2018,3-Р Сар,01


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Ж.Гантулга: Цахим донтолтод бүх насныхан өртөж байна

5 сар, 3 долоо хоног TIMES.MN

Сүүлийн үед цахим донтолт болон мансууруулах бодисын хэрэглээ өсвөр насныхан, залуусын дунд ихсэх хандлагатай байгаа талаар СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулгаас тодрууллаа.


-СЭМҮТ-ийн донтох эмгэгийн тасагт ямар оноштой хүүхдүүд түлхүү ирж байна вэ. Мансууруулах бодисын хэрэглээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Ялангуяа өсвөр насныхан, залуус энд өртөж байна гэсэн судалгаа байгаа?


-Донтох эмгэгийн тасагт мансууруулах бодисоор хэвтэн эмчлүүлдэг тасаг бий. Тэнд нэг хүн бол заавал байдаг болсон. Тухайлбал нэг хүн 10-14 хоног эмчлүүлээд гарахад дараагийн хүн нь ирж байх жишээний. Хуучин хааяа нэг ирдэг байсан. Хоёрдугаарт мансууруулах бодист донтчихлоо, би эмчлүүлье хэмээн гарч ирэх нь маш бага. Манай эмчилгээ бол сайн дурынх. Нуугдмал буй хүмүүсийн талаар хийгдэж байгаа судалгаа байгаа. Удахгүй судалгааны дүн гарна. Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдоход тэднийг заавал тусгай комиссын сэтгэцийн үзлэгт оруулдаг. Энд ирж буй залуус ихсэж байна. Бөөнөөрөө баригдаад ирж байгаа ч тэдний цаана дахиад нуугдмал хэдэн хүн байгаа нь санаа зовоох асуудал юм. 2017 онд Засгийн газраас мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой хөтөлбөр батлагдсан. Үүний хүрээнд Олон улсын Колумб хөтөлбөрт нэгдээд эхний шатны сургалт нь өнгөрсөн нэгдүгээр сард болсон. Дэлхий даяар мансууруулах бодисын эмчилгээ хэцүү байгаа учир урьдчилан сэргийлэх, үүнийг зөв ойлгуулах чиглэлээр энгийн бөгөөд ойлгомжтой байдлаар хүмүүст хүргэх аргачлалаар сургалтаа явуулж байгаа. Энэ нь нэг удаагийн сургалт бус, цааш үргэлжлэх цуврал сургалт юм. Тэдгээр хүмүүс бэлтгэгдээд үндэсний хэмжээний сургагч багш бэлтгэх, хүн бүхэнд донтох эмгэг гэдгийг үнэн зөвөөр нь ойлгуулах нь чухал юм байна гэдгийг бид ойлгосон. Тус сургалтыг Филиппин, Малайз, Тайландаас багш нар ирж явуулсан.


-Донтох эмгэгийн эмчилгээнд 10-14 хоног эмчлүүлээд гардаг гэлээ. Тэдгээр гарсан хүмүүс эргэж ирэх тохиолдол бий юу?


-Манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй донтох эмгэгийн хамгийн түгээмэл нь архины асуудал байгаа. Эргэж ирэх асуудал байдаг. Донтох эмгэгийг архаг, дахидаг, даамжирдаг эмгэг гэдэг. Нэг л өдөр өргөс авсан мэт алга болохгүй. Тиймээс ямар төрлийн бодист яаж донтсон нь хамаарна. Тухайлбал, зан үйлийн донтолтод хүүхэд, өсвөр насныхан илүү өртөж байхад цахим донтолтод бүх насныхан өртөж байна. Донтох эмгэг үүсэхээс өмнө бидэнд сонголт их байдаг. Гэтэл нэгэнт донтох эмгэг үүссэний дараа түүнийгээ зохицуулна, эмчилнэ гэдэг их бэрхшээлтэй. Тиймээс хүн зөв амьдралын хэмнэлийг хэвшүүлж чадвал хэрэглээ, эрүүл мэнд нь зөв байна.


-Донтох гэхээр ямар шинж тэмдэг илрэх вэ?


-Бас хамаарал гэж нэрлээд байгаа. Тухайн зүйлгүйгээр тайван байж чадахгүй байх, бодогдоод, тогломоор санагдах, тэрнийхээ төлөө санааширч, мөрөөдөх, хүүхдүүдийн хувьд хичээл нь сонирхолгүй болж эхлэх, эцэг эхдээ худал хэлэх, мөнгө хэлж авах, хэлэхгүй авах гэх мэт олон шинж тэмдэг илэрнэ. Гэхдээ өнөөдөр PC тоглоомд мөнгө өгч тоглодог үе ард хоцорсон. Хаана ч, ямар байдлаар тоглох бүрэн боломжтой болсон. Миний хувьд утсан дээрээ тоглоом татаж тоглохгүй гэдэг зарчим баримталдаг. Ингэснээр би өөрийгөө донтолтоос сэргийлж чадаж байна гэж бусдад уриалдаг. Ялангуяа бага насны хүүхдүүдэд гар утас, таблет зэргээр тоглуулахыг хориглох хэрэгтэй гэж манайхан зөвлөж байгаа. 15 нас хүртэл битгий тоглуул. Түүнээс цааш хяналттай хэрэглүүл. Гэтэл замбараагүй хэрэглэж байна. Бараг хүүхэд саатуулах хэрэгсэл болгож байна. Хэдийгээр эцэг эхчүүдэд амар байгаа хэдий ч цаана нь гарах үр дүнг бодож үзэх хэрэгтэй. Бид өөрсдөө үр хүүхдэдээ үлгэрлэх хэрэгтэй. Огт битгий хэрэглэ гэж хэлэхгүй, энэ бол боломжгүй зүйл. Зөв, ухаалаг хэрэглээг төлөвшүүлье. Өөртөө ашигтайгаар өөрийнхөө эрүүл мэндэд хор уршиг учруулахгүйгээр хэрэглэж, амьдралдаа илүү их бүтээмж, сайн сайхан зүйл авчрахын тулд үүнийг ашиглах ёстой. Харин утастай болонгуутаа тоглохын тулд ашиглаж байвал энэ танд тус биш ус болж байгааг санах хэрэгтэй.


-Тоглоом, дэлгэц, утсанд донтох зэрэг дотроо олон янз байх шиг байна.


-Юунд донтож буйгаасаа бас хамаарна. Гэхдээ донтолт үүсч буй шат дараалал нь адилхан.


-Эцэг эхчүүд бага насны буюу цэцэрлэгийн насны хүүхдүүддээ хүүхэлдэйн кино, бичлэг утсаар их үзүүлдэг. Танай эмнэлэгт цэцэрлэгийн насны цахим донтолтод өртсөн хүүхдүүд ирдэг үү?


-Эцэг эхчүүд зөвлөгөө авах зорилгоор ирдэг. Эрүүл, эрсдэл багатай хэрэглээ, донтох өндөр эрсдэлтэй хэрэглээ гэж байдаг. Эдгээр шатуудыг давсны дараа донтох эмгэг үүсдэг. Түүнээс зүгээр явж байгаад гэнэт донтох эмгэг үүснэ гэж байхгүй. Тиймээс таны хүүхэд хэвийн бус хэрэглээд байвал мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах бүрэн боломжтой. Эцэг эхчүүдийн хувьд хүүхэд минь утаснаас салахаа болилоо. Худал ярьж, хичээлдээ муудаж байна, шөнө олигтой унтахгүй байна гээд ирж байгаа тохиолдол СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникт байгаа.


-Дээрх шинж тэмдэг илэрвэл шууд танай эмнэлэгт хандахад болох уу?


-Болно. Манай эмнэлэг Хүүхэд, өсвөр үеийн тусгай клиниктэй.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.