2018,1-Р Сар,11


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


С.Ганцэцэг: Элдэв гоо сайхны бүтээгдэхүүнээс илүү цэцэг худалдан авах дуртай

5 сар, 1 долоо хоног TIMES.MN
 Агаарын бохирдол ихтэй энэ үед иргэн та өөрийгөө, үр хүүхэд болон хайртай дотнын хүмүүсээ хэрхэн хамгаалж, эрүүл байлгаж байна вэ. Бид утааг бууруулахаар олон ч жил олон ч төсөл хөтөлбөрийн нүүр үзлээ. Ойрын хэдэн жилдээ утаа буурахгүй нь мэдээж. Засгийн газар болоод эрүүл мэндийн байгууллагаас хорт утаанаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөөг олон нийтэд өгсөөр байгаа. Гэхдээ бид гадаад орчин дахь агаарын бохирдлоос өөрсдийгөө хамгаалаад гэртээ эрүүл агаартай байж чадаж байгаа бил үү. Хэдийгээр агаар шүүгч зөвлөж байгаа хэдий ч үнэ өртгийн хувьд өндөр тул тэр бүр айл бүр авч хэрэглэж чадахгүй л байгаа. Тэгвэл үнэ өртгийн хувьд ч хямд, мөн танай гэрт өнгө үзэмж нэмэх энгийн нэгэн арга бол мэдээж цэцэг. Гэхдээ цэцгийг бас хүн бүхэн тариад, ургуулаад байдаггүй бололтой. Миний хувьд цэцэг тарихдаа муу. Надтай адил анхлан суралцагч болон тарьсан цэцэг нь сайн ургахгүй байгаа бүсгүйчүүддээ бяцхан зөвлөгөөг бэлдлээ.




Энэ бүсгүйг С.Ганцэцэг гэдэг. Тэрбээр цэцэг тарих дуртай бөгөөд гэрээрээ дүүрэн цэцэгтэй. Гэхдээ тэр үүнийг тусгай сургалтад сууж сураагүй. Ажлынхаа хажуугаар дуртай зүйлээ хийж буй нь энэ аж. “Багаасаа хөдөө өссөн болоод ч тэр үү цэцэг ногоонд их дуртай, нэг л мэдэхэд маш олон цэцэгтэй болсон байсан. Ер нь гоо сайхны бүтээгдэхүүн авахаас илүү мөнгө л байвал таалагдсан цэцгээ худалдан авах дуртай” гэх цэцэгчин бүсгүйтэй цөөн хором ярилцсанаа сийрүүлэн хүргэе.


-Сайн байна уу. Та их олон цэцэгтэй юм. Хэзээнээс эхлэн цэцэг тарих болсон бэ?

-Би гурван жилийн өмнөөс цэцэг тарьж, арчилж эхэлсэн. Нэг л мэдэхэд 300 гаран цэцэгтэй болсон байсан шүү. Хуруу гар байнга шороотой зууралдаад тэсэхгүй ээ. Энэ жилээс зарж эхэлсэн. Одоогоор 100 гаруй цэцэг л байна даа.


-300 гаруй гэхээр их тоо байна шүү. Цэцгээ хаана байлгадаг вэ. Хүлэмжтэй юу?

-Хүлэмж байхгүй ээ. Гэртээ л байлгадаг. Манайх гэр хороололд байдаг. Хүмүүс гэр хороололд гэхээр гайхаад байдаг юм. Хоёр давхар байшинд амьдардаг. Дээд давхардаа зундаа л байдаг юм. Өвөл болохоор цэцгүүдээ буулгаад нэг давхардаа байлгадаг. Өмнө нь гэрт байхад тарьж чаддаггүй байлаа. Харин байшиндаа ороод эрчимтэй тарьж эхэлсэн. Нөхөр минь ч дэмждэг. Хүргэлтэд минь явж өгөхийн зэрэгцээ цэцгээ арчлахад минь ч тусалдаг.




-Анх цэцэг тарьж эхлэхэд хэцүү байсан уу. Нэг аргаа олчихвол амархан байх тийм үү?

-Би багаасаа хөдөө өссөн болохоор өвс ногоонд их дуртай. Тэгээд ч элдэв нүүрний будаг гэхээс илүү мөнгөний боломж л байвал өөрт байхгүй өнгийн цэцгээ авчихдаг юм. Анх тарьж эхлэхэд хэцүү байгаагүй ээ. Хүн чинь дуртай зүйлээ ядрахаа мэдэхгүй л хийнэ.


-Цэцэг сонгохдоо юуг нь анхаарч авах хэрэгтэй байдаг вэ. Тухайлбал урд хөршид ургадаг цэцэг манай орны сэрүүн нөхцөлд ургахгүй байна гэж байх уу?

-Томоохон дэлгүүрүүд эргэлтээ бодоод урдаас цэцэг оруулж ирж зардаг. Гэвч өнөөдөр маш сайхан өнгө алагласан цэцгүүдийн өнгөнд нь хууртан иргэд худалдан авалт хийдэг. Сайн арчлахгүй л бол амархан үхдэг. Урд хөршийнхөн бид нар шиг байгалийн аргаар нь ургуулахгүй бордоогоор зоддог. Нөгөөх нь бордооныхоо хүчээр сайхан ургаж байгаад энд ирээд амьтан эсхүл өвчтэй болоод л үхчихдэг. Цэцэг сонгон авахдаа өвчилсөн байна уу, амьтантай байна уу, үгүй юу гэдгийг нь харж авах хэрэгтэй. Миний хувьд өөрөө цэцгээ үндэслүүлж ургуулдаг. Өөрт байхгүй өнгө харагдвал үрсэлгээг нь аваад ургуулна.




-Цэцгийг тайрахгүй бол ургадаггүй гэдэг дээ. Тайрах үе гэж байх уу. Тайрах болсныг нь яаж мэдэх үү?

-Байлгүй яахав. Бордох үе ч гэж байна. Цэцэг бүхэн адилгүй учир тайрах үе нь өөр өөр байдаг. Өөрт байгаа цэцгүүдээ судлаад үз. Одоо чинь мэдээллийн эрин үе шүү дээ. Тайралтаа зөв цагт нь зөв тайрвал маш сайхан цэцэглэнэ.


-Цэцэглэх гэснээс хэдий үед дийлэнх цэцгүүд цэцэглэдэг вэ?

-Цэцэг жилд 1-2 удаа түүнээс дээш цэцэглэнэ. Жишээ нь шимтэглээ цэцэглэлээ гэхэд их удаж байж цэцэг нь хагдарна. Хагдрахаа дөхөөд ирэхээр дараагийн бундуй нь үүсчихсэн цэцэглэхэд бэлдсэн байдаг.




-Модыг хавар тарих илүү тохиромжтой гэдэгтэй адил цэцэг тарьж эхлэх үе гэж байх уу?

-Хүн хүнээс л шалтгаалах байх. Миний хувьд дуртай зүйлээ хийж байгаа болохоор хэзээ ч тарьсан хамаагүй байдаг.


-Цэцэг болон ургамалд хөрс хамгийн чухал байх. Таны хувьд хөрсөө хаанаас авдаг вэ. Ямар төрлийн хөрс байвал зүгээр вэ. Хашааны хар шороо болох уу?

-Хөрс хөнгөн байх тусам цэцгэнд сайхан. Шавалдсан шороонд хийчихвэл бас л хэцүү. Хөрс маш олон янзаар цэцгийн дэлгүүрүүдэд их зардаг. Хөрсөө болж өгвөл сайн сийрэгжүүлж бай. Ядаж жилд нэг удаа соль. Үнэрлээд үзэхэд муухай үнэртэж байвал муудсан гэсэн үг. Би хөрсөө аль болох өөрөө бэлдэхийг боддог. Зав муутай бол Соёолжоос авдаг. Хашааны хар шороо болно. Гэхдээ дангаараа хар шороо хагараад байдаг юм. Харин хар шороондоо үрдэс, перлит, элс, малын бууц хольж болно.




-Таны хувьд хүмүүст зөвлөхдөө цэцэгтэйгээ сайн ярь гэдэг юм билээ. Яаж ярина гэсэн үг вэ?

-Энэ бол миний л өөртөө хэрэгжүүлдэг арга. Цэцэг ээ чи минь хөөрхөн шүү. Яасан ч гунхсан сайхан юм. Чи минь хэзээ цэцэглэх гэж байна даа” гээд л ярьж гарна даа.







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар, 1 долоо хоног []


Dvvdee amjilt hvsei yamar goe yumbe vnheer goe. Hvn bolgonii tariad urguulaad bdag ed bish bnalee shvv egch n baigaliin bulan tohijuulah sanaatai


Зочин    5 сар, 1 долоо хоног []


ажилсаг мундаг бүсгүй шүү амжилт


Зочин    5 сар, 1 долоо хоног []


Vneheer mundag shv egch min hairtai shv


Зочин    5 сар, 1 долоо хоног []


Mundag egchdee amjilt hvsie hairtai shvv


Зочин    5 сар, 1 долоо хоног [150.129.140.146]


zob