Нийгэм


Зам тээврийн ослоор дөрвөн хүн амиа алдаж, гурван хүн гэмтжээ

3 сар, 1 долоо хоног TIMES.MN

Энэ долоо хоногт буюу нэгдүгээр сарын 8-наас 12-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1297 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 1036 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 44 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэний гурав нь бага насны хүүхэд байсан байна. Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 106 зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

Улсын болон орон нутгийн чанартай авто замд ноцтой зам тээврийн ослын улмаас дөрвөн хүний амь нас хохирч, гурван хүн гэмтсэн байна. Тухайлбал: Завхан, Өвөрхангай, Дархан-Уул аймгуудад гарсан байна. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 27 осол, мөргөлдөх хэлбэрээр 41, үл хөдлөх зүйл мөргөсөн дөрвөн осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Түүнчлэн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осолд холбогдсон зургаан осол, хэрэг бүртгэгдсэн боловч сүүлийн өдрүүдэд явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцон осолд өртөх тохиолдол ихээр бүртгэгдэж байгаа бөгөөд энэ долоо хоногт 10 осол бүртгэгдсэн.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 14,3 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 24,8 хувиар, гэмтсэн хүний тоо 37,5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 22 хувиар буурсан байна.

Энэ нь энэ долоо хоногийн эхээр нутгийн ихэнх хэсгээр цас орж, халтиргаа гулгаа үүсгэсэн, мөн жолооч нар явган зорчигч нарт гарц дээр зам тавьж өгдөггүй, явган зорчигч нар гарц гарамтай хэсгийн гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гардаг, тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйдэг зэрэгтэй холбоотой юм. Мөн орон нутагт бүртгэгдсэн зам тээврийн ослын 66 хувь нь онхолдох хэлбэрээр гарсан нь жолоочид замын нөхцөл байдал болон үзэгдэх орчинд тохируулан хурдаа зөв тохируулдаггүй, техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэл жолооддогтой холбон тайлбарлаж болно.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.