2018,2-Р Сар,07


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Н.Баянмөнх: Илүү хүнд үе цаашид олон тохиолдоно хэмээн өөрийгөө зоригжуулдаг

9 сар, 1 долоо хоног TIMES.MN
Арлын Японд сурч, ажилладаг Н.Баянмөнх гэх Монгол залуу Японы барилгын инженерийн тэргүүн зэргийг авсан талаар өмнө нь бид Гоё Монгол буландаа мэдээлсэн билээ. Тэрээр энэхүү зэргийг авснаар Японд барилгын хязгаарлалтгүй ямар ч том барилга дээр ахлах инженерээр ажиллах эрхтэй болж байгаа юм. Мөн энэ зэргийг авч байгаа анхны Монгол хүн аж. Бид түүнтэй холбогдож, цаашдынх нь зорилго, тэмүүллийн талаар ярилцлаа.




-Сайн байна уу. Юуны өмнө Японы барилгын инженерийн тэргүүн зэргийг авсанд тань баяр хүргэе. Хэзээ Япон орныг зорив?


-Намайг Намсрай овогтой Баянмөнх гэдэг. Одоо Японы Хонма корпорацад барилгын инженер, даац тооцооллын инженерээр ажиллаж байна. 2008 онд Шинэ Монгол ахлах сургуулийг төгссөн. 2009 онд Японд ирж, нэг жил хэлний бэлтгэлд суусан. Дараа жил нь шалгалт өгөөд Нийгата их сургуульд элсэн орж, Барилга архитектурын мэргэжлээр 2014 онд төгссөн.


- Барилгын инженерийн тэргүүн зэргийг авснаар танд ямар боломж нээгдэж байна вэ?


-Энэхүү зэргийг Монголоор шууд орчуулбал Барилгын гүйцэтгэл хяналтын инженерийн зэрэг буюу барилгын даамалтай төстэй байх гэж бодож байна. Тус зэрэг нь 1-р зэрэг болон 2-р зэрэг гэсэн ангилалтай. 1-р зэрэг нь 2-р зэргээсээ илүү байдаг. Нэгдүгээр зэргийг авснаар Японд том, жижиг гэж хязгаарлалтгүйгээр ямар ч барилгын ажлыг хариуцаж ажиллах боломжтой болж байгаа юм. Хуулиндаа ийм зэрэгтэй хүн барилгын ажлыг хариуцаж хийж болно гэж заасан байдаг юм билээ. Нэг ёсны хариуцлагын систем гэж ойлгож болно. Барилга дээр гарсан алдаа, оноо, сайн, муу гээд бүх зүйлийг л хариуцна гэсэн үг.




-Яагаад барилгын салбарыг сонгов. Хариуцлага өндөртэй салбар шүү дээ. Ялангуяа архитектур хүн ганц мм-ийн хэмжээ алдахад тухайн барилга нурах агаад, цааш баригдах хүртэл ёсгүй болдог гэдэг.


-Би дунд сургууль хүртлээ гэр хороололд амьдардаг байсан юм. Байранд ороод тухтай, сайхан амьдрах юмсан гэж их боддог байлаа./хэхэ/ Тэр үед л том болоод өөрийнхөө амьдрах байшинг өөрөө барина даа гэсэн хүүхдийн мөрөөдлөөр л барилгын салбарыг сонгосон юм болов уу даа. Хариуцлага өндөртэй, хэцүү ажил гэдгийг анх Японд ирээд л мэдсэн. Тиймээс ямар нэгэн байдлаар хариуцлагаас айх гэдэг зүйлийг огт мэдэхгүйгээр, мөн өөрөө маш их дуртай байсан учир эргэлт буцалтгүй энэ мэргэжлийг сонгосон.


-Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажилд орсон юм байна. Ажлынхаа хажуугаар мэргэжлийн зэргийн шалгалтдаа бэлдэж, өгсөн үү?


-Тийм. Бакалавраа төгсөөд магистрт суралгүйгээр ажилд орсон. Магистрт сурснаас илүүтэй ажил дээр туршлага хуримтлуулсан нь дээр гэж тухайн үед шийдвэр гарган барилгын компанид инженерээр орсон. Компанид гурван жил ажиллаж байж энэ зэргийн шалгалтыг өгөх эрх нь нээгддэг. Өнгөрсөн жилийн гуравдугаар сараас эхлэн шалгалтдаа бэлдэж эхэлсэн. Японд барилгын ажил маш цаг зав муутай, орой болтол ажиллах шаардлага гардаг. Дийлэнхдээ орой 8-9 цагийн хооронд ажил тарна. Гэртээ хариад хоол цайгаа уучихаад л шөнөөр голдуу хичээлээ давтдаг байсан. Тэр үед оюутан байхад үнэхээр жаргалтай байжээ гэдгийг л ухаарсан даа./хэхэ/




-Хүний нутагт хэцүү л байдаг байх. Шантрах үе олон байсан уу?


-Ёстой тийм үе байгаагүй ээ./хэхэ/ Ажил дээр гараад, хааяа чадахгүй, мэдэхгүй зүйл гарах үе, даргадаа зэмлүүлэх үе зөндөө л бий. Тэр болгонд шантарч, гуньж байсангүй. Алдаа бүрээсээ сурч, сургамж авч байгаа шүү дээ гээд л өөртөө байнга хэлэхийг хичээдэг. Үүнээс илүү хүнд үе цаашид олон тохиолдоно хэмээн өөрийгөө зоригжуулдаг.


-Их сэтгэлийн хаттай байх нь. Ээж аавын хүмүүжил сайн байна шүү?


-Манай монголчууд бүгд л их сэтгэлийн хаттай хүмүүс мэт санагддаг.


-Тус зэргээр дэлхийн хаана ч очсон ажиллах эрхтэй юу. Тухайлбал Монголдоо ирээд ажиллахад Японд байсантай ижил тушаалд, адил зүйл хийнэ биз дээ?


-Тухайн зэрэг япон улсдаа л хүчинтэй байх гэж бодож байна. Ерөнхийдөө өөрийнхөө сурсан, чаддаг зүйлээрээ л ажиллахыг хүсч байна. Өөрийн чаддаг, дуртай зүйлээ хийгээд явбал сайхан санагддаг.




-Япончууд ажлын төлөө төрсөн хүмүүс мэт тун завгүй ажилладаг. Тэр хэмжээгээрээ ч хөгждөг байх. Цалин хөлс нь өндөр үү?


-Дэлхийн II дугаар дайны дараах Япон хүмүүс их хөдөлмөрч, зүтгэлтэй хүмүүс байдаг гэж яригддаг. Хүнд хэцүү үедээ хамтдаа хөдөлмөрлөж, өдий зэрэгт хүрснийг хүн бүхэн мэднэ байх. Харин Япончууд сүүлийн үеийн залуустаа их шүүмжлэлтэй ханддаг. Яагаад гэхээр хэт бэлэн сэтгэлгээтэй, амьдралын идэвхгүй, зорилгогүй хүмүүс олширч байна гэж үздэг.

Цалингийн тухайд хийж байгаа ажил, албан тушаалаасаа шалтгаалаад мэдээж өөр өөр байх. Нийт дунджаар нь авч үзвэл 200000-250000 иен болов уу. Япончуудыг гэхдээ хангалуун амьдардаг гэж боддог байж магадгүй. Яг үнэндээ ихэнх хүмүүс нь бид нартай адил олон жилийн зээлтэй, тэрийгээ үхэн үхтлээ төлж, үр хүүхэд нь үргэлжлүүлээд төлөөд явдаг юм байна лээ. Гэхдээ нийгмийн халамж сайтай сайхан улс гэж боддог.


-Ойрын таван жилийн зорилго юу байна?


-Ямартай ч энэ жилийн хувьд зам гүүрийн инженерийн тэргүүн зэргийг авах зорилт тавьсан байгаа. Аль болох бодитой зорилт тавихыг хичээдэг. Хэтэрхий том, бүтэшгүй зорилго тавьж түүндээ хүрэхгүй байснаас бодитой зорилго нь дээр мэт санагддаг. Жижиг, бодитой зорилгууд өөрөө том зорилгыг бий болгодог гэж боддог. Алсын зорилгоо бол нууцлая.


-Гэр бүлтэй юу?


-Эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг. Гэр бүлийн минь хүн шалгалтад бэлдэж байхад их ойлгож, дэмжиж байсан болохоор их том нөлөө үзүүлсэн.




-Ажиллаж, амьдарч буй орныхоо соёлоос хэр сурч байна. Манай улстай харьцуулбал сайн тал, муу тал юу байна?


-Япон хүний сайн тал гэвэл хүнтэй мэндлэхээс эхлээд хүнтэй харьцах соёл өндөртэй, бусдадаа саад болохгүй гэсэн сэтгэлгээтэй, дүрэм журмаа сайн мөрддөг, хариуцлага өндөртэй хүмүүс. Бас их тайван хүлээцтэй юм байна лээ. Жишээ нь замын хөдөлгөөн дээр хэчнээн түгжирч байсан ч бие биедээ зам тавьж өгдөг, уурлаад машиныхаа сигналыг дараал хоорондоо хэрэлдээд байдаггүй юм байна лээ.


-Манайхан сүүлийн үед Солонгос гэхээс илүү Япон улсад суралцаж, амьдрахыг илүүд үздэг болсон. Өөрийн тань хувьд олон жил сурч, хөдөлмөрлөсөн хүн Япон улсыг зорих гэж буй залуустаа хандаад юу гэж зөвлөмөөр байна?


-Япон хэлийг их сайн сурчихвал энд сурч ажиллахад ер нь их амархан гэж боддог. Бүх юм нь их ойлгомжтой, систем нь эмх цэгцтэй болохоор япон хэл дээр ойлгож л чадаж байвал асуудал гардаггүй. Тэгээд мэдээж усыг нь уувал ёсыг нь дага гэдэгчлэн тухайн орныхоо хууль дүрэм, соёлыг хүндэтгэж харьцах хэрэгтэй гэж хэлмээр байна.


-Манай улс илүү сайхан хөгжихийн тулд Япон орноос үүнийг нь аваад хэрэгжүүлбэл илүү дээр санагддаг. Мөн Монголдоо очоод ийм л зүйлийг хийх юмсан гэж боддог, хэрэгжүүлмээр зүйл олон байдаг байх?


-Нэрлэвэл үнэхээр их зүйл байгаа байх. Эргэн тойрондоо хог хаяхгүй, хүний хийсэн зүйлийг бохирдуулахгүй гэх мэт энгийн хэрнэ маш хэрэгтэй зан чанараас нь л бид нар суралцмаар байна гэж боддог. Өглөө гарч алхахдаа тор бариад замдаа тааралдсан хог түүгээд явдаг хүн их байдаг. Дээр нь хүүхдүүдээ багаас нь нийгмийн амьдралд сургадаг юм байна лээ. Цэцэрлэгийн багш хүүхдүүдээ дагуулан гадуур явж байхдаа л замаар гарахдаа ногоон гэрлээр гарах ёстой шүү гээд зааж байхыг харсан. Бас замдаа тааралдсан хүмүүстэй бүгд л “конничива” гээд л мэндлээд байдаг нь их хөөрхөн санагдсан.


-Гадаадад сураад ирсэн залуус илүү хөдөлмөрч, шинийг эрэлхийлсэн, эрч хүчтэй, эх орондоо хийж бүтээе гэсэн сэтгэлтэй залуу боловсон хүчин болоод ирдэг мэт санагддаг?


-Тийм шүү. Миний мэдэхийн бүгд л хариад ийм юм хиймээр байна, ингэж хөгжүүлмээр байна гэсэн залуус байдаг. Монголд дутагдалтай байгаа бүх л зүйлийг сайхан болгочих юмсан гэсэн сэтгэл хүн бүрт байдаг гэдэгт итгэлтэй байна.


-Эх орондоо ирээд юу хийж бүтээмээр байна. Ирээд л сайхан сайхан барилга бариад өгнө биз дээ?


-Тэгэлгүй яахав. Сурсан зүйлээрээ ажиллахыг тэсэн ядан хүлээж байгаа. Гэхдээ суралцах зүйлс их байна. Барилгын салбарт л өөрийн чаддаг зүйлээ зориулахыг хүсч байна даа.


-Ярилцлагынхаа төгсгөлд залуустаа хандаад сайхан уриалга ч юм уу сэтгэлийн урмын үг хэлээч?


-Тодорхой зорилго тавиад түүнийхээ төлөө хамтдаа тэмцье. Хэн нэгэн УИХ-ын гишүүн бидний амьдралыг сайхан болгоно гэж харалгүйгээр өөрсдөө сайхан болгоцгооё гэж хэлмээр байна.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


DR. MEDANTA CARDIOLOGY    1 сар, 1 долоо хоног []


Та бөөр, эрэгтэй, эмэгтэйг зарахыг хүсэж байна уу? Юу болохыг мэдэхгүй байна Мөнгө олоход бөөрийг борлуулах боломжийг ашиглана санхүүгийн хямрал. Тэдэнд Medanta клиниктэй холбоо барина уу 450,000 долларыг бөөрний хандивлагчдад олгоно. Миний нэрийг Doctor Tejinder Kataria, Би Энэтхэгийн мэс заслын эмнэлэгт нефрологич юм. Манай клиник бөөрний мэс засал / шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээ хийлгэсэн бусад эрхтнүүд, бид худалдан авагчид, шилжүүлэн суулгах, эрүүл, хандивлагчидтай ажилладаг. Бид Энэтхэгийн Нэгдсэн Вант Улсын Энэтхэгийн 018C сувгийн гудамж, анхны давхарт карнатака хотод байрладаг болон бусад улс орнууд. Хэрэв та хүүхдээ зарах сонирхолтой бол холбоо барих хаяг: St.Medantaclinic@gmail.com Утасгүй дугаар:   +12675278876 P.O. Шигтгээ 27 Шинэ Дели PC: 40932 www.bhavinspecialisthospital.com Та анхаарна уу: Та бас биднийг үзэж болно Вэбсайттай хамтран ажиллах: WWW.CLINICSPOTS.COM. Хэрэв та юу мэдэхгүй бол хийх. Манай эмнэлэг яаралтай бөөрөнд +12675278876 хэрэгтэй. Зардлын үнэ: $ 450,000 Захирамж: St. Medanta