Эдийн засаг


Б.Лхагвасүрэн: Монголбанк дунд хугацааны стратеги боловсруулан ажиллаж байна

2 долоо хоног TIMES.MN

Монголбанкнаас банк, санхүү, төлбөр тооцооны системийн эрх зүйн орчны шинэчлэлтэй холбоотой 10 гаруй хуулийн төсөл боловсруулснаас эхнээсээ батлагдаж, зарим нь одоо УИХ дээр хэлэлцүүлгийн шатандаа явж байх шиг байна. Яг ямар ямар агуулга, зорилготой хуулиуд байгаа вэ?


Манай банк, санхүүгийн системийн үйл ажиллагаа, харилцаанд нэлээд олон хууль, журам үйлчилж байдаг. Зарим нэг хууль нь 1990-ээд оны дунд үер анх батлагдаж үйлчилж байгаа ч түүнээс хойш нэг ч “гар хүрээгүй” буюу өөрчлөгдөж шинэчлэгдээгүй. Өөрөөр хэлвэл өнөөгийн бидний амьдрал шинээр нэвтэрсэн олон харилцаа, шинэ бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнүүдийг зохицуулж чадахгүй хоцрогдсон эсвэл цоорхойтой болсон гэсэн үг. Монголбанкны шинэ удирдлагын баг өнгөрсөн оны сүүлээр Монголбанкны үйл ажиллагаанд шинэчлэл, өөрчлөлт хийе гэсэн зорилт тавиад, дунд хугацааны стратеги боловсруулан ажиллаж байна. Энэхүү дунд хугацааны стратеги хөтөлбөрийнхөө хүрээнд банк санхүүгийн салбарт үйлчилж байгаа 10 гаруй хуулийг шинэчилж, өөрчилье гэж шийдвэрлэж томоохон ажлыг эхлүүлсэн. Эхнийх нь Улсын Их хурлаар хэлэлцэгдэн, 2017 оны 5-р сард батлагдсан “Үндсэний төлбөрийн системийн тухай хууль”. Энэ хууль 2018 оны 1-р сарын 1-нээс мөрдөгдөж эхлээд байна. Орчин үед шинжлэх ухаан, технологийн дэвшлүүд олноор гарч, маш хурдтайгаар бидний амьдралд нэвтэрч байгаа бөгөөд  техник, технологийн дэвшлийг хамгийн түрүүнд өөрсдийн бизнест нэвтрүүлдэг салбар нь банк санхүүгийн салбар байдгийг олон улсын жишээнээс харж болно. Ялангуяа бэлэн мөнгөөр биш, бэлэн бус төлбөр тооцооны хэрэгслүүдээр дамжин, мөн шууд гар утаснаасаа маш хурдан шуурхай байдлаар төлбөр тооцоо хийх боломжтой олон төрлийн технологиуд нэвтэрч байна. Тэгвэл энэ бүгдийг хэрхэн амьдралд нийцтэй байдлаар, илүү хүртээмжтэй байдлаар нэвтрүүлэх, нэгэнт амьдралд нэвтэрчихсэн тэр бүх харилцаануудад төрөөс яаж оролцох, эсвэл хуулиар зохицуулах вэ гэсэн байдлаар шинэ хууль, хуулийн шинэ зохицуулалтууд гарч байна. Хууль, эрх зүйн зохицуулалтын үндсэн зорилго нь харилцагчийн эрх ашгийг хамгаалахад чиглэгддэг гэж товчхон тайлбарлаж болно. Үүний дараа “Төв банк /Монголбанк/-ны тухай хууль”, “Банкны тухай хууль” гээд 2 хуулийн төслийг УИХ-ын гишүүдээр дамжуулан өргөн бариад, одоо хэлэлцэгдээд явж байна. Дараа нь “Валютын зохицуулалтын тухай хууль”, “Векселийн тухай хууль”, “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль” гээд хэд хэдэн хууль араас нь дэс дараатай хэлэлцэгдээд явах юм.


Банкны салбарын суурь хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах цаг хугацааны хэрэгцээ шаардлага нь юу вэ? Олон Улсын Валютын Сан /ОУВС/-гийн шахалт, шаардлагаар хуулийн өөрчлөлтийг хийж байна гэж “хардах” хүмүүс цөөнгүй байх шиг? 


Цаг хугацааны хувьд ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлж байгаатай давхцаж байгаа учраас зарим хүмүүст тийм хардлага төрж байж магадгүй. Гэхдээ би ярианыхаа эхэнд дурьдсан Монголбанкны үйл ажиллагааг шинэчлэх  2017-2020 оны хооронд хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги хөтөлбөрийн хүрээнд банк санхүүгийн салбарт шинэчлэх шаардлагатай 10 гаруй хуулийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажил. Мэдээж нэг дор бүгд зэрэг биш, ээлж дарааллаад хийгдэх байх. Валютын сангийн шахалт, шаардлага гэхээсээ илүү нэгэнт тэдэнтэй хамтарч хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэдэг утгаараа санал солилцох, олон улсын нийтлэг жишиг, стандартын хэмжээнд зөвлөлдөж ярилцах зүйл бол байгаа. Хамгийн гол нь одоогийн хуулиудад зайлшгүй нэмэлт өөрчлөлт хийх, шинэчлэх шаардлагатай гэдгийг олон нийт ч, улс төрчид ч, мэргэжилтэн судлаачид ч байнга ярьж ирсэн. Тухайлбал, Төв банк /Монголбанк/-ны тухай хууль л гэхэд бусад хуультай уялдан гарсан жижиг сажиг өөрчлөлтийг эс тооцвол 2000 оноос хойш өөрчлөгдөөгүй байдаг. Тиймээс тус хуулинд зарчмын шинжтэй зарим өөрчлөлтүүдийг оруулж өгч байгаа. 1-рт, Төв банкны ерөнхийлөгч гэж онцгой эрх мэдэлтэй, бараг хаан шиг хүн байдаг гээд л шүүмжлэл байнга л явж байдаг. Дангаараа бусдаас асуулгүй шийдвэр гаргах эрхтэй гэх мэтчилэнгээр ярьсаар ирсэн. Тийм учраас олон улсын жишиг, бусад улс орнуудын Төв банкуудын нэгэн адил хамтаараа хэлэлцэн, хамтын шийдвэр гаргадаг байх тогтолцоо руу орох зарчмын өөрчлөлтийг хийхээр төсөлд тусгаад байна. Мөнгөний бодлоготой холбоотой шийдвэрийг дан ганц Монголбанкны ерөнхийлөгч гаргадаг биш “Мөнгөний Бодлогын Хороо” гэж байгаад, олонхоороо шийдвэр гаргадаг байхаар өөрчлөлт орж байгаа. 2-рт, Төв банк өөрөө зөвхөн мөнгөний бодлогоос гадна санхүүгийн тогтвортой байдлыг хангаж байдаг, өөрөөр хэлвэл банкны системийг яаж эрүүл, тогтвортой байлгаж, олон нийтэд яаж найдвартай хүртээмжтэй үйлчилгээ үзүүлдэг байх вэ гэдэг талаас нь ажиллаж, шинэ нэмэлт өөрчлөлтүүдийг хийж өгч байгаа. Олон улсад ч банк санхүүгийн байгууллагатай холбоотой бодлогын арга хэрэгслэлүүд нь бүгд өөрчлөгдөж байна л даа. Тиймээс энэ хүрээнд макро зохистой бодлого гэдэг бодлогын арга хэмжээг хуулиндаа шинээр оруулж ирж байгаа. Энэ бол цоо шинэ зүйл гэж ойлгож болно. Өөр нэг цоо шинэ зүйл нь санхүүгийн үйлчилгээ авч байгаа хэрэглэгчдийг хамгаалахад чиглэж байгаа. Хэдийгээр манай улсад “Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар” гэх зэрэг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагууд олон байдаг ч санхүүгийн үйлчилгээ авч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр хангалттай сайн ажилладаггүй. Гэтэл санхүүгийн үйлчилгээ нь өөрөө бүх насныханыг хамардагаараа онцлогтой. Жишээ нь хүүхэд сурагчид гэхэд л хүүхдийн мөнгөнд зориулсан данстай байхаас эхлээд хүүхдийн  хадгаламжийн бүтээгдэхүүнүүд байна, настай хүмүүс гэхэд л тэтгэвэрийн зээлээс эхлээд олон төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжин банктай харилцаж байна. Харин санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хэр чанартай, хүртээмжтэй, сэтгэлд нь нийцэж байгаа нь тодорхойгүй байдаг, хааяа гомдол, санал ч яригдаж л байдаг. Тэгвэл энэ хүрээнд Төв банк өөр дээрээ нилээд том шинэ үүрэг, хариуцлагыг авч ажиллахаар болж, бүтэцдээ санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тусгайлсан нэгжтэй болж байгаа. Энэ нь хэрэглэгчдэд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар ямар нэгэн гомдол, санал байвал түүнийг нь шалгаад, шийдвэрлээд явдаг бүтэцтэй болж байгаа гэсэн үг. Мөн Төв банк /Монголбанк/-ны тухай хуулинд бас нэгэн томоохон өөрчлөлт орж байгаа нь УИХ дээр ч багаггүй маргаан дагуулан хэлэлцэгдэж байгаа Төв банк /Монголбанк/-ны үндсэн зорилтын талаарх заалт юм. Анх 1996 онд батлагдсан Төв банк /Монголбанк/-ны тухай хуулинд “Төв банк /Монголбанк/-ны үндсэн зорилго нь үндэсний мөнгөн тэмдэгт, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэсэн заалттай холбоотой өөрчлөлт юм. Тэгвэл үүнийг бид нилээд тодорхой болгож нарийсгаад, “Төгрөгийн тогтвортой байдал” гэж ерөнхий үг байхын оронд “Үнийн тогтвортой байдлыг хангана” гэж өөрчилөхөөр төсөл боловсруулсан. Үнийн тогтвортой байдал гэж шууд зааж өгсөнөөр инфляцийг нам түвшинд барина, цаашлаад үнэ өсөхгүй байна гэдэг нь иргэдийн худалдан авах чадварт нөлөөлөхгүй, орлого багатай иргэдийг үнийн  дарамтанд оруулахгүй байх, ядуурал нэмэгдэхгүй байх зэрэг олон зорилгыг агуулсан гэж ойлгож болно.


Одоо мөрдөгдөж байгаа хуулиуд эдийн засгийн хэд хэдэн томоохон хямралыг давж гарсан, тэр ч утгаараа хангалттай хэмжээнд соригдсон гэж ойлгодог. Чухам өнөөгийн банк, санхүүгийн салбарын харилцааг зохицуулах чадамжийг нь хангалтгүй гэж үзэж байгаа тул нэмэлт өөрчлөлт оруулж байна уу?


Одоо мөрдөгдөж байгаа хуулиудыг хуучирсан ч юм уу эсвэл өнөөгийн харилцааг зохицуулах чадамжгүй болоод өөрчилж, шинэчилж байгаа гэж ойлгож болохгүй юм. Одоо байгаа хуулийг олон улсын жишиг, стандарт руу нь л илүү нийцүүлж, орчин үед гарч байгаа шинэ бодлогын арга хэрэгслэлүүдийг хуулиндаа зохицуулалт хэлбэрээр түлхүү оруулж байгаа гэж ойлговол зөв болно. Банкны тухай хуулийн талаар жишээ дурдъя л даа. Өнөөгийн мөрдөгдөж байгаа хуулиар Монголбанк арилжааны банкуудад хяналт шалгалтаа хийгээд, зохицуулалтаа хийгээд явж байгаа. Гэтэл энэ зохицуулалт маань одоо ямар түвшинд байдаг вэ гэхээр, илүү гүйцэтгэлийн шинжтэй, араас нь буюу үр дүн дээр нь дүгнэлт зохицуулалт хийх байдлаар, манайхны хэлж ярьдагаар “орсон борооны араас..” гэдэг шиг явж ирлээ. Илүү тодорхой хэлвэл,  Монголбанкны хянан шалгагч очоод чиний зээл чинь муудчихсан байна, энэ гүйлгээ чинь хуулийн дагуу хийгдээгүй байна гэхчилэн дандаа “араас нь явдаг” бол одоо оруулж байгаа шинэ өөрчлөлтөөр танай банкны гол бизнес чинь ийм юм байна, бүтээгдэхүүн үйлчигээ, бизнес төлөвлөгөө, чиг хандлага чинь ийм байна, тэгвэл энэ бизнес үйл ажиллагаа нь тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын зах зээлийн нөлөөгөөр ямар эрсдэлтэй тулах, ямар үр дагавар авчрахыг урьдчилан тодорхойлж зохицуулахаар шинэ тогтолцоо, арга хэмжээний заалтыг оруулж ирж байгаа. Дахин хэлхэд, тухайн банкин дээр очоод, танай банк ихэвчлэн жижиг бизнес эрхлэгчдэд зээл олгодог юм байна эсвэл дандаа том компаниудад том зээл олгодог юм байна гэдгийг нь тодорхойлоод, энэ хүрээнд чинь ямар эрсдэлүүд байх вэ, эрсдлээ бүрэн тооцож, харж чадаж байна уу, ханш ийм байна, эдийн засаг ийм байна, гадаад худалдаа ийм хэмжээнд байх нь гээд илүү урагшаа харсан, аливаа эрсдлийг урьдчилж харж, тооцсон байдлаар хяналт шалгалтыг явуулахыг зорьж байгаа юм. Энэ хүрээнд л хуулинд өөрчлөлт орж байгаа гэж ойлгож болно.  


Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн голлох зохицуулалтууд анхаарлын төвд байна. Тухайлбал, Төв банк /Монголбанк/-ны ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, “Мөнгөний Бодлогын Хороо”, “Хяналтын хороо” зэргийг байгуулах, Төв банк /Монголбанк/-ны шийдвэр гаргалтыг хамтын удирдлагын зарчимд шилжүүлэхээр яригдаж байгаа. Төв банк /Монголбанк/-ны шийдвэр ингэж хамтын удирдлагын зарчимд шилжсэний гол ач холбогдол, давуу тал нь юу байх вэ?


Аливаа улсын Төв банк гэдэг тухайн улсын хамгийн онцгой эрхтэй, эдийн засгийн гол байгууллага нь байдаг. Энэ эрх нь мөнгө хэвлэх онцгой эрхээр дамжин хэрэгждэг гэж тодорхойлж болно. Гэтэл ийм том эрх мэдэл хэн нэг хүний гарт төвлөрч, гарцаараа шийдвэр гаргаж, бодлогын энэ шийдвэрээр хэдий хэмжээний мөнгө хэвлэгдэж, эдийн засагт нийлүүлэгдэж байна гэдэг нь асуудлын гогцоо болоод байна. Өнөөдрийн хуулийн зохицуулалтаар, Төв банкны ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа хүн ганцаараа хэдий хэмжээний мөнгө хэвлэх, ямар ханштай байх, ханш нь хэр тогтвортой байх, худалдан авах чадвар нь ямар байх гээд олон асуудлыг мэдэн шийдэж байгаа асар том эрсдэлийг орхигдуулж байна, эсвэл тийм их итгэл хүлээлгэж байна гэсэн үг. Тэгвэл энэ бүх асуудал нэг хүнээс хамаардаг байх уу эсвэл олон хүнээс буюу хамтын шийдвэрээс хамаардаг байх уу гэдэгт хариу болохоор өөрчлөлтийн төслийг оруулж ирсэн. Тиймээс энэ өөрчлөлтөөр аль болохоор нэг хүнээс хамаардаг биш олон хүнээс, хамтын шийдвэрээс хамаардаг, өнөөгийн эдийн засгийн байдалтайгаа илүү нийцтэй байх, олон талаас нь харж бодолцсон зөв шийдвэр гардаг байх үүднээс зохицуулагдахаар болж байгаа. Жишээ нь АНУ-ын Төв банкин дээр “Мөнгөний Бодлогын Зөвлөл” гэж байдаг. Тэр зөвлөл нь эртнээс уламжлагдаж ирсэн хамгийн гол 12 мужийн Төв банкны захирлуудаас бүрддэг. Тэгэхээр 12 хүн хэлэлцэж байж эцсийн  шийдвэрээ гаргадаг гэсэн үг. Яг ийм зарчмаар ажилладаг “Мөнгөний Бодлогын Хороо” Монголбанкин дээр байгаад, мөнгөний бодлогын шийдвэрээ гаргадаг байя л гэсэн зарчим баримталж байна.  


Хуулийн төслийг баталснаар Төв банк /Монголбанк/-ны хараат бус байдлын индекс 80 орчим хувьд хүрч өснө гэдгийг онцолж байгаа. Яг хараат бус байдлыг нэмэгдүүлэх хүрээнд бодлогын ямар зохицуулалтууд орсон бэ?


Жил бүр бид Мөнгөний бодлогоо УИХ-д өргөн барьдаг л даа. 2018 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг бид өнгөрөгч 2017 оны 11-р сард өргөн барьж батлуулсан. Ер нь бол бид жил бүр мөнгөний бодлогоо их хуралд өргөн барьдаг ийм л хуулийн зохицуулалттай гэж ойлгож болно. Гэтэл УИХ дээр зарим нэгэн шүүмж гардаг л даа. “Та нар жил бүр Мөнгөний бодлого өргөн бариад, бараг ялгаа нь байхгүй, өмнөхөөсөө юугаараа өөр юм” гэдэг ч юм уу, эсвэл “2018 онд шинээр юу хийх юм бэ” гэх зэрэг асуултуудыг байнга асуудаг. Гэтэл Мөнгөний бодлого гэдэг чинь өөрөө маш тогтвортой байх ёстой, мөнгөний бодлогоор гаргасан бодлогын шийдвэр нь тэр дороо үр дүнгээ өгдөггүй, үр нөлөө нь хагас жилийн дараа эсвэл бүтэн жилийн дараа ч юм уу тодорхой хугацааны дараа үр дүнгээ өгч байдаг зүйл. Тийм учраас Мөнгөний бодлогыг жил бүр ярьж байх нь хэрэггүй юм байна, дунд хугацаандаа хэлэлцдэг байх нь зөв юм байна аа гэж үзсэн. Бас л олон улсын жишигт нийцүүлээд оруулж байгаа өөрчлөлт. Мөн инфляцийг тогтвортой, нам түвшинд барина гэж 2017 оны төрийн мөнгөний  бодлогод оруулаад, 8 хувиас хэтрүүлэхгүй гэж тусгасан бол 2018 оны төрийн мөнгөний бодлогод 8 хувьд нь тогтворжуулна гэж тусгасан. Агуулга болоод зарчмын маш том ялгаатай зорилтууд. Мэдээж хэрэг аль болох бага байвал сайн гэдэг ч эдийн засгийн нөхцөл байдал, орчин, хандлагад нийцтэй дэмжлэг болохоор байх учиртай. Өнөөдрийн эдийн засгийн байдлыг харвал амаргүй, хүнд үеийг ардаа орхиж байгаа ч эдийн засаг бүрэн сэргэсэн гэж хэлэхэд эрт, бага зэргийн сэргэлт ажиглагдаж байгаа ч цаашид тогтворжуулах арга хэмжээ зайлшгүй шаардлагатай. Ийм бууралт, уналтын дараахь сэргэлтийн нөхцөлд бүх зүйл өсдөг, түүнийгээ дагаад эдийн засгийн эрэлт нь нэмэгддэг, инфляци өсдөг талтай. Ийм үед хяналтгүйгээр, замбараагүй байдлаар инфляциа алдахгүй гэдгээ л тодорхойлж байгаа юм. Нэгэнт дунд хугацаандаа инфляциа 8 хувьдаа тогтвортой байдлаар барьж чаднаа, тогтворжуулнаа гээд тодорхойлчихсон байгаа нөхцөлд мөнгөний бодлогыг жил бүр авч хэлэлцээд байх шаардлагаггүй гэдэг байдлаар оруулж байгаа олон улсын жишгийн л өөрчлөлт юм. 


Хуулийн төслөөр Монголбанк, Засгийн газрын харилцааг хэрхэн тодорхойлж байгаа вэ? Одоо үйлчилж байгаа хуулиар ЗГ-ын улирлын шинжтэй төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор тухайн жилдээ багтаж төлөх нөхцөлтэйгөөр зээл олгоно гэж тусгасан байдаг. Гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд Төв банк Засгийн газрын төрөл бүрийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байсан шүү дээ. Шинэ хуулиар энэ бүх асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?


2016 он бол их хүнд, амаргүй жил байсан. Бид дотооддоо эдийн засгийн хүндрэл гэж ярьж байсан бол Монгол улс  хямрал, дефолттой нүүр тулж байна гэж олон улс дүгнэж, тэгж ч үнэлгээ өгч байлаа. Дээр нь ийм үед Монголбанкны бие даасан байдал нь алдагдсан байсан, Монголбанкны гаргаж байсан шийдвэрүүд нь дандаа бодлогын алдаатай байсан гэж Олон Улсын Валютын Сан /ОУВС/, Азийн Хөгжлийн Банк /АХБ/, Дэлхийн Банк /ДБ/-наас дүгнэж, манай улсын эдийн засагт үнэлгээ өгдөг, зэрэглэл тогтоодог Олон улсын байгууллагууд ч хамгийн бага үнэлгээгээ өгсөн. Эдгээр дүгнэлт, үнэлгээнээс сургамж авах, аль болох Засгийн газартайгаа харилцах харилцаандаа хязгаартай, хэмжээтэй байх, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулиар олгогдсон тэр л хэмжээндээ харилцахыг зорьж ирсэн. Тийм ч учраас хуулийн төсөлдөө тэр бүх зүйлүүдийг нь тодорхой тусгаж, бүр нарийн тодотгож өгсөн байгаа. Цаашдаа Засгийн газрын аливаа төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, төсвийн шинжтэй үйл ажиллагааг Төв банк эрхлэхгүй, “Сайн хашаа”, “Сайн малчин” ч юм уу эсвэл “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд онцгойлон салбар, хуулийн этгээдийг хөнгөлөлттэй зээл, санхүүжилтээр дэмжихийг хориглосон байдлаар өөрчлөлт оруулсан. Гэхдээ мэдээж хэрэг Төв банк нь өөрөө Засгийн газарт үйлчилдэг банк, Засгийн газар нь зөвхөн Төв банкаараа дамжуулан төлбөр тооцоо хийдэг, чөлөөт эх үүсвэрээ хадгалуулдаг, банкуудын банк байх тэр л нийтлэг жишгийг тусгасан. Энэ утгаараа мэдээж тодорхой хүрээний үйлчилгээ байна, гэхдээ хэмжээ хязгаартай байна аа л гэсэн байдлаар  тусгагдсан.  


“Банкны тухай хууль”-ийн төслийн талаар асууя. Шинэ хуулиар үндсэндээ Төв банк /Монголбанк/-ны хяналт, шалгалтын эрх, хэмжээг нэмэгдүүлж өгч байгаа юм билээ. Ингэснээр хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эрсдэлд оруулахгүй байхад Төв банк /Монголбанк/-ны хяналтыг сайжруулна гэж үзэж байгаа. Тэгэхээр одоогийн “Банкны тухай хууль”-иар энэ эрх мэдэл төдийлөн хангалттай бус байгаа гэж ойлгож болох уу? 


Төв банк /Монголбанк/ санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Тэр утгаараа арилжааны банкуудыг хянаж, шалгаж байдаг. Арилжааны банкууд анх үйл ажиллагаа явуулж эхлэхдээ л Монголбанкнаас тусгай зөвшөөрөл, лицензээ авдаг. Бүтээгдэхүүн болгон дээрээ буюу зээл, хадгаламж, үнэт цаас худалдан авах гэдэг ч юм уу эсвэл гадаад валютын гүйлгээ хийх гэх мэтчилэн бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээндээ тусгай зөвшөөрөл авч байдаг, нэг үгээр хэлвэл тодорхой хяналтанд байдаг байгууллага юм. Мөн арилжааны банкны бизнес гэдэг нь өөрөө итгэлцлийн бизнес. Арилжааны банкинд эргэлдэж байгаа нийт мөнгөний 90 хувь нь иргэд, олон нийт, харилцагчийн мөнгө, үлдэх 10 хувь нь банкны эздийн буюу өөрсдийнх нь мөнгө. Тэгэхээр эдгээр банкуудыг яаж хэвийн ажиллуулах вэ, хэрвээ хүндрэлд орвол тухайн банкийг яах вэ? Хувийн банк байсан юм аа, эзний банк юм аа гээд дампууруулаад тэр чигт нь орхих уу? Ингээд орхилоо гэхэд ард олонд, нийгэмд ямар хор уршигтай вэ гээд бүх талаас нь тооцоод үзэхээр аль болохоор тэр банкийг санхүүгийн зах зээл дээрхи нэр хүндийг нь хадгалаад, харилцагч нартай нь хамт цаашид бүтцийн өөрчлөлт хийгээд тогтвортой байдлаар ажиллуулах нь зөв гэдэг дэлхий нийтийн туршлагыг харгалзан үзэх нь зөв ч юм шиг. Ганцхан жишээ хэлхэд, 2008 оны дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал бол ерөөсөө л банкны хямрал, нэг банкны хүндрэлээс үүдэлтэй байдаг. АНУ-ын дээрээсээ 4—т ордог байсан Lehmann Brothers гэдэг банк хүндрэлд ороод, тухайн үед Америкийн Төв банк, Холбооны Нөөцийн Банк болон санхүүгийн зохицуулах байгууллагаас нь тухайн банкийг орхиж, дампууруулсан нь улсынхаа банкны сектор, санхүүгийн системд  төдийгүй эдийн засагт асар их хүндрэлийг авчирсан. Энэ хүндрэл нь цаашлаад Америкаасаа бүр даваад Европ руу, Ази руу ороод, дэлхийг “доргиосон” асар том хямралыг өдүүлснийг хүмүүс мартаагүй байгаа байх аа. Энэ утгаар нь аваад үзвэл, банкийг татан буулгах бол амархан хэрэг ч ард нь гарах үр дагавар нь ямар өндөр байдаг, олон зүйлтэй харилцан хамааралтай болох гэдэг талаас нь урьдчилан харж, бүтцийн өөрчлөлт хийх илүү гэдэг зарчмын талаас нь шинэ арга хэрэгсэл оруулж өгч байгаа. Монголбанк энэ тал дээр нилээд эрх мэдэл авч байгаа нь тухайн банкны эздийг хамгаалах гээд байгаа хэрэг биш харин тухайн банкны харилцагчдыг, дээр нь санхүүгийн системийн тогтвортой байдлыг л хангах зорилготой гэдэг талаас нь харвал зөв болов уу гэж бодож байна.


Ярилцсанд баярлалаа...



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.