Улс төр


Ерөнхий сайд анхны айлчлалаараа юу шийдэв...

6 сар TIMES.MN

         Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхны айлчлалаа энэ сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Засгийн газрын долоон гишүүн, УИХ-ын долоон гишүүн багтсан юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газраас 700 сая ам.доллартай тэнцэх солонгос воны хөнгөлөлттэй зээлийг 0.2 хувийн хүүтэйгээр авахаар хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Зээл эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жилийн нөхцөлтэйгөөр 2017-2019 онд авахаар болж байгаа юм. Ингээд Ерөнхий сайдын анхны айлчлалын үйл явдлын дэлгэрэнгүйг хүргэе.


У.Хүрэлсүх: БНСУ-д хийсэн айлчлал зорилгодоо 100 хувь хүрлээ




Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнес эрхлэгчидтэй зангиагүй уулзалт хийж хоёр улсын худалдаа, бизнесийг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр “БНСУ-д хийсэн айлчлал зорилгодоо 100 хувь хүрлээ” гэж онцоллоо. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Багануурын үйлдвэр технологийн парк”, “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн технологийн парк”, “Налайхын барилгын материал үйлдвэрлэлийн технологийн парк” зэрэг төслийг Солонгосын хөрөнгө оруулагчидтай хамтран хэрэгжүүлэх боломжтой гэсэн юм.


БНСУ гэрээт ажиллагсдын квотыг нэмэхээр төлөвлөжээ


 Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Жүү хүндэтгэн өглөөний зоог барив.  2017 онд Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр ирсэн хүмүүс сайн ажилласан, мөн хууль бусаар хөдөлмөр эрхлэгчдийн тоо тодорхой хэмжээнд буурсан тул энэ жилийн квотыг өмнөхөөс нэмэх төлөвлөгөөтэй байна гэдгээ сайд Ким Ён Жүү хэллээ. Цаашид БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ажил олгогч, ажил хайгч нарын мэдээллийн систем байгуулах төслийг Монгол Улсад  хэрэгжүүлэх боломжтойг хэллээ. 

БНСУ энэ системийг Камбож, Вьетнам зэрэг улсад амжилттай хэрэгжүүлж байна. Мэдээллийн сан бий болсноор ажил хайгч цахим орчинд төдийгүй гар утсаараа БНСУ дахь ажлын байрны талаархи мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч авах боломж бүрдэнэ.

Хоёр улсын худалдааны нийт эргэлт 1.4 хувиар өссөн байна



 Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчдийн форум Сөүл хотод боллоо. Форумын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлага, холбогдох сайд нар  үг хэлэв. “Улс орны хөгжлийн гол ачааг бизнес эрхлэгчид үүрч байна. Бид харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, бизнес эрхлэгчдээ бүх талаар, тууштай дэмжинэ” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв

Газрын баялаг ихтэй Монгол Улстай хамтран ажиллах боломж байгааг БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэд тэргүүн Ким Жун Дон хэллээ. Улсынхаа Дотоодын нийт бүтээгдэхүүний 72 хувийг бий болгодог бизнес эрхлэгчдийн төлөөлөл БНСУ-ын талтай өмнө тогтоосон харилцаа холбоогоо улам өргөжүүлж, зарим нь хамтрах эхлэлээ тавьж байгаад баяртай байгаагаа Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав илэрхийлэв.

Бизнес форумд оролцогчид уламжлалт салбараас гадна инноваци, бүтээмж, нэмүү өртөг бий болгох болон бүс нутгийг хамарсан дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөр, эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлчилгээ зэрэг салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ. 2017 оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 209 сая ам.доллар хүрснээс экспорт 12 сая, импорт 198 сая ам.доллар болжээ. Худалдааны нийт эргэлт 1.4 хувиар өссөн байна. 1990 оноос хойш өнөөг хүртэл хугацаанд БНСУ манай улсад 512 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд тус улсын хөрөнгө оруулалттай 2400 орчим аж ахуйн нэгж бөөний болон жижиглэн худалдаа, нийтийн хоол, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж байна.

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллана

БНСУ-ын Умардын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны дарга Сун Ён Гиль тэргүүтэй Засгийн газрын гишүүд Ерөнхий сайдыг хүндэтгэн өдрийн зоог барилаа. Энэ үеэр талууд харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр зам, тээврийн салбарт хамтран ажиллах өргөн боломж байна гэдэгт санал нэгдэв.

БНСУ-ын 700 сая ам.долларын зээл 0.2 хувийн хүүтэй байна


 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ентэй ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийв. Мөн өдөр хоёр улсын Ерөнхий сайд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов. Талууд “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд зээл авах тухай”, “Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай”, “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай” хэлэлцээр болон Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

БНСУ-ын Засгийн газраас авах 700 сая ам.доллартай тэнцэх воны хөнгөлөлттэй зээл 0,2 хувийн хүүтэй, эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх юм. Энэ зээлийг 2019 он дуустал хугацаанд авах бөгөөд агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулахаар төлөвлөж байна.  Харин Санамж бичиг байгуулснаар хоёр орны хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаа эрчимжиж, мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэх, ажлын байр бий болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлох зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.



Солонгосоос зээлэх 500 саяыг утаанд, 200 саяар цахилгаан станц барина


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газраас 700 сая ам.доллартай тэнцэх солонгос воны хөнгөлөлттэй зээлийг 0.2 хувийн хүүтэйгээр авахаар хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Зээл эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жилийн нөхцөлтэйгөөр 2017-2019 онд авахаар болж байгаа юм. 500 сая ам.долларыг агаарын бохирдлын эсрэг төслүүдэд зарцуулах юм байна. Зээлийн зарцуулалтын төслүүдийн судалгааг БНСУ-аас томилогдох ажлын хэсэг энэ оны гуравдугаар сард Монгол Улсад ирж хийхээр болжээ. Харин 200 сая ам.долларын зээлийн эх үүсвэрийг 10 аймагт цахилгаан станц барихад зарцуулахаар төлөвлөжээ.



Л.Амина



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.