2018,3-Р Сар,02


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Д.Пүрэвсүрэн: Хүний амьдралд амин чухал зүйл бол яах аргагүй гэр бүл, үр хүүхэд

2 жил, 10 сар TIMES.MN

Амьдралын утга учир юу вэ? Энэ асуултыг өөрөөсөө та нэг асуугаад үзээрэй.


“Амьдралын утга учир гэдэг та яаж, аль өнцгөөс харж байгаад оршдог. Зарим үед хэцүү бэрхийг туулсныхаа дараа амьдралын үнэ цэнэ энгийн болохыг ойлгодог....”




Амьдрал гэгч өргөн, уудам далайд зовлон, жаргал ээлжлэн, үнэн худал дэнсэлж байдаг. Тэгвэл хүн амьдралын бодит үнэнтэй нүүр тулахаас айдаг, татгалздаг. Гагцхүү амьдрал хатуу биш, харин үнэн л хатуу байдаг аж. Амьдралын үнэнтэй нүүр тулахын зэрэгцээ үнэнг олж чадсан Хулан гэгч бүсгүйн ээдрээт амьдралын тухай өгүүлэх “Амьдрал” уран сайхны киноны pre screening буюу үзлэг Зайсан дахь Prime Cineplex кино театрт өнгөрсөн сарын 28-ны өдөр боллоо.


“Амьдрал” киноны гол дүрд СТА, жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа, С.Болд-Эрдэнэ, Э.Мөнхтөр нар тоглосон бол ерөнхий найруулагчаар “Лардьма”, ”Үргээлэг”, “Бодлын хулгайч”, “Цагаан хадаг” зэрэг дэлгэцийн бүтээлээрээ үзэгч олны хүндэтгэлийг хүлээсэн найруулагч Ж.Сэнгэдорж ажиллажээ.




Найруулагч Ж.Сэнгэдорж “Амьдрал” киногоороо хүний сэтгэлийг хөндөж, илүү дотогшоо чиглэхийг хүссэн. Бие биеэ, зүрх зүрхээ мэдэрч, дотогшоо чиглэхийг хүссэн. Монголын кино бүхэн тэсрэлттэй байж, өөр өнцөг рүү явцгаагаасай. Мөн илүү үнэн байгаасай гэдгийг бүтээлдээ харуулахыг хүссэн." гэв.


Эмэгтэй хүн тэр дундаа эх хүний утга учир нь үр хүүхэд байдаг. Гэтэл ойд төөрөн алга болсон үрийнхээ араас зовж шаналсан бүсгүй эцсийн дүнд хүүгийнхээ цогцсыг таних зориг, зүрх байгаа болов уу. Амьдралынхаа хайртай бүхнийг алдсан бүсгүй үнэний эрэлд гарна. Үнэний эрэлд гарсан бүсгүй өвөл, зун, хүйтэн, халууныг үл анзааран дөрвөн улирал дамнан үнэнг олно. Гагцхүү үнэн юу байсан бол гэдгийг та өнөөдөр албан ёсоор нээлтээ хийх Амьдрал уран сайхны киногоос олоорой.




СТА, жүжигчин Д.Пүрэвсүрэн “Би багаасаа дутагдах гачигдах зүйлгүй өссөн Хулан гэж бүсгүйн дүрд тоглосон. Амьдралын дээд доод давхар байх нь ялгаагүй зовлон, жаргал биднийг ялгалгүй ирдэг. Үйлийн үр гэхээр муу талаас нь бодоод байдаг. Та сайн үр тарьвал сайн үр, муу үр тарьвал муу үр ирнэ. Тиймээс үйлийн үр гэдэг эргэх холбоосоор байж л байдаг. Хүүхдүүддээ хүн цаг гаргах хэрэгтэй. Хүнд амин чухал зүйл бол яах аргагүй гэр бүл, үр хүүхэд юм” гэлээ.




СТА, жүжигчин, продюсер Б.Навчаа "Үйлийн үрийн талаар дуугарах цаг болжээ. Зураг авалтаа бүтэн жилийн хугацаанд хийж дууслаа. Мэргэжлийн хүмүүс үзээд өндөр үнэлгээ өгсөнд баяртай байна. Залуу насанд үйлийн үрийг тоодоггүй байх. Нас явах цагт яах аргагүй хаалга тогшин ирнэ. Үйлийн үрийг заавал муу гэлгүй, сайн ч үйлийн үр байж болно. Хүн зөв л амьдрах хэрэгтэй. Д.Пүрэвсүрэн бид хоёр хамтраад “Dharma” кино компани байгуулж, хоёр жилд нэг удаа кино хийх төлөвлөгөөтэй байна. Бид хоёр бие биеэ сайн ойлгодог учраас цаашдаа сайн гар нийлнэ гэж бодож байна. Гэхдээ заавал бид хоёр гол дүрд нь тоглоно гээд байхгүй. Шинэ шинэ залуу уран бүтээлчдийг төрүүлнэ. Миний хувьд өмнө хийсэн бүтээлээсээ давж хийнэ. Дахиж ухрах арга байхгүй. Дараагийн уран бүтээлийнхээ тухайд нууц хэвээр үлдээмээр байна. Кино уран бүтээл гэдэг цогц бүтээл. Бүгд 100 хувь ажилласан учир сайн уран бүтээл болж чадсан. Үүнд би бардам байна." гэлээ.




Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар "Амьдралын үнэн гэж чухам юу юм бэ? Олон янзын үнэнүүд бий. Нийтлэг амьдралын үнэн энэ кинонд гарч ирж байна. Тэрийг олохын тулд хүн чармайх ёстой. Ганцхан сунаж мөргөхдөө гол нь биш. Яаж үнэнийг олохын төлөө тууштай, хатуужилтай, өөрийн бүх ухаан биеийг зарцуулж чадаж байна. Энийг л хэлж өгч ухааруулсан юм шиг санагдлаа. Сүүлийн үед нэрд гарч байгаа сайхан жүжигчид тоглосон байна. Гэхдээ дутуу зүйлс бас байна. Гэхдээ тэр бүрийг хэлэхдээ гол нь биш. Жүжигчид маань өөрсдөө түүнийгээ хараад засах байх. Залуу жүжигчдэд дүр гэж зүйл байхгүй болоод байх шиг. Нийтлэг байна. Зүгээр л амьдрах гэдгээрээ яваад байна уу даа. Амьдралын бодит үнэнийг үзэгч түмэндээ ойлгуулж, сэхээрүүлж өгнө гэдэг том амжилт. Орчин үеийн киноны нийтлэг зүйл рүү битгий ороосой. Монголын ард түмний соёл, урлаг гэдэг маш том онцлогтой. Бүтээлийн хувьд би онц дүн тавина. Найруулагчийн шахалт маш их байна. Мэргэжлийн онцлог, мэргэжлийн хүний нүдээр харахад найруулагчдаа хүчиндүүлсэн үе ч харагдаж байна."




Киноны зохиолч Т.Номуунзул “Анх Сэнгэдорж найруулагч үйлийн үрийн тухай, сунаж мөргөх үйлийг кинотойгоо холбосон зохиол бичмээр байна. Гол дүрд нь эмэгтэй хүн тоглох болохоор чи эмэгтэй хүнийхээ хувьд зохиол бичээч гэдэг санал тавьсан. Чадлынхаа хэрээр гайгүй бүтээл хийхийг зорьлоо. Гол гаргах гэсэн санаагаа гаргасан. Сэнгэдорж найруулагч зохиолыг өөрийнхөөрөө их өөрчилдөг. Миний хувьд их айдастай байсан. Харин энэ удаагийн зохиолыг айхтар өөрчлөөгүй. Бараг 100 хувь зохиолоороо байлаа. Мэдээж найруулагчийн гоё шийдлүүд байсан. Хүн үйлийн үрээ үүрч амьдардаг гэсэн санааг "Амьдрал" уран сайхны кинондоо гаргахыг хичээсэн. Зохиолоо сар гаруй хугацаанд бичсэн. Миний хувьд зохиолоо бичихдээ нүдэндээ төсөөлж бодон, өөрийгөө гол дүрийнхээ оронд тавьж бичдэг. Сунаж мөргөх ямар хэцүүг мэдэхийн тулд 14 хоног 108 сунаж мөргөсөн. Зохиолоо бичиж байхдаа маш их уйлсан учир энэ зохиол маш хүнд байлаа. Учир нь анх зохиолоо бичихдээ хүүхэд нь үхнэ гэдгийг мэдэж байсан хэдий ч үйл явдал бүр нь эргэж тэр хэсэгтэй уялддаг учир их уйлж бичсэн."




Кино зохиолч, найруулагч А.Миеэгомбо "Үйлийн үрийн тухай дуугарах ёстой. Тэгж байж үзэгчдээ өөр юм руу хөтлөх болов уу гэж бодож байна. Утга санааг нь олон шугамаар харуулж, логикийн хувьд наана цаана оруулсан мөртлөө үзэгчдэд тэр бүхнийг ойлгуулж байгаа нь сонирхолтой байлаа. Хүний амьдралын мөн чанар юунд байдаг вэ гэдгийг бага ч атугай ойлгуулах ёстой юм болов уу гэж бодож байна. Киноны найруулга, зохиол маш сайхан болсон байна. Хөгжмийн зохиолч Г.Онон дүрүүдийн дотоод сэтгэлийг илэрхийлсэн хөгжмийг гоё олж гаргасан гэж санагдлаа. Манайхны хийж байгаа арилжааны киног бодвол илүү даацтай бүтээл боллоо гэсэн дүгнэлтэд хүрч байна."




"Шар айраг" хамтлагийн дуучин Г.Ганхүү "Продюсер Б.Навчаа, гол дүрд тоглосон Пүүжээдээ, найруулагч Ж.Сэнгэдэдорж бүрх оролцсон хүмүүстээ баяр хүргэе. Хөгжимчин хүний хувьд надад маш их таалагдлаа. Хөгжмийн зохиолч Онон ямар мундаг хийгээ вэ. Компьютер график бас их таалагдлаа."










Гэрэл зургийг Э.Нинжин










Холбоотой мэдээлэл