2018,1-Р Сар,08


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Н.Мэндсайхан: Хөнгөн ханиад хүрсэн ч гэртээ л эмчлүүл

6 сар, 1 долоо хоног TIMES.MN
Жил бүрийн хүйтний улиралд буюу утааны улирал эхлэхтэй зэрэгцэн томуу болон томуу төст өвчний дэгдэлт эхэлдэг билээ. Тэгвэл энэ жилийн хувьд томуугийн дэгдэлт хэр байгаа, томуугийн өвчлөлийн үед ямар арга хэмжээ авах талаар НЭМГ-ын Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Мэндсайхан дараах зүйлийг зөвлөж байна.




Амбулаторийн өвчлөл 10 хувьд хүрвэл сургууль цэцэрлэг карантийлдаг


-Энэ жилийн хувьд томуу, томуу төст өвчний дэгдэлт хэр зэрэг байна вэ. Сурагчдын амралт эхэлсэн учир хүүхдийн өвчлөл багассан байх.

-Хүйтний улирал бол томуугийн дэгдэлтийн үе. Жил бүрийн өвчлөлийн үечлэл янз бүр байдаг. Тухайлбал өнгөрсөн жилийн хувьд 10 сарын 1-15 гэхэд томуугийн өвчлөл өндөр төвшинд хүрсэн байсан. Энэ жилийн хувьд дулаан байсан. Мөн томуугийн эсрэг арга хэмжээг сайн зохион байгуулсантай холбоотойгоор томуугийн тархалт хойшлогдож 12 сарын 1-нээс эхэлсэн. Гэхдээ амбулаторийн нийт өвчлөлийн 7.8 хувьд хүрсэн. Хэрэв амбулаторийн өвчлөл 10 хувьд хүрвэл сургууль цэцэрлэг карантийлдаг. Хэдийгээр карантийлах хэмжээнд хүрээгүй боловч өвдсөн хүүхдүүд хүнд хэлбэрээр өвдөх, хүндэрч хатгаа тусах магадлал өндөр байсан. Томуугийн хүндрэл их байгаа боловч эрүүл мэндийн байгууллагын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд өвчлөл тодорхой хэмжээнд хүрээд буурах шат руугаа орж байна. Ялангуяа цагаан сар гэхэд томуугийн өвчлөл буухаар төлөв ажиглагдаж байна.


Томуугийн өвчлөл буурсан

Баярын өдрүүдэд авсан мэдээллээр томуугийн өвчлөл өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад буурсан байна. Эмнэлгүүдэд хүүхдэд зориулж чөлөөлсөн тасгуудад зарим газар хоосон өрөөнүүд олон байна. Хүүхдийн эргэлт, орны эргэлт богино байдаг. Учир нь хүүхэд том хүнтэй адил 10 хоног хэвтэн эмчлүүлдэггүй. Дунджаар тав хоног хэвтэн эмчлүүлээд гардаг. Үүнийг зарим хүмүүс буруу ойлгон эмчилгээ дутуу байхад гаргалаа гээд байдаг юм. Энэ жилийн хувьд зургаан төрлийн вирусийн халдвар дэгдээд байна. Тэгэхээр нэг төрлийн вирусийн халдвараар өвчилсөн хүүхдийг аль болох хурдан эмчлээд, эмчилгээг нь үргэлжлүүлэн бичиж өгөөд гэрт нь үргэлжлүүлэн эмчлэхээр зааж өгөн эмнэлгээс гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол эмнэлгийн дотоод халдвар аван, өөр төрлийн вирусээр өвдөх магадлал өндөр. Учир нь тухайн хүүхэд вирусийн халдвар авсан, дархлаа суларснаас амархан халдвар авах нөхцөл бүрддэг. Тиймээс эмч, эмнэлгийн ажилчид хүүхдийн биеийн байдлыг харгалзан үзээд үнэхээр биеийн байдал нь сайжирч, үр дүн гарсан бол эмнэлгээс гаргах арга хэмжээ авч байгаа.




Маск зүүвэл утаанаас ч, ханиаднаас ч хамгаална

Хүйтэн сэрүүний улирал эхлэхээр томуугийн дэгдэлт эхэлдэг учир иргэд өөрсдөө эрүүл мэндээ хамгаалах талд дээр анхаарах хэрэгтэй байна. Агаарын бохирдол ихтэй энэ үед иргэд маск зүүвэл утаанаас ч хамгаална, давхар ханиад томуунаас ч өөрийгөө хамгаалж, урьдчилан сэргийлэх боломжтой юм. Томуугийн халдвар агаар дуслын замаар халдварлахаас гадна олон нийтийн газрын хаалганы бариул зэргээс ч халдварлана. Тухайлбал тухайн хүн ханиад хүрээд хамраас нь вирусийн халдвартай шүүрэл ялгарахад гараараа хүрээд, гараа угаалгүй хаалганы бариул зэрэгт хүрдэг. Ингэснээр тухайн бариулд халдвар тархаж байгаа хэрэг. Тиймээс олон нийтийн газарт бариул, хаалга зэрэгт хүрэхдээ бээлийтэй хүрэх. Эсхүл гараараа хүрсний дараа гараа тогтмол угааж хэвших хэрэгтэй. Нэг судалгаа байдаг. Хүн өдөрт ямар нэгэн байдлаар нүүрний арьсандаа хүрдэг гэнэ. Тэгэхээр гараараа элдэв зүйлд хүрсний дараа нүдээ нухлах, хамраа ухах зэргээр нүүрэндээ хүрэхэд вирус танд халдварлана. Тиймээс өвдөх гэдэг эрүүл мэндийн боловсролтой шууд холбоотой. Гар хөлөө сайн угаадаг, маск зүүдэг, хоол хүнсээ сайн хэрэглэж дархлаагаа дэмждэг хүнээс томуугийн өвчлөл холуур тойрно.


Сургууль цэцэрлэгийн хүүхдүүд вакцинд 70 хувьтай хамрагдсан

Аравдугаар сард Эрүүл мэндийн газрын даргын томуу болон томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах тухай тушаал гарсан. Бүх эрүүл мэндийн байгууллагууд эм тариа болон орны нөөцөө яаж гаргах, ямар хүмүүс ажиллуулах вэ гэх мэт хүн хүч болон эдийн засгийн тооцооллоо хийсэн. Үүний хүчинд 10 сард эхэлдэг томуугийн дэгдэлт энэ жил 12 сар болж хойшлогдсон байна. Мөн томуугийн вакцин хийлгэх асуудлыг маш удаан хугацаанд ярьж, хэвлэл мэдээллийн байгууллагаар сурталчилж ажилласан. Эрсдэлт бүлгийн хүн амд вакцин хийгээд дууссан. Эрсдэлт бүлгийн хүн амд эрүүл мэндийн байгууллагын ажилчид ордог. Учир нь олон хүнд үйлчилж байгаа эмч өөрөө ханиад хүрвэл хэдэн хүнд халдвар тараахыг мэдэхгүй. Сургууль, цэцэрлэгийн хувьд хамрагдалт харьцангуй бага байсан. Бид эцэг эхийнх нь зөвшөөрлөөр вакцин хийсэн. Эцэг эхчүүдийн дунд хүүхдэдээ вакцин хийлгэхгүй байх хандлага байна. Энэ нь вакцины сөрөг мэдээлэлтэй холбоотой байх. Гэтэл өнөөдөр дэгдэлт нь явагдаж буй зургаан төрлийн вируст урьдчилан сэргийлэх хүрээний вакцинд орсон вирус тархсан. Мөн дээрх зургаан төрлийн вируст ор вакцингүй вирус ч байна. Нэг бус хэд хэдэн вирусийн халдвар нэг хүүхдэд зэрэг халдварлаж байгаа тохиолдол ч байна. 


Вируст антибиотик үйлчлэхгүй


-Тэгэхээр дэгдээд буй томуу яг юунд дарагдаж байна вэ. Хүмүүсийн ам дамжсан яриагаар зарим нь эмэнд дарагдахгүй байна. Ардын уламжлалт аргаар дарлаа гэх байхад зарим нь антибиотикт л дарагдаж байна гэж байна.

-Ер нь вирус гэдэг бол хамгийн жижиг эгэл биетэн. Үүнд антибиотик ерөөсөө үйлчлэхгүй. Ханиад томуу вирусээр үүсгэгдэж байгаа. Вирусийн халдвар дархлаа сулруулдаг. Дээрээс нь антибиотик дархлааг сулруулдаг. Өөрөөр хэлбэл вирусийн халдвар авлаа, ханиад томуу хүрлээ. Шууд залгаад антибиотик ууж эхлэх нь ханиадаа хүндрүүлэх эх үүсвэр болж байна. Хэзээ антибиотик хэрэглэх вэ гэдгийг тухайн хүний биеийн байдлын онцлогоос хамаараад эмч шийднэ. Хэрэв вирусийн халдвар аваад дээрээс нь тухайн хүний биед агуулагдаж байгаа хэвийн бичил биетнээр үүсгэгдсэн амьсгалын дээд доод дунд замын нянгийн үрэвсэл байвал антибиотикийг хэрэглэнэ. Тэрнээс нянгийн халдвартай хүнд хэрэглэдэг антибиотикийг вирусийн халдвар авсан тохиолдолд хэрэглэнэ гэсэн тохиолдол байхгүй. Өнөөдөр Улаанбаатар хотод эмийн сангийн тоо олон байна. Дурын хүн эмийн сангаас гараад антибиотик аваад ууж байна. Вирусийн халдвартай ханиад томууны үед гол нь хувь хүн дархлаагаа сайн байлгавал хөнгөн хүрээд л өнгөрөх бүрэн боломжтой.


-Хүүхдээ халуурлаа гээд өрхийн эмнэлэгт хандахад заавал антибиотик бичиж өгөх юм гэх хүмүүс олон байдаг.

- Тухайн хүн эхлээд вирусийн халдвар авна. Тэр нь эхлээд хамар залгиурын арьс салстыг үрэвсүүлж, цаашлаад бие махбодоор таран ерөнхий үрэвслийн шинж үүсгэнэ гэх мэт энэ хугацаа нь нэгээс гурав хоног байдаг. Энэ хугацаанд магадгүй хүүхдэд илрэх шинж тэмдэг нь бүдэгхэн явагдаад давхар нянгийн халдвараар үүсгэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Хүн бүхэнд таарсан эмчилгээг эмч үзэж байж л өгнө. Ханиадтай болгонд антибиотик бичиж өгч байна гэсэн ойлголт байж болохгүй. Мөн ханиадаар өвдсөн тохиолдол бүрд антибиотик бичиж өгөх ёсгүй.


Хөнгөн ханиад хүрсэн ч гэртээ эмчлүүлэх хэрэгтэй


-Вирусийн гаралтай ханиад хүрлээ гэхэд гэрийн нөхцөлд хэрхэн анагаах боломжтой вэ. Энэ талаар зөвлөгөө өгөөч?

-Вирусийн гаралтай хөнгөн хэлбэрийн ханиад байлаа ч гэсэн гэртээ л эмчлүүлэх ёстой. Хөнгөн хүрсэн гээд ажилдаа явах нь буруу. Тухайн хүн хэдий хөнгөн ханиад хүрсэн ч гэсэн вирусийн халдвараа ажлын хамт олондоо тарааж байна. Үүн дээр яагаад төр, хувийн хэвшлийн удирдах албан тушаалтнууд арга хэмжээ авч “та ханиадаа эдгээж байж ажлаа хий” гээд чөлөөг нь өгч болохгүй гэж. Эндээс асуудал эхэлнэ. Нэг хүн ханиадтай байгаад эмчлүүлэхгүй байвал цаашлаад тухайн ажлын газрын бүх хүнд вирусийн халдвар тараана. Дархлаа сайтай нь өвдөхгүй, эсхүл сул өвдөөд өнгөрнө. Харин дархлаа султай нь хүнд өвдөнө. Ингээд цаашлаад дам дамдаа вирусийн халдвар тарааж эхэлнэ. Гэртээ эмчлүүллээ гэхэд вирусийн халдварын үед сонгомол эмчилгээ гэж байхгүй. Хамгийн гол нь өөрийнхөө дархлааг дэмжиж өгөх хэрэгтэй. Дархлааны систем сайн байвал вирусын халдварын эсрэг вирус үүсгээд устгадаг. Дархлаа сайн байх нь хамгийн чухал. Гаднын биет орж ирэхэд дархлалын тогтолцоо өөрөө ажиллан, өөрөө тухайн вирусийг устгадаг. Харин тэр дунд нь ямар нэгэн нян юм уу, антибиотик орж ирэн дархлалын системийг үгүй хийх тохиолдол байдаг.


Ямар хүний дархлаа идэвхтэй байдаг вэ гэхээр

1. Архаг суурь халдварт өвчингүй хүн

2. Хөдөлгөөний идэвхтэй хөдөлгөөнтэй хүн

3. Хүйтний улиралд даарч хөөрдөггүй хоол хүнсээ сайн хэрэглэдэг хүний дархлаа идэвхтэй байдаг. Тэгэхээр дархлаагаа унагахгүй байх ажлыг хүн өөрөө хийх ёстой. Тухайлбал өвөл гоё хүн байдаггүй гэж ярьдаг. Доогуураа шилэн дрикотой, толгой нүцгэн яваа хүмүүстэй дархлааны асуудлыг ярьж болно.


Мөн өнөөдөр гудамжинд гараад харахад хэдэн хүн амны маск зүүсэн байна. Гараа өдөрт хоол идэх бүрдээ угаадаг хүмүүс хэд байна. Ер нь аливаа өвчлөлийн дэгдэлт гарахад нэг л асуудлыг ярьдаг. Иргэдийн зүгээс шууд эрүүл мэндийн байгууллагыг буруутгах хандлагатай байдаг. Бид тодорхой төвшинд хийх ёстой зүйлээ хийгээд, цаг тухай бүрд нь зохих арга хэмжээг нь аваад явж байна. Гол нь иргэдийн зүгээс эрүүл мэндийн боловсролоо сайжруулах шаардлагатай байна. Эрүүл мэндийн байгууллагаас явуулж буй анхааруулга мэдээлэл, зохион байгуулж буй арга хэмжээнд идэвхтэй оролцдог байх. Ядаж л антибиотикийн хэрэглээг мэддэг байх хэрэгтэй байна. Жил бүр томуугийн халдвараас урьдчилан сэргийлж томуугийн вакцин хийлгэдэг байх хэрэгтэй. Мөн бие махбодоо чийрэгжүүлэх шаардлагатай байна.


Утсаар зөвлөгөө авах бүрэн боломжтой




-Антибиотик, эмээ ялгахгүй хүмүүс олон байгаа.

-Иргэн заавал ялгах алба байхгүй. Ер нь ханиад хүрлээ гэхэд өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаас зөвлөгөө авч болно. Заавал эмнэлгийн байгууллагад очилгүйгээр утсаар зөвлөгөө авах бүрэн боломжтой. Хэдийгээр манай эрүүл мэндийн байгууллагууд агаар шүүгчтэй, цэвэрлэгээ үйлчилгээ нь тогтворжсон ч гэсэн тэнд олон янзын хүмүүс очиж байгаа учир эрсдэл байгаа. Тиймээс хөнгөн ханиад хүрсэн бол өөрт илэрч буй шинж тэмдгээ хэлээд утсаар зөвлөгөө авч болно. Эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөө их онцлог байдаг. Ерөнхий нийтэд хандсан зөвлөгөө байна. Тухайлбал, ханиад хүрээд 38 градусаас дээш халуурвал парацетамолыг тийм хэмжээний тунгаар тэдэн цагийн зайтай ууж халуун бууруулна. Даарч болохгүй, агаар сэлгэх ёстой гэх мэт зөвлөгөө өгдөг боловч хүн бүр өөр. Зарим хүмүүс хоёрхон хоног бага зэрэг найтааж байгаад эдгэрдэг бол зарим нь хүнд хүрдэг. Тиймээс эмч хувь хүн бүрд зориулсан эмчилгээ, зөвлөгөөг өгдөг. Хүн бүрийн дархлаа, эмчилгээ, зовиур, илрэх шинж тэмдэг өөр. Хоёр өдрийн турш халуураад халуун буурахгүй бол та заавал эмч дээр очих хэрэгтэй.


-Томуугийн дэгдэлт хэдэн сар хүрч байж намдах бол.

-Ер нь гурваас дөрвөн сар хүргэх байх. Жил жилийн онцлог байдаг. Энэ жилийн хувьд дэгдэлт орой эхэлсэн учир удаан үргэлжилж магадгүй. Сурагчдын амралтыг ирэх сарын 1-н хүртэл сунгасан учир томуугийн дэгдэлт тодорхой хэмжээнд буурна. Харин хоёрдугаар сар гараад хүүхдүүдийн хичээл орно. Мөн Цагаан сар болоод хүн амын хөдөлгөөн ихсэхээр буцаад томуугийн дэгдэлт ихсэх хандлага руу орох байх.


-Томуугийн вакциныг үргэлжлүүлэн хийж байгаа юм билээ.

-Вакциныг үргэлжлүүлж хийж байгаа боловч вакциныг өвлийн улирал эхлэхэд 9-11 сард хийлгэвэл илүү үр дүнтэй. Одоо нэгэнт вирусийн дэгдэлт эхлээд, хүн амын дунд тархсан үед вакцин хийлгэх нь тийм ч үр дүнтэй бус. Миний ажигласнаар вакцин хийлгэсэн хүн томуугийн өвчлөлөөр өвдөхгүй байна. Өвдсөн ч хөнгөн хүрч байна. Миний хувьд эрүүл мэндийн байгууллагад ажилладаг учир вакцин хийлгэсэн. Би олон эмнэлгийн байгууллагаар очиж ажилладаг. Гэхэд би ханиад огт хүрээгүй.


-Насанд хүрсэн хүмүүс арай хүнд хүрээд байгаа юм шиг ажиглагдах юм.

-Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмч нарын хэлж буйгаар 7-11 насны хүүхдүүд хүнд хүрэх хандлагатай байна гэж ярьж байна.


-Ярилцлагынхаа төгсгөлд эцэг эхчүүддээ хандаад зөвлөгөө өгөөч.




- Миний хүүхэд яавал өвддөг вэ, яавал урьдчилан сэргийлэх боломжтой вэ гэдгийг эцэг эхчүүд мэдэж байгаа. Тиймээс хэдхэн зүйлийг л зөвлөмөөр байна.


1. Жил бүр улирал угтан 9-11 сард хийдэг ханиадны вакциныг заавал хийлгэж сурмаар байна. Өөрсдөдөө болон үр хүүхдэдээ.

2. Хүүхдийнхээ гарыг маш сайн угаалгаж сургамаар байна. Гараа тогтмол угаагаад сурвал ханиад битгий хэл өөр олон төрлийн өвчлөлөөс өөрийгөө хамгаалж чадна.

3. Маск зүүлгэж сургамаар байна. Мөн гэртээ агаар шүүгчтэй болмоор байна. Агаар шүүгч гэхээр заавал үнэтэйг нь авах шаардлагагүй.




Гэрийн нөхцөлд хямдаар агаар шүүгч хийх арга:

Танд ердөө автомашины салоны агаар шүүгч, сэнс хоёр байхад л хангалттай. Мөн автомашины моторын агаар шүүгч байж болно. Энэ нь гадуур зарагдаж буй хепа шүүлтүүртэй адил хэт нарийн ширхэгт тоосонцрыг шүүх зориулалттай шүүгч байдаг. Энэ шүүрийг сэнсэн дээр барьж бэхлээд л агаар шүүгч бэлэн болно. Хамгийн хямдхан агаар шүүгч 320 мянган төгрөг гээд байна ш дээ. Өнөөдөр бид хэдэн төгрөгөөр нэг удаагийн баярыг тэмдэглэж байна. Гэтэл нэг удаа агаар шүүгч авахад 3-4 жил хэрэглэнэ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.