2018,2-Р Сар,27


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Э.Тайванбаатар: Гормоны бэлдмэл хоргүй хавдрын нэг шалтгаан болж байна

4 сар, 3 долоо хоног TIMES.MN


Монгол улсад 2016 онд 5991 хүн хорт хавдраар өвдөж, 4112 хүн нас барсан бөгөөд одоогоор 15000 гаруй хорт хавдартай хүн амьдарч байна. Хорт хавдрын нас баралт өндөр байгаагийн шалтгаан нь нийт хорт хавдрын 76 хувь нь хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй үе шатандаа оношлогдож байгаатай холбоотой юм. Мөн манай улсад бүртгэгдэж буй нийт хорт хавдрын 70 гаруй хувийг элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна. Ялангуяа элэгний хорт хавдрын тохиолдол их байгаа билээ. Тиймээс Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Э.Тайванбаатартай элэгний өвчлөлийн талаар ярилцлаа.




-Манай улс элэгний хорт хавдраар дэлхийд тэргүүлж байна. Тэгэхээр элэгний өвчин дотроо олон төрөл байх шиг байна. Тухайлбал, голлон тохиолдож байгаа элэгний хорт хавдар болон элэгний хатуурал/цирроз/-ын ялгаа нь юу вэ?


-Элэгний өвчин дотроо хавдрын болон хавдрын бус гээд маш олон төрөл байдаг. Хавдрын бус өвчлөл нь хортой, хоргүй хавдрын урьтал болдог. Мөн үрэвсэлт өвчнүүд хавдрын урьтал өвчинд багтана. Элэгний өвчлөлийн хувьд В, С вирусийн болон бусад шалтгаантай элэгний архаг болон цочмог үрэвсэл гэж байдаг. Ганцхан В, С вирус элэгний өвчин үүсгэхгүй. Маш олон шалтгаан бий. Манай улсад В, С вирусийн халдвар элэгний өвчлөлийн зонхилох шалтгаан болж байна. В, С вирусийн халдвар даамжирч архаг үрэвсэл үүснэ. Архаг үрэвсэл нь даамжирсаар элэгний хатуурлыг үүсгэдэг. Элэгний хатуурлын суурин дээр хортой хавдар үүсдэг. Мөн В, С вирусийн бус шалтгаантай элэгний бусад архаг үрэвслүүд байдаг. Үүнд хорт хавдар үүсгээд буй, мөн монголчуудын дунд зонхилон тохиолдож буй өвчин болох Порфирий буюу цусанд төмөр ихдэх өвчин багтана. Энэ нь элэг хатууруулагч, хорт хавдар үүсгэдэг нэг түгээмэл шалтгаан. Цусанд төмөр ихдэх өвчин нь ген, удамшлын шалтгаантай элэгний бодисын солилцооны эмгэг юм. Элэгний архаг үрэвсэл маш олон шалтгаантай.


Үүнд:

1. В, С вирус

2. Бодисын солилцооны эмгэгүүд

3. Ямар нэг эмийн шалтгаан /эмийн гаж нөлөө, хордлогоос үүссэн элэгний үрэвсэл/

4. Элэгний өөхжилт /элэгний хатуурлын нэг шалтгаан/

                   - архины бус шалтгаантай /хоол хүнс, таргалалт, зүй бус эмийн хэрэглээ/

                   -архины шалтгаантай

Бодисын солилцооны эмгэг гэдэг нь цусан дахь ямар нэг микро элементийн илүүдэл болон дутагдал юм.


-Энэ өвчин чимээгүй өвчин гэдэг. Хүний биед илт илрэх тэмдэг бага байж байгаад гэнэт илэрдэг гэдэг. Ажиглаад байхад 40-60 насны хүмүүст элбэг тохиолдоод байх шиг байдаг?


-Энэ бол юмыг өнгөцхөн дүгнэсэн өрөөсгөл ойлголт юм. Түрүүн хэлсэнчлэн олон шалтгаан, олон урьтал өвчин байдаг. Тэдгээр олон архаг суурь эмгэгүүд хүндэрч хавдар үүсдэг. Генийн өөрчлөлтөд орсон элэгний эс хавдрын эс болон хувирдаг. Элэгний эсийн генийн хувирлыг үүсгэж буй мөн олон шалтгаан бий. Өмнөх хэлсэн хавдрын суурь өвчнүүд гол шалтгаан нь болно. Мөн үүн дээр нэмэгдээд гаднын нөлөө буюу хүрээлэн буй орчин, амьдралын хэв маяг, улс орон бүрийн амьдралын хэв маяг, ёс заншил, зүй бус хооллолт, зүй бус эмийн хэрэглээ гээд бүгд орно. Зүй бус эмийн хэрэглээнээс манайд хамгийн их тохиолдож буй нь гормоны бэлдмэл байна. Гормоны бэлдмэлийн хэрэглээнээс Аденома буюу хоргүй хавдар үүсдэг. Уг хоргүй хавдрын 4-5 хувь нь хортой хавдарт шилждэг. Хоргүй хавдрыг үүсгэж буй гол шалтгаан нь жирэмслэлтээс хамгаалах эмийг замбараагүй хэрэглэснээс үүдсэн байдаг. Маш олон төрлийн хоргүй хавдар бий. Тэр бүхнийг яривал анагаахын бүтэн жилийн лекц болох учир товчхон яръя.


ЖИРЭМСЛЭЛТЭЭС ХАМГААЛАХ ЭМ ЭЛГЭНД ХОРГҮЙ ХАВДАР ҮҮСГЭЖ БАЙНА 


-Жирэмслэлтээс хамгаалах эмийг замбараагүй хэрэглээг дэлгэрүүлээч. Олон жилийн хэрэглээг хэлээд байна уу. Нэг бол заавар журмынх нь дагуу хэрэглэхгүй байхыг хэлж байна уу?


-Энэ эмийг олон жил хэрэглэсэн үү, их бага хэрэглэсэн үү, зөв бусаар хэрэглэсэн үү гэдэг нь хамаагүй. Ер нь жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэх нь тийм ч зөв бус. Уг эм нь эмэгтэй хүний биед дааврын гажуудал үүсгэдэг. Үүнээс үүдэн элгэнд хоргүй хавдар үүсдэг. Эрэгтэйчүүдийн хувьд анаболик стериод гэх дааврын бэлдмэлүүдийг булчингийн хэмжээгээ томруулах, хүч тамир оруулах гэж бодибилдинггийн зориулалтаар их хэрэглэж байна. Эрэгтэйчүүд энэхүү бэлдмэлийг хэрэглэснээр бөөрний дээд булчирхай болон элгэнд хоргүй хавдар үүсэх эрсдэлтэй. Мөн эрүүл бус хооллолт буюу хугацаа хэтэрсэн, тээвэрлэлт, хадгалалтын горим алдагдсан хоол хүнс хэрэглэвэл элэгний хоргүй хавдар үүсэх эрсдэл бий болно. Орчин үед хорт хавдар залуужиж байна. Элэгний хорт хавдар Монголд оношлогдож буй нийт хорт хавдруудын дунд дангаараа 40 хувийг эзэлж, 1 номерт ордог, хамгийн элбэг тохиолддог хортой хавдар юм.


-Элэг бүтэн Монгол хөтөлбөр хэрэгжээд үр дүнгээ өгч байна. Хүмүүс шинжилгээнд хамрагдах нь сайжирсан байна. Яагаад үүнд 40-60 насныхныг онцолсон бэ. Энэ насныхан дунд өвчлөл өндөр байна уу?


-Энэ насны хүмүүсийн дунд элэгний В, С вирусийн элэгний өвчлөл их байна. Учир 1990 оноос өмнө В вирусийн вакцин байхгүй, нэг удаагийн тариур болон эмнэлгийн хэрэгслүүд байхгүй байсан. Үүнтэй холбоотой энэ насны хүмүүст дээрх хоёр төрлийн вирусийн халдвар илүү их тархсан байгаа учир гол зорилтот бүлэг болгон онцолсон. Элэгний хавдрын зонхилох шалтгаан нь В, С вирусийн халдвар байна.


ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДАРТАЙ ГЭЖ НИЙТ ОНОШЛОГДОЖ БУЙ ХҮМҮҮСИЙН 20 ХУВЬ НЬ МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ ХИЙХ БОЛОМЖТОЙ БАЙНА


-Элэгний хорт хавдар хэдэн үе шаттай байна. Ямар шатанд нь мэс ажилбар болон боолт хийх боломжтой вэ. Саяхан танай эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс ажилбар амжилттай хийсэн. Энэ талаар дэлгэрүүлбэл.


-Ямар ч хорт хавдрыг дөрвөн үе шат болгон хуваадаг. I, II үеийг эрт үеийн хавдар, II, III үеийг хожуу үеийн хавдар гэж үздэг. Хорт хавдруудын үе шатны ангилал дотроо маш олон задаргаатай. Элэгний хорт хавдрын хувьд I, II шат буюу эрт үеийн хавдар гэж оношлогдсон хэдий ч харамсалтай нь боолт буюу бөглөх, түлэх, мэс засал эмчилгээг хийх боломжгүй нөхцөл гэж байгаа. Үүнд суурь элэг нь хатуурал ихтэй, шинжилгээ нь тааруу, элэгний дутагдалд орсон тохиолдолд дээрх эмчилгээнүүдийг хийх боломжгүй. Тухайн үе шатанд тохирсон эмчилгээ гэж байгаа боловч үе шатнаас хамаарахгүй эмчлэгдэхгүй нөхцөл гэж байдаг. Хавсарсан суурь эмгэг, биеийн байдлаас хамаарч эмчилгээ хийх боломжгүй тохиолдол элбэг байдаг. Элэгний хорт хавдартай гэж нийт оношлогдож буй хүмүүсийн 20 хувь нь мэс засал эмчилгээ хийх боломжтой байх жишээний. Үлдсэн хувь нь мэс засал хийх боломжгүй болсон байдаг. Мэс засал хийх боломжгүй тохиолдолд хавдрыг бөглөх, түлэх эмчилгээг хийдэг.


Бөглөх эмчилгээ гэдэг нь элэгний хавдрыг тэжээж байгаа артерийн судсаар нь дамжуулан хавдар луу тусгай холимог уусмалаар тарьж бөглөхийг хэлнэ. Мэс засал эмчилгээ хийх боломжгүй ч элэг шилжүүлэн суулгах боломжтой хүмүүс байдаг. Мөн мэс заслаар элэг тайрч хавдрыг авч чадахгүй ч бөглөх, түлэх эмчилгээ хийлгэх боломжтой тохиолдлууд байдаг.


Үүнд:

-элэг шилжүүлэн суулгах,

-элэг тайрч хавдар авах,

-хавдрыг бөглөх буюу TACE/Trans Arterial Chemo Embolization/

-түлэх буюу RFA/Radio Frequency Ablation/

-хавдрыг 96 градусын спиртээр тарьж хавдрыг үхүүлэх,

- хавдрыг хөлдөөх зэрэг эмчилгээнүүдийг хийх боломжгүй тохиолдолд орчин үед молекул бай/нексавар/ эмчилгээ гэж гарч ирсэн. Энэ нь хавдрын шинээр үүсэх цусан хангамж, судасжилтыг дарангуйлдаг химийн эмчилгээ юм. Уг эмчилгээ нь хавдрыг ахиулж, томруулж, үсэрхийлүүлэхгүй барьдаг. Энэ нь таблеткаар уудаг эм бөгөөд маш өндөр гаж нөлөө болоод өндөр үнэтэй. Хэрэв гаж нөлөө гарвал тунг нь бууруулна. Тунг нь бууруулсан ч гаж нөлөө нь хэтэрвэл эмчилгээг зогсоодог.


Түрүүн хэлсэн хавдрыг түлэх, спиртээр тарих эмчилгээг хавдрын хэмжээ 3 хүртэлх см жижиг тохиолдолд хийдэг. Үүнээс дээш хэмжээтэй хавдарт үр дүнгүй. Мөн бөглөх эмчилгээг хийх ганц л боломж бий. Энэ нь тухайн хавдар артерийн цусан хангамж сайтай байх явдал юм. Харин артерийн цусан хангамж муу, суурь элэгний үйл ажиллагаа, шинжилгээ муу бол бөглөх эмчилгээг хийх боломжгүй. Үүнээс гадна маш олон нарийн шалгуурууд бий. Тэр бүх шалгуурыг мэргэжлийн эмч үзэж, тогтооно. Харин дээрх төрлийн мэс засал, бөглөх, түлэх эмчилгээ зэргийг хийх эсэхийг мэргэжлийн эмч нар багаараа шийддэг.


Дараах тохиолдолд элэг шилжүүлэн суулгана.


Үүнд:

-элэг хатууралтай

-элэгний дутагдалд орсон

-элэгний хавдартай/3 см-ээс дээш хэмжээтэй 3 ширхгээс илүү олон тооны байвал эсрэг заалттай, 1 ширхэг хавдар 5 см-ээс дээш хэмжээтэй бол эсрэг заалттай/


Тиймээс хавдартай хүн бүр элэг солиулах боломжтой гэж ойлгож байгаа нь буруу юм.


Өнгөрсөн сарын 28-нд Хавдар судлалын үндэсний төвд анх удаа амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг элэгний хорт хавдартай өвчтөнд амжилттай хийсэн. Донорын хагалгааг ХСҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Чинбүрэн, реципиентийн хагалгааг ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн /ЭЦНБМЗТ/ эрхлэгч Э.Тайванбаатар миний бие гардан хийсэн. Энэхүү мэс засалд БНСУ-ын Самсунг эрүүл мэндийн төвийн эрдэмтэн, профессоруудын баг зөвлөхийн байр сууринаас оролцож дэмжин ажиллаж, тухайн хагалгааны эгзэгтэй агшнуудад гар бие оролцсон. 2011 оноос Самсунг электроник группийн дэмжлэгтэйгээр Самсунг эрүүл мэндийн төв болон ХСҮТ хоорондын хамтран ажиллах гэрээний дагуу “I love live” буюу “Би элгэнд хайртай” төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд манай ХСҮТ-ийн элэг шилжүүлэн суулгах багийн эмч, сувилагч, мэргэжилтнүүд Самсунг эрүүл мэндийн төвд суралцаж ирсэн.


-Өдөрт хэдэн хүнд хагалгаа хийж байна вэ?


-Өдөр бүр элэг, цөс, нойр булчирхайн хавдартай 3-4 хагалгаа хийдэг. Жилд 400 орчим хагалгаа хийдэг.


ЭЛДЭВ СУУРЬ ӨВЧИНГҮЙ ЭРҮҮЛ ЭЛЭГТЭЙ ХҮҮХЭД, ЗАЛУУ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДАР ИЛЭРЧ БАЙНА


-Манай хэд хэдэн нагац ах, эгч нар элэгний хорт хавдраар өвчилсөн. Зарим нь таны хэлсэн бөглөх, тайрах эмчилгээг хийлгээд эсэн мэнд байна. Харин зарим нь эмчилгээгүй хэмээн бурхны оронд одсон. Тэгэхээр миний хувьд үүнийг удамшил юм болов уу гэж үзээд байгаа. Ер нь элэгний хорт хавдар удамших уу?


-Түрүүн хэлсэнчлэн 40-60 насны хүмүүсийг гол зорилтот бүлэг болгон авсан байгаа. Элэгний хатуурал, хавдар удамшилтай огт хамааралгүй, олдмол. Учир нь элэгний В, С вирусийн гаралтай элэгний хатуурлаас үүдэн хавдар үүсдэг. Энэ В, С вирус элгийг үрэвсүүлж, хатууруулахаас гадна тухайн вирус идэвхтэй байгаа тохиолдолд элэгний эсэд хромосомын генийн мутац үүсгэдэг. Элэгний эс генийн өөрчлөлтөд орж хавдрын эс болон хувирдаг. Үүнээс гадна хүнсний мөөгөнцөр буюу гол төлөв үр тарианы, гурил, буудайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний мөөгөнцөр, хөгц нөлөөлдөг. Эдгээр хүнсний гаралтай хөгц, мөөгөнцөр хүний биед афлотоксин гэж хор ялгаруулдаг. Тэрхүү хор нь В, С вирустэй адил элэгний эсэд генийн өөрчлөлт үүсгэдэг.


Мэр сэр элэгний В, С вирусгүй, хатууралгүй, эрүүл элэгтэй хүүхэд, залууст элэгний хортой хавдар оношлогддог. Ялангуяа залуухан эмэгтэйчүүдэд /фиброламеллар НСС/ хэмээх хорт хавдар оношлогдож байна.


Бага насны хүүхдүүдэд мөн элэгний хорт хавдар тохиолдож байна. Эдгээр тохиолдлууд Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд/ЭНЭШТ/ оношлогддог. Хүүхдийн элэгний хавдрын тохиолдлуудад ХСҮТ-ийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эмч нар ЭНЭШТ-ийн эмч нартай хамтарсан хагалгаа хийдэг. Хамгийн элбэг тохиолддог хүүхдийн элэгний хавдар бол Гепатобластома юм.


-Хүүхэд болон эмэгтэйчүүдийн элэгний хавдрын шалтгаан нь юу вэ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэлтээс хамгаалах эмээс үүдэлтэй юу?


-Хүүхдийн элэгний хавдрын шалтгааныг ЭНЭШТ-ийн хүүхдийн эмчээс асуух нь дээр байх. Харин залуухан эмэгтэйчүүдэд тохиолдож буй элэгний хавдар маш ховор тохиолддог. Үүнийг судлаад үзэхэд 20-40 насны залуу эмэгтэйчүүдэд тохиолддог. Энэ нь цирроз буюу хатуурал, В, С вирус, архитай холбоогүй элэгний 19-р хромосомын гажуудал. Ямар нэг шалтгаангүй элэгний эсэд үүсдэг генийн гажуудал юм. Магадгүй үүнд амьдарч буй орчин нөхцөл нөлөөлдөг байхыг үгүйсгэх аргагүй. Судалгаа маш ховор байдаг юм билээ.


-Хорт хавдартай зарим хүмүүс ардын уламжлалт эмчилгээг сонгон тан уудаг. Уламжлалт аргаар эмчлэх боломж бий юу?


-Энэ бол аргаа барсан л арга. Ямар ч үр дүн, нөлөө байхгүй. Хорт хавдрыг төгс эмчилдэг ганц арга мэс засал эмчилгээ юм. Хагалгаа хийх боломжгүй нөхцөл байдал бас бий. Хэтэрхий жижиг буюу 1-3 см хүртэлх жижиг хавдарт хагалгаа хийдэггүй. Ийм төрлийн хавдарт ихэвчлэн түлэх эмчилгээ хийнэ. Хэрэв 3 см хүртэлх хавдар захын байрлалтай буюу өнгөц байвал түлэх эмчилгээ хийх боломжгүй. Учир нь элэг дайруулж хатгадаг болохоор техникийн хувьд боломжгүй гэсэн үг. Мэс засал эмчилгээг төгс болон хөнгөвчлөх хагалгаа гэж ангилна. Төгс эмчилгээ бол мэдээж хавдрыг төгс авна, тайрна. Гэхдээ төгс мэс засал хийлгээд хавдаргүй болсон ч хавдар үүсгэх шалтгаан байж л байдаг. Тиймээс төгс мэс засал эмчилгээний дараа байнга хяналт тавьдаг. Хавдар анх үүссэнтэйгээ ижил дахин үүсдэг. Харин хөнгөвчлөх мэс засал эмчилгээ нь хүний амьдрах хугацааг уртасгах, үр дүнгийн хувьд ялгаатай байдаг. Тухайн хавдар үсэрхийлсэн, дахилттай байвал хөнгөвчлөх хагалгааг хийдэг.

Эрт илрүүлж л чадвал аль ч хавдрыг төгс эмчлэх бүрэн боломжтой.


ХОРТОЙ ХАВДАР ОНОШЛОГДВОЛ ТӨРӨӨС БҮХ ЗАРДЛЫГ ДААНА



-Мэс засал, хагалгаанууд үнэ өртгийн хувьд ямар байдаг вэ. Эрүүл мэндийн даатгалаас хэдий хэмжээг нь төлдөг юм бол.


-Хортой хавдар оношлогдсон тохиолдолд хагалгаа, мэс ажилбар, эмчилгээг төр 100 хувь даана. Харин ЭМД-аас мэс заслын өндөр өртөгтэй нэг удаагийн нэмэлт хэрэгслүүдийн зардлын тодорхой хувийг төлнө. Даатгал төлөөгүй үлдэгдэл хувийг даатгуулагч өөрөө төлнө. Нэг удаагийн хэрэгсэл бүр янз бүрийн үнэтэй. Зарим нэг хэрэгслийг даатгал 100 хувь төлдөг. Зарим хэрэгслийг даатгал 70 хувь, 10 хувь гэх мэтээр янз бүрээр төлдөг. Тухайлбал 3 сая төгрөгийн үнэ бүхий нэг удаагийн хэрэгсэл байлаа гэхэд 500 мянгыг нь даатгуулагч төлөөд үлдсэнийг нь даатгал төлөх жишээний. Ингэж өндөр өртөгтэй нэг удаагийн багажийн зардлыг даатгал төлдөг болсноор иргэдийн нуруун дээрээс маш их ачааг хөнгөвчилж өгч байна. Ийнхүү даатгал төлдөг болоод хоёр жил болж байна. Үүнээс өмнө иргэд өөрсдөө худалдаж авдаг байсан.


-Ярилцлагынхаа төгсгөлд иргэддээ зөвлөгөө өгөөч. Хорт хавдар гэгчээр өвчлөхгүй байхын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?


-Би жишээ татаж хэлмээр байна. Өнөөдөр Монголд дийлэнх айл машинтай байна. Машиндаа ямар ч хэл үггүй, маргаангүйгээр даатгалыг нь төлж, жил бүр үзлэг оношилгоонд нь оруулдаг. Харин өөртөө машинд зарцуулж буй мөнгөн дүнгээс хэдэн арав дахин бага зардал гарган шинжилгээ хийлгэж, даатгалдаа хамрагдаж, өөрийнхөө эрүүл мэндэд цаг зав гарган урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаж чадахгүй байна. Энэ нь аливаа өвчин хүндэрсэн шатандаа оношлогдож буйн гол саад юм. Ер нь хүн бүр өөрийнхөө эрүүл мэндэд хариуцлага хүлээх ёстой. Тиймээс иргэн бүр эрүүл мэндийн даатгалтай байх, жил бүр урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэж байх, өөрийнхөө эрүүл мэндэд үүрэг, хариуцлага хүлээх ёстой. Тэгж чадвал хавдар болон бусад өвчин хүндрээгүй, эрт шатандаа оношлогдож, сайн эмчлэгдэнэ. Үүнээс гадна эрүүл зөв хооллож, эрүүл амьдралын хэв маягт суралцах хэрэгтэй.


Түүнчлэн спорт, хөдөлгөөн маш чухал. Ядаж л сайн алхдаг байх хэрэгтэй. Өвлийн цагт агаарын бохирдол, хоол хүнсний эрүүл ахуй, хөрс, усны бохирдол, гадаад орчин биднийг элдэв өвчний эрсдэлд оруулж байна. Үүнд төр засгийн зүгээс дорвитой алхам хийж, анхаарч ажиллан агаар орчин болоод хөрс, усны бохирдлоо багасгаж ажлаасай гэж хүсдэг. Мөн хорт зуршлаасаа салах хэрэгтэй. Ялангуяа архи, тамхины хэрэглээ замбараагүй болж байна. Архидалт залуужиж, хөл толгойгоо алдлаа.


Архи, тамхи элэгнээс гадна нойр булчирхай, уушги, ходоод, цөсний замын гол хорт хавдрын голлох шалтгаан болж байна.


Архи, тамхины хэрэглээг бууруулахын тулд 10 жилийн сургуульд буюу бага, дунд, ахлах ангид эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг маш чанартай явуулах хэрэгтэй. Эрүүл мэндийн боловсролд ганц хорт зуршил гэлтгүй иргэн хүний хариуцлага, эрүүл мэндийн даатгал, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах тухай, эрүүл амьдрах хэв маяг, зөв хооллолт, спорт, хөдөлгөөн гээд бүх зүйлийг цогцоор нь тусгах нь илүү үр дүнтэй. Эрүүл мэндийн боловсролыг залуу үедээ сайн олгож байж ирээдүйд эрүүл зан үйл, боловсролтой, эрүүл амьдралын хэв маягтай, эрүүл залуус Монгол Улсыг авч явна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.