Шар


Л. Мөнхбаясгалан: Одноо чи яагаад дандаа ингэдэг юм бэ

6 өдөр, 23 цаг TIMES.MN

Сошлаар дүүрэн "Солиот эх"-ийн тухай яриа. Тэгвэл үзсэн хүнийг уйлуулдаг, өр зүрхийг нь шимшрүүлдэг уг киноны талаар сэтгүүлч С.Мөнхбаясгалан ийн бичжээ.


Нийгмээ санаа алдуулсан…


Ай Одноо… чи яагаад дандаа ингэдэг юм бэ. Хүний сэтгэл зүрхийг гогодож, нэг бол юу ч үгүй урж тасдаж хаяад, эсвэл гүн гүн санаа алдалтаар дүүрэн өдрүүдийг бодол оюунд уяж чаддаг юм бэ. Шинэхэн киног чинь үзлээ...Бурхны оронд морилсон ижийгээ шимширтэл санаж яг тэр “Солиот эх” кинонд чинь гардаг өрц нь цоорхой өнчин ганц мод мэт өр минь цөмрөв. Хэдэн өдрөөр сэтгэл базлаж ижийгээ санагалзан дотроо хичнээн ч зүсрэв дээ. Өлгийтэй үрээ чононоос хамгаалж мод барин дайрах эхийн тэр харц, өрц нь цоорхой модны өвөрт хоргодон ижийгээ санан бэтгэрэх хүү, хүүг нь булаагаад нүүгээд явчихсан айлын буйран дээр эврхэн уйлах эх санаанаас гарахгүй хэд хонолоо. Хэдхэн хоногийн өмнө үзсэн “Солиот эх” кино байтугай хэдэн жилийн өмнө тоглосон “Аянгын бороо” чинь мартагдалгүй яг тэр дарамттайгаа, тэр хардалттайгаа, тэр гунигтайгаа, чихарсан хоолойны өнгөтэйгөө санаанд нэвчээтэй хэвээр байна шүү дээ Одноо. Яаж ингэж болдог юм бэ,яаж ингэж хүний сэтгэхүйд зөвшөөрөл авалгүй нэвчиж ороод зүрх сэтгэлийн эмзэглэлийг хөндөж чадна вэ. Өөрөө тоглоод өөрөө найруулаад… Өрц нь цоорхой мод, өнчирсөн эх хүү хоёрын харууслыг гайхалтай холбосон байдаг шүү. Х-ТҮЦ өөр юм аа. Яагаад гэвэл тэд сонгогдогуудаар наадаж чаддаг. “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц”, "Сайтар эргэцүүл", Солиот эх”… Продюссер Ононд талархая. Хөнгөхөөн кино хийгээд мөнгө олж болох л байсан, гэвч сэтгэл зүйн драм барьж авна гэдэг амаргүй ээ, гадардлана. Мөнгө биш, өнгө бүр ч биш, өрөөлдөж уруудсан нийгэмдээ бодлогширол, санаа алдалт, зүрх рүүгээ эргэж нүүсэн ухаарлыг өгсөнд баярлалаа. Ийм драм үзчихээд үсэрч гараад гар утсан дээрээсээ болсон болоогүй үг сараачиж чадалгүй хэд хонолоо. Тэдгээр хоног бүхэн ижийнхээ өмнө алдсан, оносон бүхнээ дүгнэсэн эргэцүүлэл байлаа. Ижийгүй өнчин надад “Солиот эх”-ийн тусгал ингэж ирсэн бол ээж нь дэргэд нь гэрэлтэж яваа бусдад нь ухаарал, хайр бэлгэлсэн байж таараа. Киноны төгсгөлийн дуу үнэхээр гайхалтай. Нийгмээ санаа алдуулсан сайхан кино болсон шүү, уран бүтээл гэдэг ийм л байдаг даа. Амжилт хүсье. 



Сэтгүүлч Л. Мөнхбаясгалан" хэмээжээ.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 өдөр, 9 цаг []


Би өмнө нь Сэрүүн хасын нууц жүжгийг үзээд нулмис минь тогтохгүй урсаад л,бүх хүмүүс алга ташиж Х ТҮЦ.д баяр хүргэж байсан энэ жүжгийн хаалтын тоглолтыг мартаагүй .Мэргэжмл гэдэг үнэхээр сайхан.Онон Одноо болон хамтлагынханд нь баяр хүргэж ард түмэндээ ухаарал хайрласан улам олон оюуны болон сэтгэлгээний хувьсгал хийхийг хүсэн ерөөе


Зочин    6 өдөр, 9 цаг []


Үзмээр байна.Даанч Монголоосоо хол байгаа хүмүүс үзээд бүр их сэмрэх байх даа.Хаана ч гэсэн өдөр бүр хорвоогоос буцсан ээжийгээ санаж ядаж байгаа сэтгэл яахыг таашгүй