орно. Энэ бол зүгээр 49 хувийг барьцаалчихсан хэрэг биш. “Эрдэнэт” үйлдвэр бүхэлдээ Арбитрын шүүхээр битүүмжлэгдсэн байгаа.


 -Монгол Улсын нэг жижигхэн аж ахуй нэгжид Монгол-Оросын хувь нийлүүлсэн байгууллагын ТУЗ буюу совет шийдвэр гаргасан байна гэдэг бол их чухал гэсэн үг.


-Үе үеийн ерөнхий сайд, ерөнхийлөгчид “Эрдэнэт” үйлдвэрт нөлөөллөө тогтоодог гэдгийг бидний өмнөх түүх харуулж байгаа юм.


-Жишээ? Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Намбарын Энхбаяр Хонг-Конгт бүртгэлтэй компаниар ганбөмбөлөг нийлүүлнэ гээд гэрээ хийгээд хажууханд нь буюу 100 хэдэн км-т байгаа “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ээс ганбөмбөлөг нийлүүлсэн гээд эрүүгийн хэрэг үүсгээд шүүхээр ороод тэр үйлдэлдээ ял зэм аваагүй байдаг. Түүнийг гүйцэтгэсэн хүмүүс нь Н.Энхбаярын эхнэрийнх нь хамаатан н.Мягмаржав гэдэг хүний нэр дээрх компани байсан гэдэг гэдэг шүүхийн шинэчилсэн бүртгэлийн явцад яригддаг.


-Мөн Ц.Элбэгдорж ерөнхийлөгчтэй холбоотой “Ачит-Эх” гээд катодын зэсний үйлдвэр одоо хүртэл яригддаг. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийн отвал ашиглаж катодын зэс үйлдвэрлэдэг компанийг Ц.Элбэгдорж болон түүнтэй хамаарал бүхий этгээдүүд эзэмшдэг гэх яриа бий. Гэтэл өнөөдөр үүнийг яагаад шалгадаггүй юм, тогтоодоггүй юм.


“Манай шүүгчид хуулиа судлаагүй” Авлига, албан тушаалын хэрэг дэр хуулийг буруу ашиглаж байна. Хэргийг хуульд байхгүй үндэслэлээр буцааж байна.


-Шинэ хуультайгаа манай шүүгч нар төдийлөн сайн танилцаагүй, дасан зохицох ажиллагаа явагдаагүй байна. Албан тушаалын хэрэг дээр нэмэлт ялыг нь өгөлгүйгээр шийдсэн тохиолдлууд байна.


 -Хуулийг хэрэглэж байгаа шүүх засаглалыг төлөөлж байгаа хүмүүсийн алдаа өнөөдөр бүх засаглалын алдаа мэтээр олон нийтэд харагдаж байгаа. 


“Хүчиндэх”, “бэлгийн харьцаанд” орох гэсэн бие даасан хоёр өөр төрлийн гэмт хэрэг байгаа. 14 настай хүнийг хүчиндсэн бол хуулийн дээд заалт буюу бүх насаар нь хорих ял оноодог хэвээрээ байгаа.


Хэрвээ сүүлийн 60 жил мөрдөгдөж байгаа энэ хуулийг би үнэхээр өөрчилсөн байвал УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзахад бэлэн байна.


Өнгөрсөн онд 13 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг яагаад шийдэгдэхгүй байна вэ гэдэг бол хуультай холбоогүй. Харин хуулийг хэрэглэж байгаа хүмүүстэй л холбоотой. Охиныг бүлэглэж хүчирхийлсэн гэдэг. Эхний нөхөр бэлгийн харьцаанд орсон гэдгийг хэргийг хамтарч үйлдсэн нөхөр нь мэдүүлгээрээ нотолсон байдаг. Хоёр дахь нөхөр нь бэлгийн харьцаанд дараа нь орсон гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Эр бэлгийн эс илэрсэн байдаг. Тэр бүү хэл надад телевизээр хэлэмгүй ч зүйлүүд байна. Бага насны тэр охинтой зүй бусаар харьцаанд орсон тухай хэрэг дээр тэмдэглэгдсэн байдаг. Хэрэгт ажилласан өмгөөлөгч нь ярьдаг. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд шийдэхгүй байгаа нь шүүх засаглал, прокурорын байгууллагуудын хийх ажил.


 Би С.Баяр даргатай ажиллаж үзээгүй. Улс төрчийнх нь хувьд хүндэлж явсан. Гэтэл тэрээр долоон хаустай асуудлаараа хэвлэлд ярилцлага өгснийг нь их анхаарал тавьж сонслоо.


“Миний охидууд АНУ-д амьдардаг, үл хөдлөхийн бизнес эрхэлдэг. Долоо байтугай олон хаус манай охидын нэр дээр байгаа гэдэг зүйл ярьсан.


Яг энэ өгүүлбэрээс хойш эргэлзэж эхэлсэн. Яагаад гэвэл, үл хөдлөхийн зууч хэзээ ч үл хөдлөхөө өөрийнхөө нэр дээр шилжүүлдэггүй.


“Мартын 8”-ы өмнө өдөр “Жаст”-ын Ш.Батхүүгийн тухай яриад л байсан. Гэтэл маргааш нь намайг энэ 14 настай хүүхдийг хүчиндвэл торгоно гэсэн гээд миний зурагтай постер бэлдээд нүдээд эхэлж байгаа юм. Тэгэхээр энийг тэр хавиас л сэвээд эхэлж байна гэсэн үг. Гэхдээ ингэлээ гээд би айхгүй ээ.


Хууль тогтоогчид нь 4,4-н жилээр дүнгээ тавиулаад, ганц нэгхэн хүн ял шийтгэл авч байгаа юм. Гүйцэтгэх засаглал нь 1,5 жилд хариуцлагаа тооцуулаад явчихаж байгаа юм. Гэтэл шүүх засаглал сүүлийн 28 жил нэг ч ард түмнээрээ дүнгээ тавиулаагүй. Яагаад гэвэл эд нар ард түмнээс уравсан.


Захиргааны хэргийн шүүхийн шүүгчид хөрөнгөжсөн, зарим шүүгчийн дансанд "САЯ" доллар байсан шүү дээ. Хэдхэн жилийн өмнө шүү.


Эхнэр, хүүхэд нь нотариат хийдэг, тэндээс сая доллартай болсон гэж байгаа юм. Таван настай хүүхдийнх нь дансанд "500 сая" төгрөг байсан. Бид ийм шүүгч нартай шударга ёс яриад яах юм бэ. Захиргааны хэргийн шүүх дээр илт хууль бус эвлэрлийг баталдаг шүүгч нар маш олон бий.


Анхан шатны шүүх дээр 50 мянган доллар, давж заалдах шатны шүүх дээр 100 мянган доллар, хяналтын шатны шүүх дээр 200 мянган долларын авлига авдаг гэсэн яриа явчихлаа. Энэ хүмүүст бид хамгийн өндөр цалин өгч байна, бүх насаар нь томилж байна. Тэгэхээр энэ хүмүүсийг өөрчлөөгүй цагт шударга ёсны тухай яриад хэрэггүй.



Нөгөө “Шударга байцгаая” гээд уриалаад байдаг Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн 2012 онд эхлүүлсэн шүүхийн шинэчлэлийн үр дүн энэ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар, 2 долоо хоног [202.21.109.130]


Монгол улс шүүхийн шударга байдлаараа дэлхийн 143 орноос 101-д оржээ гэсэн пост уншсан юм байна.


Зочин    6 сар, 1 долоо хоног []


Монголын өндөр цалинтай шүүгч нарт их НО байгаа. Адаглаад ШЕЗ ийн дарга нь согтуугаар жолоо барьж хүн дайрч алсан хүн гэхээр гутмаар даа