TIMES Ярилцлага


Б.Төмөрчулуун: Сонгогчдоос тасралтгүй ирэх утасны дуудлага намайг танигдахгүй болтол өөрчилсөн

8 сар, 3 долоо хоног TIMES.MN

НИТХ-ын төлөөлөгч Б.Төмөрчулуунтай ярилцлаа.

МАН өнгөрсөн дөрвөн жил сөрөг хүчин байлаа.Энэ хугацаанд нийслэлийн хөгжил ямар хурдаар урагшлав?

Нийслэл хот маань өнөөдөр чиргүүлтэй Зил130 машин шиг   хаазлаад  зүтгээд л байна. Асар их ачаалалтай, ачааллаа дийлэлгүй зогсчих гээд арай  ядан зүтгэх буйтай  өнөөгийн нөхцөл байдлыг зүйрлэж болно. Хотын стресс гэх онцгой хүнд ачаа нь өдрөөс өдөрт нэмэгдэж вирус шиг  бүгдэд халдварлаж байна. Хотын иргэн ам нээвэл бухимдаж, харааж, өндөр дуугаар нэгнээ загинаж байгаагаас  энэ халдвар ямар хурдан тархаж бугшиж байгаа харж болно.  Хөдөлмөрийн зах зээл, амьжиргааны түвшинг сайжруулах, эдийн засгийн ачааллыг багасгах тал дээр өнөөгийн удирдлагууд шинэ санал санаачлага  гаргаж, бодлого хэрэгжүүлсэнгүй. Төлөвлөлтгүйгээр энд тэнд сургууль барих, зам өргөтгөх гэх мэтээр оочин цоочин ажил хийж байна. Зүйрлэвэл дардас шидэж тоглож байгаа юм шиг л байлаа.  Ийм байхад  бухимдаж, аахилаад, стресстээд байгаа нийслэлийн тавилан өөрчлөгдөхгүй. Нийслэл хотоо хөгжүүлж дэгжин болгож чадвал  Монгол Улс дагаад дэгжин болно гэж  боддог. Нийслэл гэсэн нэрэндээ тохирсон цогц сайхан хотыг хөгжүүлье л дээ. Метрополис, их хот гээд олон сайхан нэр өглөө. Гоё нэрнээс илүүтэй ийм хэмжээний хотод байдаг хүнд хөнгөн үйлдвэр, найдвартэй эрчим хүчний хангамж, дэд бүтэц байгуулчихаагүй байна. Өнөөдөр тасралтгүй 2-3 ээлжээр ажилладаг хөнгөн үйлдвэр алга. Цахилгаан нь зочин шиг орж ирээд ОХУ  руу буцаад гараад явчихаж байна. Энэ мэтчилэн асуудлыг шийдвэрлэх гэж аль  ч намын төлөөлөгч хангалттай ажиллаж, бодлогоо  уралдуулж чадсангүй.

Зөв сэтгэлтэй, бодолтой  нэгнийхээ үгийг сонсохгүй, саналыг нь хүлээж авдаггүй.  Миний харж байгаагаар мэдлэгт суурилсан хөгжлийг бий болгож Улаанбаатарыг инновацийн хот болгох ёстой. Шинжлэх ухааны үндэслэлтэй, мэдээлэл технологит суурилсан бодлого хэрэгжүүлж байж цэгцтэй, цэмцгэр хот болгон хөгжүүлнэ.

Та нийслэлийн бүтцийг өөрчлөх, дагавар хотуудыг бие даасан хот болгох санал гаргаж байсан. Ингэх боломж байгаа юу? 

Багануур, Багахангай, Налайх дүүргийг дагавар  бус бие даасан орчин үеийн  шинэ  цагийн хот болгон хөгжүүлье гэдэг санааг би байнга хэлдэг. Бие даалгахын тулд жишиг загвар гаргаж  тосгоны  зохицуулалтаар хөгжүүлж болж байна. Хүн ам, нөөц боломж хангалттай бий. Зөвхөн зөв бодлого, сэтгэл зүрх, зүтгэл  чухал.

Улаанбаатар хотыг бүсчилээд хороодыг долоо долоогоор нь нэгтгээд тосгоны хэлбэрт оруулан иж бүрэн хөрөнгө оруулалт хийж хооронд нь өрсөлдүүлэх замаар хөгжүүлбэл  маш хурдан хөгжих боломж байгаа.   Тухайн тосгонд  нэг сургууль, гурван цэцэрлэг, гурван ясли, анхан шатны тусламж үйлчилгээний эмнэлэг,  гал, түргэн тусламжийн үйлчилгээг бий болгоё. Иргэдийн ахуй нөхцөл,  эрүүл мэнд, нийгмийн асуудлыг ийм аргаар шийдвэрлэж болно. Харин том утгаар нь харвал хотын  газар доогуур хүн амынх нь 20 хувь зорчдог болох, хотыг хөндлөн огтолсон төмөр замын доогуур автомашины гарцуудыг гаргах гээд  ажил хэрэг болгох хамгийн боломжтой санал санаачлагууд НИТХ-ын төлөөлөгчдөөс гарч байгаа ч хэрэгжүүлэхгүй байна. Миний хувьд санал санаачлагаа  ажил болгох гэж их хэлдэг ч сөрөг хүчин гэдэг ганцхан нүдээр хараад үл тоомсорлож байна.  Зарим гаргасан санаачлагыг өлгөж аваад  өөрийн болгож хийхдээ үндсэн ашиг, үр дүнг нь алдагдуулж бүр дордуулчихдаг.  Сөрөг хүчний төлөөлөгч  цэцэрлэг барих санал гаргалаа гэхэд зөрүүлээд  хогийн ногоон уут  тараах, 25 тэрбум төгрөгөөр автобус  авч байх  жишээтэй. Ингэхээр нийслэлийн ачааллыг хөнгөлөх бус нэмэх аргаар “хөгжүүлээд “ байгаа юм.

Нэгэнт боожиж байгаа хотыг тэр чиглэлээр нь бойжуулах ёстой байтал  өмнөх ажлуудаа үгүйсгээд хүчийг нь сулруулж байна. Онцолж хэлэхэд намуудын бодлого, албан тушаалтнуудын бодлын дунд Улаанбаатар хот үрэгдэж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг  та эсэргүүцэж газраа битгий чөлөөл,  үл хөдлөх хөрөнгөө нийтийн орон сууцаар сольж болохгүй гэж хэлээд байгаа.  Нийслэлийн удирдлагуудын өмнөх сонгуулийн гол амлалт, хамгийн сайн хэрэгжиж байгаа гэх ажлыг эсэргүүцээд нэмэр байна уу?

Нийслэлийн хөгжил гээд ярихаар гэр хорооллоо ад үзэж эхэлдэг.  Уг нь эхлээд нийслэлийг хэрхэн хөгжүүлэх, богино хугацаанд яаж хөгжүүлэх вэ гэдэг гарцыг олж харах, ярилцах  ёстой. Өмнөх сонгуулиар  АН-д хамгийн их оноо авчирсан, өнөөдөр мухардалд ороод  байгаа Гэр хорооллын дахин төлөвлөлт анхнаасаа буруу явсан. Нэрнээсээ эхлээд гэр хорооллоос цэрвэсэн, устгах санаа агуулж байна.  Гэтэл тэр  хашаа нь  тухайн гэр бүл хэдэн үеэрээ амьдарч удам дамжин өвлөгдөж ирсэн хамгийн үнэт үл хөдлөх хөрөнгө нь байдаг. Өнгөрсөн дөрвөн жилд гэр хорооллын дахин төлөвлөлтөд асар их хэмжээний төсөв хөрөнгө зарцуулж байна. Нэг айлын хашааг л чөлөөлөхөд төдий хэмжээний зардал гарлаа гэж  маш их мөнгөн дүн хэлэх зэргээр   айдас, дарангуйллаар  ажиллаж ирлээ. Чадал нь хүрэхгүй байхад нэг зэрэг олон газрыг сэглэж олон иргэнийг орон гэрээс нь хөөж гаргаж байхаар нэг гудамжийг сонгож аваад 70 жилийн турш байгаагүй юм шиг өөрчилж 1-3 давхар амины орон сууцны жишиг хороолол болгочих л доо. Үр удмаараа амьдраад ирсэн хамгийн үнэтэй өмчийг нь нийтийн 3 өрөө байраар сольж үнэгүйдүүлж байхаар тухтай амины сууц, тохилог хашаатай болгож яагаад болохгүй гэж. Ингэж чадвал  өрхийн  үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь өсч амьдралын баталгаа нь хангагдах болно.

Өнөөдөр  гэр хорооллын зарим гудамж, хэсгийг муу усны , аймшгийн, иракийн гудамж гэх зэргээр байгаа орчныг нь зүйрлэн нэрлэдэг болж.  Энэ бол хошигнол биш эмгэнэл болчихоод байгаагийн амьд жишээ. Баатар Э.Бат-Үүлийн багийнхан уг нь  гэр хорооллын  танигдахын аргагүй болтол нь өөрчилж дэд бүтэц хөгжсөн амины орон сууцны хороолол болгох ёстой байсан юм. Гэвч чадсангүй. Одоо нийслэлийн гэр хорооллын тавиланг өөрчилж  газрыг нь үнэд хүргэж үр удмаараа тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх ажлыг хийж чадах, чадсан хүнийг иргэд жинхэнэ улстөрч хэмээн сонгох цаг болсон.

Та үг хэллэг, нэрний билэгдлийг их ярьдаг. Энэ таны МАХА үзэлтэй  холбоотой байх. Тэгвэл таныхаар гэр хорооллын дахин төлөвлөлтийг  юу гэж нэрлэж, хэрхэн хийх ёстой байсан вэ?

Нийслэл хот минь хөгжих бус  эмх замбараагүйгээр тэлж байна. Шаар үлээж байгаа мэт л томорч тэлж байгаа. Ингээд ирэхээр эргээд л гэр хороолол руу  ярианы сэдэв дахин орж таараа. Гэр хорооллыг цэцэгцэлж , цэмцийлгэж байж л нийслэлийн  замбараагүй тэлэлт буурна. Дахиад хэлэхэд гэр хорооллыг нийтийн орон сууц руу шахах бус уламжлалт ёс заншил, галаас нь холдуулахгүйгээр “Үндэсний бахархалт тосгон”  болгох төлөвлөлт хийх хэрэгтэй. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг нэршил нь  анхнаасаа чин сэтгэлийн угаас ундраагүйгээс явцгүй болсон. Үндэсний бахархалт  тосгоны ухаалаг төлөвлөлт хийж байж “G хорооллын тавилан цэгцэрч Монгол улсын тавилан сэргэн мандана гэж боддог юм. Өнөөдөр гэр хорооллыг үзэн ядахаас тэнд амьдарч буй хүмүүсийн ахуй амьдрал, хүсэл мөрөөдөл, амьдралын зорилго, өмч хөрөнгөө хэрхэн зарцуулах сонирхлыг очиж асуухгүй, нүүр тулж уулзаж амь халуун ажил хийлгүй  асууддлыг хөндлөнгөөс шийдэх гэж л зүтгэж байна.

Хотын удирдлагуудын гарт өргөс орсон бол хурдан аваад өг гээд сүйд болох хүмүүс. Ийм л эмзэг байгаа. Тэгвэл гэр хорооллын иргэд  хөрсний бохирдол, халуун ус, цэвэр ус, гэрэлтүүлэг гээд маш олон  асуудлуудыг  10 хуруундаа өргөс шиг тээж явна. Энэ өргөсийг нь сугалчих сэтгэл дутлаа.

Та Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан.Тэр үедээ эхлүүлсэн ажлууд чинь өнөөдөр  дуусч, нийслэлийн их ачааллаас  хуваалцаж чадаж байна уу?

НИТХ-ын төлөөлөгчөөр анх  сонгогдон ажиллахдаа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилогдож ажилласан. Ингэхдээ  Улаанбаатар хотын энэ их ачаанаас багахан чиг гэсэн хөнгөлөх хэрэгтэй гэж их хичээж ажилласан.  Овоож оцойтол нь хийчихсэн гэж хэлэхгүй ч олон  ажлыг эхлүүлснээрээ бахархаж байна.

Хөрөнгө оруулалтын газрын даргын ажлаа хүлээж авсан даруйдаа ажлаа хаанаас юунаас эхлэхээ шийдэхээр Зайсан толгой дээр гарч хотоо алган дээрээ тавьсан юм шиг удаан ажиглаад тооцоолсон. Оройхон гарахад нийслэл маань гэрлэн чимэглэлээ зүүсэн ч цаанаа нэг өнгө муутай, уйтгартай шар гэрэлтэй харагдсан. Ажлаа эндээс л эхлэх хэрэгтэй юм байна. Хөхрөн цэлийх лед гэрлээр бүх гэрэлийг сольж гэрэлтүүлгээ нэмэх шаардлагатай юм байна гэж хараад эндээс ажлаа эхэлсэн. Дараа нь нийслэлийн замын түгжрэл толгойны өвчин болсон үе болохоор ачааллыг хөнгөлөх шинэ гарц, коридоруудыг нээх, нүхэн болон гүүрэн гарц хийх боломжуудыг судалж эхлүүлж байлаа.

Богд хаан уулын хойгуур Туул гол дагуулаад 17 км зам, Дүнжингаравын 6 км, Улайстайн голыг өгсөөд Шархад орох 6 км, Гачуурт хүрэх 6 км замыг тавих ажлыг эхлүүлсэн. Мөн  Цэцэг төвийн уулзвараас урагшаа нэвт гарах зам тавихаар Нэгдүгээр сургууль, Төрийн тусгай хамгаалалтын газартай  ярилцаж байгаад зураг төсвийг нь хийж дуусгаж хөрөнгийг нь тусгуулсан. Яармагийн замыг эсрэг урсгалтай дөрвөн эгнээ болгох ажлыг мөн эхлүүлж  төсвийг нь шийдсэн.  Алтан боолтыг нь чангалсан Нарны гүүрын ажлын 85 хувийн гүйцэтгэлтэй явж байхад ажлаа өгсөн дөө.

Мөн Миний сонгогдсон Жаргалын найман хороо бий. Наймдугаар хороонд нь байрлах Ус-15 гэх хэдэн байрны 1000 гаруй өрх хөлдөөд маш хүнд байдалд орсон. Тиймээс  Баянзүрх дүүргийг өөрийн гэсэн дулааны станцтай болгохоор зорьж зураг төслийг санаачилсан. Ашгүй Эрчим хүчний сайд Ц.Сономпилд хөрөнгө санхүүжилтын асуудлыг шийдэж өнөөдөр Амгалан дулааны станц ашиглалтанд орчихоод байж байна.

Эрчим хүчний салбарт хэрэгжүүлсэн бас нэг томоохон ажил Улаанбаатар хотыг бүсчилсэн дэд бүтцтэй болгохоор шийдээд анх удаа 110 шугамаар нийслэлийн цахилгааны шугамыг тойрог хэлбэрт холбох төслийг хэрэгжүүлж эхэлсэн.  Одоо Тавдугаар цахилгаан станцыг яаралтай барьчихвал  нийслэлийн бүсчилсэн дэд бүтцийн асуудал ерөнхийдөө шийдэгдэх юм. Гэтэл өнөөдөр Тавдугаар цахилгаан станцыг Хөлийн гол дээр барихаар зураг төслийг нь хийсэн. Газар мундсан биш яагаад салхины аман дээр гол дээр барих ёстой юм. Олон улсын жишигт хогийн цэг дээр станцаа барьж байна.  Тэгэхээр Цагаан давааны хогийн цэг дээр яагаад барьж болохгүй гэж. Байршил, өндөрлөг газар гээд хамгийн боломжтой нь. Аливаа зүйлийг бүтээн байгуулах эхлүүлэхэд тавиланг нь зөв тавих ёстой. Ингэж чадсан ажил урагштай, үр өгөөжтэй болдог.

 Бидний тооцоолсноор Улаанбаатарт хотод төмөр замын доогуурх гүүрэн гарц 41, газар доогуур 100 км зам, дээр нь 400 гаруй км зам, алслалтай давхар гүүр ес байвал  түгжрэлгүй болж дэд бүтэц сайжирна гээд  зураг төсвийг нь гаргаад бэлэн болгосон байсан юм. Өнгөрсөн дөрвөн жилд эдгээр ажлаас бараг хийсэнгүй. Өнөөдөр улс төрчид, нийслэлийн удирдлагууд  усан амлахаа боль. Асуудал хангалттай хүндэрлээ.

Нийслэлд  дардас шийдэж байгаа юм шиг бүтээн байгуулалт хийж замбараагүй тэлүүлж байна гэлээ. Уг нь хэтийн төвлөлт гэж байдаг биз дээ?

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга байхдаа би  хөрөнгө оруулалтын  шар, хөх,  цагаан  ном гаргасан. Хөх ном нь хэтийн төлөвлөлт, шар нь хийсэн ажил, гүйцэтгэл, цагаан нь иргэдийн хүсэлтээр төлөвлөсөн ажлыг багтаасан юм. Эдгээр номоо  2012 оны сонгуулийн дараа ажлаа хүлээлгэж өгөхдөө хотын дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Баттулга нарт  хүлээлгэж өгсөн. Өгөхдөө та нар олон юм хийх гэж худлаа амлаад  хэрэггүй. Энэ цэнхэр номонд орсон төлөвлөлтийн дагуу ажиллавал нийслэлийн хүндэрэлтэй асуудлуудыг үе шаттайгаар шийдэх боломжтой шүү гэж хэлсэн. Харамсалтай нь нэг ч ажил хийсэнгүй.  Өнгөрсөн хугацаанд чин сэтгэлээсээ олон ч зөвлөгөө, саналыг хотын даргад өгсөн. Даанч өөнтөглөж хүлээн аваад яг эсэргээр нь зүтгэдэг. Тухайлбал, хогны ногоон уутны асуудал ярихад нийслэлийн хогны блансыг та нэмэгдүүлэх ажил хийх гэж байна гэхэд хүлээж аваагүй. Хотын даргын хамгийн их санаа зовоодог анхаарал хандуулдаг нэг зүйл нь хогны бланс. Хог дээр  байгаа уутыг түүж аваад  дахин боловсруулаад хогны уут хий. Хар, саарал өнгийн уут гарна. Миний дэлгүүрийн уут шиг жижигхэн ногоон уут хогонд тохирохгүй гэж хэлээд нэмэр болоогүй. Ногоон уут тарааж хогны блансыг л нэмэгдүүлж орхисон.

Тэгэхээр нь би Улаанчулуутын хогийн цэг дээрээс  500 кг  хог түүгээд европ руу ачуулсан. Улаанбаатарын хогийг хүлээж авч  шинжлээд Монголын хог сэргэлэн, цэвэр хог юм байна, хогны уут үйлдвэрлэх бүрэн боломжтой гэсэн шинжилгээний хариу гарсан. Хогны үйлдвэрийн төслийг минь дэмжиж  хөрөнгө оруулалт хийх боломжтой.  Харин хөрөнгө оруулалтын 30 хувийг нийслэлээс гаргаад 70 хувийг хөрөнгө оруулалтаар шийдэхээр гадаадын хөрөнгө оруулагчтай харилцан тохироод Э.Бат-Үүл даргад өгсөн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл шийдсэнгүй. Хот хогоо шийдэж чадаагүй л сууж байна.

Бас нэг  нэг ажил нь нийслэлийн сая гаруй хүний ундны усыг баталгаатай, аюулгүй байлгахын төлөө эрдэмтэн Эрдэнэтэй хамтран Солонгосуудад гольфын зориулалтаар өгсөн талбайд  хөөцөлдсөөр хүчингүй болгуулж  шинээр 21 цэвэр усны ундаргыг  гаргуулаад нийслэлчүүдийг цэвэр усаар хангаж байна

Их тэнгэрийн амнаас орж ирэх Маршилын гүүрийн шинэчлэл сайхан болсон. Энэ шинэчлэлийг таныг Хөрөнгө оруулалтын газрын дарга байхад хийсэн. Гүүрэн дээр байрлах Хаан хаалгыг  та санаачлан хийлгэсэн гэж байсан?

Маршилын гүүрийг шинэчлэх төсөл дээр түүх дурсгалыг харуулсан өнгө үзэмж бүхий хаалгатай байна гэсэн ганцхан  өгүүлбэр байсан юм. Гүүрийн ажлыг гүйцэтгэсэн компанийнхантай ярилцаад зураг дизайныг хамтран гаргаад Хан хаалга гэж хаалгатай байя. Монгол улс 32 тамга тэмдэгтийн өлгий нутаг юм байна. Адуу малаа 32 төрлийн тамгаар тамгалж байжээ. Эдгээр тамгын дүрсийг энэ хаалган дээр мөнхлөн үлдээе гэж бодож зургийг нь гаргуулсан.

Хан хаалган дээр залуу хос ирж хуримаа хийдэг, алс хол явахдаа ирдэг, хүмүүс уулзаж учирдаг, аз жаргалын сайхан энерги цугласан нэг газар бий болгоё гэж зорьсон.

Жаргалын найман хороогоо та ёстой л аминчирхаж их тойглосон байна лээ?

Тухайн тойргоос сонгогдсон л бол иргэдийнхээ төлөө  мачийж ажиллах ёстой. Найман жил ажиллахдаа супер маркет, худалдааны төв, Амгалан зах, Жанжин клуб ашиглалтанд орууллоо. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх зам баригдлаа. 

Сонгогдсон найман хорооныхоо иргэдтэй хамгийн ойр байж өөрийн боломжоороо асуудлыг нь шийдүүлчих гэж зүтгэж ирлээ. Хандсан бүрийн үгийг сонсож шаардлагатай нэгний нь хүүхэд нь юм шиг очиж уулзаж ярилцдаг. Ингэж ажилласаар нэг л мэдэхэд  найман жил өнгөрчээ. НИТХ-д сонгогдон ажилласан хугацаагаа “Өдөр шиг өнгөрсөн найман жил” гэж хэлсэн минь ийм учиртай. Миний ажлын гол онцлог  над руу залгасан сонгогч бүрийн үгийг сонсож газар дээр нь очиж асуудлыг нь шийдэх, гомдлыг нь барагдуулах гэж боломжоороо зүтгэдэг. Тиймээс сонгогчид минь над руу тасралтгүй залгадаг. Найман жил НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллахад тасралтгүй ирэх утасны дуудлага  намайг танигдахгүй болтол өөрчилжээ. Өөрчлөлт гэдгийг хүний төлөө  ажиллах сэтгэлтэй болсон гэж ойлгох хэрэгтэй. Энэ өөрчлөлт надад “Жирийн төлөөлөгч биш жин дарсан жинхэнэ төлөөлөгч” гэсэн нэрийг сонгогчдоосоо авахад хүргэсэн.  

Ийм урам авсан болохоор Баянзүрчүүдийнхээ төлөө, нийслэлчүүдийнхээ төлөө эдүгээ цагийн Ард-Аюуш шиг зүтгэнэ гэж боддог.

Жаргалын найман хороо гэж яриад байна. Яагаад ингэж нэрлэв?

Улстөрч төдийгүй  хүн өөрийн бодлоо сайн цэгцэлж билэг дэмбэрэлийг илүүд үзэх хэрэгтэй. Баянзүрх дүүргийн 28 хорооны найман хорооноос би сонгогдсон. Энэ хороодоо танигдахгүй болтол өөрчилөе гэж чин сэтгэлээсээ хүссэн. Хүн сэтгэлийн амьтан юм болохоороо сайн сайхан зүйлийг хүсдэг, эрж байдаг. Тиймээс тойргоо Жаргалын найман хороо гэж нэрлэсэн. Эндэхийн оршин суугч нар тоглолт үзэх гэж хотын нөгөө зах руу явахгүй, дэлгүүр орох гэж хотын төв рүү түгжрэхгүй бүхий л хүслээ хорооныхоо нутаг дэвсгэрээс хангадаг болох ёстой гэж бодсон. Өнөөдөр энэ хороонд Номин, Оргил, Wellmart гэсэн гурван том супермаркет, Амгалан худалдааны төв ажиллаж байна. Жанжин клуб шинэчлэгдэж ашиглалантанд орлоо, зам талбай нь өргөтгөгдөж, гэрэл гэгээтэй болсон. Харин одоо сургууль цэцэрлэг дутмаг хэвээр байна. Өнөөдөр  АСЕМ энэ тэр гэхээр яаж ийгээд газар гаргаад барилга барьчихдаг атлаа сургууль цэцэрлэг барих газар олдохгүй л байна.

Сэтгэл байвал ямар ч асуудлыг шийдэж болж байна. Баянзүрх дүүргийг хөгжүүлэхгүй байя гэвэл одоо байгаагаас нь дээшлүүлэхгүй л зүтгүүлээд байх хэрэгтэй. Хөгжүүлье гэсэн сэтгэл байвал 7 хороогоор нь  хувааж дөрвөн тосгон болгоод  хооронд нь өрсөлдүүлээд амархаан хөгжинө, боломж ч байна. Би энэ саналаа өмнө нь иргэдэд ярьж байсан. Хүмүүс маш сайхан хүлээн авч ингэж байж л бид хөгжинө. Анхан шатны засаг захиргааг ингэж л хөдөлгөөнтэй, идэвх санаачлагатай болгох цаг болсон гэж байсан.

Өнөөдөр нийслэлийн бүхий л хороод хоорондоо ямар ч өрсөлдөөн, тэмцэл алга. Хавтгайдаа шаварт суучихсан юм шиг л байна. Нийслэл,  улс орон минь  наран ургах зүг Баянзүрх дүүргээс эхлэн өөрчлөгдөж хөгжин дэвжээсэй гэж бодож хүсч, зүтгэж явна.

Найрсаг Улаанбаатар гээд урлаг соёлын олон арга хэмжээ явууллаа. Бодит амьдралаа дээрээ найрсаг байж чадаж байгаа юм уу гэсэн шүүмжлэл их байна?

Албадлагаар найрсаг болгох гээд байна л даа. Төрсөн өдөр тэмдэглэх, шинэ жил ,  сүнсний баяр тэмдэглээд найрсаг болчихгүй. Нийтийн тээвэр,  агаарын бохирдол, тохижилт, хот төлөвлөлт бүгд цэгцэрч иргэдийн амьдрал амгалан тайван, ажилтай орлоготой байж л найрсаг болно. Би өмнө нь ч хэлж байсан. Улаанбаатар хотыг дардас тоглож байгаа юм шиг хөгжүүлж болохгүй. Эвлүүлдэг тоглоом өрж байгаа юм шиг төлөвлөх ёстой гэж.

Монгол залуучууд дахин цэнэглэдэг батерей шиг тархитай. Тэгэхээр дөнгөж хөдөөнөөс орж ирж байгаа хүмүүст  хотод зургаан сар амьдарна, та байнга оршин суугч аль нь ч бай та хогоо энд хая, нисэх орохдоо ийм автобусаар яв, хашаа байшингаа ингэж тохижуулаарай гэх мэтээр өөриймсөг  хандахгүй байна. Найрсаг, сэтгэл дотно хотод амьдрая гэвэл бие биедээ хүндэтгэлтэй, эрхийг нь дээдлэх хэрэгтэй. Гадаад дотоодын хэнд ч бай хоногийн бус хожимын сайхан сэтгэгдэл төрүүлэхээр найрсаг байцгаая. Олон улсын төрийн тэргүүн, жуулчид ирээд Монгол орны найрсаг зочломтгой, эгэл сэтгэлтэй буцдаг байсан. Монголчууд гэж бодохоор хөх тэнгэр нь цэлийсэн, уужим сэтгэл нь  хоногшсон сайхан дурсамж төрүүлдэг болж байж "Найрсаг Улаанбаатар" гэж нэрлэгдэнэ. Ийм болгохын төлөө бид зүтгэх үүрэгтэй. 




Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.