Эдийн засаг


Э.Анар: Төлбөрийг систем дэх чөлөөт өрсөлдөөнийг дэмжинэ

1 сар TIMES.MN

Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал  Э.Анартай ярилцлаа.


- Шинэ хуулийн гол онцлог, давуу талыг товчхон танилцуулна уу?

-Төлбөрийн систем гэсэн ойлголт байгаагүйг анх удаа хуульчилж, эрх зүйн зохицуулалтыг бий болгосон нь энэ хуулийн гол онцлог юм. Хууль батлагдсанаар энэ бүх харилцааг нэгдсэн бодлого дор зангидаж байна гэж ойлгож болно. Энэ хүрээнд Монголбанк төлбөрийн системийн бодлогыг тодорхойлж, системд оролцох шалгуурыг тогтооно. Ингэснээр төлбөрийн системийг хөгжүүлэх, шинэчлэх, зардлыг бууруулах зэрэг төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангахад ач холбогдолтой. 


 -Шинэ хуулиар цахим мөнгө гэх ойлголтыг тодорхойлсон. Тэгэхээр Монголбанкны зүгээс сүүлийн үед нэлээд дэлгэрээд байгаа биткойн гэх зэрэг цахим мөнгөний хэрэглээг хуульчилж өгсөн гэж ойлгож болох уу?

-Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд шинээр тусгасан нэг том ойлголт нь цахим мөнгө юм. Цахим мөнгөний шинж тэмдэг, түүнд тавигдах шаардлагыг хуульчилсан. Гэхдээ энэхүү хуульд тусгагдсан “Цахим мөнгө” гэх ойлголт нь сүүлийн үед өргөнөөр яригдаж буй блокчейн технологид суурилсан битктойн зэрэг криптовалютуудаас ялгаатай. Өөрөөр хэлбэл, биктойн зэрэг криптовалют  нь хуульд заасан шинжийг хангахгүй учир  цахим мөнгө гэж тооцогдохгүй, төгрөгийг орлох төлбөрийн хэрэгсэл болж, Монгол Улсын нутаг дэвсгэрт төлбөр тооцоонд хэрэглэгдэх боломжгүй. Харин төлбөрийн системийн тухай хуульд заасан шинж, шаардлагыг хангасан цахим мөнгийг аж ахуйн нэгжүүд Монголбанкны холбогдох зөвшөөрлийн дагуу гаргаж, төлбөр тооцоонд чөлөөтэй хэрэглэх боломжтой юм.


 -Хууль хэрэгжиж эхэлснээр иргэн хүн, төлбөр тооцоонд оролцогч аж ахуйн нэгжүүдэд бодитой ямар давуу тал, шинэчлэл мэдрэгдэх вэ?

-Хуулийг баталж, мөрдөж эхэлснээр төлбөрийн системийн үйл ажиллагаанд хэн, хэрхэн оролцож байгаа, үүнийг хэрхэн зохицуулах зэрэг асуудлыг тодорхой болгосон. Мөн төлбөрийн системд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, оролцох зарчим, тавигдах шаардлагыг тодорхой болгож өгсөн бөгөөд ингэснээр шаардлага хангасан ямар ч аж ахуйн нэгж төлбөрийн системийн үйл ажиллагаанд оролцох боломжийг бий болгож байна. Энэ нь цаашдаа төлбөрийн систем дэх чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж өгнө. Мөн шинэлэг төлбөрийн хэрэгсэл үүсэж бий болох, хөгжихийг дэмжих, улмаар үйлчилгээний шимтгэл, зардлыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. Мэдээж иргэдийн хувьд шинэ төлбөрийн хэрэгсэл, үйлчилгээ бий болсноор аливаа төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэх боломж нь нэмэгдэх юм.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.