2018,1-Р Сар,22


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Аналитик


Хэргийн эзэн сайжруулсан "Зуух"-аа сайжруулсаар л байх уу

10 сар TIMES.MN
Улаанбаатарт утаа үйлдвэрлэж байгаа 200 мянга гаруй яндан, 400 мянган автомашин, 30 мянга орчим бага оврын уурын зуух байна. Тэгвэл утааны гол буруутан болох яндангуудыг хэрхэн багасгах, яавал утаа гаргадаггүй зуух үйлдвэрлэх вэ гэж бодсоор олон өвлийг ардаа үджээ. Энэ жилийн хувьд ч гэсэн нөгөө л нэг зуухаа ярисаар хавартай, цагаан сартай золгоод авлаа. Зуухыг ямар ч янзаар, яаж ч сайжруулж үйлдвэрлээд утаа гаргана гэдгийг төрийн өндөрлөг, шийдвэр гаргагч нар ойлгохгүй л яваа бололтой.




Өнгөрсөн 10 жилийн хугацаанд утааг багасгах нэрээр 200 гаруй тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүн гараагүйг хүмүүс мэднэ. Ялангуяа энэхүү сайжруулсан зуух гэгчийг 2013-2015 оны хооронд эрчимтэй тарааж, бараг айл бүр Дөл, Хас, Өлзий зуухтай болсон гэхэд хэлсдэхгүй байх. Гэвч эдгээр зуухыг хэрэглээд утаа багассан уу гэвэл үгүй. Харин ч эдгээр зуух нь дотоод орчны агаарыг бохирдуулдаг гэдэг нь нотлогдсон.


Тэгвэл энэ мэт зуух тараасан болон дээрх 200 гаруй тэрбум төгрөгийг хэн юунд хэрхэн зарцуулсан бэ гэх тооцоо судалгаа алга, хариуцлага нэхэж байгаа ч хүн байхгүй. Өдий олон жил болоход зуух тараагаад утаа тэгж буурлаа гэх дүн мэдээ, судалгаа ч алга. Зөвхөн манай ахуйд таарахгүй зуух тараасан байна лээ. Тэдгээр хүмүүст хариуцлага тооцож байгаа гэхээс өөр тайлбаргүй л сууна. Тэр ч битгий хэл өнөөх зуухаа сайжруулаад утаа гаргадаггүй зуух гэгчийг зорилтод бүлгийн айлуудад тараана гээд хээв нэг яриад сууж байна. Бүр туршилтаа хийгээд эхэлсэн байна.




Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “2013-2015 онд сайжруулсан зуух тараасан. Гэвч энэ нь ийм, тийм гэж дүн шинжилгээ хийх боломжгүй болчихсон. Учир нь зуух болон түлшийг өөр өөр газар тараасан. Мөн шинэ төрлийн зуухад түүхий нүүрс ч түлж болно гэснээр замбараагүй байдал үүссэн. Бидний хувьд тодорхой арга, ажиллагааг тодорхой бүсүүдэд л хэрэгжүүлье гэж зорьж байна. Үнэхээр бүрэн шаталттай зуух байгаа бол үүнийг тодорхой бүсэд хэрэгжүүлж туршиж үзэх хэрэгтэй. Мөн сайжруулсан түлшээ ч хэсэг газар туршиж үзэх хэрэгтэй. Зарим хэсэгт нь цахилгаанаар халааж үзэх хэрэгтэй байна. Эдгээрээс аль нь үр дүнтэй байна гэдгийг нь тогтоосны үндсэн дээр урт хугацаандаа хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм.


Яагаад зарим хэсэгт зуух тараах гэж байна гэхээр бид хэдэн төгрөгөөр ямар асуудлыг шийдэх гэж байгаагаа ойлгох хэрэгтэй. Энэ бол бодит үнэн. Эхний ээлжид зуух, сайжруулсан түлш, цахилгаан халаагуурыг хэсэг хэсгээр нь туршиж үзнэ. Дараа нь дэд бүтэцтэй болгож, барилгажуулах нь илүү өндөр өртөгтэй учраас урт хугацааны ажил юм. Тэр үед монгол ахуйд нийцээгүй зуух тараасан байсан. Одоо бол технологи нь шал өөр. Сүүлийн үеийн буюу сая туршилтаар Төв аймагт тараагдсан зуухны давуу талыг харах хэрэгтэй байна” гэсэн тайлбар өгсөн.


Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар ч зуухаа л ярив. Гишүүд зуухны талаар дараах байр суурьтай байна.


УИХ-ын гишүүн А.Сүхбат: “220 тэр бум төгрөгийг ажил болгосон гэвэл болгосон. Зүгээр агаарт цацсан зүйл биш үү дээ. Төслийн зуухыг би ч өөрөө хэрэглэдэг. Энэ дээр дэвшилттэй талууд олон байгаа дулаанаа удаан барьдаг, түлшний хэмнэлттэй гээд үр дүн гарсан. Алдаа нь юу гэвэл зориулалтын түлш хэрэглэж чадаагүй юм”.


УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: "Улаанбаатар хотод тараагдсан сайжруулсан зуухны бараг 50 хувь нь ашиглагдахгүй байгаа".


УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: "Нийт 175 мянган зуух тараачихаж. Энэ зуухыг тараагаад сайхан болчихсон бол 200 мянган яндан чинь алга болчихсон байх ёстой. Одоо үр дүн алга. Баахан бүрээс, үүдний амбаар тараасан. Үр дүн байхгүй. Дээр нь дизел хийн түлш тараахад 3 тэрбум төгрөг тараасан үр дүн байхгүй".


УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Утаагаар далимдуулж улс төр биш бизнес хийх гээд байна, үүнийгээ болиоч. Зуух яг ямар компани хэдэн төгрөгөөр аваад, хэдийг нийлүүлээд хэдэн төгрөгний ашиг олох гээд байгаа юм, ямар компани авах гээд байгаа юм".




Өнгөрсөн засгийн хувьд утаагүй зуух гэж 170 мянган “Хас, “Дөл”, “Өлзий” зэрэг зуухыг тараасан. Гэвч өнөөдөр үр дүн нь утаатай хэвээр л байна. Утаа гаргадаггүй зуух гэж байхгүй, байлаа ч утаагүй зуухандаа түүхий нүүрс түлсээр байвал утаа гарсаар л байна. Жил бүр, үе үеийн Засгийн газар сайжруулсан зуухаа сайжруулсаар л байх уу. Сайжраад сайжраад, утаагүй зуух тараагаад утаа алга болчихгүй гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй болоод байна. Одоо ч цагаан сар, буузаа яриад дараа өвөл л утаагаа санаж эхлэх буй за.




Холбоотой мэдээлэл


АУДИТ ба АСЕМ
АУДИТ ба АСЕМ
5 өдөр, 15 цаг
Өвөлд бэлэн бус "Нийслэлчүүд"
Өвөлд бэлэн бус "Нийслэлчүүд"
3 долоо хоног, 4 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочинхүн    10 сар []


одоо энэ байгаа бодит байдлаа харалдаа төрийн дэмжлэгтэй багануурын уурхайгаас уб хотруу ачигдаж жижиглэнгээр зарагдаж байгаа нүүрс төр хаячихаад амьдрахын эрхээр хавчигдан байж гаргаж буй налайхын нүүрс 2-ын утаа тоос тортог хорт хий ялгаруулж байгаа нөлөөллийн зөрүүг л мэдэж хянаж байгаа төр нийслэл яам байхгүй мөртлөө утаа ярих юм налайхыг зогсоож болноо амьдрахын төлөө хэдэн үеэрээ эрүүл мэнд амь насаа улс орны төлөө харамгүй зарсан уурхайчдын үр удмын тэмцлийг зогсоож чадахгүй бидний цаашдын амьдралын баталгааны талаар ганц үг ган хийхгүй үе үеийн уурхайчид тэдний үр удам энэ төрийн үе үеийн шийдвэрт үнсэнд хаягдсан шалз шиг явж ирлээ үүнээс цааш чадахгүй энэ төрөөс алдсан бүхнээ нэхэн үнэн шудрага ялтал үхтэлээ тэмцэнэ ийм төр засагтайдаа харамсах юм