2018,2-Р Сар,23


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Т.Мандхай: Өсвөр насныхны 14.3 хувь нь ямар нэгэн хэмжээгээр тамхи, согтууруулах ундаа хэрэглэж байна

8 сар, 3 долоо хоног TIMES.MN
Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах, мэдлэг мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай байгааг судалгааны дүнгүүд харуулж байна. Тухайлбал, 2011 онд Дэлхийн зөн, Архидалт Мансуурлын эсрэг ассоциацын хийсэн судалгаанд “Монголын өсвөр үеийнхний /12-17 нас/ 70.6 хувь нь согтууруулах ундааг хэрэглэж үзсэн” гэсэн байдаг аж. Тус судалгаанд хамрагдсан 7000 гаруй хүүхдийн 45 хувь нь архи, тамхи, мансууруулах бодисын сөрөг талыг огт мэдэхгүй байсан бол 7 хувь нь сайн мэднэ гэсэн байна. Харин үлдсэн 48 хувь нь бага зэрэг мэддэг гэжээ. Энэ талаар СЭМҮТ-ийн хүүхэд, өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Мандхайгаас тодрууллаа.




-Өсвөр үе, залуусын архи, тамхины хэрэглээ өндөр байгаа юм байна. Ямар тохиолдолд донтолт үүсээд байна вэ?


-Өсвөр нас гэдэг маш эмзэг үе. Энэ насныхны сэтгэл зүйн онцлог нь их сониуч, бусдыг даган дуурайх шинжтэй байдаг. Үүнтэй холбоотой хүүхдүүд архи, тамхийг эхлээд сонирхож хэрэглэдэг. Мөн насныхаа онцлогоор хэрэглэж үздэг. Мөн гэр бүлийн хүмүүжлийн асуудал үүнд нөлөөлж байна. Тухайлбал, өв тэгш бус хүмүүжилтэй, хойд эцэг эхтэй, гэр бүлийнхнийх нь хайхрамжгүй байдал зэрэг үүнд нөлөөлдөг. СЭМҮТ-д хандан хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 80 гаруй хувь нь гэр бүлийн хайхрамжгүй байдлаас үүдэн эдгээр асуудалд орсон байдаг.


-Нөлөөлөл үзүүлнэ гэлээ. Донтсон хүүхдүүдийг ямар аргаар донтолтоос нь гаргах вэ?


-Анагаах ухааны салбар эмчлэхээс түрүүлэн урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийх хэрэгтэй. Үүнийг л нөлөөллийн ажил гээд байгаа юм. Энэ бодисыг хэрэглэхээр бие махбод, сэтгэл санаа, зан үйлд нь ийм муу өөрчлөлт үзүүлдэг юм байна. Тиймээс та нар үүнийг хэрэглэж болохгүй гэх мэтээр урьдчилан сэргийлэх тал дээр илүү анхаарч ажиллана. Хүүхдүүд даган дуурайж хэрэглэдэг учир төдийлөн хор нөлөөг нь сайн мэддэггүй. Анх сонирхож хэрэглээд цаашлаад давтан давтан хэрэглэсээр насанд хүрсэн хойноо хамаарлын болсон байх жишээний. Манай донтох эмгэгийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь өсвөр насандаа анх хэрэглэж эхэлсэн байдаг. Тиймээс энэ насанд нь урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийж чадвал донтолтоос сэргийлж чадна.


-Хамгийн гол нь эцэг эхчүүдийн нөлөөлөл чухал байх.


-Тийм. Эцэг эхчүүд ядаж л хүүхдээ хаана, юу хийж байгааг сайн мэддэг байх хэрэгтэй. Хамгийн гол нь хайхрамжтай байх хэрэгтэй байна.


-Донтсон тохиолдолд бие махбод, сэтгэл санаанд нь ямар өөрчлөлт гарах вэ?


-Архи хэрэглэж буй үед бие махбодод тархины мэдрэлийн эсүүд олон тоогоор үхжиж байдаг. Энэхүү тархины мэдрэлийн эсүүд нь дахин сэргэдэггүй. Олон удаагийн архи, тамхины хэрэглээтэй хүүхдүүд тархины эс нь үхжиж эрт хөгширнө, ой санамж муу, мартамхай болно. Цаашлаад уур бухимдалтай, сэтгэл санаа, нойрны асуудалтай болж эхэлнэ.


-СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Архи, тамхи хэтрүүлэн хэрэглэж хандаж буй хүүхдүүд хэд байна. Тийм төрлийн судалгаа байна уу?


-Манай төвд сэтгэл хөдлөлийн эмгэгтэй хүүхдүүд түлхүү ханддаг. Ялангуяа хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд дунд цахим донтолтоор хэвтэж буй хүүхэд нэлээд их бий. Өсвөр насныхны 14.3 хувь нь ямар нэгэн хэмжээгээр архи, тамхи хэрэглэж байна. Үүний 20 орчим хувь нь эрэгтэй, 8.3 хувь нь охид байна гэсэн судалгаа байдаг. Мөн ахлах ангийн сурагчдын 40 орчим хувь нь архийг хэрэглэж үзсэн гэсэн тоо баримт бий.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.