Нийгэм


Сонгинохайрхан дүүргийн III амбулаторийг өргөтгөнө

6 сар, 1 долоо хоног TIMES.MN

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар өчигдөр Сонгинохайрхан дүүргийн III амбулаторийн үйл ажиллагаатай танилцлаа.




Нийслэлийн хэмжээнд хүн амын тоогоороо дээгүүрт тооцогддог, мөн агаарын бохирдол ихтэй бүсэд байрладаг тус дүүргийн ард иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж болон бусад асуудлыг судалж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар зорьжээ. Сонгинохайрхан дүүргийн III амбулаторийн хувьд, ахмадын хэвтэн эмчлүүлэх нийт 35 ортой тасаг ажиллуулдаг бөгөөд нийслэлийн хэмжээнд ард иргэдэд харьяалал харгалзахгүйгээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг юм байна.




Харин тус амбулатори нь төвийн халаалтын системд холбогдоогүй тул хэрэглээний хүйтэн устай, тасалгааны тогтсон температури байхгүйн улмаас иргэд, үйлчлүүлэгчдээс энэ талын гомдол тасардаггүй гэдгийг эмч, ажиллагсад хэлж байлаа.




Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар ахмадын хэвтэн эмчлүүлэх 150 ор бүхий төв байгуулж, тус амбулаторийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор барилгын зураг, төлсийг хийлгэж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх талаар эмнэлгийн удирдлага болон эмч, ажилтнуудад мэдээлэл хийлээ. Мөн зуу гаруй айл өрх газраа чөлөөлбөл нийслэлийн “Баянхошуу дэд төв”-ийн дэд бүтэц, дулааны шугам сүлжээний ажил үргэлжлэх боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэлсэн. Ингэснээр агаар, хөрсний бохирдол ихтэй тус хорооны 300 гаруй айл өрх гал түлэхгүйгээр өөрийн газар дээрээ ая тухтай амьдрах боломжтой юм байна.


НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.