2018,1-Р Сар,31


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Архангайн цагаан идээ амт чанар, өнгө үзэмж сайтай байна

2 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Монгол түмний уламжлалт Цагаан сар нь өнө эртнээс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм. Энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг. Харин 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулан, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Эртнээс тэмдэглэж ирсэн тус баяраар иргэд шинэ дээл хувцас өмсөж, идээ будаа элбэг дэлбэг, ах дүү, төрөл саднаа мэдэлцэж, ахмад настандаа золгох зэргээр өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ. Мөн тавгийн идээгэ сайхан бүхнийг бэлэгшээж цагаан идээгээрээ засдаг.


Харин сүүлийн үед худалдаа эрхлэгчид ашиг орлогоо бодон хольцтой цагаан идээ зарах болсон нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа. Тэгвэл энэ байдлыг арилгах үүднээс, малчдын өөрсдийнх гар дээрээс 100 хувь цэвэр цагаан идээг худалдан авах боломжийг Архангай аймгийн нутгийн зөвлөлөөс нийслэл хотынхоо иргэдэд олгожээ. Угаасаа арын сайхан хангай нутгийн сарлагийн өрөм, сүү, ааруул улсдаа нэртэй бөгөөд амт чанар, өнгө үзэмж үнэхээр сайтай байна хэмээн худалдан авагчид ам сайтай байлаа.


Малчдын хувьд “3-5 сая төгрөгийн цагаан идээтэй ирсэн. Худалдан авалт сайн байна. Иргэд чанартай бүтээгдэхүүн авах сонирхолтой байдаг учир иймэрхүү үзэсгэлэн худалдаа зохион байгуулахад дуртай байдаг юм байна. Үнийн хувьд өмнөх жилийнхээс бага зэрэг өссөн. Жил ирэх бүр л юмны үнэ өсөж байна. Мөн энэ зуны хувьд ихэнх нутгаар гандуу байсан учир цагаан идээ бага байгаатай холбоотой байх. Бид нарын хувьд цагаан идээндээ ус болон бас бус зүйл холино гэж байхгүй ээ. Аймаг дээрээ шинжилгээнд хамрагдаад ирж байгаа. Захын худалдаачид л тэгдэг байх. Цагаан идээгээ борлуулж дуусаад цагаан сарын бэлтгэлээ бэлдээд нутаг буцна даа” хэмээв.


Цагаан идээ үнийн хувьд янз бүр байв.

тавгийн идээ 130-170 мянга,

ааруул 12-14 мянга,

өрөм 7-12 мянга

сүү -3500

шар тос – 15000

мэхээрийн тос – 10000

ээзгий – 11000

цагаан тос -12000

сүүн ааруул- 14-25000

ширгээмэл тавгийн идээ -250000

аарц -3500 зэрэг үнэтэй байна.


Дашрамд дурдахад малчид машины зогсоол ховор байна. Эртхэн ирж зогсоол олохгүй бол ачигч машинуудад машинаа ачуулаад хэцүү байгаа талаараа дурдаж байлаа.

Үзэсгэлэн ирэх сарын 10-н хүртэл Тусгаар тогтнолын талбайд үргэлжилнэ. 






















Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.