Спорт


Гүйлтийн цанын ДОМОГТ аваргууд

5 сар, 4 долоо хоног TIMES.MN

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын хүйтэн сэрүүн бүсэд орших цас, мөсний улс орнуудад цаныг олон зууны туршид амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн билээ. Сибирийн тундрийн бүс болон Скандинавын хойгийн оршин суугчид цаныг ан ав хийх, түлээ түлш бэлтгэх болон харилцаа холбоондоо ашиглаж байсан аж.


undefined


"Ski" гэдэг үг нь Норвеги хэлэнд цанаар гулгах гэсэн үг юм. Орчин цагт цанын спортын хөгжил Норвеги улстай салшгүй холбоотой бөгөөд XVIII зуунд Норвегийн армийн цэргүүд цанын спортын тэмцээн зохиож байсан гэдэг. Улмаар 1892 онд Осло хотын дэргэдэх Хольменколленд цанын фестиваль зохион байгуулагдсанаар анхны томоохон тэмцээн явагдсан түүхтэй. Өдгөө гүйлтийн цанын спорт нь хойд Европын орнуудад болон Канад улсад үндэсний спортын хэмжээнд хөгжөөд байна. 


undefined


Гүйлтийн цанын спорт бол Өвлийн Олимпийн спортын төрлүүд дотроос хамгийн эрсдэл багатайд тооцогдоно. Гэхдээ тамирчдаас хурд хүч, тэсвэр тэвчээрийг шаардсан спорт. Тамирчин цасан зам дээр цанаар тодорхой зайг хамгийн бага хугацаанд туулах ёстой. Уралдааны явцад өгсүүр, тэгш, уруудах гэсэн 3 төвшний замаар уралдах бөгөөд тамирчид сонгодог болон тэшилтийн техникээр уралддаг. Замын өгсүүр нь 9-18 хүртэлх градус байх бол ойрын зайд өгсүүрийн хамгийн өндөр цэг, уруу замын хамгийн доод цэгүүдийн хоорондох ялгаа 30 м-ээс ихгүй байх ёстой.


undefined


Гүйлтийн цанын спорт нь 1924 оны Шамоний анхдугаар олимпийн наадамд эрэгтэй 18 км-н (одоогийн 15 км) чөлөөт 50 км-н сонгодог төрлийн уралдаанууд багтсан түүхтэй. Анхны олимпийн аваргаар 2 төрөлд хоёуланд нь Норвегийн Торлейф Хауг тодорч байжээ. Өдгөө гүйлтийн цанын төрөл нь олимпийн хөтөлбөрт эрэгтэй, эмэгтэй тус бүрдээ 6 төрөл буюу нийтдээ 12 төрөлд өрсөлдөж байна.

 

ГҮЙЛТИЙН ЦАНЫН ТӨРЛҮҮД


undefined


- Эмэгтэй 10 км/ эрэгтэй 15 км-н чөлөөт буюу хувийн ганцаарчилсан: Энэ төрөл нь анхны олимпийн хөтөлбөрт багтаж байсан бол эмэгтэйчүүд 1952 онд Осло хотноо зохиогдсон өвлийн олимпийн VI наадамд анх багтсан. Эрэгтэй тамирчид 15 км-н зайд уралддаг бол эмэгтэй тамирчид 10 км-н зайд өрсөлддөг. Тамирчид гараанаас 30 сек-н зайтай гарч уралдана.


- Эмэгтэй 15 км/ эрэгтэй 30 км-н скиатлон: Скиатлоны төрөл нь 1992 оны Альбервиллийн олимпийн наадамд хөөх гараанаас анх олимпийн хөтөлбөрт багтаад улмаар 2014 оны Сочигийн олимпоос өнөөгийн дүр төрхөө буюу скиатлоны төрөл болон зохиогдож байна. Скиатлоны төрөл бол цанын сонгодог болон чөлөөт үзүүлбэрийн хосолсон уралдаан бөгөөд тамирчид гараанаас нэгэн зэрэг гараад замын эхний хагасыг туулахдаа цанын сонгодог хэлбэрээр уралдаад замын сүүлийн хагасыг чөлөөт хэлбэрээр тэшиж барианд ордог.


- Эмэгтэй 30 км/ эрэгтэй 50 км-н сонгодог буюу бөөн гараа:  Олимпийн гүйлтийн цанын хамгийн хол зайн уралдаан болох бөөн гараатай уралдааны эрэгтэй төрөл Шамоний анхны олимпийн хөтөлбөрт багтаж байсан бол эмэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан 1984 оны Сараевагийн олимпийн хөтөлбөрт багтсан байдаг. Тамирчид уралдааны замд нэгэн зэрэг гарах бөгөөд зөвхөн сонгодог техникээр өрсөлдөнө. Сонгодог техник нь тамирчин хоёр таягаар биеийг зэрэг урагш татаж тэшдэг бол чөлөөт төрөлд тамирчид цанатайгаа алхах хөдөлгөөн хийдэг.


undefined


- Эмэгтэй 1.6 км/ эрэгтэй 1.8 км-н ойрын зайн спринт: Гүйлтийн тэшүүрийн хамгийн ойрын зайн уралдаан болох спринт уралдаан нь 2002 оны Солт-Лейкийн олимпийн хөтөлбөрт анх багтсан. Энэ төрөлд тамирчид сонгодог тэшилтийн техникээр уралдана. Урьдчилсан шатнаас эхний 30 тамирчин дараагийн шатанд өрсөлдөх эрхээ аваад  хасагдах шатанд гараанаас зургаа зургаагаар гарч уралдаад хамгийн бага цагийн үзүүлэлттэй 2 тамирчин дараагийн шатанд шалгарах журмаар яваад шигшээ уралдаанд зөвхөн 6 тамирчин өрсөлдөнө.


- Эмэгтэй/ эрэгтэй багийн ойрын зайн спринт: Энэ төрөл нь дээрх төрлийн адил зайд явагдах бөгөөд баг 2 тамирчнаас бүрдэнэ. Тамирчид цанын чөлөөт техникээр уралдах ба эхний тамирчин (эмэгтэй 1.6/ эрэгтэй 1.8 км) замаа дуусгаад дараагийн тамирчинд буухиаг шилжүүлдэг. Ингээд хамгийн бага хугацаанд барианд орсон баг ялагч болно. Багийн спринт буюу ойрын зайн уралдаан нь анх 2006 оны Турины олимпийн хөтөлбөрт багтсан.


- Эмэгтэй 4х5 км/ эрэгтэй 4х10 км-н багийн буухиа: Баг тус бүр 4 тамирчинтай байх бөгөөд эхний 2 тамирчин цанын чөлөөт техникээр, харин сүүлийн 2 тамирчин чөлөөт техникээр гулгана. Эрэгтэйчүүд нийт 40 км замыг туулдаг бол эмэгтэйчүүд нийтдээ 20 км замыг туулдаг. Багийн буухиа уралдаанд эрэгтэйчүүд 1936 оны Гармиш-Партенкирхений олимпоос, эмэгтэйчүүд 1956 оны Кортина д’Ампеццогийн олимпийн наадмаас уралдаж эхэлсэн ажээ. 

 

ГҮЙЛТИЙН ЦАНЫН ДОМОГТ АВАРГУУД

undefined


Гүйлтийн цанын спортоор Скандинавын хойгийн орнууд болох Норвеги, Швед, Финланд болон Оросод өндөр хөгжсөн. Норвегийн Бьорн Дэли, Петтер Нортуг, Вегард Ульванг, Марит Бьорген,  Шведийн Гунде Сван, Шарлотт Калла, Оросын Николай Замятов, Раиса Сметанина, Италийн Стефаниа Белмондо нарын домогт тамирчид олимп, дэлхийн цасан цагаан зам дээр алдар нэрээ дуурсгасан байдаг. Гэхдээ цанын спортоор дан ганц цас унадаг дэлхийн хойд хүйтэн сэрүүн бүсийн тамирчид олимпийн наадамд өрсөлддөггүй. Дэлхийн бөмбөрцгийн цас унадаггүй улс орны, тэр дундаа тропикийн халуун орны тамирчид ч өрсөлдөж байна. Тухайлбал Африк тивийн Этоип, Кени, Өмнөд Африкийн улс орнууд шинэ мянган гарснаас хойш тамирчдаа олимпийн наадамд оролцуулж байна. 

 

"ПЁНЧАН-2018" - ГҮЙЛТИЙН ЦАНА


undefined


Энэ удаагийн Пёнчаны олимпийн наадамд Норвеги, Шведийн багууд өндөр амжилттай оролцож байна. Йоханнес Хёсфлот Клебо хэмээх 21 настай залуу тамирчин анхны олимпийн наадамдаа оролцохдоо 2 алтан медаль хүртээд байна. Сочигийн олимпийн наадамд тун хангалтгүй оролцсон Норвегийн гүйлтийн цанын шигшээ баг Пёнчанд хамгийн хүчтэй бүрэлдэхүүнтэй оролцож хамгийн олон медалийг хүртэж байна. Үүнээс гадна уулын цанын тамирчдаараа алдартай Швейцар орноос гүйлтийн цанын төрөлд алдар нэрээ дуурсгаж буй Дарио Колонья олимпийн наадмын 4 дэх алтан медалиа 15 км-н хувийн чөлөөт гараанд хүртээд байна. 


МҮОХ



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.