Эдийн засаг


О.Эрдэмбилэг: Активын чанарын үнэлгээний үр дүн удахгүй гарна

5 сар TIMES.MN

Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэгтэй ярилцлаа.


-ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн. Үр дүн гарсан уу?

-Активын чанарын үнэлгээ өөрөө үндсэн хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт банкуудын актив хөрөнгийн үнэлгээ, банкуудын зээлийн эрсдэлийн удирдлага хэр явж байгаа талаар үнэлгээг хийсэн. Энэ үнэлгээг тендерийн сонгон шалгаруулалтын дагуу Чех улсын “PwC” компани хийсэн бөгөөд үнэлгээг хийхдээ 2016 оны жилийн эцсийн байдлаарх арилжааны банкуудын тайланд суурилсан. 2016 он Монгол Улсын эдийн засаг хамгийн доод түвшиндээ хүрсэн гэж хэлж болохоор хүнд жил байсан. Актив хөрөнгийн үнэлгээ хийх явцад 2017 онд эдийн засаг сэргэж, түүнийг дагаж гарч байгаа бодлогууд нь эдийн засагт эерэг үзүүлэлттэй байхаар харагдаж байсан учраас 2017 оны гуравдугаар улирлаар үнэлгээний тохируулгыг хийсэн. Түүнээс гадна арилжааны банкуудад эрсдэлийн сорил, тестийг Монголбанк хийсэн. Энэ хүрээнд Монголбанк арилжааны банкуудтай хамтран бизнес төлөвлөгөө гаргаж байгаа. Цаашид өөрийн хөрөнгийн дутагдал үүсвэл яах, түүнийг хэрхэн нөхөх, одоо байгаа үйл ажиллагааг яаж сайжруулах, суурь үзүүлэлтүүд ямар байх зэрэг судалгаа гарсан байх ёстой. Ингэхийн тулд 2017 оны жилийн эцсийн гүйцэтгэл бэлэн байх ёстой юм. 2017 оны дөрөвдүгээр улирлын банкуудын гүйцэтгэлийг харж, эцсийн үнэлгээг гаргана. 2017 оны жилийн эцсийн гүйцэтгэл хоёрдугаар сарын дундуур гарна. Тиймээс банкуудын бизнес төлөвлөгөөний дагуу Монголбанк үнэлгээ гаргаж, цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдгээ ярилцана.


-ОУВС-гийн зүгээс активын чанарын үнэлгээний дагуу зарим хууль эрх зүйн зохицуулалт хийх ёстой гэдгийг онцолж байсан. Ямар өөрчлөлт орох юм бол?

-Ер нь бол санхүүгийн тогтвортой байдлыг зөв, ард иргэд, банкуудын харилцагч, хадгаламж эзэмшигчдэд аль болох санхүүгийн дарамт багатайгаар хүндрэл учруулахгүй шийдэх асуудлаа Монголбанк шийдээд явж байгаа. Саяхан УИХ-аар Төв банкны болон Банкны тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Мөн Хадгаламжийн даатгалын тухай хууль анхны хэлэлцүүлэг хийгдэж байна. Удахгүй энэ хууль батлагдвал хадгаламжийн даатгалтай холбоотой хэд хэдэн зохицуулалт хийнэ. Энэ бүх хууль эрх зүйн зохицуулалтууд шат дараатайгаар хийгдэж байна. Хамгийн гол нь зөв зохистой гарц, шийдэл юу байх вэ гэдэгт урьдчилан дүгнэлт гаргаад явж байгаа. Монголбанк ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаас өмнө эрх зүйн шинэтгэл хийнэ гэж төлөвлөж байсан. Одоогийн байдлаар бид 13 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.


-Активын чанарын үнэлгээтэй холбоотойгоор арилжааны банкууд дунд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай банк байгаа юу?

-Үнэлгээний дүн бидний хүлээж, мэдэж байсан хэмжээнд гарсан. Активын чанарын үнэлгээний дүн удирдахуйц бололцоотой гэж үзэж байгаа. Гэхдээ цаашид эрх зүйн талаасаа зохицуулалт хийх, хүндрэл үүсэхгүй байх бололцоог хангаад явж байгаа.


-Зарим банкуудыг нэгтгэнэ гэсэн мэдээлэл гараад байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Үр дүнгээс шалтгаалаад тухайн банкуудын хувьцаа эзэмшигчид өөрийн хөрөнгө дутагдалтай байвал өөрийн хөрөнгөө нөхөх олон арга хэрэглэх боломжтой. Үүний нэг нь банкуудыг нэгтгэх асуудал.


-Банкны салбарт хийгдэж байгаа хууль эрх зүйн зохицуулалт хэзээ бүрэн дуусах вэ?

-Ажлаа шат дараатай хийж, олон нийтээс санал аваад явж байгаа. Банкны салбар өөрөө итгэлцэл дээр тогтдог учраас аль болох олон талын байр суурийг нэгтгэж, хуульд тусгахаар ажиллаж байна.


-Төв банкны болон Банкны тухай хуулиуд батлагдсан. Дагалдах журмууд хэзээ батлагдах вэ?

-Дагалдах журам боловсруулах ажлын хэсэг Монголбанкнаас томилогдон ажиллаж байна. Мөн Төв банк актив хөрөнгийн үнэлгээтэй холбоотой активын ангиллын журмыг хоёр ч удаа сайжруулж, олон улсын стандартад дөхүүлсэн.


-Арилжааны банкнаас бага хэмжээний зээл аваад хар дансанд орсон иргэдийг өмнө нь өршөөж байсан. Бага дүнтэй зээл аваад хар дансанд цагаатгах ажил дахин хийгдэх болов уу гэсэн иргэдийн хүлээлт их байна?


-Зээлийн мэдээллийн сан бол банкны салбарын хамгийн чухал мэдээлэл. Монголбанк, Дэлхийн банк, ОУВС-тай хамтран зээлийн мэдээллийн санд байгаа мэдээллийг олон улсын стандартад нийцсэн, зохистой мэдээллийг яаж оруулах вэ гэдгийг ярилцаж байна. Өнөөдрийн байдлаар зээлийн мэдээллийн санд байгаа мэдээллийг аваад ашиглахад хүндрэлтэй байдаг. Тиймээс зээлийн мэдээллийн санд зээлдэгчдийн мэдээлэл байх нь түүнийг ашиглаж, оноог өгөх боломжтой болно. Өнгөрсөн жил нэг сая төгрөгөөс доош үнийн дүнтэй зээлдэгчдийн чанаргүй зээлдэгч гэсэн мэдээллийг харагдуулдаггүй болгосон. Төв банкинд чанаргүй зээлээс мэдээллээ хасуулах санал хүсэлт ирж байгаа. Түүнийг судлаад шат дараатай арга хэмжээ авах байх.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.