2018,1-Р Сар,04


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Ц.Болортуяа: Гроприносин эмийг нэгээс доош насны хүүхдэд хэрэглэхгүй

6 сар, 2 долоо хоног TIMES.MN

Гроприносин юуны эм бэ? гэсэн гарчиг бүхий сэрэмжлүүлэг сүүлийн үед сошиал орчноор тархаад байгаа билээ. Нэр бүхий хүүхдийн эмчийн бичсэн тус сэрэмжлүүлгийг хүн бүхэн шэйрлэн сэрэмжлүүлсээр байгаа.




Тус сэрэмжлүүлэгт “Гроприносиныг хүүхдэд хэрэглэхэд амьсгалын замын вирусийн халдвар буюу ханиад томууны үед ямар нэг эмчилгээний нөлөөгүй гэдэг нь анагаах ухаанд 10 гаруй жилийн өмнө нотлогдсон болно. АНУ-ын Эрүүлмэнд, хүний үйлчилгээний яам энэхүү бэлдмэлийг эмчилгээний ямар нэг үр дүнгүй тул тус улсад бүртгэж хэрэглэхийг зөвшөөрөөгүй. Харин Канад, Европын улс орнуудад зөвхөн жороор олгодог. Гроприносиныг бөөрний эмгэгтэй, тулай өвчинтэй хүмүүс болгоомжтой хэрэглэх шаардлагатай бөгөөд хөхүүл, жирэмсэн эхчүүд, хүүхдэд хэрэглэхгүй байвал зохино. Гроприносин нь хүүхдэд ханиад томуу зэрэг амьсгалын замын халдварын урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэдэг эм огтоос биш ээ” гэсэн юм.


Тэгвэл энэ эм яг юуны эм болох, манай улсад хэрэглэж болох эмийн жагсаалтад бүртгэлтэй эсэх, ямар тохиолдолд хэрхэн яаж хэрэглэж болох талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн албаны мэргэжилтэн Ц.Болортуяагаас тодрууллаа.




-Сүүлийн үед цахим орчинд газар аваад буй Гроприносин эмийн хэрэглээний талаарх мэдээлэлд тайлбар өгнө үү. Энэ яг юуны эм юм бэ?

-Гроприносин эм нь 500 мг-ийн шахмал, 250мг/5мл -120мл, 150мл -тэй сироп эмээр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Тухайн эмийг дархлалын тогтолцоо нь дарангуйлагдсан өвчтөнд вирусийн халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэж байна.

Үүнд:

-амьсгалын замын хурц үрэвсэл риновирус болон аденовирусийн халдварын үе

-улаан бурхан

-энгийн херпес вирусээр үүсгэгдсэн халдвар /уруул, нүүрний арьс, амны хөндийн салст бүрхүүлийн үрэвсэлт халдвар/

-гахайн хавдар /Эпштейн-Баррын вирүс буюу халдварт мононуклеоз/

-элэгний вирусийн халдвар зэргийн үед хэрэглэх заалттай.




-Шахмал эмийг нь хүүхдэд хэрэглэж болохгүй гээд байгаа шүү дээ.

-Улсын бүртгэлд бүртгэгдсэн Гроприносин эмийн хайрцаг доторх эмийн зааврыг Монгол хэл рүү орчуулан Эм судлалын салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, баталгаажуулж өгдөг. Энэ баталгаажуулсан эмийн зааварт сироп эм нь хүүхдэд зориулсан эмийн хэлбэр бөгөөд нэгээс доош насны хүүхдэд хэрэглэхгүй гэсэн заалттай. Мөн дээр дурдсан өвчнүүдийн үед хэрэглэнэ. Гэхдээ эм болгонд хориглох заалт гэж байдаг.


Хориглох заалтын хувьд

-бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист мэдрэг буюу харшилтай,

-тулай өвчтэй,

-бөөрний чулуутай болон бөөрний 3-р зэргийн дутагдалтай өвчтөн,

-нэг хүртэлх насны хүүхэд,

-жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно гэсэн заалттай.


Ер нь эмийг улсын бүртгэлд бүртгэхэд бусад улс оронд хэрэглэгдэж буй байдал, хэрэглэхийг хориглосон болон хязгаартай хэрэглэх эмийн жагсаалтад орсон байна уу, үгүй юу гэдэг үзүүлэлтүүдийг харж байж улсын бүртгэлд бүртгэдэг. Албан ёсоор хязгаартай хэрэглэх эмийн жагсаалтад орсон эм бол биш.


-Сироп эмийг хүүхдэд зориулсан хэрэглэж болно гэлээ. Тэгэхээр шахмал эмийг хүүхдэд хэрэглэж болохгүй гэсэн үг үү?

-Шахмал эм залгиж чадахуйц буюу насанд хүрсэн хүн хэрэглэхэд тохиромжтой хэлбэр. Сироп эмийн хувьд сахарын орцтой байдаг учир сахаранд харшдаг хүүхдэд эмчилгээний заалтын дагуу хэрэглэх тохиолдолд эмч хүүхдийн биеийн жинд тохируулан тухайн тунг тооцно.


-Хэрэглэхдээ анхаарах болон хориглох зүйлсийн талаар дэлгэрэнгүй танилцуулбал.

-Шээсний хүчлийн хэмжээ өндөр байдаг өвчтөнд энэ эмийг шээсний хүчлийн хэмжээг ихэсгэдэг бэлдмэлтэй хамт хэрэглэж болохгүй. Мөн элэгний үйл ажиллагааны алдагдалтай хүнд болгоомжтой хэрэглэнэ гэх мэт хориглох, анхаарах зүйлсийг тус эмийн зааварт дурдсан байгаа. Тухайн эм нь манай улсын бүртгэлд жороор олгох эмээр бүртгэгдсэн.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.