2018,1-Р Сар,26


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Сурвалжлага: Хонины ууц 100-400 мянган төгрөгийн үнэтэй байна

5 сар, 3 долоо хоног TIMES.MN
Өнө эртнээс тэмдэглэн ирсэн Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр буюу цагаан сар хаяанд иржээ. Монголчууд цагаан сардаа хэдэн сарын өмнөөс бэлдэж эхэлдэг. Аль чадахаараа байдаг зүйлээ шавхан цагаан сардаа элбэг дэлбэг байхыг хичээн бэлддэг билээ. Бууз, баншаа чимхэхээс эхлээд тавгийн идээ, ууц, ирсэн зочдын гарыг цайлгах бэлэг бэлдэх гэдэг бол хамгийн томоохон болоод санхүү их шаарддаг ажлууд гэдэгтэй хүн бүхэн санаа нийлэх буй за.




Тэгвэл сүүлийн жилүүдэд эдийн засаг хямарч, иргэдийн амжиргааны түвшин муудсан. Гэсэн хэдий ч зээл авах нь авч, уламжлалт баяраа хүнээс дутахааргүй тэмдэглэх юмсан гэсэн иргэд цөөнгүй байна. Үнийн хувьд арай хямд, сонголт сайтай гэгддэг Хар хорин болон Нарантуул захаар иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдсэн байна.


Хоёр сар гараагүй болохоор үнийн хувьд харьцангуй хямд болоод сонголт ихтэй байна. Одоо л авбал хүссэн дээлээ авч чадна шүү хэмээн үндэсний дээл худалдаалдаг эмэгтэй ийнхүү ярилаа.




“Ер нь манай монголчууд нэг үеэ бодвол үндэсний хувцсаа өмсөх нь ихэссэн. Худалдан авалт ерөнхийдөө гайгүй байдаг. Одоогоор сонголт ч сайтай, үнэ нь ч хямдхан байна. Хоёр сар гарахаар үнэ нь өсөөд, сонголтгүй болдог. Эхнэр нөхөрт хос дээл хүртэл олдохоо байдаг. Энэ жилийн хувьд булга оруулгатай дээл трэнд болж байна. Үнийн хувьд материалаасаа шалтгаалаад хосоороо 250,000-аас дээш байна. Оёулсан худалдан авсан хоёр ижилхэн. Тэгээд ч санаандаа таарсан сайхан дээл оёулж чадалгүй материал, мөнгөө үрж байснаас худалдаад авсан нь арай дээр байдаг юм. Материалаа аваад оёдолчингоор доод тал нь 50,000-аар оёулахаар үнэ өртгийн хувьд ижил” гэлээ.




Хос даавуун дээл нь 240-250 мянган төгрөг,

булган эмжээртэй дээл 250-500 мянган төгрөг

0-7 настай хүүхдийн дээл 50-90 мянган төгрөг

эмэгтэй дээл 100-180 мянган төгрөг

эрэгтэй дээл 120-200 мянган төгрөг

хурган дотортой дээл 1,200 мянгаас 2 сая төгрөг

эмэгтэй хантааз 200-250 мянга

эрэгтэй хантааз 280-320 мянган төгрөг,

дан цамц 55-75 мянга,

эмэгтэй богино загварын дээлнүүд 100-130 мянган төгрөг,

хүүхдийн нимгэн цамц, өмд хосоороо 40-45 мянган төгрөг,

шлепэн малгай 25-50 мянга,

дөрвөн талтай, орой дээрээ зангидсан сампинтай малгай 75-110,

дөрвөн талтай булган малгай 200 мянга,

үнэгэн малгай 150 мянган төгрөгийн үнэтэй байна.


Урьд жилүүдэд хүннү энгэртэй дээл эрэлт ихтэй байсан. Харин энэ жилийн сар шинээр иргэд босоо захтай Монгол дээлийг илүү сонирхож байна гэдгийг худалдаачид хэлж байлаа.




Мөн тавгийн идээ засаж, ууцаа тавих модон цар 25-70 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. Мэдээж ур хийц, сийлбэр, үзэмжээсээ хамаарч үнийн хувьд өөр өөр байсан юм.


Харин хар хорин худалдааны төвд жил бүр малчид ирж өөрсдийн гар дээрээс хонины ууц худалдаалдаг болоод байгаа билээ. Иргэд ч ченжүүдээс үнэ нэмсэн ууц авснаас малчдын гараас гарал үүслийн гэрчилгээг нь харан хямд өртгөөр худалдан авахыг илүүд үздэг гэсэн юм.




Иргэн Б:

-Өвөө нь тэтгэврийн хүн. Амьдрал хэцүү байлаа гээд уламжлалт баяраа тэмдэглэхгүй байж болохгүй. Тэтгэврийн зээл аваад л цагаан сарын зүйлсээ бэлдэхээр хөгшинтэйгөө хоёулаа явж байна. Хүүхдүүд бэлдээд өгье гэдэг л юм. Гэхдээ бид нар чинь бас өөрсдөө гараараа барьж, нүдээрээ харж байж сонголтоо хиймээр байх юм. Хүүхдүүд бас чанартай, чанаргүй, сайн, муу юм авчих юм. Хэдэн хүүхдүүдийнхээ гарыг цайлгах бэлгээ хүн бүрд нь тохируулан сонгодог болохоор өөрсдөө л явмаар байх юм. Хонины ууцыг малчдын гараас авах нь найдвартай, хямд гэж боддог. Гэхдээ энэ жил малын өвчин их гарсан учир хамгийн гол нь малын гарал үүслийн бичгийг нь харж байна. Үнийн хувьд энэ жил харьцангуй хямд байна. Зун гандуу болж, өвчлөл их гарсан болоод ч тэр юм уу махны үнэ гайгүй байна гэсэн юм.




Харин малчид:

-Хонины ууц хэмжээнээсээ шалтгаалж өөр өөр үнэтэй байна. Дээд тал 400,000, доод тал нь яриад авбал 90,000 төгрөгийн үнэтэй байна. Малын гарал үүслийн бичиг гээд бүгд байгаа. Иргэдийн худалдан авалт тааруу л байна. Уг нь эртхэн авбал үнэ нь хямд байгаа. Хоёр сар гарахаар өсчихдөг юм гэлээ.


Ууцны үнийн хувьд дундаж үнэ 120-280 мянга, жижиг ууц 100 мянга, хамгийн том нь 400 мянган төгрөгийн ханштай байв. Харин үхрийн өвчүү нэг кг нь 5800-6500 төгрөгийн хооронд, том жижгээсээ хамаараад 65-120 мянган төгрөг болдог гэв.


Харин гарын бэлгийн хувьд үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн ховор урд хөршөөс оруулж ирсэн аяга, дотоож, оймс, цамц л дүүрэн байв. Иргэд ч мөн үүнд сэтгэл дундуур байсан юм.




Иргэд “Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээ захуудаар бас нэгдсэн нэг лангуун дээр худалдаалдаг баймаар байна. Дан л урд хөршийн бараа байх юм. Тэр үзэсгэлэн худалдаа, Мишээл дээр нь очихоор тэнгэрт хандсан үнэтэй байдаг юм билээ. Нэг үеэ бодвол манайхан үндэсний үйлдвэрийн бараагаа их сонгодог болсон. Гэхдээ худалдаалах цэг цөөхөн, дээрээс нь үнийн хувьд арай өндөр байхаар хямдыг нь бодоод Хятадын бараа авч байна” гэлээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар, 3 долоо хоног []


Ууц өвчүү, ул боовыг одоо болих хэрэгтэй. Тэрийг хэдэн өдөр харж суугаад яадаг юм бэ? Гэрийн боорцог эсвэл ааруул цагаа, сайхан мах чанаад тавихад хангалттай. Ядуугаа мэдэхгүй байж монголчууд бид байдгаа барж баярлаад яахав дээ. Байгаагаа зөв цэвэр өмсөж зүүн, идэж зоогловоос зохино. Бэлэг сэлтийг болих хэрэгтэй. Харин хүүхдийн алгыг дээш харуулах нь зүйд нийцэх байх. Сайхан шинэлцгээгээрэй.


Зочин    5 сар, 3 долоо хоног []


хүн идэхгүй өөхөөр яахав дээ зүгээр сайхан мах чанаад жижиглээд тавихаар хүмүүс их дуртай идэх юм билээ цагаан сарыг тийм их өндөр үнээр хиймээргүй л баймаар байх юм