Спорт


Ямар ч саад бэрхшээлийг даван туулагч Лионель Месси

5 сар, 2 долоо хоног TIMES.MN

Эмээгийнх нь үхэл хүүд дэндүү хүнд туссан юм. Бага байхаас нь бүх л бэлтгэл, сургуулилт, тоглолтод нь дагуулж явдаг байсан Селия эмээ нь бяцхан хүүгийн хувьд бүхэл бүтэн ертөнц нь байлаа. Лео хүү багтаа хамгийн жижиг биетэй нь байсан ч яриангүй хамгийн шилдэг нь байлаа. 11 нас хүрэхдээ хүүгийн өндөр ердөө 127 см хүрэхтэй үгүйтэй байв. Ингээд гэр бүлийнхэн нь муу мэдээ сонсож, эмч нар хүүг хэвийн өсөлттэй хөвгүүд шиг өсөлт явагдах боломжгүй өсөлтийн гормоны дутмагшил өвчтэй гэж оношлов. Аавынх нь эрүүл мэндийн даатгалын мөнгө ч хүүгийнхээ өртөг өндөртэй эмчилгээний зардлыг төлж дийлэхээргүй байлаа. Олон ч багууд авьяаслаг хүүгийн эмчилгээний зардлыг төлөхөд бэлэн байна гэж амлаж байсан ч Аргентины эдийн засгийн их хямрал дэгдэхэд бүгд амлалтаасаа татгалзжээ. Эцэст нь хүүгийн эмчилгээний зардлыг төлөхөд бэлэн гэж ганцхан баг амласан бөгөөд хүү эмчилгээ авахын тулд Аргентинаас нүүж, Испанид очих ёстой болов.




Ингээд хүүг 13 нас хүрэхэд, тэднийх гэр бүлээрээ Испани руу нүүж, хөлбөмбөгт авьяастай залуу хүү Барселона багийн өсвөрийн шигшээд харьяалагдан тоглох болжээ. Эмчилгээ хийлгэхийн хажуугаар бэлтгэл сургуулилтандаа анхаарлаа хандуулах эхэндээ тун хүнд байлаа. Лео хүү дэндүү ичимхий байсан болохоор багийнхан нь анх түүнийг хэлгүй гэж боддог байсан гэдэг. Гэхдээ л жижиг биетэй сул талаа давж, бусдаас илүү гарахын тулд өдөр бүр илүү цагаар бэлтгэлээ хангадаг байлаа. Бүхэл бүтэн 3 жилийн турш орой болгон хөлөндөө тариур хатгаж, өсөлтийн гормон шахуулдаг байв. 3 жил тасралтгүй эмчилгээ хийлгэсний дараагаас л хүү бусдын адил өсөж эхэлжээ. Гэхдээ энэ бүх саад бэрхшээлийг үл харгалзан Лионель Месси дэлхийн бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг болж, нэрээ мөнхөлсөн юм. Тэрээр нийт 5 удаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодорч, Алтан бөмбөгийн шагналыг хүртжээ. Лео өнөөдөр ч гэсэн гоол оруулангуутаа, тэнгэр лүү харж, тэнгэрт байгаа эмээ Селиядаа талархалаа илэрхийлдэг хэвээрээ. Харин бусдаас бие жижиг, өсөлтгүй, хэлгүй гэгдэж байсан хүү өнөөдөр долоо хоногтоо 565 мянган еврогийн цалин аваад зогсохгүй 2017 оны турш цалин болон бусад орлого нийлсэн нийт 65 сая ам.долларын ашиг олсон том эр болжээ.




Өдгөө Лионель Месси эмзэг бүлгийн хүүхдүүд, тэдний эрүүл мэндийг голчлон дэмжих зорилготой Лео Месси санг үүсгэн байгуулж, амжилттай удирдаж байгаа юм. 


“Хийхийг үнэхээр их хүсэж байвал хүн ямар ч саад бэрхшээлийг их, бага гэхгүй заавал давж гардаг юм”   Лионель Месси


Орчуулсан: Ариунаа Онгио



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.