2018,3-Р Сар,09


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Монголын анхны гурван ихрийнд зочилсон минь...

4 сар, 1 долоо хоног TIMES.MN
Одоогоос 68 жилийн өмнө буюу 1950 оны намар Улаанбаатар хотын Гандангийн дэнжид Даваагийнх хэмээх айлд Монголын анхны гурван ихэр болох Д.Цэрмаа, Д.Гүнсмаа, Д.Дэнсмаа нар мэндэлжээ. Тэд эхээс дөрвүүлээ дороо нэг эрэгтэй дүүтэй. Монголын анхны гурван ихэр 3 нас хүртлээ улсын асрамжинд байсан бөгөөд тэдний зурагтай анхны марк охидын бага ангийн багшид цор ганц хувь хадгалагдаж байдаг байна. Түүнчлэн тэднийг мэндлээд эмнэлгээс гарахад Маршал Ю.Цэдэнбал өөрийн машинаараа үйлчилж, гэрт нь хүргэж байсан гэдэг. Тухайн үед “Маршалын машинаар гэртээ харьсан Монголын хамгийн анхны гурван ихэр” хэмээх нийтлэл сонинд гарч байжээ. Ингээд өдгөө 68 насыг зооглож буй Монголын анхны гурван ихэр буурайгийнд зочилж бага, залуу насны хөгжилтэй дурсамжаас хуваалцснаа энэ баярын өдөр уншигч та бүхэнтэйгээ хуваалцаж байна.




“Манайх тэр үед Гандангийн дэнжид байсан юм гэнэлээ. Тэр үед ямар одоогийнхтой адил эхо байсан биш. Биднийг мэндлэхэд дээл хувцсандаа боож, ээж аав минь их л сандарсан гэсэн. Эх барьсан бүсгүй анхны хүүхэд төрлөө, хоёр дахь хүүхэд гарлаа, гурав дахийг нь яах билээ гээд л сандарцгаасан хэмээн ээж минь хожим дурсан ярьдагсан” хэмээн дурсамжаа хуваалцаж бидний яриа эхэлсэн юм.


“Биднийг төрөнгүүт л нэг их гоё машинаар тосон авч, хүүхдийн асрамжид 3 нас хүртэл асарсан гэсэн. Мөн автобусаар цэцэрлэгт зөөдөг байлаа. Биднийг сургуульд ороход манайх ээжийн нутаг Дундговь руу нүүсэн. Бид байранд суудаг байсан бөгөөд бид гурвын бага Дэнсмаа их дүрсгүй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан даг. Одоо ч хэвээрээ бид хоёртойгоо л байгаа юм” хэмээн багын хөгжилтэй дурсамжаа ярин инээлдэцгээлээ.


Д.Гүнсмаа /гурван ихрийн дундах/: Дэнсмаа хичээлдээ тааруу, дургүй хүүхэд байсан. Бид хоёр хичээлийг нь хийж өгнө. Байсхийгээд л оргоод, бид хоёрт хэлэлгүй гэртээ хариад долоо хоночихоод ааваар хүргүүлж ирдэг байсан. Нэг удаа давтлага дээр багш бид хоёроос Дэнсмааг асуулаа. Бид хоёр ч мэдээгүй учир мэдэхгүй гэсэн. Харин тэгсэн манай хүн ангийнхаа охиныг уруу татаад гэр рүүгээ алхаад явсан байдаг байгаа.


Д.Дэнсмаа /гурван ихрийн бага/: Манайх сумын төвөөс 80 гаруй км байсан юм даг. Нөгөө охиных 40-өөд км. Би ч миний найз буцахдаа аав ээжийгээ дагуулаад очоорой гээд л дагуулаад явсан. Харуй бүрий болоход л гэртээ харьдаг байв. Аав очихоор загнахгүй ээ. Долоо хоноод л ааваар хүргүүлээд ирдэг байсан. Заримдаа хажуу айлын морийг гуйгаад мориор явна аа. Замд машинтай хүн таарвал жалганд морио хэвтүүлээд л нуугдана шүү дээ. /инээв/ Би угаасаа мал маллах, морь унах дуртай хүүхэд байлаа. Би гэж жижигхэн биетэй, цагаан дээл өмсөнө. Хүмүүс намайг “хурдан цагаан” гэж хочилдог байлаа. Энэ хоёр 30 билет өдөр шөнөгүй уншиж байхад би ганцхан 5 дугаар билетийг цээжлээд л тэр билетээ ороод сугалчихаж байгаа юм чинь.


Д.Цэрмаа /гурван ихрийн том/: Манай Дэнсмаа угаасаа олигтой сурдаг биш гээд хичээлдээ үнэн дургүй хүүхэд байсан. Гэхдээ их адтай. Тоглож байгаад хонь хургаа нийлүүллээ гээд аав уурлахад Дэнсмаа холбоостой хонин дундуур ороод нуугдчихна. Харин би ангайж зогсож байгаад л ороолгуулдаг байлаа. /инээв/ Би гэрийн ажилдаа их сайн, гэрээс гарах дургүй хүүхэд байсан юм. Найр наадам болж л байдаг. Энэ хэд морь унаад давхиад алга болно. Би моринд их муу байсан учир ийш тийш явдаггүй. Харин манай хоёр хурдан морь сайн унадаг. Бараг бүх л уралдаанд орсон доо. Улсын наадамд л орж байгаагүй байх. Нэг удаа номхон морь унаад хонь эргүүлэхээр шогштол айлын уяатай нохойн дээр уначихдаг байгаа. /инээлдэв/




БИД АМЬДРАЛЫН ЭРХЭЭР 2-3 ЖИЛ НЭГНЭЭСЭЭ ХОЛ АМЬДАРЧ ҮЗСЭН Ч НЭГНЭЭ ҮГҮЙЛЭЭД ХЭЦҮҮ ЮМ БАЙНА ЛЭЭ


Гурван ихэр эмээ маань тус бүр зургаа зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ачтай буурлууд. Өдгөө Нисэхэд бараг хамар хашаа болон айлсан амьдарч байгаа юм. Ихрүүд цаанаасаа нэг хүйгээр холбогдож, өөр тавилантай төрдөг гэдэг нь үнэн бололтой. Тэд амьдралын эрхээр 2-3 жил нэгнээсээ хол амьдарч үзсэн ч нэгнээ үгүйлээд хэцүү юм билээ хэмээснээр бидний яриа цааш үргэжиллээ.


“Бид яг адилхан өвддөг. Миний толгой жаахан өвдөж хонолоо. Та хоёр гайгүй юу гэхэд гурвуулаа ижил л тэгж хоносон байдаг. Бид гурав хөдөө амьдарч байгаад анх 2003 онд нэг нь хот руу орж ирсэн юм. Тэгээд араас нь 2006 онд нэг нь орж ирлээ. Нөгөөхөө санаад чи хүрээд ир гэсээр 2008 онд хот руу оруулж ирээд энд гурвуулаа ойрхон сайхан байна. Нэгнийдээ орж гараад, элдэв зүйлийг ярьж, хөөрөлдөж суудаг даа” хэмээн гурван буурай маань тэмээний бөхөө янзалсан, чанасан эсэхээ нэг нэгнээсээ асууж, тэмээний бөхийн ач тусын талаар багахан зөвлөгөө өглөө.




Тэмээний бөхний орой дээрээс 4 хуруу хэмжээтэй огтолж аваад хайлуулж, бага багаар уувал хаванд сайн. Ялангуяа дотор хаванд сайн гэнэ. Мөн тэмээний махаа халгайтай хольж хуушуур хийвэл хаван буурна. Өөхөө хавар борцтойгоо холиод идэхэд янзын сайн. Түүнчлэн тэмээний чөмөгний тосыг хайлуулж үе мөчиндөө түрхвэл сайн гэнэ. Халгайг цай шиг хандалж уувал хаванд сайн. Ижий минь хавангаар нас барсан даа гэж ээжийгээ дурсан ярив.


“Энэ орчлонд хүн гэх их хувь заяаг хайрласан тэр дундаа гурван ихэр болж төрөх ховорхон хувь тохиол хайрласан ээж минь өндөр насалсан сайхан буянтай хүн. Аав минь урт наслаагүй ээ. Ааваас минь хойш хэдэн хүүхдээ өсгөх гэж ээж минь их хичээсэн дээ. 85 насалсан. Буянтай сайхан өдөр зургадугаар сарын 1-нд бурхан багшийн их дүйчин өдрийн өглөө бурхан болсон. Ерөөсөө өвдөх, зовох зүйл байдаггүй, бие сайтай хүн байсан. Аягатай цайгаа хувааж ууж байгаад л миний өвөр дээр өнгөрсөн дөө” хэмээн том охин Д.Цэрмаа нулимс цийлэлзүүлэн ээжийгээ дурссан юм.


ЭХ ХҮН БОЛСНЫХ АЛДАРТ ЭХИЙН ОДОНГОО АВЧ БАЙСАН МИНЬ Л ХАМГИЙН САЙХАН БАЯР БАЙЖЭЭ


Д.Цэрмаа: Огт эмнэлэгт хэвтэж, үзүүлж үзээгүй хүн. Миний санахын 5 дугаар ангид байхад мориноос унаад хавиргаа эвгүй болгож л эмнэлэгт ганц удаа үзүүлж байсныг санадаг юм. 80 гарчихаад л араг үүрээд гүйж байсан хүн шүү дээ ээж минь. Тэр үед тараг, өрөм гарсан, ногоо сайхан ургасан сайхан жил байсан. Нутгийн хүмүүс ямар буянтай хүн бэ ийм сайхан өдөр өнгөрлөө гэж ярьдаг байсан. Ээж бид хоёр өглөө эрт ямаагаа саачихаад л орж ирээд цай уугаад сууж байсан юм. Ээж бага зэрэг чийгтээд байна уу, хавагнаад байх юм гээд л ярьж суусан. Ээжийнх нь бие жаахан эвгүй болоод байна гэсэн. Би эмч дуудах уу гэтэл зүгээр зүгээр гээд нэг л эвгүй болохоор нь би толгойг нь түшээд л цаг хараад бурхан болсон доо.




Д.Дэнсмаа: Манай хэдийнх жаахан зайтай байсан юм. Би өглөө ажлаа амжуулчихаад л нэг л эгчийнх рүү явмаар санагдаад, яг үүдэн дээр нь иртэл эгчийн хүүтэй таарсан. Хаван нь гадагшлахгүй дотогш орсон юм шиг байгаа.


Гурван буурай маань ийнхүү ээжийгээ дурсан ярихдаа нүдэнд нь нулимс цийлэгнэж байсан юм. Мөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрөөр хамгийн сайхан баярлаж байсан дурсамжаа хуваалцаач гэхэд “Эх болсных алдарт эхийн одонгоо авч байсан л бид гуравт хамгийн сайхан баяр байжээ” гэлээ. Гурван буурай маань улс орныхоо төлөө хийж бүтээсэн ажлаа төр засагтаа үнэлүүлэн олон ч гавьяа шагналаар энгэрээ мялаажээ.




Тэд өнгөрсөн жил аавынхаа төрсөн нутаг Ховдын Дарви суманд очиж авгын талын төрөл төрөгсөдтэйгээ танилцаж, уулзаад ирсэн гэнэ. Аавын минь талд ихрийн удам байсан гэдгийг тэгэхэд л мэдсэн дээ хэмээн буурай нар минь хуучилсан юм.


Ярилцлагынхаа төгсгөлд 3 ихэр буурай минь Монголынхоо нийт ихрүүд болон бүсгүйчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлж, хамгийн гол нь Монголын үрс олон болох нь чухал. Мөн боловсролтой ирээдүйдээ итгэлтэй, хөдөлмөрч, шаргуу ажиллах хэрэгтэй гэдгийг залуу үеийнхэндээ захисан юм. Монголын анхны ихэр гурван буурайдаа ч мөн эрүүл энх урт насалж, залуу дүү нартаа үнэтэй сургамжаа харамгүй хайрлаж байхыг хүсье.


Монголынхоо бүх сайхан эмэгтэйчүүд, бүсгүйчүүддээ Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. .



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин....    4 сар, 1 долоо хоног [124.158.126.197]


ystoi saihan bnaa....az jargal husey


Зочин    4 сар, 1 долоо хоног []


Яасан хөөрхөн юм бэ.урт насалж удаан жаргаарай Төр засгаас харж үздэг л байхдаа.хүний орчлонд ховорхон заяаххувь тавилан шүү дээ. Монголд цөөхөн байдаг амьдралиймсаыхан хүмүүсүийгээ улс асарч байх хэрэгтэй шүү


Зочин    4 сар, 1 долоо хоног []


Яасан хөөрхөн юм бэ.урт насалж удаан жаргаарай Төр засгаас харж үздэг л байхдаа.хүний орчлонд ховорхон заяаххувь тавилан шүү дээ. Монголд цөөхөн байдаг амьдралиймсаыхан хүмүүсүийгээ улс асарч байх хэрэгтэй шүү


Зочин    4 сар, 1 долоо хоног [174.0.31.132]


ene horvoogiin hamgiin saihan buhniig husen yerooe.urt naslaarai