Нийгэм


30 мянган янданг цөөлөх боломж Х.Баделхан сайдын гарт байна

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

    Улс орон хийгээд иргэдийн аль алинд нь тустай амин чухал асуудлыг  шийдвэрлэх бэлэн жор Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханы гарт байна. Хоёр ч чухал асуудлын голыг олчихсон энэ шийдэл өнөөдөр ч түүний ажлын ширээн дээр бий. Нэг нь иргэдээ тохилог орон сууцанд  амьдруулах. Нөгөөх нь 10 гаруй жил улиг болтлоо яригдсан ч оновчтой шийдэл олохгүй байгаа утааг бууруулах гарц юм.  Энэ бол төр сайн менежерийн үүргээ гүйцэтгэхэд л 30 мянган янданг цөөлөх тов тодорхой шийдэл. Лав Улаанбаатарыг утаанаас салгахад багагүй хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Гэхдээ хамгийн гол нь оновчтой, шуурхай  зохицуулалт шаардана.


    Барилгын салбарын худалдан авалт царцаж өнөөдөр зах зээл дээр 80 орчим мянган айлын орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байгаагаас 35 мянган айлын орон сууц бэлэн болчихоод эзнээ хүлээж буй. Нэг талаас орон сууцанд орох туйлын хүсэлтэй ч урьдчилгаа төлбөр, банкны шалгуурт чөдөрлүүлсэн иргэд гэр хороололд амьдарч байна. Тэнд 177 мянган  өрх бий. Судлаачдын үзэж байгаагаар 200 шахам мянган гэр, ердийн халаалттай орон сууцанд жилд 900 мянга орчим тонн түүхий нүүрс түлдэг аж.  Нөгөө талаас 36 мянган айлын орон сууц борлогдохгүй эргэлтийн мөнгөгүй болсон компаниудыг дагаад барилгын салбар уналтад орж байгаа юм. Банкнаас өндөр хүүтэй зээл авсан компаниуд эрсдэл үүрч байна. Энэ нь нэг ёсондоо орон сууц худалдан авах боломжтой иргэд ханасныг харуулж байгаа хэрэг.


    Тэгвэл орон сууцанд орох хүсэлтэй ч гэр хороололд амьдарч буй 177 мянган өрхийн 30 мянган янданг цөөлөх шийдэл, зохицуулалт Барилга хот байгуулалтын сайдын оновчтой шийдвэр, хэр зэрэг идэвхтэй ажиллахаас хамаарна. Өөрөөр хэлбэл,  30 мянган өрх, багаар бодоход 150 гаруй мянган иргэнийг орон сууцтай болгох эсэх нь салбарын сайдын зүтгэлээс шалтгаалах болчихлоо. Цаашлаад Засгийн газрын дэмжлэг ч нэн чухал юм. Гэвч эхний ээлжинд 30 мянган янданг цөөлөх бодлогыг хэрэгжүүлэх  гарц гаргалгаа, оновчтой хувилбар  ямар байх нь ажлын талаас илүү хувийг нугална. Төрийн зүгээс түрээсийн орон сууцаар хангах бодлогыг чухалчилж байгаа бол барилгын салбарыг тэжээх, иргэдийг орон сууцжуулахад ипотекийн зээлийг үргэлжлүүлэх нь зөв шийдэл гэдгийг хувийн хэвшлийнхэн хэлж байгаа юм.


    Гэр хорооллыг орон сууцжуулахад Засгийн газрын баримтлах бодлогын талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, зээлийн цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлнэ.  “Ногоон хувийн орон сууц” загвар төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, аймаг бүрт “1000 айлын орон сууц” төсөл, “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэх, Хот, суурин газруудад шинээр баригдах орон сууцны хорооллын инженерийн хангамжийн шугам сүлжээний техникийн шийдлийг хонгилын системээр төлөвлөн, хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна” гэж мэдэгдсэн.


    Мөн Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Монголбанк, ТОСК,  Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр зэрэг төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг Засгийн газраас хэрэгжүүлэх орон сууцны зээлийн хөтөлбөрийг зээлдэгчийн нийт хугацаанд төлөх зээлийн дарамтыг бууруулах, түрээслээд эзэмших тогтолцоотой хослуулан хэрэгжүүлэх, үүнд Монголбанкны ипотекийн зээлийн  эргэн төлөгдөж буй эх үүсвэрийг ашиглах саналыг боловсруулж байгаа гэнэ.


    Зах зээл дээрх орон сууцыг ямар хувилбараар борлуулах талаар хувийн хэвшлийн төлөөлөл болох “Хос бар” компанийн захирал Л.Шаравням  “Иргэд урьдчилгаа төлбөр дээр гацаж байна. Тиймээс төр урьдчилгаа төлбөр дээр нь батлан даалт гаргаж байж иргэдийг орон сууцжуулах бодлого хүрээгээ тэлнэ. Хашааных нь газраар барьцаалж болно. Дараа нь төр иргэдийн газрыг  дуудлага худалдаагаар зарж  мөнгөө нөхөж авч болно. Гэр хорооллын иргэдийн давуу тал бол газраа үнэд хүргэж, орон сууцаар солих боломж юм. Компаниуд барилгаа хурдан зарж мөнгөө эргэлтэд оруулж байж дараагийн барилгаа барина. Эхний ээлжинд тодорхой бүсээ заагаад тэр тойрогт нэг ч яндангүй болгож байж утаа буурна” гэлээ.


    Иргэдийг орон сууцжуулахад эхний ээлжинд 20 мянган айлыг түрээсийн хөтөлбөрт хамруулна хэмээн салбарын сайд хэлсэн. Тодруулбал, Орон сууц бэлэн байна. Авах иргэд ч бэлэн. Хамгийн гол нь хөрөнгийн эх үүсвэр хэрэгтэй. 20 мянган айлыг түрээсийн орон сууцанд оруулахад 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө шаардлагатай. Үүнд гаднаас зээл, тусламж авах, бонд гаргаж хөрөнгө босгох хувилбар ярьж байгаа юм байна.  Яндангийн тоог бууруулж гацаанд орсон барилгын салбарыг хямралаас гаргах бас хэд хэдэн хувилбарыг ТОСК-аас гаргаад буй. Тус байгууллагаас түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж, өмчлүүлэх схемийг нэвтрүүлэх гарцыг хэллээ. Ингэхдээ бага өртгөөр түрээсэлж хуримтлал үүсгэх байдлаар урьдчилгаа 30 хувийг бүрдүүлж болох санааг дэвшүүлжээ. Энэ талаар “Гэр хорооллын дахин төлөвлөлт, банкны шалгуур шаардлагыг хангахгүй, байрны урьдчилгаанаас хуримтлал үүсгэх боломжгүй иргэд гацаж байна. Эдгээр зорилтот бүлгийн иргэдэд зориулсан төрийн бодлого бол түрээсийн хөтөлбөр юм. Үнэ ханшийн хувьд ч боломжтой. Нэг ёсондоо бага өртгөөр түрээсэлж хуримтлал үүсгэх байдлаар урьдчилгаа 30 хувийг бүрдүүлж болж байна.  Барилгын компанитайгаа тохиролцоод график төлөлт хийж байгаа иргэд ч байна. Үүн дээр нэмээд шинэ схемийг зах зээлд нэвтрүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 20 жил тогтвортой түрээслэснийхээ дүнд орон сууцаа өөрийн болгох буюу эзэмшилд шилжүүлэх боломж бүрдэнэ.


    Түрээсийн орон сууцыг өмчлөх асуудалд хоёр гарц бий.  Нэг нь орон сууцны урьдчилгаа төлбөрийг бүрдүүлээд ипотекийн зээлд хамрагдах. Нөгөө нь урт хугацаат эх үүсвэр олсон нөхцөлд хугацаагаар түрээсээ төлж өөрийн эзэмшилд шилжүүлж болно. Ингэснээр ипотекийн одоогийн найман хувийн зээлийн хүү аажимдаа буурах боломжтой” гэдгийг ТОСК-ийн Ерөнхий захирал Ж.Хичээнгүй хэлж буй. Төрийн бас нэгэн хувилбар нь сул байгаа 35 мянган орон сууцыг худалдаж аваад иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр өгнө гэж ярьж байгаа ч одоогоор цаасан дээр албажиж, нүдэнд үзэгдсэн юм алга. Урьдчилсан байдлаар төр тендер зарлаж, зах зээл дээр бэлэн байгаа орон сууцыг худалдаж авах боломжтой гэсэн зүйлийг яриад байгаа юм. Төр хямд өртгөөр бэлэн орон сууцуудыг худалдаж авч иргэдэд түрээслүүлэх, урьдчилгааг нь төлөхөөр боллоо гэхэд хөрөнгө мөнгөний асуудал сөхөгдөнө гэдгийг албаныхан хэлж байгаа.


    Хөрөнгө мөнгө босгоогүй, нэгдсэн шийдэлд хүрээгүй дээрх хувилбаруудаас зоригтой, зорилготой хөдөлж чадвал богино хугацаанд хэрэгжих нь 30 мянган янданг цөөлөх боломж юм. Гагцхүү эхний ээлжинд Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханы оновчтой шийдвэр, зүтгэлээс 30 мянган яндан цөөрч, багаар бодоход 150 гаруй мянган иргэн орон сууцтай болгох эсэх нь шалтгаална.


    С.Уянга

    Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



    Холбоотой мэдээлэл


    АНХААРУУЛГА


    Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.