2018,1-Р Сар,19


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Б.Даваажав: Монгол орны байгалийн үнэт баялаг эцсийн бүтээгдэхүүн болох боломж бүрдлээ

6 сар TIMES.MN

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллеж Үнэт эдлэлийн мэргэжлийн дархан бэлтгэх орчин үеийн дадлагын ангитай боллоо. Тус сургууль нь 52 дахь жилийнхээ босгон дээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй төслийнхээ хүрээнд энэхүү дадлагын ангиа нээж байгаа бөгөөд өчигдөр албан ёсоор сургалтын төвийнхөө нээлтийг хийлээ.




Нээлтэд тус сургуулийн удирдлага, багш, оюутан, уран дархчуудаас гадна Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ш.Дуппел, Швейцарийн Элчин сайдын яамны Хамтын ажиллагааны дэд захирал, Нэгдүгээр нарийн бичгийн дарга И.Дали, Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа, Монголын уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбооны тэргүүн Д.Пүрэвсүрэн тэргүүтэй хүндтэй зочид, төлөөлөгчид оролцлоо.


Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирал Б.Даваажав Үнэт эдлэлийн танхимыг нээж хэлсэн үгэндээ:




-Манай коллеж 52 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд нийтлэг үйлчилгээ, гар урлал, урлал дизайн, техник технологийн 32 төрлийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлээр амжилттай ажиллаж байна. Манай сургууль Монголын түүхэн уламжлалд суурилсан Монгол дархны мэргэжлээс орчин үеийн урлагийн төрлийг хослуулсан сургалт явуулж буй мэргэжлийн боловсролын ганц сургууль юм. Үнэт эдлэлийн дархны танхим ашиглалтад орсноор Монгол орны байгалийн үнэт баялаг эцсийн бүтээгдэхүүн болж, дотоод, гадаадын зах зээлд гарах боломж нээгдэнэ. Манай сургуулиас ажлын гараагаа эхэлсэн үе үеийн шилдэг уран бүтээлчид улс эх орныхоо соёл урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж явна. Өнөөдрийн энэ үнэт эдлэлийн дархны сургалтын танхимын тоног төхөөрөмж дээр суралцах залуусаас Монгол Улсын үнэт эдлэлийн дархны мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн, өөрийн гэсэн хэв маяг, арга барилтай олон алдар гавьяатан төрж гарна гэдэгт итгэлтэй байна гэв.




Тус сургууль болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн 2015 онд байгуулсан гэрээний дагуу энэ танхимыг уран дархны тоног төхөөрөмжөөр шинэчлэн тохижуулахад 500 мянган еврогийн хөрөнгө оруулалт хийжээ.


ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ш.Дуппел:




- Дэлхийн зах зээлд ур хийц сайтай, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд сайн боловсон хүчин шаардлагатай. Тиймээс сургалтын үйл ажиллагаандаа Монголдоо хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжийг хэрэглэх боломжийг бүрдүүллээ. Энэ нь Монгол Улсын алт, үнэт эдлэлийн салбарыг урт хугацаанд хөгжүүлэхэд чухал түлхэц болно. Энэ бол шинэ боломж юм. Оюутан залуус болон сургуулийн хамт олонд амжилт хүсье гэлээ.



Үнэт эдлэлийн дархны ангийн доторх бичлэг


Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, Урлалын Политехник коллеж уран дархны мэргэжлээр 2.5 жилийн сургалт явуулдаг бөгөөд жилд 15 оюутан шинээр элсүүлдэг байна. Тус сургалтын төвийн нээлтийн үеэр 2.5 жил сурч уран дархны мэргэжил эзэмшээд, цаашид 1.5 жил үргэлжлүүлэн суралцаж, дээд боловсрол эзэмших хүсэлтэй 10 гаруй оюутанд тэтгэлгээр суралцах эрхийн бичгийг гардууллаа.


Мөн үнэт эдлэлийн дархны ангийн сургалтын хөтөлбөрийг ХБНГУ-ын мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөртэй уялдуулан шинэчилж боловсруулсан байна. Уг хөтөлбөрийн дагуу энэ сарын 29-нөөс 1,5 жилээр болон богино хугацааны сургалтыг оюутан суралцагчдад олгож эхлэх юм.


Ту сургуулийн төгсөгчид:




Миний хувьд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, Урлалын Политехник коллежид 2.5 жилээр суралцаж, өчигдөр төгссөн. Бидний хувьд ардын уламжлалт Монгол дархны мэргэжлээр төгссөн. Өмнө нь манай сургуульд үнэт эдлэлийн нарийн нандин багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж нь хомс байсан бол өнөөдөр ийм сайхан иж бүрэн техник төхөөрөмжтэй ангитай боллоо. Миний хувьд мэргэжлээ дээшлүүлэн суралцах зорилготой байгаа.




Харин эдгээр охидын хувьд мөн адил сургуулиа төгсөөд мэргэжлээ дээшлүүлэн суралцахаар болсон. Нэг нь Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр гадаадад сурахаар болсон бол нэг нь өөрийн сургуульдаа үргэлжлүүлэн суралцахаар болсон байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.