2018,1-Р Сар,28


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Ч.Сарантуяа: Сарын сүүлийн хоногуудад жавартай, хүйтэн салхитай

6 сар, 3 долоо хоног TIMES.MN

Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын ерөнхий технологич Ч.Сарантуяагаас тодрууллаа.




-Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цочир хүйтэрлээ. Энэ хүйтрэлт хэзээнээс буурах вэ?

-Энэ сарын 20-ноос хойш хүйтний эрч эрс чангарсан. Ялангуяа Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 50-53 градус хүрч, өдөртөө 35-37 градус хүрч хүйтний эрч чангарсан. Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Халх голын саваар 39-44 градус хүрсэн байна. Бусад нутгаар 27-34 градустай хонож8 ихэнх нутгаар хүйтний эрч чангарсан. Нэгдүгээр сар гараад цасгүй байсан Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь зэрэг аймгууд цастай болж, зарим газраа 3-8 см хүртэл зузаан цастай байна. Энэ сарын 20-ны байдлаар Монголын нийт нутгийн 70 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна. Үүнээс Увс, Завхан, Архангай, Булган, Төв аймаг, Өвөрхангайн хойд хэсэг, Сүхбаатар аймгийн зүүн тал, Дорнодын зүүн өмнөд, Хөвсгөлийн баруун талын сумд дунджаар 10-20 см, хунгарласан газраа 30-45 см зузаан цастай, өвөлжилт хүндхэн байна.


Цасгүй байсан Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Өмнөговийн баруун тал, Дундговь, Говьсүмбэр, Дорноговийн хойд хэсэгт 5 мм орчим цастай байна. Өмнөговийн зүүн тал, Дорноговийн урд талын сумд цасгүй байна. Хэнтийн зүүн хойд, Дорнодын баруун хойд хэсгээр цасгүй, хуурай, хараар өвөлжиж байна.


-Зудын эрсдэлийн хувьд ямар нутгаар зудтай болон зудархуу байна вэ?

-Монгол улсын өвөлжилт, цасны байдалтай уялдуулан Засгийн газрын 286-р тогтоолын дагуу зудын байдалд хийсэн үнэлгээгээр нэгдүгээр сарын 20-ны байдлаар 16 аймгийн 76 суманд цагаанаар зудтай, 17 аймгийн 52 суманд зудархуу байдалтай өвөлжиж байна. Ойрын хоёр гурав хоногтоо хүйтний эрч төдийлөн сулрахгүй, хадгалагдана. 29,30-ны өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг сулрах боловч сарын сүүлчийн хоногт нутгийн зүүн хагаст хүйтэн, жавартай, салхитай байна.




-Энэ хүйтрэлт хаанаас орж ирэв. Сибирийн хүйтэн уур амьсгал манай улсыг дайраад өнгөрөв үү?

-Дэлхийн аль ч улс оронд нэг газраа хүйтэрч байхад нөгөө газраа дулаан байдаг. 20-ноос хойших хүйтрэлт Сибириэс орж ирсэн. Ялангуяа дунд Сибирийн хүйтрэлт Монголын нутаг руу нэлээд доошилж, сууж орж ирсэн. Өндрийн урсгал хойноосоо байлаа. Зарим газраа бас хүйтний эрч сулавтар байна. Монголын нутагт хүйтэн байхад эсрэгээрээ Дундад Ази гайгүй байх жишээний. Харин цаашлаад Европын нутаг руугаа хүйтэн байх гэх мэтээр сөөлжиж хүйтэрч байна.


-Цагаан сарын ерөнхий төлөв ямар байх бол.

-Хоёрдугаар сарын ерөнхий төлөвөөр сарын 10-д гараад ихэнх нутгаар хүйтэвтэр, жавартай байх нь. Харин хоёрдугаар 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтний эрч сулрах, цасгүй байх төлөвтэй. Мөн хоёрдугаар 10 хоногийн эхэн болон сүүлээр зарим нутгаар цас орох төлөвтэй. Ерөнхийдөө сар шинээс хойших өдрүүдэд тэнгэр хуйсганасан салхитай, зарим газраараа цас орсон, хүйтний эрч бага зэрэг чангарсан төлөвтэй байна. Гэхдээ холын зайны цаг агаарын мэдээ нааш цааш шилжиж, өөрчлөгддөг. Долоо хоногийн өмнө гэхэд цаг агаарын мэдээ яг нарийн гарсан байдаг. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.