Энтертаймент


Фото: Эв нэгдэл, хүмүүнлэгийн аянаар жигүүрлэсэн “Алтан сарнай 2017” наадам

6 өдөр, 22 цаг TIMES.MN

НАМЗХ-ноос жил бүр зохион байгуулдаг, оны онцлох хүмүүсийг шалгаруулах “Алтансарнай 2017” наадам өнгөрөгч оны отгон өдөр “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудлын хүлээн авалтын танхимд болов.


2000 оноос хойш зохион байгуулагдсан “Алтансарнай” наадам жил бүр онцлогтой болж ирсэн. Өнгөрөгч онд тус наадамд оролцогчдын хандиваар нийслэлийн 6 дүүргийн хүүхдийн эмнэлэгт 30 төрлийн 180 ширхэг эмчилгээний багаж, тоног төхөөрөмж бэлэглэж байсан бол энэ онд ч мөн хүмүүнлэгийн аянаа үргэлжлүүлж алслагдсан сум орон нутгийн хүүхдийн эмнэлэгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж, эмчилгээний багаж хэрэгсэл худалдан авахад хандив цуглуулсан байна. 


Түүнчлэн намынхаа их хурлыг хийж шинэ даргаа сонгосноос хойш анх удаа МАН-ынхан нэгэн дээвэр дор баяр ёслолын байдалтай цугласан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нар гэр бүлээрээ нэг ширээнд сууцгааж баярын турш хоорондоо ярилцаж, инээлдсээр хамгийн сүүлчийн шагналыг хамтдаа гардуулаад гарч одсон нь зочдын анхаарлыг татаад зогсохгүй “МАН-ынхан учраа олцгоосон” гэдгийг илэрхийллээ. 



Баяр наадмын хамгийн хүндтэй шагнал болох “Алтансарнай” цомын эзнээр улс төр, нийгмийн салбараас сангийн сайд асан, төсвийн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Эдийн засаг бизнесийн салбараас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр нарыг эдийн засгийн хямралыг даван туулахад гаргасан хичээл зүтгэлийг нь үнэлэн шалгаруулсан байна. Соёл, урлагийн салбарын оны онцлох хүнээр “Монголчууд” түүхийн сонсдог ном бүтээлээ туурвиж хүүхэд, залуучуудыг соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхч, эрдэмтэн төрийн шагналт Б.Өлзийбаатарыг, спортын салбарын оны онцлох хүнээр чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон, дэлхийн Монгол хүн “Алтансарнай” цомын эзнээр хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравыг тодруулж шагнасан юм. 


Мөн МАН-ын даргын нэрэмжит “Нийгмийн ардчилал” цом шагналыг ОБЕГ-ийн аврагч, шүхэрчин Б.Ганбаатар, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2-р хэлстийн мөрдөн байцаагч, ахлагч Г.Ганбаяр, эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ч.Наранцэцэг, “Asia’s got talent” шоуны 4-р байрын шагналт Б.Шижирбат нарт гардуулсан байна. 

 

 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.