2018,2-Р Сар,01


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Монголд 15 мянга гаруй хорт хавдартай хүн амьдарч байна

5 сар, 2 долоо хоног TIMES.MN

Монгол улсад 2016 онд 5991 хүн хорт хавдраар өвдөж, 4112 хүн нас барсан бөгөөд одоогоор 15000 гаруй хорт хавдартай хүн амьдарч байна. Хорт хавдрын нас баралт өндөр байгаагийн шалтгаан нь нийт хорт хавдрын 76 хувь нь хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй үе шатандаа оношлогдож байгаатай холбоотой юм.




Тиймээс Хавдар судлалын үндэсний төв, Хаан банк, МҮОНРТ хамтран Хавдрын эсрэг үндэсний аянг өрнүүлээд байгаа билээ. Тус аяны хүрээнд эрсдэлт бүлгийн 115,725 хүнд үзлэг, шинжилгээ хийж, мөн аймгуудад 477 хүнд хорт хавдрын мэс засал эмчилгээ хийгээд байгаа аж.




Энэ талаар ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн “Халдварт бус өвчин, түүний дотор хорт хавдар дэлхийн төдийгүй Монголын хувьд тулгамдсан асуудал болоод байна. 2011 онд манай төвөөс санаачлан МҮОНРТ, Хаан банк сантай хамтран хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд орон нутагт нийт 92 удаа очиж, үзлэг шинжилгээ хийсэн. Эрсдэлт бүлгийн 115 мянган хүнд үзлэг хийснээс 550 хорт хавдрыг илрүүлж, 477 мэс засал хийсэн. Энэхүү аянаар эмчлэхээс гадна урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхэд ач холбогдол өгч ажиллаж байна. Элэгний өвчлөлийн хувьд үндэсний хэмжээнд хөтөлбөр хэрэгжүүлэн дэвшил гарч байна. Тиймээс бид дараагийн ээлжинд ходоодны хорт хавдрын эсрэг, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн” гэлээ.


2011 оноос эхэлсэн тус аяныг Хаан банк Сан нэг тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлсэн байна.




Хаан банкны гүйцэтгэх захирал Жон Белл аяны талаар “Хаан банк хэдийгээр бизнесийн байгууллага хэдий ч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн төлөө зайлшгүй анхаарал хандуулах ёстой гэж үздэг. Тиймээс бид 2007 оноос эхлэн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхээр өөрийн сантай болсон. Ингээд 2011 оноос Монголчуудын эрүүл мэндэд бодитой хувь нэмэр оруулах үүднээс Хавдрын эсрэг үндэсний аянд нэгдсэн. Бид бүхий л боломжоо дайчлан аяны үйл ажиллагаанд оролцож байна. Цаашид ч Монгол Улсын эрүүл мэндийн салбарт, гэр бүл бүрд тулгамдаж буй хавдрын эсрэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно. Энэ оны хувьд олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, ялангуяа хавдраас урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдэд ач холбогдол өгч ажиллана. Мөн өмнө нь явуулж байсан сургалтуудаа үргэлжлүүлэх болно” гэв.




Манай улсад бүртгэгдэж буй нийт хорт хавдрын 70 гаруй хувийг элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна.

Эдгээр хавдраас сэргийлэх бүрэн боломжтой гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байв. Сэргийлэхийн тулд мэдээж урьдчилсан үзлэгт хамрагдаж, мэдээлэлтэй байх нь чухал аж. Тиймээс уг аяны хүрээнд хорт хавдрын сэргийлэлт, эрт илрүүлэлтийн ач холбогдлын талаар олон нийтэд чиглэсэн сургалт, сурталчилгаа явуулсан байна. Мөн эрсдэлт бүлгийн хүн амд хорт хавдрын нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна.




МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц “Өнгөрсөн хугацаанд бид өөрсдийн мэдээллийн бүх сувгаараа дамжуулан иргэдэд мэдээлэл өгөх ажлыг хийлээ. Харин энэ жилийн хувьд бид “Жаргалан” эрүүл мэндийн тусгай хөтөлбөр боловсруулан нийт 600 минутын, сард хоёр удаа нэвтрүүлэг хийхээр төлөвлөөд байна. Монголын мэдээ сувгаараа 360 минутын урьдчилсан сэрэмжлүүлэг мэдээ мэдээлэл түгээхийг зорьж байна. Түүнчлэн ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэх МNB спорт сувгаараа нийтийн биеийн тамирын хөгжлийг дэмжих зорилгоор хавдрын эсрэг нэвтрүүлэг бэлтгэх болно. Мөн олон ангит уран сайхны киногоор дамжуулан эрүүл аж төрөх ёс, зан үйлийг сурталчилж болох учраас “Амьдрал” нэртэй кино хийх саналыг гаргаад байна. Тус киногоор хавдар яагаад үүсдэг юм, яагаад уг өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг юм гээд бүх талаас нь харуулж болох боломжтой юм. Киногоор дамжуулан иргэдэд эрүүл мэндийн олон мэдээлэл өгөх боломжтой гэж үзэж буй учир 2018 онд зөвхөн мэдээлэгч бус хамгаалагч, контент үйлдвэрлэгчийн үүргээр оролцох болно” гэдгээ илэрхийллээ.




Энэ жилийн хувьд “Би чадна, бид чадна, та ч бас чадна” уриан дор хорт хавдартай тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх аж.


Олон улсын хорт хавдартай тэмцэх холбоо /UICC/ анх 2005 онд санаачлан хорт хавдрын улмаас нас барж буй сая сая хүний амь насыг аварч, энэхүү аюулт өвчнөөс сэргийлэхэд хувь хүн, Засгийн газраа оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэхэд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, дуу хоолойгоо нэгтгэх зорилгоор “Дэлхийн хорт хавдартай тэмцэх өдөр”-ийг жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдөр тэмдэглэдэг.




Хэдийгээр хорт хавдар өвчин нь хүн төрөлхтөнд түүний дотор монголчуудын амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгаа хэдий ч уг өвчнөөс сэргийлэх боломжтой гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон. Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхэд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, хувь хүн хамт олон хамтдаа ажиллаж чадвал уг аюулт өвчнийг хяналтандаа авч чадна гэдгийг мэргэжилтнүүд сануулав.




Мөн Хавдрын эсрэг аянд амжилттай сайн оролцсон шилдэг хэвлэл мэдээллийн ажилтанг шагнаж урамшууллаа.

Тус шагналын эздээр - Зууны мэдээ сонины сэтгүүлч Оюун

- МҮОНРТ-ийн сэтгүүлч Гантөмөр

- Gogo.mn сайтын сэтгүүлч Адъяасүрэн

- МҮОНРТ-ийн сэтгүүлч Тунгалаг нар шалгарлаа.










Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.