2018,3-Р Сар,05


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Л.Насанбуян: Би өөрийнхөө хүсэл мөрөөдөлд үнэнч, түүндээ хүрэхийн тулд зүгээр суухыг хүсэхгүй байна

8 сар, 2 долоо хоног TIMES.MN

“Оддын эрэлд-2” тэмцээний тэргүүн байрын шагналт, “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдааны шилдэг 15 оролцогчдын нэг, Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуянтай Италийн алдарт "Yamamay" дотуур хувцасны "Шангри-Ла молл" дахь салбарын нээлтэд таарч цөөн хором ярилцлаа. Урлагийн ертөнцөд өөрийгөө хөгжүүлж, чангаруулж яваа залуу, эрч хүчтэй бүсгүйчүүдийн нэгэн төлөөлөл яах аргагүй мөн билээ.




-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Танай продакшин “Benetton of Mongolia”-тай хамтран ажиллаад олон жил болж байгаа. Тэр ч утгаараа өнөөдөр дотуур хувцасны дэлгүүрийн нээлтэд хүрэлцэн ирлээ гэлээ. Таны хувьд эмэгтэй хүн, тэр дундаа урлагийн хүний хувьд дотуур хувцас хамгийн чухал байдаг байх. Дотуур хувцас сонгон авахдаа юуг нь анхаарч худалдан авалт хийдэг вэ. материал, өнгө үзэмж, загвар гэх мэт...


-Мэдээж биед эвтэйхэн материалтайг нь сонгоно. Гэхдээ урлагийн хүмүүс янз бүрийн материал, өнгийн хувцас өмсдөг учир өнгө өнгийн дотуур хувцастай байхыг шаарддаг. Тэр ч утгаараа нимгэн загвартай, торон, биед эвтэйхэн, загварлаг дотуур хувцаснууд Yamamay-н дэлгүүрт харагдаж байна.


-Таны хувьд “The Voice of Mongolia” дэлхийн хэмжээний шоунд оролцож, эхний шатандаа тэнцсэн. Мэдээж хүн бүр өөр өөр л хүлээж авч байна. Дэмжих нэгэн байхад бас шоу бүрд орлоо гэж дургүйцэх хүмүүс байна.




-Яг тийм. Би анх тус шоунд бүртгүүлж байхдаа л энэ асуудлыг олон удаа бодож үзсэн. Хүмүүс юу гэж ярьж, хэлэхийг мэдэж байсан учир надад тэр асуудал эмзэгээр тусахгүй байгаа. Намайг "Universe Best Songs" тэмцээнд оролцож байхад бас л тэгж хэлж, ярьж л байсан. Дэлхийн 67 гаруй оронд болж буй томоохон хэмжээний шоу албан ёсны эрхтэйгээр Монголд болж байна. Дэлхий Монголын залуус юу өмсөж, юу сонсож, дуулж, яаж урлагаар хичээллэж буйг харж байгаа учир би залуу хүний хувьд орох ёстой гэж бодсон. Магадгүй "Youtube"-д тавигдсан миний бичлэгийг сонсоод гадаадын нэг продюсер хамтарч ажиллахыг үгүйсгэхийн аргагүй. Миний хувьд урлагаар мэргэжлийн сургууль төгсөөд, мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж, явах ёстой замаараа, бор зүрхээрээ хөдөлмөрлөж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө явж байгаа Монголын залуусын нэг төлөөлөл. Тиймээс хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд гараа хумхиж суухгүй, ямар нэгэн хэмжээгээр шат ахиж байх ёстой. Олимпод оролцохын тулд тамирчид өөрийнхөө чансааг ахиулахын тулд Дэлхийн аваргад оролцож, чансаагаа ахиулж байдаг. Үүнтэй адил би ч гэсэн чансаагаа ахиулмаар байна. Миний хувьд би өөрийгөө болчихлоо, би лаг, мундаг гэж боддоггүй. Өөрийгөө байнга голдог, өөрийгөө илүү хүнд сорилтод сорьж үзэхийг боддог. Энэ шоунаас хойш Монголд уралдаан, тэмцээнд орохгүй. Харин магадгүй боломж олдвол гадаадын, мөрөөдөж байсан Америкийн "Voice"-д оролцож магадгүй. Мэдээж би хүн бүрд таалагдаж чадахгүй учир хүн бүр л өөр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байгаа. Тэр болгоныг би үгүйсгэхгүй. Би өөрийнхөө хүсэл мөрөөдөлд үнэнч, түүндээ хүрэхийн тулд зүгээр суухыг хүсэхгүй байна. Өөрийнхөө хүссэн зүйлийн төлөө гүй, гүйж чадахгүй бол алх, алхаж чадахгүй бол мөлх, мөлхөж чадахгүй бол хараад зогсож бай гэдэг үг байдаг даа. Түүнтэй адил дараа нь харамсаж сууснаас ороод өөрийгөө сориод үзсэн нь дээр гэж бодсон.


-Одоогоор "Voice"-доо анхаарлаа хандуулах гэж байна уу, нэг бол шинэ уран бүтээл хийхээр төлөвлөж байна уу?


-Маш олон зүйлийг төлөвлөсөн байгаа. Мэдээж ойрын хугацаанд, эхний зүйл бол Voice байна. Дараагийн төлөвлөгөө нь өөрийн гэсэн уран бүтээлээ цааш үргэлжлүүлэн хийнэ. Олон сайхан хит дуутай болно. Хүн бүрийн зүрх сэтгэлд хүрсэн тэр л сайхан дууг амилуулж дуулж, өөрийн гэсэн хит дуутай тийм л дуучин болохыг хүсэж байна.




-Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяагийн шавь гэдгийг тань олон хүн мэднэ. Багштайгаа цаашид хамтарч ажиллах уу?


-Тийм. Олон жил хамтарч ажиллаж байна. Хүмүүс сайн мэдэхгүй, юу хийж амжуулсан юм бэ гээд байгаа болохоос хувь хүнийхээ хувьд СУИС-д мэргэжлийн хичээлийг сонссон. Харин Сараа эгч дээр очоод практик зүйлсийг сурсан. Тухайлбал, дуучин хүнд хэрэгтэй бүх зүйлийг сурч мэдсэн. Аймгийн төвд тоглолт хийхэд ямар байдаг, сумын төвд тоглолт хийхэд ямар байдаг гэх зэрэг бүх практик, дадлагыг Сараа багшаасаа сурсан. Мөн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад Сараа багштайгаа хамт тоглолт хийсэн. Тэсрэлт хийгээгүй л байгаа болохоос өөрийнхөө хувьд хөгжүүлэх зүйлсээ хөгжүүлээд явж байна гэж боддог.




-Өөрийн бие даасан тоглолт ч юм уу, цомгоо хэзээ гаргах вэ?


-Анхны цомгоо 2012 онд гаргасан. Хоёр дахь цомгон дээрээ ажиллаж байгаа. Гэхдээ цомог гэж нэр зүүгээд тооны араас явахыг боддоггүй. Чанартай уран бүтээл, дуу хийх ёстой гэдэгт анхаарч байна. Voice тэмцээндээ маш сайн оролцох хэрэгтэй гэж бодож байна. Юмыг жижиг өнцгөөс харж болохгүй. Цаашид цомгоо ч гаргана, тоглолт ч хийнэ. Төлөвлөсөн, бодсон зүйл олон байна. Бага багаар хийгээд л явж байна.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.