Спорт


Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд юу хэлэв...

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТС-ын газар, Допингийн Эсрэг Үндэсний Төвөөс хамтран "Допингийн эсрэг үндэсний хяналт" төслийн хүрээнд 2017 оны 12 дугаар сард 31 бөхөөс допингийн шинжилгээ авч БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн инститын Допингийн хяналтын лабораторид шилжүүлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт допингийн шижилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрсийг зарласан. БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд:


-Аймгийн хурц арслан Б.Номиндалай,


Сумын заан С.Майнбаяр,


-Улсын начин Э.Даш,


-Улсын гарьд Ө.Бат-Орших нараас Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрчээ. Улмаар дээрх бөхчүүдийг “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөнд тооцсон байна. Харин үлдсэн нэг бөх нь “Б” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ явуулаад байгаа ажээ. Сэргээшийн асуудалд нэр холбогдсон бөхчүүд эхнээсээ өөрсдийн цахим хуудсаар дамжуулан дараах тайлбаруудыг өгч эхэллээ. 



Аймгийн арслан Б.Номиндалай: Удирдах дээд байгууллагын гаргасан шийдвэр хариуцлагыг хүлээхэд бэлэн байна




Сайн байцгаана уу? Бөхдөө хайртай, бөхөө дээдэлдэг монгол түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. "Допингийн эсрэг үндэсний төв"-өөс зарласан мэдэгдэлтэй холбоотой тайлбар хүргэе.

Миний бие бага наснаас эхлэн ядрах, сульдах, стрессдэх зэрэгт биеэр улаан юм туурдаг эмгэгтэй байсан юм. Эмнэлэгт үзүүлэхэд "ПСОРИАЗ" хэмээн оношлосон бөгөөд төдийгөөс өдий хүртэл эмчлүүлж, эмнүүлсээр ирсэн. Псориаз өвчтэй хүмүүс спортын замналаа олон жил үргэлжлүүлсэн түүх байдаггүй юм билээ. Ачаалал их авч, сульдах төдийд сэдэрдэг учир арга ч үгүй юм. Гэвч миний бие бөхийн спортод үнэн сэтгэлээс дуртай, нөгөө талаар өөрийн хүсэл зорилгодоо хүрэхийг хүссэн учраас хүнд хэцүү өвчнөө хайхралгүй, хэцүү бэрхэд сөгдөлгүй бэлтгэл сургуулилтаа хийж, хичээсээр ирснийг миний гэр бүл, хамт олон, найз нөхөд, багш нар маань сайн мэднэ.


Өвчнөө эмчлүүлэхээр "Арьсны өвчин судлалын үндэсний төв"-д удаа дараа хэвтэж, олон чухал барилдааныг эмнэлгийн өрөөнд өнгөрөөсөн үе надад бий. Энэ өвчинд сайн, тус нэмэртэй гэсэн эм тариа, тос гээд бүхий л зүйлийг хэрэглэж өдийг хүрсэн нь хүссэнээрээ бэлтгэлээ хийж, зорьсондоо хүрэх гэсэн сэтгэлийн минь илэрхийлэл юм. 2017 оны намраас бэлтгэл сургуулилтаа чанартай сайн хийхээр зорьж, хэсэг хугацаанд ачаалалтай бэлтгэл хийхэд дархлаа суларч, өвчин эргэн сэдэрсэн билээ. Энэ үед дархлаа дэмжиж, псориазын эсрэг эмчилгээ хийгдэж байсан Үүнд: КЕНАЛОГ тариаг эмчилгээний зорилгоор хэрэглэсэн юм. Гэвч мэдлэг мэдээлэл, сэрэмж болгоомжгүйн гайгаар ДЭҮТ-өөс авсан допингийн шинжилгээнд уг эмчилгээний тарианаас хориотой эмийн бодис илэрчээ. Хэдийгээр өвчнөө эдгээхийн тулд арга мухардаж, сайн гэсэн болгоныг хэрэглэсэн нь үнэн боловч хариуцлагагүй, болгоомжгүй хандсан нь миний буруу юм. Эмчлүүлж байгаа тухайгаа хариуцсан албаны эмч нарт мэдэгдэж, эм тариа маань хориотой бодисын жагсаалтад ордог эсэхийг лавлаж байгаагүй нь ч миний алдаа юм. Тиймээс бөхдөө хайртай, монгол бөхөө дээдэлдэг ард олон, дэмжигч байгууллагууд, найз нөхөд, гэр бүл, ахан дүүс, бөхийн төлөө сэтгэлтэй хүн бүхнээс хүлцэл өчиж, уучлал гуйж байна. Нэгэнт миний буруу, миний хайхрамжгүй байдлаас болсон тул удирдах дээд байгууллагын гаргасан шийдвэр хариуцлагыг хүлээхэд бэлэн байна.Та бүхнийг хүндэтгэсэн: Б.Номиндалай” гэжээ.



Улсын гарьд Э.Даш: Тарилгыг эхэс нөхөн сэргээх зорилгоор эмчилгээнд хэрэглэсэн




Тэрээр “Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Допингийн эсрэг үндэсний төвөөс хийсэн мэдэгдэлтэй холбоотой тайлбарыг хүргэж байна. 2016 оны 6 сарын 28нд болсон наадмын сорилго барилдаанд барилдаж байгаад баруун тохойгоо мулталсан болно. Бүрэн гүйцэд эдгээлгүй барилдсаны улмаас барилдааны явцад 2 удаа хөндөгдөж тохой орчмын зөөлөн эд, үеийн шингэн, шүрмэсийн хатангиршил гэсэн оноштой эмчилгээний явцад өвчин намдаах эм бэлдмэл эхэсийн тарилга хийлгэсэн юм. Зураг дээрх тарилгыг эхэс нөхөн сэргээх зорилгоор эмчилгээнд хэрэглэсэн болно. Гэтэл энэ нь 12 сарын 17нд өгсөн шинжилгээгээр хориотой эмийн төрөл гэж гарсан байна. Бэртэл гэмтэлтэй тамирчид хэрэглэх эм бэлдмэл,уураг витамин ээ маш анхаарал болгоомжтой хэрэглэх шаардлагатай юм байнаа!!!” гэжээ.


Улсын гарьд Ө.Бат-Орших: Парацетамол гэх мэт халуун бууруулах, өвчин намдаах эмүүд хориотой юм байна


Тэрээр "Миний бие 2012 оноос эхлэн гарын алганы, хурууны арьс хуулардаг, хагардаг, нуралт өгдөг, цэврүүтдэг зовиуртайгаар өнөөдрийг хүрсэн. Үүнийгээ Арьсны төв болон бусад эмнэлгийн байгууллагуудаар тогтмол үзүүлж, оношлуулж, эмчлүүлж байсан ч тусыг олоогүй. Учир нь бэлтгэл, барилдааны үед хөлсөнд норох, зодог шуудагны ширээсэнд авагдах зэргээр сэдэрдэг юм. Тиймээс байнга лент, боолт хэрэглэж бэлтгэл, барилдаанд оролцдог байсныг бөхчүүд, бөх сонирхогч, үзэгчидийн олонх нь мэдэх болсон. Үүндээ сайн гэсэн бүхнийг хэрэглэж, арга хэмжээ авсаар ирсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн 12-р сард бодисын солилцоо сайжруулж, шархны эдгэрэлтэд сайн гэж сонсоод ТАМОКСИФЕН гэдэг эмийг эмийн сангаас авч уусан. Гэтэл 12-р сард өгсөн шинжилгээгээр хориотой эмийн бодис гэж гарлаа. Өнөөдөр ДЭҮТөвөөс албан ёсны мэдэгдэл гарсан учир та бүхэнд мэдээлэл өгөх үүднээс энэ тайлбарыг хийж байна. Дашрамд дурдахад ПАРАЦЕТАМОЛ гэх мэтийн халуун бууруулах, өвчин намдаах эмүүд нь хориотой юм байна шүү. Шинжилгээний хариу болон хэрэглэсэн эмийн зургийг орууллаа." хэмээжээ. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.